Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

  2020               04          09                                      2020/ШЦТ/207  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

иргэдийн төлөөлөгч Д.Тунгалаг,   

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,          

шүүгдэгч Ч.Б   , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ц  овогт Ч Ц ын Б  холбогдох эрүүгийн 210000000099 дугаартай 187/2020/0186/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

 

            Монгол Улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн Арцатын 9б-16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 65 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хянан харгалзах ялаар, 1999 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн шүүхийн 35 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1 жил 21 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Ц  овогт Ч Ц ын Баттулга /РД:ШЕ74041215/   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Б    нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 17-605 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай “зурагтны суваг байнга солилоо” гэснээс маргалдан, улмаар түүнийг шүүгээнд байсан ахуйн хэрэглээний хутгыг авч хутгалж, зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд нь цээжинд өвчүүний хэсгээс цээжний баруун хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, өрц, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий, хэвлийн хөндийн цусан хураа, үнхэлцэгний шарх оёх, элэгний зүүн дэлбэн тайрах, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Б    нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 17-605 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай “зурагтны суваг солилоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг шүүгээнд байсан ахуйн хэрэглээний хутгыг авч хутгалж, зэвсэг хэрэглэн түүний биед цээжинд өвчүүний хэсгээс цээжний баруун хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, өрц, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий, хэвлийн хөндийн цусан хураа, үнхэлцэгний шарх оёх, элэгний зүүн дэлбэн тайрах, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан болох нь:     

1. Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-15/

            3. Эд мөрийн баримтаар хутгыг тооцсон тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганы схем зураг /хх-20-22/

            4. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад 09 цагийн үед танил Мануухай хочит Баттулга орж ирсэн. Бид хоёр ярилцаж байгаад би мөнгийг нь гаргаад дэлгүүрээс 0,33 граммын архи авч хувааж уусан. Ингээд дахин архи уухаар болж гэрээс гарч гудамжинд нэрийг нь мэдэхгүй зүс таних залуутай таарч нэг шил архи авахуулж уусан. Нэг сэрэхэд Мануухайтай маргаж байсан. Одоо бодоод байхад зурагтны удирдлаганаас болж маргаад байсан. Тэгээд Мануухай гартаа хутга барьсан байсан. Дээрээс далайж байгаад намайг хутгалсан. Би багана тэврээд доошоо суугаад “чи хутгалчихлаа ш дээ” гэж хэлтэл гараад зугтаачихсан. Гэр цэвэрлэсэн хүн байхгүй, харин хутгыг би цэвэрлэсэн. Цээж рүү нэвт хатгасан байсан, би хойшоо ах Батхуягийн гэр лүү гүйгээд орсон. Одоо биеийн байдал гайгүй байна, эмнэлгээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-60/  

            5. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал миний төрсөн дүү Батзаяа гэдсээ тэвэрчихсэн миний бие эвгүйрхээд байна гэж хэлсэн. Очоод хартал хэвлийн хэсгээс нь цус гарсан байхаар нь би 103 дуудлага өгсөн. Дуудлага өгөхөд 17 цаг 54 минут болж байсан. Түргэний тэргэн дотор замдаа яасан бэ гэж асуудах “Тулга намайг хутгалсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

            6. Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг цонхоороо харахад Мануухай хочтой ах 10 цагийн орчимд Батзаяа ахынд орж байсан. 17 цагийн үед хашаагаар орж ирэхэд Мануухай ах жорлонд бие засч байсан. Ингээд гэртээ аавтай хамт байж байхад Батзаяа ах гэдсээ дарсан орж ирсэн. Гэдэс дарсан газраас нь цус гарч байсан. Би айгаад ойртож хараагүй. Батзаяа ах ухаан алдаад газар унасан. Аав түргэн цагдаа дуудсан. Аавтай орой уулзахад Батзаяа ах замдаа Мануухай хутгалсан гэж хэлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2233/-ний дүгнэлт: "... Б.Б-ийн биед цээжинд өвчүүний хэсгээс цээжний баруун хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, өрц, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий, хэвлийн хөндий, хэвлийн хөндийн цусан хураа, үнхэлцэгний шарх оёх, элэгний зүүн дэлбэн тайрах, цөсний хүүдий авах мэс заслын дараахь байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлийн улмаас элэгний дэлбэн тайрсан, цөсний хүүдий авсан нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 60 хувь нөлөөлнө /хх-ийн 67-68/

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 950 тоот дүгнэлт:  “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 33 см х 33 см хэмжээтэй, ягаан өнгийн даавуун дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна…” гэсэн /хх-73-74/

           9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 05/075 тоот дүгнэлт:  “... Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь хохирогч Батжаргалын Батзаяа, сэжигтэн Ч Ц ын Баттулга нары мөртэй тохирч байна” гэсэн /хх-80-82/

            10. Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр архи уухаар гадуур хүн хайж явж байгаад 09 цагийн орчим хохирогч Батзаяагийн гэрт нь ороход Батзаяа гэртээ ганцаараа байсан бөгөөд бид хоёр ярилцаад Батзаяа мөнгө гаргаад дэлгүүрээс 0,33 граммын Хараа гэдэг нэртэй архи авсан. Ингээд уг архиа Батзаяагийн гэрт бид хоёр хувааж уугаад дуусгачихаад дахин архи уухаар гэрээс нь гарч гудамжны үзүүрт зогсож байгаад зүс таних залуугаас мөнгө гуйгаад архи авахуулж уусан. Тухайн өдөр бараг 4 шил архи уусан. 16 цагийн үед Батзаяа бид хоёр гэрт нь орж ирээд зурагт үзээд удирдлагаар суваг сольж байтал Батзаяа уурлан “би юм үзмээр байхад суваг байна байна солиод байх юм” гэж хэлээд босч ирээд гараараа миний дээд уруул орчим цохьсон. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд босч ирээд ор руу түлхэж унагаагаад гэрийн зүүн урд талд байдаг гал тогооны шургуулганы дээд талын шургуулгыг татаад онгойлгосон чинь шаргал өнгийн иштэй хутга байсан. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад эргээд хартал Батзаяа надруу дөхөөд ирж байхаар нь баруун гартаа барьсан хутгаараа Батзаяагийн гэдэс орчим нь 1 удаа хатгаад буцааж хутгатай гараа татаж авсан. Энэ үед Батзаяагийн гэдэс орчмоос цус гарч эхлэх үед Батзаяа надад хандаж “чи хутгалчихлаа ш дээ” гэхээр нь ямар нэгэн юм хэлэлгүй хутгаа шургуулган дээр нь тавьчихаад гараад зугтаасан. Яагаад зугтаасан бэ гэхээр хүн хутгалаад айгаад, цагдаа нар ирнэ гэж бодоод л тэр юм. Очих газар байхгүй болохоор гудамжаар нуугдаад цагдаа харж явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Ч.Б    нь урьд 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 65 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хянан харгалзах ялаар, 1999 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн шүүхийн 35 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1 жил 21 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103, 166-167/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2233/-ний дүгнэлт, №950, 05/075 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Б    нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 17-605 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай “зурагтны суваг солилоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг шүүгээнд байсан ахуйн хэрэглээний хутгыг авч хутгалж, зэвсэг хэрэглэн түүний биед цээжинд өвчүүний хэсгээс цээжний баруун хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, өрц, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий, хэвлийн хөндийн цусан хураа, үнхэлцэгний шарх оёх, элэгний зүүн дэлбэн тайрах, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

   Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...“ гэсэн мэдүүлэг /хх-106/, шүүгдэгч Ч.Б   ны хувийн байдал “...46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1...“ зэргийг харгалзан мөн Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц  овогт Ч Ц ын Б-ыг  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Учир нь  Ч.Б    нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан болно.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Б   д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц  овогт Ч Ц ын Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц  овогт Ч Ц ын Б-ыг  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Б-ын эдлэх 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

 

5. Ч.Б   д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Б   д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Б   д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР

 

                                                ШҮҮГЧИД                                           С.БАЗАРХАНД                                        

                                                                                                     Д.АЛТАНЖИГҮҮР