Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 45-01 тоотод оршин суух, Мандал овогт Дашзэвэгийн Гомбо /РД:ЕЮ64121014/

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 45-01 тоотод оршин суух, Бажиг овогт Дэлэггомпилын Байгальмаа /РД:ЕЮ66092229/-нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.Байгальмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Наранчимэг, гэрч Г.Дэлгэрхишиг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гомбо, Д.Байгальмаа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:… Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 200 дугаартай шийдвэрээр худалдан борлуулах эрхийг олгосон эд хөрөнгийн үнэлгээг Замын-Үүд суман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь “Вендо” ХХК-аар гаргуулсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 316-57 тайлан, 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн 316-59 дугаартай тайлангаар тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна.

Замын-Үүд суманд баригдсан нийтийн орон сууцны М2-ийн үнэ 1200.000-1500.000 төгрөгт хүрсэн, төвийн А зэрэглэлийн газрын зах зээлийн үнэ нь 100-200 сая төгрөгт хүрч худалдан борлуулагдаж байдаг онцлог байдлыг хөрөнгийн үнэлгээний ХХК нь үнэлгээнд тусгаж гаргаагүй тул уг үнэлгээ нь төлбөр төлөгч бидний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж тухайн үнэлгээгээр худалдан борлуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг барьцаа хөрөнгө болох Замын-Үүд сумын 1-р баг, 3-р хэсэгт байрлах 96м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай газраар төлж барагдуулах боломжтой байгаа байдлыг үнэлгээгээр тогтоож өгөөгүй байгаа нь үнэлгээний ХХК-ийн үнэлгээчин тухайн орон нутагт ажилладаггүй байдлаас орон нутгийн онцлогийг шингээж чадаагүй нь улмаар фoто зураг хараад, интернэт гэх үнэ тавиад үнэлж байгааг хүчингүй болгуулж зах зээлийн ханшийг тогтоосон үнэлгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гомбо нь миний нөхөр ба би энэ шүүх хуралд итгэмжлэлээр түүнийг төлөөнө. Төрийн банкны барьцаанд байгаа миний эзэмшлийн газар болон амьдарч байгаа байрыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар болсон. Үнэлгээ дээр хэтэрхий бага үнэлсэн байна гэж маргалдаж байна. Би өөрийнхөө байрыг зах зээлийн ханшаар мкв-ыг 1000.000 төгрөгөөр үнэлсэн. Өөрийнхөө амьдарч байгаа байрыг 70 сая төгрөгөөр үнэлсэн боловч Төрийн банк нь албадан борлуулах үнийн 60%-иар тооцож авсан. Би газрыг 120 сая төгрөгөөр үнэлсэн байгаа. Миний газрыг зах зээлийн ханшнаас хэтэрхий доогуур 14 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9-р зүйлийн 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан байдаг юм. Барилга хот байгуулалтын сайдын 2007 оны 136 дугаартай тушаалаар газар эзэмших ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтоох аргачлалыг энэхүү газрын суурь үнийг тогтооход ашиглана гэж заасан байдаг. Гэтэл энэ тушаалыг 2015 оны 234 тоот тушаалаар хүчингүй болсон байгаа юм. Тэгэхээр газрын суурь үнийг тогтооход ашиглаж байгаа Барилга хот байгуулалтын сайд тушаал өөрөө 2015 оны 234 тоот тушаалыг баримтлах байсан. Гэтэл хүчин төгөлдөр бус тогтоолыг үндэслэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй тул зах зээлийн жишиг үнийг сонгон авч холбогдох тооцоог хийсэн гэсэн боловч жишиг үнийг тогтоохдоо 2007 оноос 2010 оны хоорондох иргэдийн судалгааг үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.5 дэх хэсэгт зааснаар ”үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг ойлгоно гэж заасан байдаг. Тийм учраас энэ зүйл заалтыг зөрчсөн тайлан гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Засгийн газрын 2015 оны тушаал байдаг юм. Гэтэл засгийн газраас тушаал гардаггүй, харин тогтоол гардаг юм. Энэ тогтоол дээр Замын-Үүд сумын чөлөөт бүсийг хамгийн өндөр үнэлгээгээр тогтоогдсон байгаа юм. Суурь үнийг тогтоосон үнийн аргачлал нь өөрөө 1997 оны 152 дугаартай Засгийн газрын тогтоол байдаг юм. Энэ тогтоол дээр өнөөдрийн хүртэлх 0,5000 хүн амаас 15,000 хүн амтай байх бол сумын төвөөр тооцогдож 1 мкв-ийг 800 төгрөгөөр тооцно гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр Замын-Үүд сум албан ёсны бүртгэлтэй хүн амын тоо 17,000 мянган хүн ам тоологдсон байгаа юм. Тиймээс суурь үнийг тогтоохдоо 1 мкв 4000 төгрөгөөр тооцож болох юм. Тийм учраас зах зээлийн ханштай нийцээгүй гэж үзэж үндэслэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвөөрөх боломжгүй. Энэ байр өөрөө цэвэр бохир болон төвийн шугамтай холбогдсон байгаа. Засгийн газрын 336 дугаар тогтоол дээр 1 мкв-ны үнийг гаргасан байдаг. Энэ тогтоолоор 1 мкв 653,810 төгрөг байдаг юм. Тэгээд тэр үнээр бодоод гаргаад үзэхээр өнөөдөр гэтэл Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн 336 тоот тушаал гарсан байдаг юм. Энэ тушаал гарсанаас хойш үнийн өсөлт 2015 оны байдлаар 1,95%-иар өссөн байна гэж тушаалын нэг дүгээр хавсралт дээр байгаа. Биет элэгдлийг тооцсон байгаа. Засгийн газрын 2005 оны 233 тоот тогтоолыг удирдлага болгон биет элэгдлийг тооцсон байдаг. Гэтэл энэ тогтоол өөрөө 2014 оны 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 294 тоот тогтоолоор хүчингүй болсон байгаа юм. Тийм учраас хууль зөрчсөн гэж үзэх боломжтой байна. Ийм учраас дараах байдлаар энэ үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэж хүсч байна... гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 тоот шүүхийн шийдвэрээр Д.Гомбо, Д.Байгальмаа нараас 58.288.688,26 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулах Төрийн банкинд олгуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй Төрийн банк нь 2016 оны 08-р сарын 05-ны өдөр хүсэлт гаргаж Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Дэд хурандаа Л.Баатарчулуун 27-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяа миний биед хувиарлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайн дураараа биелүүлэх байдаг. Төлбөр төлөгч Д.Гомбо, Д.Байгальмаа нарт 2016 оны 09-р сарын 06-ны өдөр хүртэл хугацаа өгсөн боловч төлбөр төлөгч нар нь сайн дураараа төлөөгүй юм. Тийм учраас ШШГТ хуульд зааснаар албадах ажиллагаа хийж 2016 оны 09-р сарны 20-ны өдрийн 39 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 4-р хэсэг 45-р байрны 01 тоот 19 мкв талбайтай, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах 96 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалтай газрыг битүүмжилсэн байгаа. 2016 оны 09-р сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөгч нар сайн дураараа төлөөгүй тул битүүмжилсэн эд хөрөнгийг 2016 оны 10-р сарын 10-ны өдөр албадах ажиллагаа хийж битүүмжилсэн эд хөрөнгийг хураах ажиллагаа хийгдсэн байгаа. Манай Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс болвол тухайн Төрийн банкны үүргийн гүйцэтгэлээр барьцаалсан үл хөдлөх болон газрыг процессийн дагуу худалдан борлуулах битүүмжилж хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналыг талуудаас аваад хэрвээ тохиролцсон тохиолдолд дуудлага худалдааны үнийг тогтоодог. Харин үнийн санал дээрээ тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний байгууллага шинжээч томилсон байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байгаа. Төлбөр авагч талаас үнийн санал дээр гаргаагүй. Харин төлбөр төлөгч талаас үнийн санал дээр шүүхэд гомдол гаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллага үнэлгээг зөвхөн тогтоох байгууллага биш, харин үнэлгээний дагуу дуудлага худалдаа зарлах үнийн доод үнэлгээг тогтоодог байгууллага юм. Мөн ВЕНДО үнэлгээний компани нь зах зээлийн бодит үнэлгээ гаргасан гэж үзэж байгаа. Төлбөр төлөгч нарын гомдолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллага хуулийн дагуу нэг л удаа шинжээч томилсон юм. Шинжээч томилсон үнийн дүнгээр цаашид дуудлага худалдаа зарладаг юм. Шинжээч томилсон үнийн саналыг дэмжиж ажилладаг... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гомбо, Д.Байгальмаа нар нь Хадгаламж банк байх үед 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байгаа. Тэгээд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхгүй явсаар байгаад манай байгууллагын зүгээс шүүхэд 2016 оны 05 дугаар сард хандсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу ажиллагаа хийж манай байгууллагаас үнийн санал авсан.  Манай байгууллага нь үнийн саналыг тухайн үед зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээний дагуу өөрийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн үнэлгээг гаргаж өгсөн байгаа... гэв.

Гэрч Г.Дэлгэрхишиг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Газрын үнэлгээ дээр манай байгууллага нь норматив арга болон хувиарлалтын гэсэн хоёр аргыг авч хэрэглэсэн байгаа. Норматив арга нь Засгийн газрын тогтоолын дагуу сумын бүс нутгийн газрыг 1 мкв нь 800 төгрөг байдаг. Тэгээд хувьд итгэлцүүрээр шилжүүлээд 96 мкв газар нь 92.160 төгрөг болсон байгаа. Хувиарлалтын арга нь энэ газрын ирээдүйн үнэ цэнийг бодож үнэлсэн үнэлгээ байгаа. Энэ газар дээр зохих хэмжээний объект бариад, энэ барьсан объект нь сендвич барилга биш, харин тоосго гэх мэтээр үл хөдлөх хөрөнгө бариад нийтийн үйлчилгээний зориулалтаар барилга барьсан бол Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолын дагуу мкв-ийн үнийг 653,810 төгрөгөөр үнэлээд ингээд 2011 онд гарсан Барилга хот байгуулалтын яамны сайдын үнийн өсөлтийн индексийн итгэлцүүрийг 1,55%-д бодож шилжүүлээд, 96 мкв талбай дээр барьсан барилга нь 97.286.928 төгрөг байж болно гэж үнэлгээг гаргасан байгаа юм. Нэг давхар барилганы 30% нь газрын үнэдээ орж өгдөг юм. Тэгээд газрын 30% нь 29.186.078 төгрөгөөр энэ газрыг үнэлсэн байгаа юм. Энэ хоёр үнэлгээний ач холбогдлыг 50, 50%-иар тооцоод нийт дүн 14.639.119 төгрөг болсон байгаа юм. 2007 оны 136 дугаар тушаал газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тогтоох аргачлалыг энэхүү газрын суурь үнийг тогтооход ашиглав гэсэн байгаа. Би өөрөө судалгааг хийж явуулдаг. Үнэлгээчин надад заавар зөвөлгөө өгч итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Гомбо, Д.Байгальмаа нар нь хариуцагч Замын-Үүд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 316-57, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316-59 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шүүхийн шийдвэрт Д.Байгалмаа, Д.Гомбо нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 45-р байрны 01 тоот 19 мвк талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 3 дугаар 58 айл 1-1 тоот 18 м2 талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 м2 талбай бүхий газар, хөдлөх эд хөрөнгө болох 14-15 ДГО улсын дугаартай хүнд даацын HORTHBENZ автомашин зэргийг худалдаж үүргийг хангаж, 58288.688,26 төгрөгийг Замын-Үүд Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 09  дүгээр сарын 06, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд төлбөр төлөгч Д.Гомбо, Д.Байгальмаа нарыг сайн дураар төлбөрийг төлөхийг мэдэгдсэн байна.

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 45 дугаар байрны 01 тоот 19 мкв талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 мкв талбай бүхий газрыг битүүжилж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч тэмдэглэл үйлдэж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбар авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авчээ.

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-иар Замын-Үүд сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 45 дугаар байрны 01 тоотод байрлах 19 мкв талбайтай орон сууц, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 мкв талбай бүхий газрыг үнэлүүлэхээр албан тоот хүргүүлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-иас Замын-Үүд сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 45 дугаар байрны 01 тоотод байрлах 19 мкв талбайтай орон сууцыг 44397.285 төгрөгөөр, Замын-Үүд сумын 1 дүгээр багт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 мкв талбай бүхий газрыг 14639.119 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээг Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлсэн байна.

Уг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний гаргасан үнэлгээг нэхэмжлэгч тал болох Д.Гомбо, Д.Байгальмаа нар нь хүлээн зөвшөөрөхгүй талаараа гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ.

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ашиглалтын хугацааг 15 жилээр тооцож цаашид 30 жил ашиглах боломжтой гэж үзэж нэг жилийн элэгдлийн хэмжээг 2,7 хувиар тогтоов гэсэн нь хүчингүй болсон тогтоол буюу Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 297 тоот тогтоолоор, Барилга хот байгуулалтын сайдын 2007 оны 136 дугаар тушаалд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тогтоох аргачлалыг энэхүү газрын суурь үнийг тогтооход ашиглав гэсэн нь Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206, 2015 оны 234 дугаар тушаалуудаар  тус тус хүчингүй болсон байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь  Замын-Үүд сум, 1-р баг, 4-р хэсэг, 45-р байрны 01 тоот 19 мкв талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 мкв талбай бүхий газрыг үнэлэх ажиллагааг явуулахдаа хүчингүй болсон тогтоол, тушаалыг баримтлан үнэлгээ гаргасан нь үнэн  зөв үнэлгээ гэж үзэх боломжгүй байна

Иймд хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 316-57 үнэлгээ, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316-59 дугаартай үнэлгээг тус тус хүчингүй болгож дахин үнэлгээ гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1 .Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 96 мкв талбай бүхий газрын зах зээлийн үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний  “Вендо” ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316-59 тоот дүгнэлт, Замын-Үүд сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэгт байрлах 45 дугаар байрны 01 тоотод байрлах 27 мкв талбай бүхий орон сууц, 43 мвк өргөтгөл хэсгийн зах зээлийн үнийг тодорхойлсон 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 316-57 тоот дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ