| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0220/Э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 236
2020 04 21 2020/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
хохирогч Б.У ,
шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Ч М холбогдох эрүүгийн 1910027760188 дугаартай 187/2020/0220/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .... хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ч М /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 6 дугаар гудамжнаас иргэн Б.У ын эзэмшлийн 17-18 УНЗ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 6 дугаар гудамжнаас өөрийн найз болох Б.У ын эзэмшлийн 17-18 УНЗ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
1. Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол төлсөн тохиолдолд надад гомдол байхгүй. Би Мөнхбаатартай уулзаад айл руу орчихоод гараад иртэл М явчихсан байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараа над руу цагдаагийн байгууллагаас залгаад хүрээд ир, машин чинь журмын хашаанд байна гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй, М бид хоёр хохирол төлбөрийг надад 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Эхлээд 4 сарын сүүлээр 400.000 төгрөг, 5 дугаар сард үлдэгдэл мөнгийг төлөхөөр тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл
3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/
4. Хохирогч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед найз Мөнхбаатарын хамт өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 6 дугаар гудамжинд байдаг найз Бат-Үүлсийн гэрийн гадаа очсон. М-ыг машинд сууж бай гэж үлдээгээд Бат-Үүлсийн гэрт орж түүнийг дагуулаад гудамжны үзүүрт байдаг дэлгүүр рүү алхаж явтал араас Бат-Үүлсийн дүү болох Мандал гүйж ирээд таны машиныг хүн унаад маш хурдтай давхиад явчихлаа гэж хэлэхээр нь буцаад тээврийн хэрэгсэл байсан газраа ирэхэд миний машин байхгүй байсан. М миний машиныг зөвшөөрөлгүй унаж явсан. Би түүнд зөвшөөрөл өгөөгүй. Би машинаа хайгаад олоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас таны тээврийн хэрэгсэл Шангрилла буудлын баруун талд байна гэж хэлсэн. Машин дээрээ ирэхэд урд талын дугуй хагарсан, урд талын гуфер хагарсан, цус болсон, хойд талын гуфер хагарсан байдалтай байсан. Эдгээр зүйлийг үнэлүүлэхэд 843.600 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/
5. Вендо хөрөнгийн үнэлгээний газрын тайлангаар 849.600 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 20/
6. Шүүгдэгч М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ууганбаяр намайг ирж аваад бид хоёр байрных нь гадна очиж зогсоод машин дотоор нь 3 шил 0.5 литрийн пиво уусан. Пиво ууж дуусгаад Яармагийн 6 дугаар гудамжинд байдаг Ууганбаярын найзын гэрийн гадаа очиж зогсоод Ууганбаяр хашаа ороод найз нь гэх нэг залууг дагуулаад ирсэн. Бид гурав тээврийн хэрэгсэл дотор 2 шил 0.75 литрийн Соёрхол архи уусан. Уг хашаанаас гаднаас хөдлөөд Яармагийн 6 дугаар гудамжинд Ууганбаярйн найзын гэрийн гадаа ирээд Ууганбаяр тээврийн хэрэгслээ асаалттай орхиод айл руу орсон. Би Ууганбаярыг удаан хүлээсэн боловч гарч ирэхгүй болохоор нь тээврийн хэрэгслийг унаад гэмтлийн эмнэлгийн ард талд байх эмээгийнхээ гэр рүү явж байтал Энхтайваны гүүрэн дээр замын хашлага мөргөөд зүүн урд дугуйг хагалсан. Дугуйг солиод номын сангийн урд талын зам дээр явж байхад гэнэт тээврийн хэрэгсэл унтарсан. Тээврийн хэрэгслийн түлхүүр Ууганбаярт байсан болохоор машиныг тэнд нь орхиод явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ч.М нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 6 дугаар гудамжнаас өөрийн найз болох Б.У ын эзэмшлийн 17-18 УНЗ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсныг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.М-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирол төлсөн тохиолдолд надад гомдол байхгүй. М бид хоёр хохирол төлбөрийг надад 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Эхлээд 4 сарын сүүлээр 400.000 төгрөг, 5 дугаар сард үлдэгдэл мөнгийг төлөхөөр тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.У ын хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч М-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.М-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Ч.М холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүлйийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбаатараас 849.600 төгрөг гаргуулж хохирогч Б.У т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч М-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.М оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ч.М холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүлйийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбаатараас 849.600 төгрөг гаргуулж хохирогч Б.У т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.М сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР