| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0256/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 243
2020 04 22 2020/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Д.Майдри нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж М овогт Г-ийн Б холбогдох эрүүгийн 2010003720254 дугаартай 187/2020/0256/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ....дүгээр сарын ....-ний өдөр Дундговь аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл ..... хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ........... тоотод оршин суух, М овогт Г-ийн Б /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” амралтын газрын 15 номерын гэрт иргэн Б.М-ыг “намайг мууллаа, яах гэж худлаа яриад байгаа юм” гэж пивоны шил шидэж толгойн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн мөр, баруун бугуй, хоёр сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” амралтын газрын 15 номерын гэрт хохирогч Б.М-д хандан н.Амгалан “наадахаа хая угаасаа ингэж худлаа согтдог юм” гэж хэлэхэд нь Б.М-ыг “арай ч үгүй байлгүй дээ” гэж хэлтэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч Г.Б нь “намайг мууллаа, яах гэж худлаа яриад байгаа юм” гэх шалтгаанаар пивоны шил шидэж толгойн тус газар нь цохиж Б.М биед нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн мөр, баруун бугуй, хоёр сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Г.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр болсон байгаа. Манайд хохирогч бид хоёр хамт ажилладаг байсан. Баяржаргал, түүний найзтай хамт явсан. Амралтын газар 1 литрийн виски уугаад амралтын газраас холгүй караокед орж пиво уусан. Караокеноос гараад амралтын газар луугаа очоод би баруун талын орон дээр хэвтсэн. Намайг хэвтэж байхад Мандах миний талаар “дандаа ингэж худлаа согтдог” зэргээр муулж байхаар нь бид хоёр маргалдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б г хэвтүүлсэн бөгөөд тэрээр орноосоо унаад бөөлжөөд байсан. Би тэгэхээр нь түүний бөөлжсийг цэвэрлээд орон дээр гараад хэвтээ гэж хэлсэн. Тэгтэл Амгалан ах надад хандан “наадахаа хая угаасаа ингэж худлаа согтдог юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би арай ч үгүй байлгүй дээ гэж хэлтэл Бадамлянхуяа нь “чи сайн хүний дүр эсгэж намайг мууллаа” гээд ширээн дээр байсан шилтэй пивийг авч над руу шидсэн. Тэгээд Бадамлянхуяа тэр шилээр миний толгойг оносон бөгөөд “чи яаж байгаа юм бэ” гэтэл ахин пивоны шил авч миний баруун нүд болон духыг оносон. ...Би тэгэхээр нь Бадамлянхуяа дээр очоод чи миний толгойг хагалчихлаа шүү дээ гэхэд тэрээр намайг үсдсэн. ...Миний биед учирсэн тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг Б нь над руу 2 удаа пивоны шил шидэж учруулсан. Тэрээр намайг өшиглөж унагаасан бөгөөд энэ үед миний зүүн мөр, зүүн гуянд цус хуралт гэмтэл үүссэн байх. Харрин бусад гэмтлүүдийг тэрээр намайг үсдэж байхдаа гараараа цохиж болон маажиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
3. Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт орсны дараа Б нь ширээн дээрээс юм аваад Мандах руу шидээд байсан. Би тэгэхээр нь тэр хоёрын дундуур орж Мандахыг хамгаалахад Мандах гүйж очоод Б г үсдээд авсан. ...ямар ч байсан ширээн дээр байсан зүйлсийг шидээд байсан. ...Мандахын духны баруун хэсэг нь хавдаад үсэн дотор нь цус болоод хатсан байсан. ...Намайг харахад лав Б нь ширээн дээрээс юм авч Мандах руу шидэж түүний толгойг оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32, 34/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2215/-ний дүгнэлт:
-Б.М биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн мөр, баруун бугуй, хоёр сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-38/
5. Шүүгдэгч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Мандах намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би түүн рүү пивоны шил авч шидсэн, тэр ч гэсэн над руу зөрүүлээд юм шидэж байсан. ...Би дүгнэлттэй танилцсан. Түүний биед учирсан тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг би түүн рүү пивоны шил шидэж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2215/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” амралтын газрын 15 номерын гэрт хохирогч Б.М-д хандан н.Амгалан “наадахаа хая угаасаа ингэж худлаа согтдог юм” гэж хэлэхэд нь Б.М-ыг “арай ч үгүй байлгүй дээ” гэж хэлтэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч Г.Б нь “намайг мууллаа, яах гэж худлаа яриад байгаа юм” гэх шалтгаанаар пивоны шил шидэж толгойн тус газар нь цохиж Б.М биед нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, дух, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн мөр, баруун бугуй, хоёр сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуйд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй /хохирогчид 663.000 төгрөг нөхөн төлсөн хх-84/, хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч Г.Б гийн хувийн байдал /... 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ТВ5 телевизд сэтгүүлч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Г-ийн Б г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч Г.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-ийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Г-ийн Б г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Г.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Б д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР