| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0248/Э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 251
2020 04 23 2020/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Н.Д ,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б Б -д холбогдох эрүүгийн 2010000000225 дугаартай хэргийг 187/2020/0248/Э индекстэй 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....нд Налайхад төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн... дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У овогт Б Б /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1049 дүгээр байрны 11 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Д ийн самсунг эс-6 загварын гар утсыг хулгайлан, түүний гар утасны мобайл банкыг ашиглан 415.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1049 дүгээр байрны 11 тоотод Н.Д тэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэрээс нь явахдаа түүний самсунг эс-6 загварын гар утсыг хулгайлан, түүний гар утасны мобайл банкыг ашиглан 415.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие үлдэгдэл хохирлоо өнөөдөр авсан тул надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Н.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 дугаар сарын 25-ны өглөө Б бид хоёр манай гэрт сэрсэн. Би Б ийг одоо харь гэж хэлэхэд Б надаас архи гуйгаад явахгүй байсан. Тэгээд Б дэлгүүр гараад удалгүй над руу яриад 20.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд данс өгсөн. Би тэр өгсөн дансаар нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь удалгүй Б 0.75 л архи, нэг ундаатай аваад ороод ирсэн. Тэгээд бид хоёр тэр архийг хувааж уусан. Тэгээд 11 цагийн үед би Б ийг яв гэж хэлээд өөрөө газар гудсан дээр хэвтсэн. Тэгэхэд Б удалгүй гэрээс гараад явсан. Тэгэнгүүт нь би босоод хаалга дотроос нь түгжээд буцаад унтсан. Тэгээд 16 цагийн үед сэрээд усанд орчихоод хүнтэй ярих гээд утсаа хайсан боловч олоогүй. Тэгэхээр нь би Б ийг утас аваад гарсан гэж бодоод араас нь гараад байрны орчим байх 3-4 дэлгүүрээр орж Б утас барьцаанд тавьсан эсэхийг асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн орчим дэлгүүр ороод картаараа худалдаа хийх гэсэн боловч дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Би АТМ ороод дансаа шалгатал 433 төгрөг үлдсэн байсан. Хуулгаа авч үзэхэд өдрийн 12 цагт миний данснаас 5029938787 гэсэн данс руу 250.000 төгрөг, мөн 5033656208 гэсэн данс руу 165.000 төгрөг шилжүүлж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/
4. Гэрч З.Сугарсүрэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б тэй хамт архи ууж байхад Б надад Дөл гэж хүнээс мөнгөний авлагатай талаар ярьж байсан юм. Тэгээд эхнэрийн дансанд Дөл гэж хүнээс 250.000 төгрөг шилжиж орсон байсан учраас би Б ийг хүнээс авлагаа аваад манай эхнэрт шилжүүлж өгсөн байна гэж бодсон. Би тэр өдөр Б -д 5029938787 дугаарын дансыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
5. Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ХУД820/03 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...алдагдсан гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн....” /хх-ийн 20/
6. Хаан банкны 5434002623 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32/
7. Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед архи ууснаасаа болоод байрны ах Дөлийн гэрээс гарахдаа утсыг нь аваал гарчихсан. Би буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж байна. Хэд хоногоос гар утсыг нь авч өгнө, данснаас нь авсан 415.000 төгрөгийг нь төлсөн. 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би архи ууж Дөл ахын гэрт нь хоносон. Тэгээд өглөө босоод бид хоёр дэлгүүрээс дахин архи авч уусан. Тэгээд би нилээн согтсон. Тэгээд байж байхад Дөл ах намайг яв гээд хөөгөөд байсан, эхэндээ дахин архи ууя гэж хэлээд гэрээс нь гарахгүй байж байгаад тэгээд түүний гар утсыг нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1049 дүгээр байрны 11 тоотод Н.Д тэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэрээс нь явахдаа түүний самсунг эс-6 загварын гар утсыг хулгайлан, түүний гар утасны мобайл банкыг ашиглан 415.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Н.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /....41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ахын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдэврлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тохиромжтой үзсэн болно.
Б.Б -д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Б Б ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б -д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б -д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР