Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 151

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О , Г.Х , Б.М , Ц.Д ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 тоот захирамжийн зөөврийн байгууламжийн “Түргэн үйлчилгээний цэг”-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Түргэн үйлчилгээний цэг” эрхлэгчдийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн “Түргэн үйлчилгээний цэг”-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрийн бодлого зохицуулалт сул байснаас хууль, дүрэм тогтвортой хэрэгжээгүйгээс болж төрийн байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарсан. 

Төрийн байгууллагууд “Түргэн үйлчилгээний цэг”-тэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ эхний удаад газрын асуудлыг шийдвэрлэх ёстой байсан бөгөөд энэ асуудлыг шийдээгүй, зөв зарчмыг баримтлаагүй, процессийн алдаа гарснаас өнөөдрийн энэ байдал үүссэн. Өнөөдөр хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, зөвхөн үүссэн нөхцөл байдлыг арилгуулж, хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхийг хүсч байна. Эхлээд газрын асуудлыг шийдвэрлэвэл дараагийн асуудлууд шийдвэрлэхэд хялбар бөгөөд түүнээс хойш гарах үр дагавар эерэг байна. Газартай холбоотой асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж тайлбарлалаа. Гэтэл “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэх зөвшөөрөл олгохдоо яагаад газрын асуудлыг шийдвэрлээгүй юм. Зөвшөөрөлгүй газар байсан бол бид төрийн хамгаалалттай газар гишгэхгүй, зөвхөн зөвшөөрөлтэй газарт л гишгэнэ. Анхнаасаа газрын асуудлыг зохицуулаагүй зөвшөөрөл олгосон атлаа одоо дүүргийн Засаг дарга газрын асуудлыг мэднэ, Газрын тухай хуулийн дагуу зохицуулна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Анхнаасаа одоо хэлж байгаа шигээ газрын асуудлыг эхлээд зохицуулж, “Түргэн үйлчилгээний цэг” байршуулах газраа тодорхой зааж, уг байгууламж нь компани, хувь хүн байх эсэхийг тодорхойлж, түүнтэй холбогдуулан тусгай стандарт баталсан бол хамаагүй юм. Хэн дуртай нь журам баталж, нэг компаниас “Түргэн үйлчилгээний цэг” авбал зөвшөөрөл олгоно, авахгүй бол зөвшөөрөл олгохгүй гэж албан хүчээр шахсан. Ингээд бодоход газрын асуудлыг шийдвэрлэж, хот төлөвлөлтөд оруулж, дээр нь байрлах байгууламжийн асуудлыг шийдэж, дээр нь үйл ажиллагаа явуулах стандартын асуудлыг шийдвэрлэсэн бол өнөөдөр энэ асуудал үүсэхгүй байх байсан. 

Одоо мэтгэлцэх сонирхол байхгүй. Хэн хэнийхээ цаг завыг хэмнэе. Газрын асуудлыг шийдвэрлээгүйгээс эмх замбараагүй байдал үүсч, ашиг сонирхлын зөрчил гарсан ч өнгөрснийг орхиж, одоо хуулийн зохицуулалтын дагуу энэ асуудлыг шийдвэрлэх саналтай байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас байгууламжийг ажиллуулах ёсгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс уг тогтоолыг батлах ёсгүй гэх агуулгаар дүгнэлт гаргасан. Хариуцагчаас Газрын тухай хуулийн дагуу зохицуулна гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн дагуу зохицуулах байсан бол анхнаасаа Газрын тухай хуулийг баримтлахгүй Засаг дарга нар солигдож, журам нэртэйгээр баталж, хугацаа алдсаны дараа ингэж тайлбарлаж байна. Энэ нь төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж энэ асуудал үүссэн” гэв.

Хоёр. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Ч******* 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гол үндэслэл   нь   төр   “Түргэн   үйлчилгээний  цэг”  эрхлэгчдэд  түүнийг  ажиллуулах, худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон атлаа доорх газрыг газар чөлөөлөх нэрийдлээр авна гэж байгаа нь төрийн үйл ажиллагаа ямар ч логикгүй, залгамж шинж чанаргүй байгааг харуулж байна. 

“Түргэн үйлчилгээний цэг” эрхлэгчдийн эрхийг зөрчиж байгаа атлаа тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах талаар тодорхой дүрэм, журам байдаггүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төсөл шалгаруулах нэрээр зөвхөн нэг компанийн “Түргэн үйлчилгээний цэг”-ийг авахуулахаар өндөр үнээр шахаж авахуулдаг. “Түргэн үйлчилгээний цэг”-ийг албадан нүүлгэж байгаа гэж нийслэлийн төсвөөс мөнгө гаргуулж байгаа атлаа төрийн албан тушаалтнууд “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэгчдээс дахин мөнгө авах зэргээр тэдний эрх ашгийг хохироож, бизнес болгон ашиглаж байгаа нь харагддаг. 

 Мөн одоо мөрдөгдөж байгаа гэх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдээгүй бөгөөд энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тухай дүгнэлт гаргаж, уг дүгнэлт нь албан ёсны нотлох баримт болно гэх баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл 56 дугаар тогтоолд үндэслэн Нийслэлийн Засаг дарга А/863 дугаар захирамжийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Эдгээр үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг дарга А/863 дугаар захирамжийг гаргасан нь төрийн бодлого шийдвэр үр нөлөөтэй, зорилгод нийцсэн, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй төдийгүй сонгууль бүрийн дараа “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэх зөвшөөрөл өгч, журмыг шинэчилж, газар чөлөөлөх нэрийдлээр албадан чөлөөлөх ажиллагаа явагддаг нь төрийн бодлогын залгамж чанар алдагдаж байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэл  дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дамба зэрэг нэр бүхий 98 иргэний нэхэмжлэлтэй шүүх хуралдаан болсон бөгөөд тус өдрийн 0677 дугаар шийдвэрт Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолыг хууль зөрчөөгүй гэж, Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэртээ нийтийн эзэмшлийн зам талбай, газар ашиглаж худалдаа, үйлчилгээ эрхлэх журмыг зөрчин худалдаа, үйлчилгээ явуулж байгаа “Түргэн үйлчилгээний цэг”-ийг буулгаж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажилласан байна гэж  дурджээ. Газрын тухай хуульд зааснаар газар чөлөөлөх эрх дүүргийн Засаг даргад олгогдсон. Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж нь зөвхөн зохион байгуулалттай холбоотой захирамж. Маргаан бүхий А/863 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт 2014 оны 56 дугаар тогтоолын талаар огт дурдаагүй. 

Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргад нөхцөл байдлыг дурдаж, эдгээрийг цэгцлэх талаар даалгасан болохоос ямар нэгэн дүүрэгт, “Түргэн үйлчилгээний цэг”-ийг нүүлгэж, албадан чөлөөлөх талаар дурдаагүй, зөвхөн зохион байгуулалтын шинжтэй байсан. Дүүргийн Засаг даргын хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөлгүй “Түргэн үйлчилгээний цэг”-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт “Түргэн үйлчилгээний цэг” ажиллуулах журмын 1.3, 2.1-д тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлах бөгөөд тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр гэрээг сунгана гэж заасан. 2014 оны 56 дугаар тогтоолд дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс газар олгох зөвшөөрөл бус худалдаа, үйлчилгээ явуулах гэрээ байгуулна гэж заажээ.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт “Түргэн үйлчилгээний цэг” ажиллуулах журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн Худалдаа, үйлчилгээний журмын 8.2.4 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажилласан. 

“Түргэн үйлчилгээний цэг” эрхлэх тухайд газрын зөвшөөрөл гэх зүйл байхгүй бөгөөд 2014 оны 56 дугаар тогтоолд “... хотын ерөнхий менежерийн баталсан байршилд “Түргэн үйлчилгээний цэг”-ийг түр байршуулна...” гэж заасан бөгөөд уг байршилд багтсанаар дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тухайн үйл ажиллагаа явуулах иргэдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Нэхэмжлэл гаргаж буй иргэдийн хувьд гурван талт гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүй байх бөгөөд газрын төлбөр авч байгаа тухайд тухайн газар үйл ажиллагаа явуулж байгаа тул төлбөр авсан. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0677 дугаар шийдвэрт “... 2014 оны 56 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний шийдвэрийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хуульд хуулиар зохицуулаагүй бусад харилцааг зохицуулна гэж заасны дагуу уг тогтоолыг гаргасан байна. Тус тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн эрх бүхий албан хаагчийн шийдвэр байхгүй, дагаж мөрдөж ажиллах нь зүйтэй...” гэж тусгасан байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Газрын зөрчлийг арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 тоот захирамжийн зөөврийн байгууламжийн “Түргэн үйлчилгээний цэг”-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 дугаар захирамж гаргаж, уг захирамжийн дагуу “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэгчийн үйл ажиллагааг зогсоож, албадан нүүлгэх ажлыг Сүхбаатар дүүргээс зохион байгуулж энэ ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нар хамрагдсан үйл баримт болжээ. 

Нэхэмжлэгч тал “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэгчид хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох газруудтай гэрээ хийж, татвар хураамжуудыг сар бүр төлж, үйл ажиллагаагаа явуулж байхад Нийслэлийн Засаг дарга А/863 дугаар захирамж гаргахдаа интернэт сайтаар олон нийтийн санал асуулга авсан нэрээр асуудалд хуумгай хандаж “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэгчдийн оролцоог хангахгүйгээр амьдралын эх үүсвэр болсон өмч хөрөнгийг албадан нүүлгэж, тэдний эрх ашгийг ноцтойгоор хохироосон” гэж, харин хариуцагч тал “нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж худалдаа үйлчилгээний болон түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин  худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Түргэн үйлчилгээний цэг”-ийг буулган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь зохих хуулийн хүрээнд явагдсан” гэж маргаж байгаа болно. 

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 дугаар захирамж нь нийтийн эдэлбэрийн газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж болон авто зам, явган хүний зам хаасан объект, хашаа зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг тус тус хавсралтаар баталсан байна. Тус захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн  “л” нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 30.1.1-д “Сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “... газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой, ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.5-д “Хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. 

Тухайн захирамж нь зөвхөн зөвшөөрөлгүй байрлуулсан, тухайлбал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан байршлаас бусад газарт байрлуулсан “Түргэн үйлчилгээний цэг”-т хамаарч байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамж нь батлагдсан зөвшөөрөлтэй байршилд түргэн үйлчилгээний цэг”-ийн үйл ажиллагаа эрхэлж буй нэхэмжлэгч нарт чиглэгдээгүй учраас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамж нь “Зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж”-ийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар гаргасан байх бөгөөд энэ захирамжийг хэрэгжүүлэхдээ доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтнууд зөвшөөрөл бүхий иргэдийн ашиг сонирхлыг зөрчсөн  болох нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэ талаар мараагүй болно.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай” 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/36, 2015 оны 06 дугаар сарын А/73, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 дугаар тушаалуудаар дүүргүүдэд байрлуулах түргэн үйлчилгээний цэгийн тоог баталсан байна. Нэхэмжлэгч нарын ажиллуулж буй түргэн үйлчилгээний цэг”-ийн байршлыг нэхэмжлэгч тус бүрээр нягталж үзэхэд:

Нэг. Нэхэмжлэгч  С.О ийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийн тухайд: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, урчуудын эвлэлийн байрны хойно зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг. Тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс иргэн С.О тэй  2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс нэг жилийн хугацаатай  түргэн үйлчилгээний цэгийн хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Хоёр. Нэхэмжлэгч Б.М ийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийн тухайд: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Урчуудын эвлэлийн байрны хойно зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг. Тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс иргэн Б.М тэй Хт07-30 дугаартай “Үйлчилгээ эрхлэх гэрээ”-г 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс нэг жилийн хугацаатай  байгуулжээ.

Дээрх хоёр иргэний хувьд тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-г сунгаж байгуулсан тохиолдолд үйл ажиллагаа нь хэвийн явагдах бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаартай захирамжаар хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам” нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул түргэн үйлчилгээний цэгүүдтэй шинээр гэрээ байгуулах, хуучин гэрээ сунгах ажил хийгдэхгүй” байна гэж, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаас нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь боломжит байршлаа тодорхойлоод ирвэл гэрээ байгуулахад бэлэн гэж хэлсэн” гэсэн тайлбаруудыг гаргаж байгаа болно. 

 Дээрх нэхэмжлэгч иргэдтэй өмнө байгуулсан гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсон байх ба гэрээг цааш үргэлжлүүлж сунгах, дахин гэрээ байгуулах эрх нь тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хадгалагдаж байгаа болно.

Гурав. Нэхэмжлэгч Г.Х , Ц.Д  нарын “Түргэн үйлчилгээний цэг”-ийн тухайд: Г.Х , Ц.Д  нар нь тус дүүрэгт “Түргэн үйлчилгээний цэг” ажиллуулах гэрээ байгуулаагүй тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай” 2015 оны А/36, 2015 оны А/73,  2015 оны А/135 тоот тушаалаар тус тус батлагдсан байршлаас өөр байршилд буюу зөвшөөрөгдөөгүй газарт “Түргэн үйлчилгээний цэг” ажиллуулж байсан бөгөөд дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулаагүй байна. 

Иймд  дээрх тушаалуудыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр “Түргэн үйлчилгээний цэг” байршуулан ажиллуулж буй нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий актууд нь тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй бөгөөд тухайн иргэдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд багтаж газар чөлөөлөх үүргээ биелүүлэлгүй Газрын тухай хуулийн 57.3. дахь заалтыг зөрчсөн тул албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажиллагаа хийснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Хэдийгээр тус журмыг Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй гэх боловч энэхүү журам нь батлагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах харилцааг зохицуулж байгаа бөгөөд түүнийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны аливаа нэгэн шийдвэр байхгүй байна.

Түүнчлэн хариуцагч нарын тайлбараар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 болон 2017 оны 61 дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр болоогүйгээс худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, зөвшөөрлийг сунгахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь удаан хугацаанд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгааг харгалзан боломжит байршилд зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.О , Г.Х , Ц.Д , Б.М  нарын нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Нийслэлийн Засаг даргын  2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай”  А/863 дугаартай захирамжийн “Түргэн үйлчилгээний цэг”-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.          

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ