Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Б.Хурц,     

шүүгдэгч М.М        , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б          овогт М          М         холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031501 дугаартай 187/2020/0250/Э индекстэй  хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн. .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл-..... хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, “Их мандуул” ХХК-ийн захирал ажилтай, ял шийтгэлгүй, Б          овгийн М          М         /РД: ........../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М         нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Э.Д           урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зээлэх нэрийдлээр 30.000.000 төгрөгийг авсан, мөн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хандгайт дахь барилгын ажилд хэрэглэнэ гэж Э.Дашдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000.000 төгрөгийн үнэ бүхий олон төрлийн төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 88.113.920 төгрөгийн үнэ бүхий барилгын төмөр авч Л.Б          72.000.000 төгрөгөөр худалдсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Д          их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.М         нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Э.Д           урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зээлэх нэрийдлээр 30.000.000 төгрөгийг авсан, мөн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хандгайт дахь барилгын ажилд хэрэглэнэ гэж Э.Дашдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000.000 төгрөгийн үнэ бүхий олон төрлийн төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 88.113.920 төгрөгийн үнэ бүхий барилгын төмөр авч Л.Б          72.000.000 төгрөгөөр худалдсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Д          их хэмжээний хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч М.М           шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч  Э.Д           мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 18-ны үеэр Мөнх- Эрдэнэ Гонконг руу ажлаар явах гэсэн юм гээд 30.000.000 төгрөг 1 сарын хугацаатай зээлээч гэхээр нь хүү бодохгүй хугацаандаа өгөөрэй гээд 30.000.000 төгрөг зээлүүлсэн. ...2015 оны 7 дугаар сард над дээр ирээд Хандгайтад спорт цогцолбор дээр ажил авсан 100.000.000 төгрөгийн төмөр хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр түүнд 92.414.490 төгрөгийн төмөр материал өгсөн. Үүнийг авахдаа өмнө авсан 30.000.000 төгрөгтэйгөө нийлүүлж буцааж өгнө гэж байсан. ...Ингээд 2018 оны 8 дугаар сарын дундуур надад 50.000.000 төгрөг надад буцаан өгсөн. ...2017 оны 7 дугаар сард 130.000.000 төгрөгийн арматур хэрэгтэй байна урьдчилгаанд 15.000.000 төгрөг өгөхөөр нь тэрийг нь аваад өмнөх өрөндөө суутгасан гэж хэлээд түүнд арматур өгөөгүй. ....М         уг надаас авсан төмрийг Хандгайт дахь спорт цогцолборт ашиглаагүй Баттөмөр гэх хүнд хямд үнээр зарсан байсан. М         бэлэн мөнгө болгох зорилгоор надад худал хэлж төмөр авсан байсан. 92.414.000 төгрөгийн төмрийг Хандгайтад ажил гүйцэтгэнэ гэж авчихаад өөр зориулалтаар хэрэглэж бэлэн мөнгө болгоод мөнгийг хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-19, 96, 133-135, 174-175, 200-201/    

3. Гэрч Л.Б-ийн           мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М         2015 оны намар над дээр ирээд 92.000.000 төгрөгийн барилгын турба төмөр байна. Уг мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг хасаад бэлнээр 72.000.000 төгрөгийн турбаг худалдаж авах уу гэж санал тавьсан. Би түүнд 2-3 удаа татгалзсан боловч дахин дахин утасдаад танд ашигтай шүү дээ гэж мөн танил Энхтайванаар хүртэл яриулж байсан болохоор би зөвшөөрөөд бэлнээр 72.000.000 төгрөг өгч чадахгүй. Эхлээд 40.000.000 төгрөгийг дараа нь 32.000.000 төгрөгийг цувуулж өгье гээд авсан. ...тухайн үед Дашдоржийн барилгын материал гэж би мэдээгүй. М         өөрийн барилгын материал гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1хх-97, 211/

4. Гэрч Х.Э-ийн          мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М         2015 оны 9 дүгээр сард 30.000.000 төгрөгийг Дашдорж ахаас авч байсан мөн 2015 оны 8 дугаар сарын сүүлээр мөн Дашдорж ахаас 92.400.000 төгрөгийн барилгын төмрийг зээлийн гэрээ хийж авсан ба тэгснээ уг төмрийн хямд үнээр зараад мөнгийг нь Баянгол дүүргийн өргөтгөлийн ажилд оруулмаар байна гэж байсан. Дашдорж ахад өрөө яаж төлөх юм бэ гэхэд уг өргөтгөлийн ажлаас орсон мөнгнөөс өгнө гэсэн болохоор нь итгээд төмөр зарах асуудлыг судалсан...тэгээд Баттөмөр ах М         нар тохироод Дашдорж ахаас авсан 92.000.000 төгрөгийн төмрийг 72.000.000 төгрөгөөр Баттөмөр авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-98-99/

5. Гэрч Г.С-ын          мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай Бугат эрхэс ХХК-ийн захирал Дашдорж 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр над руу яриад М         гээд Их мандуул ХХК-ийн захирал 100.000.000 төгрөгийн төмөр зээлнэ чи худалдах худалдан авах гэрээ хийгээд явуулаарай гэсэн. Тэгээд 7 дугаар сарын 09-ний өдөр М         гэх хүн манай ажил дээр ирээд 100.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээ хийсний дараа олон төрлийн төмөр авсан ба төмрүүдийн үнийн дүнг гаргаж ирэхэд 92.414.000 төгрөгболж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 176/   

6.Бугат эрхэс ХХК-ийг төлөөлж Э.Дашдорж, Их мандуул ХХК-ийг төлөөлж М.М         нарын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 100.000.000 төгрөгийн бүх төрлийн төмөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-ийн 28-35/,

7. Баянгол дүүргийн засагдаргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 02/2722 дугаартай “...Дүүргийн төсвийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын 2 дахь өргөтгөлийн барилгыг Их мандуул ХХК 2016-2018 онд гүйцэтгэсэн. Гүйцэтгэлээр санхүүжилтийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул үлдэгдэл тооцоо байхгүй болно...” гэсэн албан бичиг /1хх-ийн 223/,

           8. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2/2581 дугаартай “...тус барилга угсралтын ажлын комиссын акт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталгаажиж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг дүгнэн гүйцэтгэлийн санхүүжилтийг танай компанид олгосон тул Баянгол дүүргийн засаг даргын Тамгын газарт хандана уу...” гэсэн албан бичгийн хуулбар /2хх-ийн 24/,

            9. Дамно ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ХУ1-20-093 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 50-56/,

           10. Молор трейд ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай “...манай компанийн Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Хандгайтын аманд байрлах Их тамир амралтын спорт заалны барилгын ажилд Их мандуул ХХК-ийн захирал Мөнх-Эрдэнээс хэрэглээний труба болон төмөр худалдан авч байгаагүй бөгөөд мөн тус компани нь барилгын угсралтын ажил хийж байгаагүй болно...” гэсэн албан бичиг /2хх-ийн 59/

           11. Шүүгдэгч М.М           мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дашдоржид 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 40 сая төгрөгөнд бодож 49-71 УБ Ровекс 2900 LC7 гэх экскаваторыг харилцан тохиролцож шилжүүлж өгөхөөр тохиролцож байсан. Төлбарийг бүрэн барагдуулж өр төлбөрийн асуудал дуусгавар болж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-69/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.       

            Шүүгдэгч М.М         нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.М         нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Э.Д           урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зээлэх нэрийдлээр 30.000.000 төгрөгийг авсан, мөн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хандгайт дахь барилгын ажилд хэрэглэнэ гэж Э.Дашдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000.000 төгрөгийн үнэ бүхий олон төрлийн төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 88.113.920 төгрөгийн үнэ бүхий барилгын төмөр авч Л.Б          72.000.000 төгрөгөөр худалдсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Д          их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.      

Иймд шүүгдэгч М.М-ийг           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.М         нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан хохирогч Э.Д           мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хохирлоо авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт, түүний хувийн байдал /...45 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б          овогт М          М-ийг           10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Шүүгдэгч М.М           анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хувийн байдал /“Их мандуул” ХХК-ийн захирал ажилтай буюу цалин орлоготой/ зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.     

              Шүүгдэгч М.М        д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б          овогт М          М-ийг           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б          овогт М          М-ийг           10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М        д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч М.М        д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.М        д сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.М        д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР