| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0330/Э |
| Дугаар | 346 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 346
2020 04 30 2020/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурган овогт Уйгармаагийн Бт холбогдох эрүүгийн 2011007040366 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 3 дугаар гудамжны 5 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хурган овогт Уйгармаагийн Б, /РД:______/,
Шүүгдэгч У.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 9-98 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Ариунбүрэнг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас иргэн М.Лхагважавын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр архи ууж дүүгийнхээ нөхөртэй маргасан. Найз нь мөн хамт байсан. Би найзыг нь цохисон...” гэв.
Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед 10 жилийн ангийн найз болох Дөлгөөнийд Сүхболд, Одбаяр нартай очиж 2 шил архи мөн 2,5 литртэй нэг пиво хувааж ууж шөнийн 03-04 цагийн орчим тэндээсээ гарч үеэл дүү болох Нарангэрэлийн нөхөр Ариунбүрэнгийнд очиж бас нэг шил архи хувааж уугаад Ариунбүрэнтэй хэрүүл маргаан хийсэн бөгөөд түүний найз Лхагважав бид хоёрын дундуур орж салгаж байсан бөгөөд би уурандаа Лхагважавын нүүрлүү гараараа нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан ..." гэх /хх-ийн 57-59х/,
Хохирогч М.Лхагважав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б гэх залуу нь Ариунбүрэнгээс очиж уучлал гуйгаад өмнө сууснаа гэнэт цохиод авсан. Тэгсэн л тэр хоёр босож ирээд хоорондоо барилцаж аваад зууралдсан бөгөөд тэнд байсан Сүхээ гэх залуу бид хоёр ч тэр хоёрын дундуур орж салгах оролдлого хийн 2 тийш болгоход Б нь чамайг ч гэсэн ална шүү гээд надруу дайраад байсан. Энэ үед Ариунбүрэн, Б хоёр хоорондоо хэл амаар нэг нэг рүүгээ дайраад байсан. Харин би тэр хоёрын дундуур орж салгах маягтай зогсож байхад Б нь дахин Ариунбүрэн рүү дайрсан бөгөөд замдаа зогсож байсан миний хамар руу нэг удаа цохитол хажууд байсан Сүхээ гэх залуу нь цааш аваад гарсан...” гэх /хх-ийн 15-17х/,
Гэрч Б.Ариунбүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүдийг Б түүнд учруулсан байх гэж бодож байгаа яг цохисон үйлдлийг нь хараагүй. Тэнд Бээс өөр түүнийг цохих хүн байгаагүй...тэр үед намайг ганц өмөөрч байсан нь Лхагважав л байсан. Тэгээд түүнийг цохисон байх...” гэх /хх-ийн 22-23х/,
Гэрч Б.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ариунбүрэнгийн найз Лхагважав Бээс 2-3 алхмын зайтай зогсчихсон байсан бөгөөд би бага хүүхдийг нь тэвэрчихсэн байсан болохоор юманд оногдчих юм болов уу гэж бодоод том өрөө рүү нь ороод эргээд хартал Лхагважав хамраа барьчихсан доошоо тонгойгоод сууж байсан ба энэ үед Б түрүүний зогсож байсан газраа зогсоод уурлаад, амьсгаадаад байгаа харагдсан...” гэх /хх-ийн 41-42х/,
Гэрч Я.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Лхагважав гэх залуугийн хамар нь мурийсан бөгөөд түүний хэлснээр Б түүний хамар руу цохиж гэмтэл учруулсан гэж хэлж байсан...Лхагважав биеэ авч явах чадвартай хэвийн байсан. Харин Б нь нэлээд согтолттой хүн хүн рүү үсчиж дайрч байсан...” гэх /хх-ийн 45-46х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3656 дугаартай дүгнэлтэд:
М.Лхагважавын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх /хх-ийн 51-52х/
Шүүгдэгч У.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82х/,
Шүүгдэгч У.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 88х/,
Хохирогч М.Лхагважав хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 87х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 90х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч У.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.Б нь таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хурган овогт Уйгармаагийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД