| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0353/Э |
| Дугаар | 373 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 373
2020 05 12 2020/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржпаламын Чт холбогдох эрүүгийн 1911 02678 0204 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай яцц 16-1 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай,
Урьд 1994 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239-2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн тэнсэн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
1995 оны 3 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 6 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Д.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор ялын үлдэх 9 жил 2 сар 22 хоногийн ялыг бүгдийг нэмж нэгтгэн 9 жил 4 сар 22 хоногийн хорих ялаар,
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Ялыг дүйцүүлэн хасах тухай" 416 дугаар захирамжаар биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сарын хугацаагаар тогтоосон,
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай “39 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар Д.Чийн эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллагдсан, Боржигон овгийн Доржпаламын Ч, /РД: _____/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 11-170 тоот дахь гэртээ иргэн Г.Эрдэнэбаярыг унтаж байхад нь нэвтэрч, орны урд талын тавиур дээр байсан “Хуа вэй Р-20 /пи-20/” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 952,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв
Шүүгдэгч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын эхээр байхаа хамт ял эдэлж байсан Г.Эрдэнэбаяр гэх найзынхаа гэрт буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг гэрт өглөө 7 цаг 30 минутаас 8 цагийн хооронд хамт архи уухаар очиход хашааны хаалга нь онгорхой дотогш ороход байшингын хаалга нь мөн онгорхой цоожгүй байхаар хаалгыг нь онгойлгоод ороход Эрдэнэбаяр орон дээрээ цаашаагаа харсан байдалтай унтаж байсан тэгэхээр нь хоолны ширээн дээр нь байсан хар өнгийн гар утсыг нь аваад гарч явсан. Тухайн үед би найзынхаа гар утсыг өгий гэж бодсон боловч би ичээд буцаагаад өгч чадаагүй ...” гэх /хх-ийн 96-97х/,
Хохирогч Г.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой шөнийн 02 цагийн орчимд унтаж амраад маргааш өглөө 10 цаг өнгөрч байхад босоод гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Ингээд ээжийг гаднаас орж ирэхээр нь гар утсаа асуухад хүнсний зах яваад ирлээ гар утсыг чинь хараагүй гэхээр нь би гайхаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Би анх унтахдаа сүлжээг нь хаагаад цэнэглээд орны урд талд тавиур дээр тавьсан байсан юм...Лизингээр худалдан авсан байсан хар өнгөтэй “Хуа вэй Р-20 /пи-20/” загварын соронзтой хар өнгөтэй кейстэй ажиллагаа хэвийн гар утас байсан. Үнэлгээтэй санал нийлж байна...Ч гэх нэртэй гэх хүнийг... би танина. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуульд манай дээд ангид сурдаг хүүхэд байсан юмаа. Тийм болохоор 1993 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа юм. ... Миний гар утсыг буцааж өгсөн, надад бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх /хх-ийн 20-21х/,
Иргэний нэхэмжлэгч М.Сумьяабазар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын дундуур байхаа өдөр судрыг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 7-н буудлын эцэс Чингэлтэй рүү өгсөх замын хажууд байдаг гар утасны засварын газраас 250,000 төгрөгөөр хуучин хэрэглэж байсан гар утсыг худалдан авсан юм. Тэгээд өчигдөрхөн цагдаагийн алба хаагч ирж уулзахыг хүсээд цагдаагийн байгууллагад ирж байна. Энэ утас нь хууль бусаар алдсан хүний утас болохыг мэдсэн....Би худалдан аваад скайтелийн 90787247 гэсэн өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй дугаарыг хийж ашиглаж байсан... Надад 2020 оны 02 сарын 03-ны өдөр уг утас засварын газрын хүн надад Самсунг Эс-7” загварын гар утсыг өгсөн. Уг гар утас нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, одоо би өөрийн ...дугаарын утсаа хийж ашиглаж байгаа. Тиймээс надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг утас засварын газрын хүний нэрийг Дорж гэж байсан” гэх /хх-ийн 24,26х/,
Гэрч Б.Дорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын дундуур хавьцаа байхаа орой 19 цагийн орчимд ажлаа тараад хаах гээд зогсож байхад үл таних эрэгтэй хүн ирээд утас зарах гэсэн юм ойр хавьд байх ломбардууд ажилладаггүй би хөдөө явах гэсэн зардлын мөнгөгүй болчихлоо гээд надад “Хувай Пи-20” загварын утас үзүүлсэн. Тэгээд би гар утас авдаггүй юм цаагуураа өөр газар зарж, ломбарданд тавь гэж хэлтэл энэ ямар ч асуудалгүй утас байгаа юмаа өөр ломбард ажиллахгүй байна гэхээр нь би утсыг үзэж сонирхоход түгжээ кодгүй, мөн өөрийнх нь зураг байхаар нь би итгээд худалдан авахаар болоод ярилцаад 60,000 төгрөгөөр худалдан авсан. Би мөнгийг бэлнээр өгөөд тэр яваад өгсөн. Харин үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа өмнө нь манайхаар гар утсаа засуулж байсан эрэгтэй орж ирээд зарчих гайгүй утас байна уу гэхээр нь нөгөө худалдан авсан гар утсаа үзүүлэхэд худалдан авахаар болж улмаар би тэр хүнд 250,000 төгрөгөөр зарж борлуулсан. Хар өнгөтэй “Хуа вэй П-20” загварын гар утас байсан....Хар царайтай махлаг биетэй 50 гаруй насны гэмээр эрэгтэй хүн байсан. Харвал таних байх. Хааяа 7-н буудал орчимд явж байгаа харагддаг...би харвал шууд танина....Би 2020 оны 02 сарын 03-ны өдөр надаас 250,000 төгрөгөөр утас худалдаж авсан Сумьяабазар гэх хүнд уг “Хуа вэй” Р20 гэх гар утасны оронд өөр гар утсыг өгч хохирлыг барагдуулсан. Цаашид надад Ч гэгчээс нэхэмжлэх хохирол гэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй ээ” гэх /хх-ийн 31-32х/,
“Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компаний үнэлгээнд
“Хөрөнгийн үнэлгээний тайлан” тайлангийн дугаар “№ЧД2-19-602” “Хуа вэй П-20” маркийн гар утас 952,800 төгрөгийн үнэтэй” гэх /хх-ийн 42х/,
Юнител ХХК-ийн 869480030721132 имей кодтой утсанд 80501980 дугаарыг 2019 оны 10 сарын 05-ны өдөр хийж ашигласан байна. 80501980 Цогбаяр, ХЙ80083134, УБ Чингэлтэй 14 дүгээр хороо Хандгайт 7 гудамж 95 тоот, гэх тоотын хариу /хх-ийн 59х/,
Гэрч Ц.Цогбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ дугаарыг одоогоос 2-3 сарын өмнө байхаа миний хуучин таньдаг байсан Чингис гэх манай ажил болох “Теди” төвийн 4 дүгээр давхарт байх гар утас засварын лангуун дээр ирээд ах нь иргэний үнэмлэхээ хаячихсан чи нэр дээрээ ямар ч хамаагүй дугаар аваад өгөөч гэхээр нь би тухайн үед ажлын ойролцоо байх Юнителийн салбараас дээрх дугаарыг авч өгсөн” гэх /хх-ийн 30х/,
Шүүгдэгч Д.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс бага буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ч нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай “39 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар Д.Чийн эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 29 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт “Хуа вэй П-20” маркийн 952,800 төгрөгийн үнэтэй гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирогч Г.Эрдэнэбаяр “...Миний гар утсыг буцааж өгсөн, надад бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх /хх-ийн 20-21х/-ыг хохиролгүй болгсон баримт /хх-ийн 46х/,
Иргэний нэхэмжлэгч М.Сумьяабазар “...Надад 2020 оны 02 сарын 03-ны өдөр уг утас засварын газрын хүн надад Самсунг Эс-7” загварын гар утсыг өгсөн... надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг утас засварын газрын хүний нэрийг Дорж гэж байсан” гэх /хх-ийн 24,26х/,
Б.Дорж “... Цаашид надад Ч гэгчээс нэхэмжлэх хохирол гэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй ээ” гэх /хх-ийн 31-32х/ эдгээр нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс нийт 2020 оны 05 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл нийт 18 хоног цагдаг хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Доржпаламын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Чт 1 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ялаас хугацаанаас өмнө сулласан 5 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Чийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 18 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД