Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

 

2020         05          01                                    2020/ШЦТ/806

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                           

улсын яллагч А.Сайнбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Мөнгөншагай,

шинжээч Г.Энхбаатар,

гэрч Ц.Ишдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаа, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Б.Онолтуяа,

            шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2502 1041 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Э, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Чулуут АОС-ны 1-227 тоотод  оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” төвийн зочид буудалд С.Бямбацэрэнг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас С.Бямбацэрэн нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр амь хохирогч Бямбасүрэн ахтай хөдөө аж ахуйн тэнд уулзсан. Тэндээс найзыг нь 11 дүгээр хороололд хүргэж өгөөд Нандинцэцэг, Хэрлэн гэх 2 эмэгтэй хүнтэй Сансарт танилцаад хамт Хүлэг төв рүү очсон. Хүлэг төвийн доод талын ресторанд ороод амь хохирогч бид хоёр 100 грамм архи захиад, нэг эмэгтэй нь 1 пиво, нөгөө эмэгтэй нь кофе захиалсан. Тэгээд удалгүй би Нандинцэцэг гэх эмэгтэйтэй дээшээ буудлын өрөөнд ороод, Хэрлэн гэх эмэгтэй хүнтэй нь амь хохирогч ресторанд үлдсэн. Дээшээ буудлын өрөөнд 1 шил архи захиалаад хамт орсон. Тэгсэн Нандинцэцэг гэх эмэгтэй нь явсан. Хэрлэн амь хохирогч бид гурав 1 шил архи уугаад байж байсан чинь амь хохирогч намайг доошоо караокед ороод ир гээд буулгасан. Тэгээд явъя гэж хэлэх гээд дээшээ ороход амь хохирогч Хэрлэн 2 орон дотор хэвтэж байхаар нь би “ахаа явлаа” гэж хэлэх гэтэл нөгөө эмэгтэй нь намайг дагаж явах гээд байсан. Амь хохирогч тухайн үед уурлаад “чи энэ хүүхнийг авч явах гэж байна” гээд босч ирээд миний шанаа руу 1 удаа цохиод, шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд “боль ахаа, би юу гэж тэгдэг юм бэ” гээд тэвэрч аваад орон дээр хэвтүүлсэн. Тэр үед нөгөө хүүхэн нь угаалгын өрөөнд байж байгаад гарсан. Ингээд би хамгийн сүүлд гарсан. Тэгээд өглөө нь такси бариад гэртээ харьсан. Амь хохирогчийг хаашаа явсныг мэдэхгүй байна. Үдээс хойш над руу утсаар яриад дуудаж уулзсан. Одмандал гэдэг найз нь залгаад ковш худалдаж авсан. Баянзүрх дүүргийн товчоо руу яваад цуг асааж өгсөн. Ковшийг нь Гурвалжингийн гүүрний тэнд тавиад амь хохирогчийг гэрт нь хүргэж өгөөд Одмандалтай бид 2 явсан. 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз болох Одмандал залгаад “амь хохирогчийг архи уугаад байна. Хоёулаа уухаа больтол нь ковшийг нь янзалж байя” гэж хэлээд дуудсан. Тэр өдрийн орой нь очоод, маргааш нь бас очиж ковшийг нь янзалсан. Тухайн үед амь хохирогч надтай ирж уулзаад, хоолны мөнгө гэж 20.000 төгрөг өгч байсан. Тэрнээс хойш амь хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь сахисан. Тэгээд гэртээ байж байхад цагдаа нар ирээд барьж авч явсан. Анх гэрчийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэгт өгсөн. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний дүү айлын дундах хүүхэд байсан. Миний дүү их тусархуу зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Би Г.Ээд гомдож байгаа зүйл нь эмнэлэгт манай дүү нар дээр ирээд би уурлаад өшиглөсөн шүү ахыг компьютерт харуулаарай гээд хэлээд үзүүлсэн бол би өнөөдөр сайхан дүүгээ алдаад 3 жил гансарч явахгүй. 80 нас хүрсэн ээж маань сахиж байхад амь хохирогч амныхаа амьсгалын аппаратыг холдуулаад Г.Ээд үг хэлэх гээд байхад амьсгалуулагчийг нь авахуулахгүй байсан гэсэн. Миний дүү юу хэлэх байсан бол. Би хайран сайхан дүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Хэргийг үнэн зөв шийдэж Г.Ээд тохирох ялыг оноож өгнө үү. Талийгаачийн оршуулгын зардалд 13.992.300 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Гэрч Ц.Ишдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 1 дүгээр төв эмнэлэгт мэс заслын ерөнхий тасагт мэс заслын эмч ажилтай. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Бямбацэрэн гэх хүнд хагалгаа хийсэн. Их хэмжээний цус алдсан байсан бөгөөд цус алдсан шалтгаан нь олон газарт байсан. Ходоод болон ходоодны бага нахиа орчим, гялтгар хальсны араар баруун, зүүн талдаа, дэлүү, давсаг, гэдэсний чацархай гэх мэт олон газарт цус алдсан байсан. Хүний биед 5 литр цус байдаг ба 2-3 литр цус алдагдсан тохиолдолд богино хугацаанд биеийн байдал мууддаг. Биеийн гадна байдлыг харахад хөхөрсөн байдал харагдсан. Үүнээс үзэхэд дэлүү, давсгийн орчим, гялтангийн ар хэсэг болон ходоодны нэг хэсэгт хуримтлагдсан цус байж байгаад, ямар нэгэн байдлаар хагарснаар биеийн байдал муудсан гэж үзэх магадлалтай. Би үүнийг нотолж, шинжилдэг хүн биш. Нойр булчирхайн үрэвсэлтэй энэ нь шинжилгээгээр батлагдсан ба нойр булчирхайн хэвийн үзүүлэлтээс 10-20 дахих ихэссэн нь өвчний түүх тусгагдсан байгаа. Сэхээний тасагт хүн байна гэсэн учраас очсон бөгөөд ЭХО-д хараад цусыг нь соруулсан. Ингээд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Цагдаагийн байгууллагаас ирэхгүй байсан учраас хүний амь настай холбоотой асуудал яригдсан учраас өвчтөнд хагалгаа хийх шаардлагатай болсон. Энэ явдал 3 жилийн өмнө болсон асуудал юм. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн өдөр үүссэн бол тэр дороо үүсэх боломжтой. Онолын хувьд элэг, дэлүү нь гадуураа хальстай байдаг. Нуруун хэсэгт битүү цус хуралдсан байснаар бие огцом хөдлөх үед хэвлийн тус газар уу юүлэгдсэн байх боломжтой гэж үзсэн. Хальсны тэнд чинэрсэн битүү цус байж байгаад тэр нь хэвлийн хөндий рүүгээ огцом юүлэгдсэн байх магадлалтай. Амь хохирогчид учирсан гэмтэл нь хэзээ үүссэнийг бол тодорхойлох боломжгүй. 2-3 хоногт ч үүссэн байх боломжтой. Би шинжээч эмч биш. Нойр булчирхайн үрэвсэл яагаад үүсдэг юм бэ гэхээр нойр булчирхайн үрэвслийг заадаг шинжилгээний үзүүлэлт 1000 гарна гэдэг нь хэвийн хэмжээнээс 100 дахин их байсан. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр 90-95 хувь нь архитай холбоотойгоор нойр булчирхайн үрэвсэл явагддаг. Хэвлийн хөндийд цус алдсан байсан. Цус алдалт нь олон газар байсан. Амь хохирогчийн биеийн байдлыг харахад хуримтлагдсан байж байгаад гэнэт хагараад цус алдсан байж болно. Мөн амь хохирогч нойр булчирхайн өвчтэй. 7 хоногийн хугацаанд амь хохирогч өвдөөд зовиурлаад яваад байх боломжтой. Би амь хохирогчийн давсаг, ходоодыг нь оёод дэлүүг нь авсан. Гялтангийн ар талыг нээж 2 бөөрөнд болон чацархайд хагалгаа хийсэн” гэв.

Шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шинжилгээний дүгнэлтээс харахад гэмтэл авсан даруйд богино хугацаанд 1-2 хоногийн хугацаанд хэвлийн хэсгээр хүчтэй өвдөх зовиуртай яваад байж болно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өвдөлтийн зовиур нь бага байна. Хэвлийд хагалгаа хийсэн үед 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэвлийн хөндийгөөс 2 литр цэвэр цус гарсан байсан. Хэвлийн хөндийн хэсгээр байгаа цэвэр цус нь шинэ гэмтэл байх гэж үзэж байна. Олон хоносон бол цус бүлэгнэнэ. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр энэ шинэ гэмтлийг авсан байх боломжтой. Тэр өдрөөс хойш тасралтгүй эмнэлгийн байгууллагаар явсан байсан. Нас барахаас 3-4 хоногийн өмнө үүссэн гэж үзэж байна. Энэнээс олон хоног явах боломжгүй. Хүн болгоны бие физиологи харилцан адилгүй өөр өөр байна. Амь хохирогчид учирсан гэмтэл нь 4 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хэвлийн баруун хэсэг гар, хөл, баруун гуя, цээж зэрэг шинэ гэмтэл байна. Хэвлийн хөндийг нээхэд 2 литр цэвэр цус байсан. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэгт очсон болохоор шинэ гэмтэл авах боломжгүй юм. Тийм болохоор 9 хоног энэ гэмтлийг аваад явах боломжгүй. 2017 оны 05 дугаар сарын 03-наас 06-ны өдрийг хүртэл эмнэлэгт хандсан байна. Эмнэлэгт хүргэгдэхийн өмнө авсан байх боломжтой гэж үзэж байна. Хэдэн сарын хэдэн гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Ийм олон тооны гэмтэл авсан хүн олон хоног явах боломжгүй учраас эмнэлэгт хүргэгдэхээс өмнө үүссэн байх боломжтой. Цус гэмтэл үүссэн цагаас хойш бүлэгнэж эхэлнэ. Хальсан доогуур байсан цус нь бүлэгнэсэн байсан. Энэ олон тооны гэмтэл авсан болохоор олон хоног явах боломжгүй” гэв.

Хохирогч С.Дуламрагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би талийгаачийн эхнэр Мөнхсүрэнгийн дүү Одмандалыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтэй байна. Учир нь Одмандал нь миний дүүтэй sбайнга хамт явдаг. Тухайн үед Одмандал нь Эйн гэрийг цагдаад зааж өгч хориулсан байдаг. Энэ талаараа бид нарт дурсаж хэлсэн зүйл байхгүй. Миний бодлоор Одмандал нь талийгаачийг Ээд зодуулсан гэдгийг мэдэж байсан байж энэ талаар нуун дарагдуулсан. Хэрэв Одмандал тэр үед хэлсэн бол амь насыг энь аврах бүрэн боломжтой байсан гэж бодож байгаа. Мөн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нас бараад бид нар талийгаачийн гэрт нь очсон. Тэр үед манай 2 бэр тэдний гэрийн хивс нойтон байсан талаар надад хэлсэн тийм болохоор надад сэжигтэй санагдаад байгаа юм...мөн эмнэлэг дээр байхад гадны нөлөөтэй байна гэдгийг эмч хэлэхэд охин нь тийм ш дээ манай аавыг гэхэд араас нь хадам ээж нь цохиж аваад дуугүй болгож байх жишээтэй. Мөн бид нарыг гэрт нь ороод уулзахад охиноо яриад оролцуулмааргүй байна гээд эм уулгаад унтуулж байсан зэрэг нь надад сэжигтэй санагдаад байгаа юм. Миний дүү эхнэртэйгээ муудалцсан нь нэгэнт тодорхой байдаг. 29-30-нд гэртээ цоожлоод явсан байдаг 5 дугаар сарын 01-ний өглөө гараад эмнэлэг явсан байдаг. Тийм болохоор би гэртээ байхдаа нэмж гэмтэл шарх авсан байхыг ч үгүйсгэх боломжгүй санагдаад байгаа юм. Мөн буудлын өрөөнд Э, Хэрлэн талийгаач нар хамт байсан нь тогтоогддог. Тиймээс Хэрлэн ч миний дүүг өшиглөсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед ариун цэврийн өрөөнд байсан гэсэн мэдүүлэг байдаг боловч түүнийг тэнд байсныг хэн нотлох юм. Тиймээс надад эргэлзээтэй зүйлүүд их байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 206-207/,

Гэрч Д.Баасанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...Манай эмнэлэгт Алтангэрэл, Батсайхан гэх хүмүүс хэвтэж эмчлүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед Алтангэрэл надад “манай өрөөнд Бямбацэрэн гээд найз ирчихсэн байна. Бямбацэрэн олон хоног архи уусан, хордлогыг нь тайлаад 2-3 хоног хэвтүүлээд эмчилгээ хийгээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний биед үзлэг хийхэд биед нь ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Амнаас нь архи үнэртэж байсан. Ямар зовиур байгаа талаар асуухад Бямбацэрэн “цээжээр хөндүүрлэж өвдөнө, амьсгаа давчдаад унтаж чадахгүй байна, огиж бөөлжөөд хоол идэж чадахгүй байна” гэж хэлсэн.  Тэгээд би түүнд зүрхний бичлэг хийхэд хэвийн байсан. Тэгээд л би түүнийг өрөөнд оруулсан. Тэгээд хувцас хунараа тайлаад ор нь хэвтэх гэж байсан. Тэгтэл ойролцоогоор нэг цагийн дараа манай сувилагч “нөгөө Бямбацэрэн гэх хүн эхнэртэйгээ яриад, намайг эмнэлгээс ирээд аваадах, би гэртээ харьмаар байна” гээд эхнэртэйгээ яриад гараад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би найз Батсайханаас нь асуухад “Бямбацэрэн гэртээ очиж усанд орчихоод буцаад ирнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36/,

Гэрч Б.Мандшир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр СХД-ийн 103 дахь салбарт ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 13 цаг 30 минутын орчимд СХД-ийн эрүүл мэндийн төв дээр дуудлага гараад, дуудлагын дагуу 14 дүгээр төв дээр ирэхэд өвчтөн Бямбацэрэнгийн биеийн байдал тогтворжсон байсан ба даралт нь 110, 70, цус нь 68, сап нь 92 хувьтай, Сап С захын судасны хүчилтөрөгчийн хангамж пүлс С, зүрхний цохилтын тоо ерөнхийдөө өвчтөнийг үзэхэд биеийн байдал хүнд, орчиндоо харьцаатай, зүрхний авиа тод хэмжээт, уушги 2 талдаа цулцангийн амьсгалтай, биеийн байдал идэвхитэй суугаа, ил харагдах шарх, сорви, гэмтэл илрээгүй. Асуумжаас асуухад 2 хоног архи уусан, өчигдөр хордлого тайлуулах эмчилгээ хийлгүүлсэн гэж хэлсэн. Архаг хууч өвчин нь нүдний галукон гэж хэлэв. Ийм учраас өвчтөнийг харъяа дүүргийн эмнэлэг рүү эмчийн хяналтан дор шилжүүлэв...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42/,

Гэрч Ц.Ишдорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “... Би Нэгдсэн 1 дүгээрр эмнэлэгт мэс заслын эмчийн ажил хийдэг бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийж байхад 21 цаг өнгөрч байхад эрчимт эмчилгээний тасгаас дуудаж хүн үзүүлмээр байна гэж хэлсний дагуу очиж үзэхэд биеийн байдал маш хүнд хэвлийн давсаг орчмоор дүүрч, эмзэглэлтэй, биеийн олон хэсэгт хөхрөлтүүдтэй, хэвлийд хатгалт хийж агуулагдахууныг соруулсанд цус гарсан, артерын даралт бага, судасны цохилт бүдэг, олон шоктой байсан. Өвчтөнд дотуур цус алдалтын шингэн илэрхий байсан тул мэс засал яаралтай хийх шаардлагатай байсан учраас мэс засалд оруулах шийдвэр гаргасан. Шинжилгээний үзүүлэлтэнд нойр булчирхайн цочмог үрэвсэл, элэгний үйл ажиллагааны алдагдал, цус бүлэгнэлтийн хямрал, хэвлийн дотоод даралт ихсэх хам шинж, үрэвсэлийн процесс байгаа нь тодорхойлогдож байна. Хагалгааны үед хэвлийн хөндийг шалгахад 2 метр гаран цустай, давсагны орой хэсэг язарсан дэлүү гадна хэсэгтээ гүнзгий язарсан, ходоод хөндлөн гэдэсний холбоос, гэдэсний чамархай гялтангийн ар хэсгээр цусан хураа үүссэн байв. Энэ нь хэвлийн гэмтлийн битүү гэмтлийн улмаас үүссэн. Өөрөөр хэлбэл хэвлийд гадны хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэх боломжтой. Мөн унах, ямар нэг зүйл дээр унахад үүсч болох талтай...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54/,

Гэрч Ч.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...Тэр ах манайд орж ирж чичирч салганаад байсан. Тэгээд ах нь 2 хоног архи уусан дусал хийлгээд явж байна гэж хэлсэн...1 хоног болгочихъё хэдэн төгрөг өгөх вэ гэж асуухаар нь...Тэгтэл нөгөө ахын биеийн байдал муу байх шиг байхаар нь би тэр ахаас гэр орныхоо дугаарыг өгөө утсаар хэлж өгье гэхэд 9889-тэй нэг дугаар өгсөн...гэтэл нөгөө ах миний нүд юм харахгүй байна гэж хэлээд буцаад 1 номерын өрөөнд ороод хэвтээд өгөхөөр нь би айгаад 103-т дуудлага өгсөн. 103-ийн түргэний эмч 25 минут орчим болоод манай буудалд ирж 1 тоотод байсан Бямбацэрэн гэдэг хүнийг үзэхэд даралт бага байна нүдэнд жаахан өөрчлөлт байна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-50/,

Гэрч Т.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 29-ний 12-13 цаг 30 минутын үед байхаа цагийг нь сайн санахгүй байна. Гадаа тамхи татаад зогсож байтал манай хадам ах амь хохирогч Бямбацэрэн нь Бөхийн өргөөний урд цагаан өнгийн Соната 5 маркийн машинаас буугаад алхаад хүрээд ирсэн. Тэгээд нэлээн архи уусан байдалтай би наана чинь дусал хийлгэчих үү гэхээр нь би дагуулаад орсон. Яг тухайн үед нь манай өрөөний хүн эмнэлгээс гарахаар нь би эмчтэй яриад би чамайг хэвтүүлчихье чи энд надтай хамт 3 хоног хэвтчих гэж хэлээд эмчид нь үзүүлээд историйг нь нээлгүүлээд намайг 00-н өрөө орчихоод гараад иртэл алга болсон байсан...Нүд нь их эвгүй болсон архины хордлогонд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33/,

Гэрч Б.Анхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...103-р хүргэгдэж ирсэн ба Баянгол дүүргийн 20 дугаар хороо, цагдаагийн хэлтсийн нийтийн караокеноос аваад явж байтал замдаа эвгүй болоод байна эмчилгээ хийгээд өгөөч ойрхоноор нь аваад ирлээ гээд 103-н эмч аваад ирсэн. Тэгээд тухайн хүнийг үзэхэд биеийн байдал хүнд, унтаарсан, дуудахад нүдээ нээнэ амандаа бувтнасан, хөл гараа хөдөлгөсөн байдалтай ухаан санааны байдал нь 10-11 баллтай, арьс салт биеэр хуучин тууралттай, хүүхэн хараа 2 талд ижил гэрлийн урвалттай, зүрхний авиа бүдэг, даралт багассан 60х40-тэй, уушиг 2 талд цүлцэнгийн амьсгалтай, хэл нь хатсан, хэвлийн зөөлөн 2 хөлийн шилбээр хуучин нөсөөт тууралттай байсан. Гадна ил харагдах шарх, сорви, цус байгаагүй. Сахар 4-тэй байсан учир архины хордлогын улмаас сахар багассан байна гэж үзээд сахар нөхөх, хордлого тайлах шингэн хийгээд байж байсан ба яаралтай тусламжаас 14 цагт өөр 103-ын машин ирээд авч явсан...Хувцсыг тайлж үзсэн тэгэхэд ямар нэг ил харагдах гэмтэл шах, сорви, хөхрөлт зэрэг байгаагүй. Хэрэв бид тийм гэмтэлтэй байсан бол эхний шинжээр нь ГССҮТ рүү явуулах байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39/,

Гэрч Б.Хэрлэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...Миний бие 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр СХД-ийн 103-ын түргэн тусламжийн эмчээр ажиллаж байж хугацаанд 11 цагт шуурхай албанаас “нүд юм харахгүй болчихлоо гэсэн зовиуртайгаар” БГД-ийн 20 дугаар хороо нийтийн караоке дотор очиж үзэхэд тус иргэн Бямбацэрэн гэх хүн нь “толгой эргээд юм харахгүй байна гэсэн”. Тухайн иргэнийг үзэхэд 2 талд артерын даралт тодорхойлогдохгүй, захын цусанд хүчил төрөгчийн тоо 78 хувьтай зүрхний цохилт 1 минутанд 34 удаагийн бүдэг цохилттой, өвчтөний биеийн байдал маш хүнд комын байдалай байсан учир населкаар тухайн иргэнийг тээвэрлэж машин дотор оруулахад 2 удаа амьсгал нь давцдах үед яаралтай журмаар адерналин 1 ампулаар зүүн өгзөгний гадна дээд булчинд тарьсан. Зүрхний иллэг 3 удаа хийж, 3 минутын хугацаанд гуурсаар хамарт хийж өгсөн. Давхар хэл дарагч байрлуулсан. Тэгээд тухайн үед БЗД-ийн эмнэлэг рүү тээвэрлэх гэсэн боловч замд тухайн өвчтөн нь 2 удаа амьсгал тасалдаад, хэл унжаад биеийн байдал улам ихээр муудах үед ойр байгаа эмнэлэг болон бусад СХД-ийн нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн хүлээн авах тасагт оруулж тухайн өвчтөний цусан дахь сахарыг хэмжиж үзэх үед 4.5 мм хэмжээтэй болж багассан байсан учир СХД-ийн нэгдсэн эмнэлгийн сувилагч нар уян зүү тавьж, 40 хувийн гулькозийн уусмал судсаар шууд урсгаж ээлжийн ахлагч М.Наранбайгалд утсаар залгаж өвчтөний биеийн байдлыг танилцуулж хэлэх үед хэсэг хугацааны дараа өөр машин ирж эмч Мандшир гэдэг хүн шилжүүлэгдэж харъяаллын дагуу БЗД-ийн эмнэлэгт шилжүүлсэн. Шилжүүлэх үед өвчтөний биеийн байдал тогтворжсон байсан тул харъяаллын дагуу БЗД-ийн эмнэлэг рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41/,

Гэрч С.Дуламрагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу баасан гарагт 17 цагийн үед над руу Бямбацэрэн өөрийнхөө 99187288 дугаараас миний 99001363 дугаарын утас руу залгаад “эгч ээ би энэ Нарантуул захын энд хүнд зодуулчихлаа, миний гар хугарчихлаа, би аймар зодуулчихлаа” гээд халамцуу уйлаад ярьсан. Тэгснээ надад “та Абаг нааш нь явуулаадхаач” гэж хэлсэн Аба гэдэг нь манай бага дүү Нямдаваа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74/,

Гэрч Б.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхрийг гэртээ унтаж байхад Одмандал 17 цагийн үед залгаад “Хоёулаа хамт ковш асаагаад Баянзүрх дүүргийн товчоон дээр хүргэж өгье, Дүүвээ ах өөрийнхөө машины ард согтуу унтаж байна” гэж хэлээд дуудаад гарсан бөгөөд түүнээс өмнө 12 цагийн үед Дүүвээ ах нь Э рүү залгаж ярьсан бөгөөд “чи намайг хаяад явчихсан байна” гэж залгаж байсан. Тэгээд манай нөхөр над руу яриад Шувуун фабрикт ковш янзлаад Одмандалын гэрт хонож байна гэж ярьсан, харин 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орой Одмандал залгаад “Дүүвээ ахын бие нь муудаад сэхээнд орсон байна гэнээ” гээд сахихаар хамт явсан юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед 2 охин бид гурвыг ээжийнхээс ирж аваад гэрт хүргэж өгөөд буцаад эмнэлэг рүү явсан юм. Ингээд үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дүүвээ ахыг нас барсныг нөхрөөсөө сонсож мэдсэн юм. Сүүлд нөхрөөсөө сонсоход 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэр шинэ гүүрний орчимд Хүлэг нэртэй ресторанд Дүүвээ ахтайгаа хамт орсон гэж байсан...Надтай 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед Эийн утас дуугараад би утсыг нь аваад Одмандалтай ярьсан. Одмандалд би “Мэндээ гэртээ согтуу унтаж байна, та нар урьд шөнө цуг яваагүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой Одмандалтай утсаар ярихад “Э манайд байна” гэж ярьж байсан түүнээс хойш нэг ч яриагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 81, 246-248/,

Гэрч А.Хэрлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Тэгээд тэр сэрсэнээсээ хойш Мэндээ рүү дайраад уурлаад ганц, хоёр удаа цохиж аваад “чи зайлалдаа лалар минь” гэх мэтээр хараагаад байсан юм. Тэр үед Мэндээ болохоор өөдөөс нь “за ах яагаад байгаа юм бэ?, би одоо явлаа ш дээ” гэх мэтээр сөргөөд байсан. Тэр үед би энэ хоёрыг яг муудалцаад зодолдох вий, мөн Мэндээг явуулчихаад надтай унтах гээд байна, Мэндээг явахаас өмнө түрүүлээд явсан дээр гэж бодоод өмдөө солихоор бие засах өрөө рүү орсон, орох үед ард хэн нэгэн нэгнийгээ түлхээд орон дээр хүчтэй суулгаж байгаа юм шиг орны пүршнүүд дуугарсан чимээ гарсан юм. Тэгээд бие засах өрөөнд орж урагдсан өмдөө тайлаад, бэлхүүсээрээ өөрийн куртикийг уяад бие засах өрөөнөөс гарсан юм. Тэгээд гараад иртэл нөгөө хөгшин ах орон дээр арагшаа 2 гараа тулчихсан сууж байсан. Мэндээ сандал дээр суучихсан бөгөөд бага зэрэг маргалдаад байж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83/,

Гэрч Э.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э, Бямбацэрэн нар байсан уулзаад 1 цаг 60.000 төгрөгөөр тохироод хамт яваад Хүлэг буудалд очсон. Тэнд очоод шууд буудалд ороогүй эхлээд ресторанд ороод Э тэр ах 2 архи захиалаад уусан. Хэрлэн 1 пиво захиалж уусан би ямар нэгэн зүйл захиалаагүй юм яриад суусан...Тэгээд Э тэр ахад хандан та алийг нь сонгох юм гэтэл Хэрлэн рүү дохиод заасан. Тэгтэл Э намайг аваад дээшээ буудлын 3 давхарт 1 өрөөнд ороод нэг удаа бэлгийн ажил хийгээд буцаад доошоо буусан...намайг тэнд байхад ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85/,

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Маргааш нь Бямбацэрэнтэй ажил ярих байтал алга болоод утсаа авахгүй байсан. Ингээд 2-3 хоногийн дараа утсаар холбогдоход Бямбацэрэнд би “хаагуур яваад байна утас чинь холбогдохгүй байна” гэж хэлэхэд “чамаас салсан шөнө тэр Э гэх бацаантай архи уугаад хоорондоо маргалдаад зодоон хийгээд гараа гэмтээчихлээ” гэхээр нь би “наад архиа боль, ажлаа бодъё оо, энэ эмнэлэгт хүрээд ир гэж хэлэхэд маргааш нь Эрин эмнэлэг дээр Бямбацэрэн ирсэн. Бямбацэрэнг харахад нээх согтуу биш “бие өвдөөд үхлээ” гэж хэлэхээр нь би архи уугаад шартсан бололтой  байна гэж бодоод эмнэлгийн эмчид хандан “манай найз байгаа юм энэ хүнд хордлого тайлах эмчилгээ хийж өгөөч ээ энэ хүнтэй хамт хэвтэж байгаад гаръя аа, мөнгө төгрөгийг нь би хариуцна” гэж хэлээд Бямбацэрэн өөрөө ч тэгье гэж хэлээд эмч үзээд стор нээгээд шинжилгээ хийлгэхээр болоод дусал залгах гэж байхад Бямбацэрэн эхнэртэйгээ яриад үлдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 158-159/,

Гэрч Д.Одмандал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагийн үед над руу 99187288 дугаараасаа залгаад “манай гэрийн гадаа хүрээд ир, ажилдаа явъя, би архи уучихсан байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад 10 цагийн орчим гэрийнх нь гадаа очиход манай ах өөрийн марк икс машиндаа ганцаараа суугаад нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би жолооны хүрдэн дээр суугаад би “яагаад архи уусан юм, хэнтэй уусан юм” гэж асуухад “Батсайхан, Алтай хоёртой нэг шил архи уугаад” гэж хэлээд нээх юм ярилгүй “явъя” гэж надад хэлээд бид 2 машинтай нь Баянзүрхийн товчоо руу яваад тэндээс нэг ковш /ачигч механизм/ авах гээд хүнтэй уулзах гээд очоод нөгөө хүнтэйгээ уулзаад Өгөөмөр зах ороод аккумляторын клемны толгой, бээлий, багаж, тосол гэх зүйлийг аваад Дүнжингарав худалдааны төвийн Олон үндэсний хоолны газар ороод хоол авч идээд бид 2 гарсан. Манай ах шарсан мах идсэн. Тэгээд ах согтуу байсан учир ковш юм уу, машин унах нэг хүн хэрэг болоод би Э рүү залгаад дуудсан. Этэй ярихад “гэртээ байна одоо гарлаа” гэж хэлж байсан. Этэй Чулуун-Овооны тэнд 18 цагийн үед уулзаад машиндаа суулгаад явах гэтэл манай талийгаач Ээд “урд шөнө чи таксины жолоочтой муудалцаж байхад хаяад явлаа” гэж хэлээд гараараа нэг удаа Эийн толгой руу хүчтэй биш цохиж байсан. Тэгэхэд Э өмнөөс нь инээгээд нээх юм ярилгүй “уучлаарай, би харин тасарсан байна лээ” гэж хэлж байсан...Надтай 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед Эийн утас руу залгахад Амарзаяа аваад надтай ярьсан. 2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой Э манайд байхдаа Амарзаяатай намайг манайд байгаа гэж хэлүүлэх гэж надтай яриулсан...Наркалогийн төв орсон өдрөө ажил дээгүүр ирээд А2 дугаартай узель дээр ирчихээд Магсаржавтай уулзаад, надтай уулзаад Ээд гэртээ хоол унд аваарай гээд 20.000 төгрөг өгөөд явсан юм. Би юу хийж байгаа юм бэ би хүргээд өгье гэхэд үгүй Батсайхан бөхийн өргөөний хажуу талын хувийн эмнэлэг дээр хүлээж байгаа би эмнэлэг дээр дусал хийлгүүлчихээд харьлаа гээд гараад явсан. Нэг цагаан өнгийн авенте ХД машинтай явж байсан жолооч нь надаас арай ах болов уу гэмээр туранхай өндөр залуу байсан машиных нь дугаарыг мэдэхгүй байна тэр өдрөө л наркалогийн төв рүү явсан юм уу буудалд очсон юм уу мэдэхгүй байна. Биеийн байдал нэлээн шарталтай байсан...Тэр 2 хамт Хүлэн ресторонд очиж архи уугаад тэр хооронд интернет орж санхүүгийн туслалцаа авна гэсэн 2 хүүхэн дуудаад Хүлэг буудалдаа өрөө аваад орсон. Тэгээд тэр хүүхнүүдээ явуулаад талийгаачийн гэрт нь оруулж өгсөн байдаг. Тэгээд эхнэрт нь үлдээгээд гарах гэтэл би чамайг гаргаж өгнө гээд хамт гараад дахиад буудал руугаа очсон гэсэн. Тэгээд дахиад нэг юм уугаад эргүүлээд 2 хүүхнээ дуудсан гэсэн. Тэгээд нэгийг нь явуулсан. Харин манай ахтай тохирсон хүүхэн нь унтахгүй гэснээс болж ах уурлаад чи энэ янхануудтайгаа үгсээд байна гээд уурласан гэсэн. Тэгэхэд нь Мэндээ тэвэрч аваад орон дээр хэвтүүлсэн гэж л ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 236-237, 246-248, 2хх-ийн 220-221/,

Гэрч Ц.Ишдорж мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Тухайн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тохиолдолд өвчтөний биеийн байдал маш хүнд шоктой, олон эд эрхтэнийг хамарсан битүү гэмтэлтэй их хэмжээний цус алдсан, архины хордлоготой, элэг нойр булчирхайны гүнзгий хямрал зэргээс дүгнэн үзэхэд амь насыг аврах боломж багатай байсан гэж үзэхээр байна…Тухайн үед буюу мэс засал хийх явцад олон эрхтэн гэмтэлтэй байсан нь тогтоогдсон. Тэр юу вэ гэхээр дэлүү язарсан, чацархай няцарсан, давсаг язарсан гэмтлүүд үүссэн байсан нь тогтоогдсон. Мөн биеийн 3 өөр хэсэг болох давсагнаас шээсний зам руу, дэлүүнээс болоод хэвлийн хөндий рүү цус алдсан, чацархай няцарсанаас болж гялтангийн ар руу цус их хэмжээгээр алдаж хурсан нь тогтоогдсон. Энэ гэмтлийн шалтгаан нөхцөлийг шинжээч эмч тогтоох ба миний хувьд дүгнэлт гаргах эрхгүй, 3 өөр үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй гэдэг нь гэмтэл авсан эрхтнүүд биеийн  өөр өөр хэсэгт байрлана. Жишээ нь давсаг бол аарцаг, дэлүү бол хэвлийн зүүн дээд хэсэгт, нойр булчирхай бол хүйсний дээхэн хэсэгт байрлана...өвчтөн нь яаралтай мэс засалд орох шаардлагатай хүн байсан бөгөөд яаралтай мэс засал хийхэд хэвлийн хөндийн 2 литрээс их хэмжээний цус алдсан, давсаг, язарсан, дэлүү хагарсан, гэдэсний чамархай болон гялтангийн ар хэсэгт цусан хураатай, нойр булчирхай хатуурч үрэвссэн байсан. Ингээд давсгийг оёж, дэлүүг авч, цусан хурааг нээх, цэвэрлэх, хэвлийг угааж цэвэрлэн марленд чихээс байрлуулах мэс засал хийсэн. Тэгээд мэс засал дуусаад сэхээний тасагт 2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн орчим нас барсан. Уг өвчтөн нь олон хоног архи уусан, архины гүнзгий хордлоготой, нойр булчирхайн үзүүлэлт хэвийн хэмжээнээс хэтэрч 50 дахин өссөн үзүүлэлттэй байсан бөгөөд үүнийг шинжилгээний хариунд тодорхой бичсэн байгаа...Би олон хүнтэй харилцдаг. Тэгээд одоогоос жилийн өмнөх асуудал болохоор сайн санахгүй байна. Би энэ талаар өвчтөний түүхээ харж байгаад эргэж санаад мэдүүлэг өгье...” гэх мэдүүлэг /2хх-ийн 225, 4хх-ийн 17, 1хх-ийн 99-100, 2хх-ийн 210/,

 Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хамгийн сүүлд талийгаачийг эмнэлэгт байхад нь түүний эхнэр “хүнд зодуулсан юм уу” гэж асуухад нь талийгаач үгүй би хүнд зодуулаагүй, уначихсан юм аа гэж хэлж байсан. Тэгэхэд би хажууд нь байсан болохоор мэдээд байгаа юм. Түүнээс талийгаач надад хандаж хэлээгүй. Би талийгаачтай зодолдох нь битгий хэл, хэрэлдэж ч үзээгүй, миний хуурай ах, сайн харилцаатай байсан юм. Би талийгаачийг нас барахад хүргээгүй, цохисон зодсон зүйл байхгүй тул хуулийн дагуу шийдэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /3хх-ийн 118-119/,

Сэжигтэн Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд 303 тоот өрөөндөө дөрвүүлээ ороод мини бааранд нь байсан пиво, ундаа, нэг шил архи зэргийг нь гаргаж ирээд ширээн дээр тавиад ууцгаасан, тэгээд Хэрлэн, Нандинцэцэг 2 утсаар яриад өрөөнөөс орж гараад байж байснаа Нандинцэцэг нь явлаа гээд яваад өгсөн тэгээд би ганцаараа гараад тамхи татаад буудлынхаа өрөөнд ороход талийгаач, Хэрлэн 2 байсан, талийгаач болохоор Хэрлэнтэй унтах гээд хүчлээд байсан, Хэрлэн нь болохоор унтахгүй гээд байх шиг байсан. Тэгсэн талийгаач Хэрлэнд мөнгийг чинь өгчихөөд байхад яахаараа унтдаггүй юм бэ гээд намайг болохоор чи гар л даа гээд огцом ууртай босч ирснээ хоолойноос багалзуурдаж аваад миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би “та бас ингэж болохгүй ш дээ” гэсэн чинь талийгаач “чи муу энэ хоёртойгоо хуйвалдаад гадаа гараад юм яриад байна уу” гээд над руу дайрахаар би нүүр хавьд нь нэг цохисон чинь намайг багалзуурдаад дахиад мөргөөд хөл рүү кидандаад өвдгөөрөө цохиод байхаар нь би өөдөөс нь цохиод харилцан цохилцсон. Тэгээд би өөрөө салаад талийгаачийг ор руу түлхсэн тэгээд би больё оо ах аа гээд орон дээр талийгаачийг жоохон дарж тайвшруулсан. Энэ үед Хэрлэн өрөөнд байсан, тэгээд би сандал дээр очиж суусан чинь талийгаач ч жоохон тайвширсан, тэгээд би жоохон савлачихсан байсан учраас нөгөө үлдэгдэл архинаасаа хийж уугаад бүгдийг нь уучихсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-124/,

Шинжээч эмч Г.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яагаад 1-3 хоног идэвхтэй үйлдэл хийх боломжтой гэж үзсэн гэвэл амь хохирогч нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 13:20 цагт 103-аар Баянзүрхийн эмнэлэгт хүргэгдэж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэвлийн нэг Нэгдүгээр эмнэлэгт шилжин хэвтэж, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэвлийн мэс засалд орсон байна. Мэс заслын тэмдэглэлээс үзэхэд хэвлийн хөндийд 2 литр орчим цэвэр цустай гэсэн байх ба цусыг соруулж шалгахад давсаг оройн хэсэгээр язарсан, элэгний доор цус хурсан, хэвлийн зүүн хальсан доор цус хурсан, сигма гэдэсний араар цус хурж няцарсан, ходоодны их махны өөхөн эд язарч цус хурсан, дэлүү ар талдаа язарсан, нойр булчирхай орчимд няцралтай гэснээс /үзэхэд/ үндэслэн санал нэгтэй дүгнэлт гаргасан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 229-230/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №927 дүгнэлтэд:

“А. Ахлах зэргийн шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан №946 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

Б.1.2 Амь хохирогчийн биед учирсан дэлүү, давсаг, ходоодны өөхөн эслэгийн язрал, зүүн уушигны  доод дэлбэн, өрц, хэвлийн гялтангийн ар хана, чацархайн цус хуралт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний баруун булан хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралт /2.0 литр/, хэвлийн гялтангийн арын зай, элэг, ходоод хэсгийн цусан хураа, цээж, хэвлийн доод хэсгийн 2 хажуу, хэвлийн өмнөд доод дотор ханын булчин зөөлөн эд дэх цус хуралт, хэвлийн 2 хажуу, баруун гуя, зүүн ташаа, шилбэний цус хуралт, баруун гарын 1-р хурууны зулгаралт гэмтлүүд нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

Б.3. Амь хохирогч нь хэвлий, аарцгийн хөндийн битүү гэмтлийн улмаас, цус алдалтын шок, олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

Б.4 Амь хохирогчийн биед учирсан дэлүү, давсаг, ходоодны өөхөн эслэгийн язрал, зүүн уушигны доод дэлбэн, өрц, хэвлийн гялтангийн ар хана, чацархайн цус хуралт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний баруун булан хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралт /2.0 литр/, хэвлийн гялтангийн арын зай, элэг, ходоодны хэсгийн цусан хураа, цээж, хэвлийн доод хэсгийн 2 хажуу хэвлийн өмнөд доод дотор ханын булчин зөөлөн эд дэх цус хуралт, хэвлийн 2 хажуу, баруун гуя, зүүн ташаа, шилбэний цус хуралт, баруун гарын 1-р хурууны зулгаралт гэмтэл нь өөрөө газар унах буюу 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломж багатай.” гэх дүгнэлт /2хх-ийн 15-18, 3хх-ийн 113/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №943 дүгнэлтэд:

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэвлий, аарцгийн хөндйин битүү гэмтэл: дэлүү, давсаг, ходоодны өөхөн эслэгийн язрал, зүүн уушигны доод дэлбэн, өрц, хэвлийн гялтангийн ар хана, чацархайн цус хуралт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний баруун булан хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралт /2.0 литр/, хэвлийн гялтангийн арын зай, элэг, ходоод хэсгийн цусан хураа, цээж, хэвлийн доод хэсгийн 2 хажуу, хэвлийн өмнөд доод дотор ханын булчин зөөлөн эд дэх цус хуралт, баруун гарын 1 дүгээр хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4 Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Талийгаачид учирсан хэвлий, аарцгийн хөндийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Талийгаачид учирсан гэмтэл нь амьддаа учирсан байна.

6. Талийгаач нь хэвлий, аарцгийн хөндийн битүү гэмтлийн улмаас, цус алдалтын шок, олон эрхтэний дутагдалд орж нас баржээ.

7. Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчин, элэгний өөхөн үрэвсэл өвчтэй бөгөөд энэ нь үхэлд хүргээгүй болно.

8. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.

9. Талийгаач нь цусны АВО системээр В 3 дугаар бүлгийн цустай байна.

10. Талийгаач нь эмчилгээ хийлгэсэн тул согтууруулах ундааны зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй болно. гэх дүгнэлт /1хх-ийн 134-137/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4716 дүгнэлтэд:

1.Шинжилгээнд “А-943 С.Бямбацэрэн 49/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 140/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №6117 дүгнэлтэд:

  1. Г.Эийн биед зүүн шуу, сарвуунд зулгаралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, цээжинд сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зүүн шуу, сарвуунд зулгаралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цээжинд үүссэн сорвины үүссэн уаг хугацааг тогтоох боломжгүй байна.
  3. 4 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эхүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 195/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /1хх-ийн 60-66/, Хохиролын баримтууд /3хх-ийн 100-102/, ГССҮТ-ийн албан бичиг /3хх-ийн 165/, өвчний түүх /3хх-ийн 117-131/, прокурорын тогтоол /3хх-ийн 159-161, 178-183, 191-195/, өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдол /4хх-ийн 41-43/,  МУ-ын Эрүүл мэндийн яамны ерөнхий мэс засал, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн хүсэлт /2хх-ийн 205/, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн албан тоот /3хх-ийн 112/,  иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 67/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” төвийн зочид буудалд С.Бямбацэрэнг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас С.Бямбацэрэн нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь

Гэрч А.Хэрлэнгийн: “...сэрсэнээсээ хойш Мэндээ рүү дайраад уурлаад ганц, хоёр удаа цохиж аваад “чи зайлалдаа лалар минь” гэх мэтээр хараагаад байсан юм. Тэр үед Мэндээ болохоор өөдөөс нь “за ах яагаад байгаа юм бэ?, би одоо явлаа ш дээ” гэх мэтээр сөргөөд байсан. Тэр үед би энэ 2-ыг яг муудалцаад зодолдох вий, мөн Мэндээг явуулчихаад надтай унтах гээд байна, Мэндээг явахаас өмнө түрүүлээд явсан дээр гэж бодоод өмдөө солихоор бие засах өрөө рүү орсон, орох үед ард хэн нэгэн нэгнийгээ түлхээд орон дээр хүчтэй суулгаж байгаа юм шиг орны пүршнүүд дуугарсан чимээ гарсан юм.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Алтангэрэлийн: “...Маргааш нь Бямбацэрэнтэй ажил ярих байтал алга болоод утсаа авахгүй байсан. Ингээд 2-3 хоногийн дараа утсаар холбогдоход Бямбацэрэнд би “хаагуур яваад байна утас чинь холбогдохгүй байна” гэж хэлэхэд “чамаас салсан шөнө тэр Э гэх бацаантай архи уугаад хоорондоо маргалдаад зодоон хийгээд гараа гэмтээчихлээ” гэхээр нь би “наад архиа боль, ажлаа бодъё оо, энэ эмнэлэгт хүрээд ир гэж хэлэхэд маргааш нь Эрин эмнэлэг дээр Бямбацэрэн ирсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.

Иймд шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болон хохирол төлбөрт нийт 13.992.300 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий 10.581.300 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм бурууд маргаж байгаа тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй гэснийг тэмдэглэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Ээд 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ээд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эийн урьд цагдан хоригдсон нийт 211 /хоёр зуун арван нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Эээс нийт 10.581.300 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаад олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж зааллдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

           

  •                                                            Б.АРИУНХИШИГ