Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 8

 

Л.Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1359 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Өы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Цд холбогдох

“Гэм хорын хохирол 1.742.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч хариуцагч Д.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015-01-30-ний өдөр 14 цагт манай бага хүү утсаар яриад ээжээ дээрээс ус алдаад байна гэхээр нь ажлаа зохицуулаад 15 цагт гэртээ ирэхэд гэр тэр чигээрээ усанд автсан, саун шиг уур манангийн байдалтай бороо шиг шаагиж байсан буюу тухайн айл руу залгаж хэлэхэд Эрдэнэт-Ус ХХК-руу утасдаж халуун усыг нь подвольд нь хаалгасан буюу мастерийг нь дуудаж хэл дуулгасан бөгөөд баримтжуулах үүднээс үнэлгээчин дуудаж, зургыг нь авахуулан үнэлгээ тогтоолгосон. Дээд айлынхан бидний буруу биш, гэсэн боловч үнэлгээчний хамтаар гэрт нь ороход халуун усны пепси хоолойгоор хийсэн шугамнаас халуун ус нь олгойдон гоожиж байсан буюу гэрийн эзний хамтаар ванны өрөөнд орж пепси хоолойноос гаргасан хаалтыг хаахад ус гоожихоо больсон ба гоожиж байгаа үеийн зургыг баримтжуулах үүднээс авсан зургаа баримтанд хавсаргасан. Иймд өөрт учирсан хохирлын буюу 1 542 000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Үнэлгээчид төлсөн хөлс 50 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 150 000 төгрөг нийт 200,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит үнэнийг бичээгүй байх бөгөөд 2015-01 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажил дээрээ байхад 15 цаг орчид холбогдож тэдний дээрээс ус алдаж байгаа тухай мэдэгдсэн бөгөөд миний бие шууд очиж ванны өрөөний дулааны шугамнаас гоожиж байсан усыг хаасан болохоос нэхэмжлэлд дурьдаж буй подволд халуун ус хаасан гэх нь худлаа юм. Уг ус алдсан шалтгаан нь 2015-01-25-нд буюу ус алдахаас хоногийн өмнө миний бие орон сууцны сантехникийн болон дулааны үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хариуцсан Орхон аймгийн Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ны ажилтнууд болох засварчин Г.Тэлмэн, Энхтүвшин, Мөнхбат нараар засварлуулсан бөгөөд эдгээр ажилтнуудын засварласан засварын ажил муу, буруу хийгдсэнээс болж дээрх хохирол учирсан билээ. Иймээс нэхэмжлэгч Л.Ө нь дээрх орон сууцны сантехникийн болон дулааны үйл ажиллагаа засвар үйлчилгээ хариуцсан Орхон аймгийн Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-аас өөрт учирсан хохиролоо нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1359 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Цгоос 1 592 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 272 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 40422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ц давж заалдсан гомдолдоо: Миний бие өөрийн санаатай болон болгоомжгүй хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн Л.Өы орон сууцанд хохирол учруулаагүй бөгөөд харин орон сууцны засвар үйлчилгээ хариуцсан мэргэжлийн байгууллага болох “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчид ХК, түүний ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн Л.Ө болон миний эд хөрөнгөд хохирол учирсан билээ. Гэтэл анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан надаас 1.592.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь миний бие хууль зөрчсөн санаатай болон болгоомжгүй ямар нэг үйлдэл гаргаагүй байтал намайг гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэл муутай шийдвэр боллоо. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бол миний бие өөрийн санаатай болон болгоомжтой үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байтал намайг миний өмчлөлийн зүйлээс ус алдсан гэдгээр нь ийнхүү шийдвэрлэж байгаа нь хуулийн заалтад нийцэхгүй байна. Мөн Л.Ө өөрийн танил үнэлгээчнээр үнэлүүлэхдээ үнийг нэмж үнэлүүлж, их хэмжээний хохирол учруулсан мэтээр гаргасантай холбоотой юм. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-11-ний өдрийн 1359 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийн  хүрээнд  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Ө байрны халуун усны шугамнаас ус алдсаны улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол 1.742.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч халуун ус алдахад миний санаатай буюу болгоомжгүй үйлдлээс болоогүй тул шаардлагыг эс зөвшөөрч татгалзан маргажээ.

Хариуцагч Д.Цгийн байрны ванны өрөөний дулааны шугамнаас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ус алдаснаар нэхэмжлэгчийн байрны хана,  шал, тайзанд халуун усанд автсан тухай үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүх нэхэмжлэгчийг өөрт учирсан хохиролоо Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв байна.

Шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тооцохдоо шинжээчийн дүгнэлт гаргуулахад 50000 төгрөг, байранд засвар хийхэд шууд хохирол  999.000 төгрөг, засварын хөлс буюу шууд бус зардал 542.000 төгрөг нийт 1.592.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохиролын хэмжээг буруу тооцож, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчиийн эд хөрөнгөнд нийт 1.592.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул засварын шууд бус зардал 542.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Ө нь засвар хийхэд шаардлагатай бараа материалын зарим хэсгийг нь авсан боловч тухайн байрандаа засвар хийгээгүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан шууд бус хохирол буюу засварын ажлын хөлс 542000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

Хариуцагч Д.Ц нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгөнд хохирол учруулаагүй, гэм буруугүй гэдгээ өөрөө нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөгдөх учиртай.   

Гэвч хариуцагч Д.Ц байрны дулааны шугамнаас ус алдагдахад өөрийн буруутай, болгоомжгүй үйлдлээс болоогүй, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХКомпаний ажилчдын буруутай үйлдлээс болж дулааны шугамнаас ус алдсан тул хохирлыг хариуцахгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй боловч тэрээр өөрийн татгалзлал, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй ба нэхэмжлэгчийн гаргасан “...шугамнаас ус олгойдон гоожиж байсан, ванны өрөөний пепси хоолойноос гаргасан хаалтыг хаахад ус гоожихоо больсон...”гэх тайлбар, гэрч Баясгалангийн мэдүүлэг болон бусад баримтуудыг няцааж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Д.Ц нэхэмжлэгч нь өөрийн танил үнэлгээчинээр үнэлгээ тогтоолгосон, үнийг нэмж их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь буруу гэсэн агуулгатай гомдол гаргаж байгаа боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэг хүсэлт гаргаагүй, хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримттай танилцсан байх тул шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтанд үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан “хохирол 1.592.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, үнийг нэмж их хэмжээний хохирол учирсанаар үнэлүүлсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1359 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “...1.592.000 төгрөг” гэснийг “...1.050.000 төгрөг” гэж “... 150 000 төгрөг” гэснийг “...692.000 төгрөг” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...46 272 төгрөг” гэснийг “29.750 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.422 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ