Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 233

 

 

       

 

 

 

 

   2020         04           20                                     2020/ШЦТ/233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-,

шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овогт Ө-ы Г-од холбогдох эрүүгийн 1910014420000 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, BSH констракшинд төслийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Х-аппартмент хотхон 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л- овогт Ө-ы Г-од  

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

              Шүүгдэгч Ө.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй Г.М-ий бэлэг эрхтэн рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Ө.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн үед байгууллагаас манай объект руу машин ороод алга болчихлоо гэсэн дуудлага ирсэн. Намайг очиход барилгын шуудуу буюу тросыг тасадсан Приус машинтай хүмүүс гараад явж байсан. Би тэр хүмүүст машинаа гаргахыг шаардаж шаардлага тавьсан боловч миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Жолооч талын хаалгаа онгойлгохгүй болохоор нь хаалга онгойлго гэж шаардлага тавьж гараараа хаалгыг зөөлхөн цохисон. Харуулын дарга ирээд багаажийг нь шалгатал тайрсан мод, хөрөө рам байсан. Тэгээд энэ юу болж байна гээд маргалдаад эргээд хартал 3 залуу чулуу барьчихсан байж байсан. Тухайн үед намайг цохих гэж байна гэж бодоод хөлөөрөө хамгаалж цохихдоо Дөлгөөн гэх залуугийн биед гэмтэл учруулсан...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хүү Г.М- 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эгчийнд очиж хонохоор явсан. Арцатын ам гэх газарт манай ах манаач хийдэг юм. Хүү маань манай дүү нартай хамт  Арцатын аманд байрлах ахынх руу цугтаа явсан юм билээ. Хэрэг гарсан шөнө цагдаагийн байгууллага гэж явж байгаад манай эгчийнд очиж хоноод өглөө хичээлдээ явсан байсан. Хүү маань маргааш шөнө унтаж байгаад гэнэт уйлсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “бэлэг эрхтэн рүү нь өшиглөсөн” талаар надад хэлсэн. Би хүүхдээ шүүх эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Цаашид хүүхдээ  эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэмээр байна. Иймд эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна...” гэв.

 

Эрүүгийн 1910014420000 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20-р, 52-56-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Ө-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

Гэрч П.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-73-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6523 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Н.Ө-ын авто машины гэрэл зураг /хх-ийн 26-28-р хуудас/,

            Насанд хүрээгүй хохирогч Г.М-ий нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 46-р хуудас/,

            Хохирлын баримтууд /хх-ийн 21-р хуудас, 41-р хуудас /,

            Шүүгдэгч Ө.Г-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 89-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Ө.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй Г.М-ий бэлэг эрхтэн рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.М-ий мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2019 оны 5 дугаар сарын 22-ны үүрээр 03 цагийн орчим ах Г-од хоол хүнсний зүйл дөхүүлж өгөөд тэндээ хоол хийлгэж идчихээд хөзөр тоглож байгаад явах гээд нагац ах А-, хүргэн ах Ө- нарын хамт Ө- ахын машинтай нь доошоо уруудаад явсан. Замын догол хэсэг дээр нэг машин зогсож байсан. Би гурав тэр машиныг гарч чадахгүй зогсож байгаа юм байх гэж бодсон чинь Ө- ахын машиныг хашаад зогссон. Дотроос нь жолооч бууж ирээд ийшээ зогсоодох гэснээ шороо руу шахаад зогсоогоод “та нар юу хийж яваа юм бэ” гэсэн. Машинаас бууж ирсэн хүн согтуу байсан тэгсэнээ “та нар согтуу байгаа юм уу” гэхээр Ө- ах “бид нар согтуу бишээ, та өөрөө согтуу байна” гэсэн. “Манай эзэмшлийн газарт халдлаа” гэхээр нь “манай ах энд манаач хийдэг юм аа эргэчихээд явж байна” гэхэд нөгөө хүн шууд “хуцаад бай” гэсэнээ Ө- ахын нүүр рүү нь гараараа цохиж аваад толгой руу нь алгадаад байсан. ...Г- ах гэрээсээ ирээд “манайд ирээд явж байгаа юм” гэтэл тэр ах “наадуул чинь хулгай хийгээд явж байна” гэж худлаа ярьсанаа  Г- ахын нүүр рүү нь гараараа цохиод унагаахаар нь Ө- ах машинаасаа буугаад” чи яагаад настай хүн зодоод байгаа юм” гэтэл тэр ах Ө- ахыг бас зодсон. Би “болиоч ахаа” гээд машинаас буугаад очтол тэр ах намайг “чи юу гээд байгаа юм” гээд миний бэлэг эрхтэн рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. А- ах машинаас бууж ирээд “чи яагаад айлын жаахан хүүхэд цохиод байгаа юм” гээд танихгүй ахтай заамдалцсан ба тэр ах А- ахыг цохих гээд А- ах бултаад эргүүлээд нэг удаа тэр ахыг цохиод зам руу явган гүйгээд явсан. Тэгээд тэр ах шүгэлдээд хэдэн хамгаалагч нар дуудаад “энэ хүмүүс энд юу хийж байгаа юм, манай эзэмшилд халдсан хүмүүсийг яадгийг харуулна” гээд Ө- ахын машины жолооч талын хаалга руу нэг удаа өшиглөсөн. Би эмчилгээний зардал 250 000 төгрөг нэхэмжилнэ. Бид нар тэр үед Г- ахын хашааны үүдэнд өөрсдөө уначихсан модны мөчир байхаар нь түүнээс хэдийг авсан. Уулнаас мод хөрөөдөж унагааж авсан зүйл байхгүй. Би тэр ах руу чулуу барьж дайрсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р, 52-56-р хуудас/,

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6523 дугаартай: ...Г.М-ий биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Н.Ө-ын мөрдөн байцаалтанд өгсөн...Тэр хүн хөлөөрөө миний машины жолооч талын урд хаалга руу 1 удаа өшиглөж хонхойлгосон.  Мөн урд крило руу өшиглөж хонхойлгосон. Миний машиныг эвдэж өшиглөсний төлбөр 218 000 төгрөгийг, үнэлгээний төлбөр 28 000 төгрөгийн хамтаар нэхэмжилнэ. 57-88 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин. Тухайн үед би хашаандаа байшин барьж байсан бөгөөд тэнд хэрэглэж байсан тайрсан моднууд, гар хөрөө, жижиг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс машинд байсан. Би тэр залуугаас өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

 

Гэрч П.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Над руу Ө- залгаж “энд хүмүүс зогсоочихоод явуулахгүй зодоод байна” гэхээр нь би ганцаараа явж очтол манай барилгын хашааны зүүн урд талд байх өөр барилгын хашааны үүдэнд Ө- нь бусдад зодуулсан байдалтай зогсож байсан. Түүний унаж явсан цагаан өнгийн Приус-20 маркийн машины жолоочийн эсрэг талын хаалга нь хонхойсон байсан. Мөн нэг жижиг суудлын машин зогсож байсан. Түүний хажууд 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Тухайн компанийн инженер гэх залуу согтуу Ө- болон над руу хэл амаар дайрч доромжлоод байсан. Тэр залууг нөгөө 2 залуу  нь машинд нь суулгаад аваад явсан. Би гэр рүүгээ  явж Ө- машинтайгаа нөгөө машины араас явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тухайн өдрийн 21 цагийн үед ажлын газрын хүмүүс Мөнхтүвшингийнд хоол идэж пиво уусан. Г-ын машиныг бариулахаар дуудлагын жолооч дуудаад Хишигтогтохыг ажил дээр нь хүргэж өгчихөөд явж байтал Г- машиныхаа цонхыг онгойлгож харуултай уулзсан. Харуул “нэг машин дээшээ өгсчихлөө” гэж хэлэхээр нь Г- араас нь очиход  Приус маркийн машин зогсож байсан. Г- машинаас буугаад тэр хүмүүстэй модны талаар юм яриад байсан. Удалгүй Г- машиндаа суугаад бид нар гэр гэр рүүгээ явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Г.М-ий биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл хэрэг гарсан гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 42-73-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний ...Крыло /баруун урд/-20 000 төгрөг, хаалга /баруун урд/-38 000 төгрөг, будах зардал 120 000 төгрөг, өнгө гаргах-40 000, шууд бус зардлын дүн-40 000 төгрөг, нийт 218 000 төгрөг... гэх тайлан, гэрэл зураг /хх-ийн 40-42-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №6404 дугаартай: ...Н.Ө-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

           Иргэний нэхэмжлэгч Н.Ө-ын авто машины гэрэл зураг /хх-ийн 26-28-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Г.М-ий нас тоолсон тэмдэглэлд ...насанд хүрээгүй хохирогч Г.М-ий насыг тоолоход 14 нас 05 сар 06 хоногтой байна... /хх-ийн 46-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 21-р хуудас, 41-р хуудас /,

Шүүгдэгч Ө.Г-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01 цагийн үед өөрийн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн 4-р хороо Арцатын аманд баригдаж буй барилга руу очиход миний өөдөөс манай эзэмшил газрын хамгаалалтын торыг тасдчихаад ороод буцаж гарч буй машинтай тааралдсан. Тэгэхээр нь би урдуур нь шахаж зогсоогоод “юун хүмүүс ямар учиртай энд явж байна вэ” гэхэд өөдөөс чамд ямар хамаатай юм бэ, чи энэ уулын эзэн үү гэсэн. Би харуул хамгаалалтынхаа хүмүүсийг дуудахад 2 хамгаалалтын ажилтан ирсэн. ...Нөгөө машины жолооч бууж ирэхээр нь арын багажыг шалгахад дотор нь тайрсан моднууд, жижиг цахилгаан хөрөө зэрэг эд зүйл байсан. Би түүнд хандан “чи яагаад худлаа яриад байгаа юм, мод хулгай хийгээд явж байна шүү дээ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэр залууг явах гэхээр нь явуулахгүй гээд маргалдсан. Тэр машины жолоочийн эсрэг талд сууж байсан залуу бууж ирээд над руу дайрахаар нь би хамгаалагч нараа наадхаа бриад ав гэтэл тэр залуу ганцаараа зугтаасан. Би тэр залууг 10 орчим метр зайд хөөчихөөд буцаад эргээд хартал 16 орчим насны эрэгтэй хүүхэд гартаа чулуу барьчихсан байж байсан. ...Г- гэх ах наадуул чинь миний хүүхдүүд байгаа юм гээд бид нар хоорондоо учраа олоод салцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Ө.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Г.М-ий бэлэг эрхтэн рүү өшиглөж хохирогчийн биед “зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч Ө.Г- нь насанд хүрээгүй хохирогч Г.М-ий бэлэг эрхтэн рүү өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна

             Иймд шүүгдэгч Ө.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 Гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй хохирогч Г.М- нь 14 нас 05 сар 06 хоногтой, өсвөр насанд хүрсэн тул шүүгдэгч Ө.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Баттөр нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

            Хохирол, хор уршгийн талаар:

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

           Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г- “хүү М-ий эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн боловч хавтаст хэрэгт баримт гаргаж өгөөгүй байна. Харин шүүгдэгч Ө.Г- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-т 250.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

         Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар “хүүхэд аливаа хүчирхийлэл, халдлагаас ангид  байх” эрхийг нь хангах үүднээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

  Иргэний нэхэмжлэгч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд машины эвдрэлтэй холбоотой 218.000 төгрөг, үнэлгээний 28.000 төгрөг, нийт 246.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/ болон хохирлын баримтууд /21-р хуудас, 40-41-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ө.Г-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 246.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Ө-т олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүгдэгч Ө.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай нөхцөл байдлыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөрөөс анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл байсан тул торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Ө.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Г- нь эрхэлсэн тодорхой ажилтай ба түүний сарын цалин орлогын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Г-од мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Л- овогт Ө-ы Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтож, биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Г-од мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-оос насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 250.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-оос нийт 246.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Ө-т олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР