Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 860

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Б.Тулга,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б  холбогдох эрүүгийн 2006 00000 1078 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 дагавар охин хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Б .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 8-92 тоотод оршин суух иргэн Ц.Балдоржийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уянгаас өөрийг нь "архи ууж гадуур дэмий тэнэлээ" гэж хэлсний улмаас маргалдаж, Б.Уянга "цагдаа дуудна" гэхэд гар утсыг нь булаах зорилгоор зүүн гараараа хоолойг нь боож, ноцолдох явцдаа хүзүү, хоёр хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун далны орчимд зулгаралт үүсгэсэн бөгөөд улмаар зуухны урд байсан түлээний модыг авч Б.Уянгын нүүрэн тус газар руу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-6-10, 19-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-29/, Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-55-58/, гэрч Ц.Балдоржийн өгсөн мэдүүлэг /хх-23-26/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/, эд зүйл, баримт бичиг хураан авсан тухайн тэмдэглэл /хх-5/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/, хохирогч Б.Уянга, яллагдагч Б.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 8-92 тоотод оршин суух иргэн Ц.Балдоржийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уянгаас өөрийг нь "архи ууж гадуур дэмий тэнэлээ" гэж хэлсний улмаас маргалдаж, Б.Уянга "цагдаа дуудна" гэхэд гар утсыг нь булаах зорилгоор зүүн гараараа хоолойг нь боож, ноцолдох явцдаа хүзүү, хоёр хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун далны орчимд зулгаралт үүсгэсэн бөгөөд улмаар зуухны урд байсан түлээний модыг авч Б.Уянгын нүүрэн тус газар руу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын өгсөн: “Миний хамтран амьдрагч Б.Б  2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр надтай муудалцаж гэрээсээ гараад 4 хоног гэртээ ирээгүй. Би тэгээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хөлийн голд амьдардаг найз Цэнд-Аюушаас Б.Б г хөлийн голд очисон эсэх талаар асуухад Б.Б г хөлийн голд явж байгаа талаар сураг хэлсэн. Б.Б г олоод аваад явъя гэж бодоод Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн голд оршин суух Балын гэрээр орсон. Тэгсэн Балын гэрт тухайн үед Бал ганцаараа сууж байсан. Би Балд хандаж та яахаараа Б.Б г ирэхээр “гэр орондоо орогнуулаад архи дарс уулгаад байдаг юм бэ?”, таныг дахиж ингэж Б.Б г гэр орноорооо орогнуулаад архи дарс уулгаад байх юм цагдаагийн байгууллагад хандана шүү” гэж хэлсэн. Тэгээд Бал ах Б.Б г Болормаагийн гэрээс дуудаж гаргаж ирээд Бал ах Б.Б  бид хоёрыг гадаа орхиод гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд Балын гэр рүү явах замд “Б.Б  намайг ганц шил архи авчих” гээд би Ургах наран дэлгүүр рүү орж 0.75 граммын “Хараа” архи 1 шилийг авсан. Балын гэрт Б.Б  бид хоёрыг ирэхэд Бал ах гэртээ ганцаараа хэвтэж байсан. Тэгээд архи талдаа орж байтал Б.Б  бид хоёр Б.Б гийн дэмий тэнэсэн асуудлаас болоод дахин маргалдаж эхэлсэн. Тэгээд би уурандаа цагдаа дуудна гэж хэлээд гар утсаа аваад цагдаа руу залгах гэтэл Б.Б  уурлаж, миний сууж байсан орон дээр хүрч ирээд намайг орон дээр түлхэж унагаагаад нэг гараараа миний хоолойг боож нөгөө гараараа миний гар утсыг булааж авах гэж оролдсон. Энэ үед нь би эсэргүүцэж Б.Б тай ноцолдох үед миний баруун талын дал, хрёр өвдөг, шилбээ оронд нь цохичихсон. Тэгээд би Б.Б г дийлэхгүй, Б.Б  миний гар утсыг булааж аваад, булааж авсан гар утсаа зууханд асаж байсан гал руу хийчихсэн. Тэгээд би уурлаж Б.Б г элдэв янзаар харааж загнасан. Тухайн үед уурандаа Б.Б д юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Тэгсэн зуухны амны урд суугаад гал түлж байсан Б.Б  мөн адил уурлаж, над руу газраас нэг зүйл аваад шидчихсэн. Тэр шидсэн зүйл нь миний нүүрэн тус газар онож, намайг гэмтээж миний нүүрнээс цус гараад байсан. Зуухны урд талаас түлээний мод аваад над руу шидсэн байсан. Цэнд-Аюушийн гэрт очисон. Тэгээд Цэнд-Аюушийн утсаар түргэн тусламж дуудуулсан. Тэгсэн цагдаа нар түргэнтэй хамт ирчихсэн. Би ер нь халамцуу байсан гэхдээ ухаан мэдрэлээ алдсан согтуу бол байгаагүй. Болсон бүх зүйлийг санаж байгаа, Б.Б  бид хоёрыг хэрэлдэж байх үед Бал ах л байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна." /хх-6-10, 19-22/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

1. Б.Уянгын биед хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчний мурийлт, зүүн зовхинд шарх, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад язрал, хоёр өвдөг, баруун шилбэ, хүзүүнд цус хуралт, баруун далны орчим зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Уянгатай маргалдаад гэрээсээ гарч, Туул буюу Хөлийн голд очиж Бал ахынд 1 хоноод Бат-Эрдэнэ ахын гэрт 2 хоносон. Тэгээд 2020 оны 3 дугаар 29-ний өдөр Хөлийн голын Болормаа гэх эмэгтэйн гэрт хүн хүлээгээд сууж байтал 21:00 цагийн орчим Бал ах Болормаагийн гэрт ороод ирсэн. Тэгсэнээ намайг гараад ир уулзъя гэж хэлсэн. Би Балдорж ахын дагаад Болормаагийн гэрээс гартал, гэрийн гадаа Уянга зогсож байсан. Тэгээд Балдорж ах гэр рүүгээ яваад Уянга бид хоёр хойшоо автобусны буудал руу алхаад автобусны буудал дээр очтол автобус явахгүй байсан. Тэгэхээр нь би Уянгад хандаж өнөөдөр хоёулаа Балдорж ахын гэрт очиж хоноод маргааш өглөө гэр рүүгээ явъя, чи мөнгөтэй бол ганц шил архи авчих гэж хэлсэн. Тэгээд Уянга бид хоёр Ургах нар дэлгүүр рүү орж 0.75 грамм “Хараа” билүү “Ерөөл” билүү нэг шил архи аваад Балдорж ахын гэр рүү явсан. Уянга бид хоёрыг Балдорж ахын гэрт очиход 22.00 цаг болж байсан. Бид хоёрыг Балдорж ахын гэрт очиход Балдорж ах гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд би авсан архиа задлаад Балдорж ахад хийж өгөхөд Балдорж ах эхний нэг хундгыг уучихаад унтлаа гээд орондоо ороод хэвтээд өгсөн. Тэгээд Уянга бид хоёр авсан архиа талд нь ортол хоёулаа хувааж уучихаад орондоо орж унтахаар хэвтсэн. Тэгсэн Балдорж ахын гэр хүйтэн байхаар нь би босч гал түлэх гээд бостол Уянга араас босч ирээд намайг олон хоног тэнэлээ гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд Уянга бид хоёр хоорондоо хэрэлдсэн чинь Уянга цагдаа дуудна гээд байхаар нь би нэг гараараа Уянгын хувцасных нь захаар нь хоолойг нь боогоод нөгөө гараараа гар утсыг нь булааж аваад зууханд асаж байсан гал руу гар утсыг нь хийчихээд зуухны урд сууж байтал Уянга надад хандаж гар утсыг нь гар руу хийлээ гэж уурлаж айлд орилоод байхаар нь би Уянгыг дуугай унтаач гээд зуухны урд шалан дээр байсан түлээний модноос аваад Уянга руу шилчихсэн чинь Уянгаагийн нүүрэн тус газар өнөөх мод нь оноод Уянгаагийн хацар, ам, хамарнаас нь маш их цус гарч байсан. Тэгээд би Уянгаагийн цусыг тогтоох гэж оролдоход цус тогтохгүй болохоор нь Уянгыг Балдорж ахын гэрээс авч гараад Цэрэндулам эгчийн гэр очиж Цэрэндулам эгчийн утсаар түргэн дуудсан. Тэгсэн Цэрэндулам эгч намайг загнаад гэрэсэээ хөөгөөд гаргасан. Тэгээд Цэрэндулам эгч намайг загнаад гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би хөлийн голын Бямбаа ахын гэрт тэр шөнөө орж хоносон.” /хх-55-58/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Балдоржийн өгсөн: “Тэгсэн Б.Б  Уянга хоёр архиа уугаад суугаад үлдсэн. Би орон дээрээ хэвтэж байгаад нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Тэгсэн нойрон дунд хүмүүс хэрэлдээ маргалдаа байсан. Би юу болсон юм бол гээд өнгийгөөд хартал Б.Б  зуухын урд суучихсан, Уянга орон дээр суучихсан тэр хоёр хэрэлдэж байсан. Тэгсэнээ Б.Б  зуухны урд, газар байсан түлээний модыг аваад Уянгаа руу шидчихсэн. Тэгсэн Уянгын хамар, ам, нүүрнээс нь маш их цус гарсан. Б.Б  Уянгаагийн цусыг усаар угааж, тогтоох гэж оролдсон боловч Уянгаагийн цус нь тогтохгүй байсан. Тэгээд Уянга, Б.Б  хоёр манайхаас гараад явчихсан. Дахин буцаж орж ирээгүй." /хх-23-26/ гэх мэдүүлэг,

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/,

 

Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухайн тэмдэглэл /хх-5/,

 

Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/,

 

Хохирогч Б.Уянга, яллагдагч Б.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 8-92 тоотод оршин суух иргэн Ц.Балдоржийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уянгаас өөрийг нь "архи ууж гадуур дэмий тэнэлээ" гэж хэлсний улмаас маргалдаж, Б.Уянга "цагдаа дуудна" гэхэд гар утсыг нь булаах зорилгоор зүүн гараараа хоолойг нь боож, ноцолдох явцдаа хүзүү, хоёр хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун далны орчимд зулгаралт үүсгэсэн бөгөөд улмаар зуухны урд байсан түлээний модыг авч Б.Уянгын нүүрэн тус газар руу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б г гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.Уянга нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно                                                                                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.     

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б. д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б. д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС