Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 167

 

 

      

 

 

 

 

   2020         03           26                                   2020/ШЦТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч Г.У-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

шүүгдэгч Ө.П-,  түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Ө-ын П-ид холбогдох эрүүгийн 2010001230000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамалын нөөц, био үйлдвэрлэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,  18-48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Ө-ын П-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ө.П- нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш хотхоны 0 дугаар байрны гадаа хохирогч Г.У-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой найзтайгаа уулзаад эхнэр, хүүхдийнхээ амьдарч байсан газар болох хадам аавынхаа гэрт хүргүүлсэн. Гэтэл Г.У- нэг залуутай сугадалцаад явж байснаа гэрийнхээ хажууд байрлах саадан дотор нөгөө залуутайгаа үнсэлцсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад Г.У-тай хамт явж байсан залууг нь барьж аваад “наад хүн чинь нөхөр, хүүхэдтэй хүн гэдгийг мэдэж байна уу” гэхэд Г.У- “наад хүн чинь манай ажлын хүн” гээд намайг цохисон. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Уранбаярын ээж над руу залгаад “чи Уранбаяраас салах юм уу” гэхээр нь би “сална” гэхэд “чи хүүхдийн хамар хугалсан байна” гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед байр авсан хүнтэй уулзахаар очиход Г.У-ын хамар зүгээр байсан. Иймд Г.У-ын хамар хугарсан эсэхийг харахаар очтол тухайн үед ч хамар нь зүгээр байсан...” гэв.

 

Хохирогч Г.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлынхаа хүмүүстэй хоолонд орж юм ярьж сууж байгаад харихаар болоход манай ажлын хүн намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед би аавынхаа гэрт амьдарч байсан. Ө.П- намайг хэл амаар доромжилж “ажил дээр чинь очно, чамайг шившиг болгоно” гэж байнга хардаж, дарамталдаг байсан тул тусдаа амьдарч байсан. Би бага зэрэг пиво уучихсан байсан тул гэрийнхээ гадаа ирээд саадан дотор сууж байтал манай нөхөр Ө.П- гэнэт гарч ирээд надтай байсан хүнийг цохиод байхаар нь би салгах гэтэл миний хамар руу цохисон... Миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд П- найзтайгаа яваад өгсөн. Тэгээд Ө.П- 3-5 минутын дараа буцаж ирээд манай ажлын хүнийг аваад явахаар нь би “наад хүнээ зүгээр байлга, ямар ч буруугүй” гэхэд намайг пальтоноос чирж байгаад төмөр хашаа руу түлхэж унагаад манай ажлын хүнийг цааш аваад явсан. Тэгээд буцаж ирээд миний нүүр рүү алгадсан. Ө.П- намайг 2 удаа түлхсэн ба машиныхаа хаалганд гарыг минь хавчаад чирсэн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч болох байсан боловч миний хүүхдийн эцэг гэж бодоод хандаагүй. Надаас уучлалт гуйх байх гэж бодсон. Маргааш нь миний хамар хөхөрчихсөн байсан. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гялс төвд үзүүлэхэд хамрын яс хугарсан байна, 7 хоног болохоос нь өмнө ясыг нь тэгшлэх хэрэгтэй гэсэн. Би хамрын зураг авахуулж хамраа тэгшлүүлэхэд нийт 175.000 төгрөгийн зардал гаргасан. Би хамраа тэгшлүүлсэн шөнө унтаж чадаагүй. Учир нь хамраас маш их цус гарсан. Тухайн үед Ө.П- над руу нэг ч удаа яриагүй...гэв.

 

Эрүүгийн 2010001230000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 07-09-р хуудас/,

Гэрч М.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Д.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Гэрч Д.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,

Гэрч Г.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №1153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 38-р хуудас, 102-р хуудас/,

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-47-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэг,

Шүүгдэгч Ө.П-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-82-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа  /хх-ийн 57-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 56-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.П-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ө.П- нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш хотхоны 5 дугаар байрны гадаа эхнэр Г.У-ыг бусадтай хардаж нүүр рүү нь цохиж биед нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Г.У-ын “...Би П-той 2016 оны 10 дугаар сард танилцаж 2017 оны 09 дүгээр сард гэрлэлтээ батлуулж нэг гэрт амьдарч эхэлсэн, бид дундаасаа нэг хүүхэдтэй ба 2019 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа... Нөхөр маань намайг хардаж “ажил дээр чинь очиж шившиг болгоно” гэж дарамталдаг тул хүүхэдтэйгээ хамт аавынхаа гэрт амьдрах болсон... Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй хоолонд ороод дараа нь караокед орж суусан. Бид 22 цаг өнгөрөөгөөд тарсан. Надтай хамт ажилладаг Сандаг-Очир намайг хүргэж өгөхөөр болсон... Сандаг-Очир бид хоёр байрны гадаа сааданд сууж байтал манай нөхөр П- найз Суурь гэх залуутай хамт хүрч ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй Сандаг-Очирын нүүр рүү нь болон бие рүү нь цохиод байсан. Намайг болиоч гэж хэлтэл П- миний хамар руу гараараа нэг удаа цохьчихоод явчихсан. Тэгээд хамраас цус гараад сууж байтал П- найзыгаа дагуулаад буцаад хүрээд ирсэн. Тэгээд П-, Суурь хоёр Сандаг-Очирыг дагуулаад цаашаа яваад даХ- зодоод байсан тул араас нь очтол П- намайг газар чирсэн, хашлага руу түлхсэн, хэд хэдэн удаа түлхэж унагасан... Үүнээс хойш би ажилдаа 7 хоног явж чадаагүй. Сандаг-Очир бас хэдэн хоног ажилдаа яваагүй гэж хэлсэн... Би одоогийн байдлаар 238.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төгс ялгуун эмнэлэгт 2.000.000 төгрөгөөр хамрын хагалгаанд орох болсон. Би Ө.П-оос 2.038.000 төгрөг нэхэмжилж байна... П- өмнө нь 2019 оны 01 дүгээр сард шатнаас түлхэж унагааж байсан... П- намайг нийт 2 удаа зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09-р хуудас, 13-14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №1153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.У-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-32-р хуудас/,

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-47-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад “... сүүдрэвчинд Г.У- М.С- нарыг сууж байхад авомашинаас Ө.П- бууж тэдэн рүү очиж М.С-ыг цохиж ноцолдон зууралдах үед Д.Батсуурь машинаас бууж очиж тэднийг салгаж холдуулав. Ө.П- Д.Батсуурь нар машинд сууж явах ба хэсэг хугацааны дараа буцаж ирээд зам дагуу алхаж байсан М.С-ыг дагуулан цааш явахад араас Г.У-ыг очиход Ө.П-  Г.У-тай түлхэлцэж зууралдсан байдалтайгаар буцаж алхан сүүдрэвч дор орж буй бичлэг,

 

Гэрч М.С-ын “...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой Г.У- намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. Байрных нь гадаа сааданд сууж байтал Уранбаярын нөхөр П- нэг найзтай хүрч ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Гэтэл П-ийн найз нь намайг дагуулаад “чи яагаад Уранбаяртай хамт явж байгаа юм” гэж асуухаар нь би “Уранбаяртай хамт ажилладаг юм, би гэрт нь хүргэж өгсөн, өөр зүйл байхгүй” гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Гэрч Д.Батсуурийн “....2019 оны 10 дугаар сарын 31-ний орой П- манай ажил дээр ирээд “эхнэр, хүүхэд дээр хүргээд өг” гэсэн тул түүнийг Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхонд хүргэж өгсөн. Тэгээд машины зогсоол дээр зогсож байтал сааданд 2 хүн үнсэлцээд байсан. Гэтэл П- манай эхнэр байна гээд машинаас бууж залууг нь барьж аваад зууралдаад байсан. Тэр хоёрын голоор Г.У- ороод болиоч гээд орилоод П- руу дайраад цохиод байсан. Би П-ийг салгаад тэр залууг цааш дагуулж яваад “нөхөр, хүүхэдтэй хүнтэй уулзахаасаа ичихгүй байна уу” гэж хэлтэл уучлаарай гэж хэлээд явсан. Би буцаад саад руу очтол Г.У-, Ө.П- хоёр уулзаж байсан. Тэгээд би П-ийг аавынх нь гэрт хүргэж өгөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/

 

           Гэрч Г.Хандсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагаас 23 цагийн орчимд манай охин Уранбаяр уйлчихсан нүүр болон ороолт нь цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад П- цохьчихлоо гэж хэлсэн. Тухайн үед хамар нь хугарсан гэж мэдээгүй... Тэгээд хэд хоногийн дараа Уранбаяр толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд хамар нь хугарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би П- руу залгаад хүүхдийн хамар хугалчихсан байна очиж уулз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

 

Гэрч Д.Гансүхийн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотод байгаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Уранбаярын гэрт  очтол охины хамар хавдсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуутал “П- намайг зодсон” гэж хэлсэн. Яагаад ингэж зодож байгаа юм бэ, цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Тэгээд эхнэр рүүгээ залгаад энэ талаар хэлэхэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө зодсон гэж хэлж байсан. Би гэр бүлийг нь бүрэн бүтэн байлгах санаатай цагдаагийн байгууллагад хандахгүй удсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ө.П- шүүхийн хэлэлцүүлэгт “... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед уулзахад Г.У-ын хамар зүгээр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Г.У-ын ээж над руу залгаад хамар нь хугарсан гэж хэлсэн. Би Г.У-ын хамрыг гэмтээгээгүй” гэж маргаж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл “...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой шүүгдэгч Ө.П-, хохирогч Г.У- нар маргалдсан үйл явдал болсон. Гэтэл хохирогч Г.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Хохирогч Г.У-т учирсан хамар ясны хугарал гэмтлийг шүүгдэгч Ө.П- учруулсан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч Г.У-ын биед учирсан дээрх гэмтэл нь өөр нөхцөл байдлын улмаас үүссэн байх боломжтой. Иймд миний үйлчлүүлэгч Ө.П-ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж мэтгэлцэв.

 

        Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд: хохирогч Г.У-ыг М.С-той сүүдрэвчинд сууж байхад Ө.П- нь найз Д.Батсуурийн хамт ирж маргаан үүсгэж, Г.У-тай хамт байсан М.С-ыг цохиж, улмаар хохирогчийн нүүр рүү цохьсон болох нь: хохирогч Г.У-ын ”Ө.П- М.С-ыг цохиод зуураад байхаар нь  намайг “болиоч” гэж хэлтэл миний хамар руу гараараа нэг удаа цохьсон “ гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД-нд буусан дүрс бичлэгт “сүүдрэвчинд сууж байсан Г.У-, М.С- нар дээр Ө.П- очиж маргаан үүсгэж цохиж буй дүрс бичлэг, гэрч Г.Хандсүрэн “Г.У-ын хамраас цус гарсан байдалтай гэртээ орж ирсэн талаар мэдүүлсэн ба хохирогч Г.У- нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Гялс” төвд хандаж хамар ясны зураг авахуулж эмнэлгийн тусламж авсан талаарх /хх-ийн 38-р хуудас/ баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 1153 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Г.У-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ө.П- нь хохирогч Г.У-ын нүүрэнд гараараа нэг удаа цохиж “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

           Иймд шүүгдэгч Ө.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Ө.П-, хохирогч Г.У- нар нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байсан, гэмт хэрэг гарсан орой хохирогч Г.У-ыг бусадтай хардсаны улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

          Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Г.У-ын биед учирсан “хамрын хугарал” бүхий хөнгөн хохирол, уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээ, оношилгоо хийлгэсэн зардал нь хохирол учирсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

          Хохирогч Г.У- нь “Гялс төв”-ийн үзлэгийн 175.000 төгрөгийн баримт /хх-ийн 38-р хуудас/, хамар ясны хугарлын зураг авахуулсан 63.000 төгрөгийн баримт /хх-ийн 38-р хуудас/, “Төгс ялгуун” эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэсэн зардалд 782.500 төгрөгийн баримт, нийт 1.020.500 төгрөгийн баримт гаргаж өгчээ.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П-оос 1.020.500 төгрөг гаргуулж хохирогч Г.У-т олгохоор шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлээс “...             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Ө-ын П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.П-ид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ө.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П-оос 1.020.500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т олгосугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

          7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР