Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 54

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “П”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: “П” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйн шүүлт хийх эрхгүй, мөн Засаг даргын санал нь Газрын тухай хуулийг үндэслэсэн байсан тул татгалзаж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл Газрын тухай хуулийг зөв баримталсан эсэхийг яаж тогтоосон юм бэ? Төрийн байгууллага хуульд нийцүүлэн шийдвэр гаргах ёстой. Бидэнд ийм эрх олгогдоогүй гэж хянаж үзэлгүй шийдвэр гаргаж болохгүй” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж, Улсын Дээд Шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 9-т “... мөн зүйлийн 19.4-т заасан хурлын саналыг төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгохоор хэлэлцэж шийдвэрлэсэн ирүүлсэн сум дүүрэг болон аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж заасан. Тодорхой хэлбэл Засаг дарга санал өгөхдөө тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал буюу тогтоолыг авч 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Хэрэв эдгээр ажиллагааг хийж санал өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцно гэж хуульчилсан.

Хуульд зааснаар аймгийн Засаг даргын санал нь сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хавсаргаж ирүүлдэг. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1655 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр саналыг хавсралтаар ирүүлсэн. Мөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүх Засаг даргын саналыг хянан шийдвэрлэхдээ холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй байгаа нь хууль зөрчсөн захиргааны акт байна гэж дүгнэсэн нь хавтас хэргийн 91, 92 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдоно. 

Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/809 дугаартай албан бичгээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот татгалзсан саналын хуудсыг хавсаргаж буцаасан бөгөөд мөн л Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй байна. Энэ байдлыг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй дангаараа санал гаргасан байна гэж үзээд хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хавтаст хэргийн 96, 97 дугаар хуудаст авагджээ. 

Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь маргаан бүхий 360 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг дурдан аймгийн Засаг дарга дэмжээгүй санал ирүүлсэн тул татгалзсан гэж мэдэгдсэн. Гэтэл төрийн байгууллага нь үйл ажиллагаагаа явуулахдаа Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд тус тус зааснаар хууль дээдлэх зарчмыг баримтлан шийдвэр гаргах ёстой. Тодорхой хэлбэл Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шийдвэр гаргахдаа орон нутгаас ирүүлж буй татгалзсан саналыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа эсэхийг заавал шалгаж тодруулах ёстой. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг илэрхий зөрчин дангаараа санал ирүүлсэн байхад үүнийг хянаж шалгалгүйгээр үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан бөгөөд аймгийн Засаг дарга нь дангаараа санал өгсөн болохоос орон нутгийн саналыг аваагүй нь Засаг дарга саналаа ирүүлэхдээ бүрдүүлэх ёстой бүрдүүлбэрийг хангаж 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй  гэж үзэн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан бөгөөд үүнийг Улсын Дээд Шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгон шийдвэр гаргана” гэж заасан. Орон нутгаас ирүүлсэн татгалзсан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан заалтад бүрэн нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын саналд тариалангийн талбай, өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай гэж, Дархан-Уул аймгийн Засаг дарга нь газар тариалан, хадлан, бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржааны газруудтай давхацсан байна гэж тус тус татгалзсан хариу өгсөн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох” гэж, 19.2.2-т “Хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж, 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж тус тус заасан байна. Үүнээс үзвэл Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс орон нутгаас санал авахаар албан бичиг явуулсан нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр (хавтас хэргийн 48 дугаар хуудас) тус тус 2 удаа анхан шатны шүүлт хийж 19.1.4-т зааснаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй гэж үзсэн байна. 

Тодорхой хэлбэл Ашигт малтмал, Газрын тосны газарт Кадастрын хэлтсээс 2 удаа шүүлт хийж хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй гэж дүгнэсэн хирнээ аймгийн Засаг дарга нарын давхцалтай байна гэж татгалзсан саналыг үндэслэл бүхий байна гэж үзэн татгалзаж шийдвэрлэсэн нь өөрсдийн өмнө нь гаргасан шийдвэрийг үгүйсгэж зөрчилдсөн байдал харагдаж байна.

Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны А/07 дугаартай тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт өөрийн шүүлтээр давхцалгүй гэдэг нь тогтоогдсон тул орон нутгаас ирүүлсэн татгалзсан саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. 

Мөн Ашигт малтмал, Газрын тосны газраас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн албан бичгээр эрх зүйн шүүлт хийсэн гэж мэдэгдсэн. Нэгэнт эрх зүйн шүүлт хийсэн бол Засаг даргын санал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоосон байх ёстой. Холбогдох хууль тогтоомж, Улсын Дээд Шүүхийн тайлбар зэргээс үзвэл Ашигт малтмал, Газрын тосны газар нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан бөгөөд хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу “П”ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нараас санал авахаар албан бичиг хүргүүлэхэд Газрын тухай хуулийг үндэслэн дэмжихгүй гэсэн саналыг тус тус ирүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан бөгөөд аймгийн Засаг дарга нараас Газрын тухай хуулийг үндэслэн саналаа ирүүлсэн тул хуульд заасан үндэслэлтэй санал ирүүлсэн гэж үзэж тус саналыг үндэслэн маргаан бүхий 360 дугаар шийдвэрийг гаргасан. Тодорхой хэлбэл эрх зүйн шүүлт хийж түүнийг үндэслэн шийдвэрлэсэн. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн шүүлт хийж хориглосон, хязгаарласан талбайд давхцалгүй гэж тогтоосон бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой гэж тайлбарлаж байна. Эрх зүйн шүүлт хийхдээ Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гаргасан өргөдөл, өмнө нь олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай байгаа эсэхийг шүүдэг бөгөөд өвөлжөө, хаваржаа болон албан байгууллага, иргэдийн өмчлөлийн талбайтай давхцалтай эсэхийг шүүх боломжгүй, тийм систем байхгүй. Орон нутгийн иргэд тухайн газар нутгаа хэнд хэрхэн ашиглуулж байгаа, цаашид ямар байдлаар төлөвлөсөн зэргийг харгалзан үзэж тэдний саналыг авахаар бусдад ашиглуулж, эзэмшүүлэхийг хүсч буй эсэх талаар мэдэх үүднээс тухайн орон нутгийн Засаг даргаас санал авахаар хуулиар зохицуулсан. 

Аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж шүүдэг эрх бүхий байгууллага нь шүүхийн байгууллага бөгөөд хянаж шийдвэрлэсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Уг баримтаас үзэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын саналыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон болохоос санал өгөөгүйд тооцохгүй гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл саналаа хугацаанд нь өгсөн тул эс үйлдэхүй биш, харин  ирүүлсэн санал нь үндэслэлгүй гэж байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг дарга нь санал өгөөгүй гэж үзээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасныг баримтлан тухайн орон нутгийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой. Ирүүлсэн санал нь процессын алдаанаас хамааран хүчингүй болсон бөгөөд үүнийг санал өгөөгүйд тооцох үндэслэл байхгүй гэдгийг шүүх харгалзан үзнэ үү.

Мөн “П”ХХК-иас Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “... Дархан-Уул аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал гаргахыг даалгуулах” шаардлага бүхий 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан бүрэн эрхийн дагуу саналаа өгөх эрхтэй гэдгийг харгалзан үзэж шийдвэр гаргасан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг нэг сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “П”ХХК-аас “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ...NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “П”ХХК нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Хонгор, Б*******гол сумдын нутгийн Б*******-Уул нэртэй 11288,17 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэн эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж багасган бусад шаардлагаа дэмжихгүй байгаагаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. 

“П”ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэс хандаж Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Б*******гол сумын нутгийг дамнасан Б*******-Уул нэртэй 11260 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл  гаргасан байх ба Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “Засаг даргаас “Дэмжихгүй” санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай Дархан-Уул болон Сэлэнгэ аймгуудын Засаг даргын санал нь хуульд үндэслээгүй байхад хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Аймгийн Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлийг манай байгууллага хянах зохицуулалт байхгүй, маргаан бүхий акт нь аймгийн Засаг даргаас дэмжихгүй саналд үндэслэж гарсан тул хууль зүйн үндэслэлтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгохгүй болсон тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэхгүй” гэж тайлбарлан маргажээ. 

Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор, 19.4-т зааснаар “Засаг дарга хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөн гэж үзэх”-ээр, 19.6-д “дэмжсэн санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох”-оор тус тус зохицуулсан байна. 

Хуулийн дээрх заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “Аймгийн Засаг дарга нь ... татгалзсан хариу өгч болно” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласнаас үзвэл аймгийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “Дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэг”-тэй гэж үзэхээр байна.

Мөн хуулийн дээрх агуулгын хүрээнд Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын даргын 2015 оны а/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны дотоод заавар”-ын 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж журамласан байна.

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “П”ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухайд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг баримтлалгүй маргаан бүхий 360 дугаар шийдвэрийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Засаг дарга нарын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэн гаргасан нь буруу байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нар нь “зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах” үүрэгтэй бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь аймгийн Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган тогтоосны үндсэн зохих шийдвэрийг гаргах байсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгах үүрэггүй”  гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

Мөн түүнчлэн “П”ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9 тоот  саналын хуудсыг Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 52 дугаар шийдвэрээр , Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот  саналын хуудсыг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 29 дүгээр шийдвэрээр  саналын хуудаснуудыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэн тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Дээрхээс дүгнэн үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 360 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгч байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул маргаан бүхий актыг  хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

Гэвч захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч байгууллагын хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. 

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тус хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох зохицуулалтгүй болсон байх бөгөөд хууль үйлчлэхээс өмнөх цаг хугацаанд шийдвэрлэгдсэн өргөдлийн тухайд нэхэмжлэгч нь “... тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлагаа дэмжээгүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх сэргэхгүй. 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байх учиртай бөгөөд энэ нь хүн, хуулийн этгээдийн “зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” шүүхийн зорилгод нийцнэ. Харин шүүхийн шийдвэрээр хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх эргэж сэргэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр ач холбогдолгүй болох юм. 

Нөгөө талаас, хариуцагч байгууллага нь Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “...ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч... шийдвэрлэх” гэж заасан байхад нэхэмжлэгч “П”ХХК-ийн хүсэлтийг гаргаснаас хойш 2 жилийн дараа шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хууль өөрчлөгдсөн гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэх нь төрийн үйл ажиллагаанд баримталбал шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн “П”ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Б*******гол сумын нутагт Б*******-Уул нэртэй 11288,17 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө дахин шийдвэрлэвэл зохино. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхээс тогтоосон 1 /нэг/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан “П”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.МӨНХЗУЛ