Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 67

 

Ч.М-, Л.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

                                                        Ц.Амаржаргал

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Оюунсувд

                                                      Н.Баярмаа

                                                      Б.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 231 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-ийн М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-ийн М- нарт холбогдох эрүүгийн 201709000264 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Л-ийн М- / РД:**********/

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З- овогт Ч-ийн М-, /РД:**********/

Шүүгдэгч Л.М- нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны 20 дугаар гудамж 4 тоотод байх өөрийн гэртээ төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг “...эгчтэйгээ хэрүүл хийлээ, гадуур дэмий тэнэлээ...” гэсэн шалтгаанаар галын дэгээ төмрөөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.М-ыг 2016 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэр Хонгор-Овоо хэмээх газарт, 2016 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 20 дугаар гудамжны 4 тоот гэрт нь 16 настай Б.Нандин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.М-, Ч.М- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Л.М-, Ч.М- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.М-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар Ч.М-ыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... энэ төрлийн гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор үүсдэг хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй, насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэзээ, хэрхэн яаж хохирсон талаараа зөрүүтэй өөр өөр мэдүүлгүүдийг өгдөг. Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнэ нь ийнхүү зөрүүтэй тогтворгүй мэдүүлгүүдийг өгч байгаа нь үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “ ...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Хуульд зааснаар уг зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүд нь үнэн зөв гэдэгт эргэлзээтэй байгаа учраас нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хохирогчийн зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгээр  Ч.М-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлэгэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байж чадсангүй ээ. Ч.М-, Б.Нандин-Эрдэнэ нар нь харилцан зөвшилцөж бэлгийн харьцаанд 1 удаа орсон нь бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийн бодит байдалд нийцүүлж хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, насанд хүрээгүй хохирогчийн тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ч.Мөнгөнсүхэд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.М- хохирогч Б.Нандин-Эрдэнэ нарын хооронд утсаар мессеж бичих, тоглож наадах зэрэг дотно харьцаатай байсан бөгөөд харилцан зөвшилцөж бэлгийн харьцаанд орсон болох нь хохирогчийн ах Б.Чимэдцэрэн, эгч Б.Номин-Эрдэнэ, гэрч н.Баттулга нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.М-ыг 2 удаа хүчиндсэн гэж мэдүүлж байна боловч шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа хүчиндсэн гэж мэдүүлдэг. Мөн намайг цохиж зодоогүй, хүч хэрэглэж айлгаж сүрдүүлээгүй гэж мэдүүлж байгаа нь тэднийг харилцан зөвшилцөж бэлгийн харьцаанд орсон гэдгийг нотлож байна. Ийм учраас зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа: Би давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Би давж заалдах гомдол гараагүй харин өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байдаг бөгөөд хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгүүдийг үндэслэн Ч.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ч.М- нь 21 насанд хүрээгүй өсвөр насны хүн байсан бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа шүүхээс түүний насны энэ байдлыг харгалзаж үзэх ёстой байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ Ч.М- нь 21 насанд хүрээгүй байсан байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Мөн түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийн мэдүүлгүүд нь эргэлзээтэй, хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон байх үндэслэлтэй байгаа тул зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхийг хүссэн Л.Оюунсувд өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Д.Энхтуяа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнэ нь архины хамаарал бүхий гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа байнгын гэр бүлийн болон бусад хүмүүсийн дарамтанд байдаг болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Улаанбаатар хотод хамгаалах байранд амьдарч байсан хүүхэд бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан болон хүүхэд хамгаалах 108 дугаарын утсанд ирсэн мэдээлэлийн дагуу шалгаж илэрсэн хэрэг юм. Шүүгдэгч Ч.М- нь насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийг хөдөө эмээгийндээ очиход нь танилцаж түүний ах Б.Чимэдцэрэнгээс утасны дугаарыг нь авч мессеж бичиж, үерхэе гэсэн бөгөөд Б.Нандин-Эрдэнэ түүнийг үерхэе гэхэд нь татгалзсан гэдэг бөгөөд түүнийг анх Ч.М- нь адуу манаж байхдаа дуудаж гадаа  зөвшөөрөөгүй байхад нь анх бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэж хохирогч мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Нандин-Эрдэнэ болсон явдлыг үнэн зөв мэдүүлэх ёстой гэдгийг түүнд тайлбарлаж, ойлгуулсны үндсэн дээр мэдүүлэг өгсөн бөгөөд түүний хувьд гэр бүлийн  болон бусад хүмүүсийн байнгын дарамтанд, архины хамаарал бүхий гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа бөгөөд өөрийн ээж Л.М- болон өөрийн төрсөн эгч Б.Номин-Эрдэнийн хамтран амьдарч байсан Ч.М-д хорих ял оногдуулахгүйгээр ял шийтгэж болохгүй юм уу гэж асууж байсан. Ийм учраас өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Л.М- нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны 20 дугаар гудамж 4 тоотод өөрийн гэртээ төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг “эгчтэйгээ хэрүүл хийлээ, гадуур дэмий тэнэлээ” гэж галын дэгээ төмрөөр зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.М- нь 2016 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо хэмээх газарт 16 насанд хүрээгүй Б.Нандин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Л.М-, Ч.М- нарын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт ...“насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-Эрдэнийн тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ч.М-ынг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Ч.М-ын үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийн бодит байдалд нийцүүлж хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох бармтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Нандин-Эрдэнэ нь шүүгдэгч Ч.М-ыг 2016 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэр Хонгор-Овоо хэмээх газарт өөрийн эмээгийндээ очсон байхад түүнийг хүчиндсэн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тууштай мэдүүлсэн, Ч.М-ын Б.Нандин-Эрдэнийг хүчиндсэн үйлдлийн талаар эргэлзээтэй, зөрүүтэй  байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд хохирогч Б.Нандин-Эрдэнэ хэргийн талаар зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгсөн нь эргэлзээ  төрүүлдэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д зааснаар ...”мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан, хуульд зааснаар Б.Нандин-Эрдэнийн мэдүүлэг үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас нотлох баримт болж чадахгүй гэсэн үндэслэл гаргаж байгаа боловч энэ үндэслэлийнхээ талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, нотолгоог мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй, өмгөөлөгчийн давж заалдах гоидолд дурдсан эргэлзээ бүхий байдлыг тогтоолгохоор мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж  шалгуулаагүй байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн “...шүүгдэгч Ч.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 21 насанд хүрээгүй өсвөр насны хүн байсан учраас  ял шийтгэл оногдуулахдаа анхаарах ёстой байсан” гэсэн үндэслэл гаргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дах заалт нь шүүхээс ял шийтгэл оногдууах үед 21 насанд хүрээгүй өсвөр насны хүнд хэрэглэх зохицуулалт бөгөөд шүүгдэгч Ч.М-д шүүхээс ял шийтгэл оногдуулах үед 22 настай болсон байсан тул хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                         Ц.АМАРЖАРГАЛ