| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0623/Э |
| Дугаар | 237 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 237
2020 04 21 2020/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
шүүгдэгч Р.Т-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж- овогт Б-ын М-, Х- овогт Р-гийн Т- нарт холбогдох эрүүгийн 191001688000 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Говь-Аптай аймаг Халиун суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр Х-хдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн хороо Ар гүнт Толгойт 1 дүгээр гудамж 0 тоотод оршин суух, хувиараа барилгын ажил хийдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ж- овогт Б-ын М-
2. Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Аптай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо Ногоон чулуут 0 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн эмнэлгийн ард компаний хашаанд түр амьдарч байгаа, Хүмүүн далай ХХК-нд өрлөгчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогт Р-гийн Т-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.М- нь Р.Т-тай бүлэглэн машин, механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа Ханбогд хорооллын 000 дугаар байрны Д-1 блокны дээвэр дээр байсан 10 боодол хар цаас, 4 лааз хар тосыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 764.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Р.Т- нь Б.М-тай бүлэглэн машин, механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа Ханбогд хорооллын 000 дугаар байрны Д-1 блокны дээвэр дээр байсан 10 боодол хар цаас, 4 лааз хар тосыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 764.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэв.
Шүүгдэгч Р.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэв.
Эрүүгийн 1910016880000 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15, 69-70-р хуудас, 130-р хуудас/,
Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч О.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас, 148-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25-26-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-30-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 137-138, 143-р хуудас/,
Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 143-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн хх-ийн 57-58-р хуудас, хх-ийн 128-129-р хуудас/,
Шүүгдэгч Р.Т-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн хх-ийн 168-169-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Ж.Нэмэхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/, Х- М.Анандын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 963 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-46-р хуудас/,
Шүүгдэгч Р.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 157-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 158-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 155-р хуудас/, “Хүмүүн далай” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 174-176-р хуудас/, гэрч Д.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 134-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-, Р.Т- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.М-, Р.Т-тай нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд “Их Гурван Марал групп” ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 000- дугаар байрны Д-1 блокноос 10 боодол хар цаас, 4 лааз хар тосыг “KIA Lotze” маркийн 47-65 УНЕ улсын дугаартай автомашин ашиглан зөөвөрлөж, бусдад 764.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа Ханбогд хорооллын 000 дугаар байрны Д-1 блокийн дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж тус барилгын ханган нийлүүлэгч “Гурван марал” компаний захирал Мөнхтөртэй тохиролцон дээврийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тус барилгын 13 давхарт 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нийт 148 ширхэг хар цааснуудыг гаргасан. ...ОХУ-д үйлдвэрлэсэн “Линекрон ЭПП” төрлийн хар цаас байсан. Зарлагын баримт дээр байгаа. Яг манай хариуцан ажиллаж байгаа Д-1 блок нь харуул хамгаалалт байхгүй. Эд зүйл алдагдсан гэх өдөр харуул хамгаалалт байхгүй байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хохирлыг бүрэн барагдуулсан...” мэдүүлэг /хх-ийн 13-15, 69-70-р хуудас, 130-р хуудас, /,
Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Киа лотзе 45-56 улсын дугаартай автомашин эзэмшдэг. Би автомашинаа хашаандаа үлдээгээд ажлаар хөдөө явсан байсан. Хэзээг нь сайн санахгүй байна. Манай нөхөр Мягмарсүрэнгээс М- автомашиныг гуйж авсан байсан. Би машинаа унадаггүй, хашаанд л байж байдаг. М- нь манай нөхөртэй хамт ажилладаг. Таньдаг болоод 2 жил орчим болж байна. Нөхөр надад хэлэхдээ “чиний машиныг М- ажил, гэр холдоод байна. Түр унаж байя гээд авсан” гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч О.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би “Гурван марал” ХХК-н гүйцэтгэх захирал. Ханбогд хорооллын барилга нь 5 блок барилга байгаа. ...Харуул хамгаалалт байхгүй. Бараа материал буусан үед бид нар өөрсдөө харж хамгаалах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Саарал өнгийн суудлын автомашин ирж зогсоход жолоочоос гадна бараан өнгийн хувцастай хүн хамт /Б.М-, Р.Т- нар/ буув. Дээрх хоёр хүн автомашнаас бууж баруун зүгт алхах ба хэсэг хугацааны дараа автомашины зүг буцаж алхаад камерын хяналтаас гарав. Хашааны завсраар нэг хүн гарч ирж автомашинд суух ба бичлэгийн цагаар 03:08:21 цагт автомашинаа хашаанд шахаж байрлуулаад машиныхаа араар тойрч хаалгаа онгойлгож хашааны завсраар эд зүйл зөөж автомашинд ачих ба нөгөө хүн нь жолооч талын хаалга болон тээшийг онгойлгож 4 савтай зүйл автомашины тээшинд хийсний дараа урд талын хаалга онгойлгож суухад 03:15:25 цагт автомашин гарч явж буй дүрс бичлэг...” /хх-ийн 148-150-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа: “... “KIA Lotze” маркийн 4765 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч Б.Уянга.../хх-ийн 73-р хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Барилгын дээврийн хар цаас 1 ширхэг 54.000 төгрөг, нийт 540.000 төгрөг ” /хх-ийн 28-30-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хар тос 20 кг, нэг бүрийн үнэ 56.000 төгрөг нийт 224.000 төгрөг /хх-ийн 137-138-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Kia Lotze маркийн 47-65 улсын дугаартай автомашин 2.800.000 төгрөг /хх-ийн 143-р хуудас/,
Шүүгдэгч Б.М-мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа “Ханбогд” хороололд барилгын туслан гүйцэтгэгч “Хүмүүн далай” ХХК-д барилгын туслах ажилтнаар 2019 оны 6 дугаар сарын эхээр ажилд орсон. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өрлөгийн ажил хийж байхдаа Д-1 блокны 13 дугаар давхарын дээвэр дээр хар цааснууд байхыг харсан. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан. 2019 оны 7 дугаар сарын 06-ны орой гэртээ очоод хоол цай идэж уугаад 21 цаг өнгөрч байхад эхнэртээ “би айлд очиж дотор хана өрнө” гэж хэлээд 23 цаг өнгөрч байхад гарах гэсэн чинь автобус зогсчихсон тул хамт ажилладаг ах Мягмарсүрэнгээс эхнэрийнх нь Киа Лотз маркийн 47-65 улсын дугаартай автомашиныг “ойрхон юманд явчихаад ирье” гээд гуйгаад авсан. Тэгээд гарч яваад гэнэт нөгөө барилгын дээвэр дээр байсан хар цаасыг санаад барилгын хашааны гадаа ирэхэд 23 цаг өнгөрч байсан. Автомашинаа барилгын хашаа дагуулж тавиад барилга руу ороод 000- дугаар байрны Д-1 блокны дээвэр дээр гараад нэг нэгээр нь зөөгөөд машиндаа ачаад хөдлөөд явахад 04 цаг өнгөрч байсан. 09 цагийн үед зуун айлд байх барилгын материалын дэлгүүрт нэг ширхэгийг нь 25.000 төгрөгөөр зарсан. “Хүмүүн далай” ХХК-д ажилд орохдоо гэрээ хийгээгүй, өөр бичиг баримт байхгүй. Надад тухайн барилга руу орох ямар нэгэн бичиг баримт бол байхгүй. Тухайн барилгын захирал Мөнхбат гэх хүн байрлаж ажиллаж болно гээд 10 хоног л хонож ажилласан. Одоо бол тухайн барилга дээр хийх ажил дуусаад өөр барилга дээр ажиллаж байгаа. Гэрээсээ машинтай гарахдаа хулгай хийх зорилгогүй байсан. 2019 оны 6 дугаар сарын сүүлээр миний төрсөн дүү Б.Хулан нас барсан тэгээд мөнгөний хэрэг гараад хар цаас хулгай хийж зарсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас, хх-ийн 128-129-р хуудас/,
Шүүгдэгч Р.Т-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны өдрийг нь сайн санахгүй байна. Ханбогд хорооллын 000 дугаар байрны Д-1 блокны дээврийн доод давхарт өрлөгийн ажил хийж байсан чинь М- дээвэр дээр баахан боодолтой цааснууд буулгасан байна. Хоёулаа хамт шөнө ирж хар цааснаас хулгай хийх үү гэхээр нь би тэгж болохгүй, энэ барилга камертай, хүний эд зүйл хулгай хийхгүй гэж хэлсэн. М- “би өөрөө арыг нь даана, чи зүгээр хамт явчих гээд байсан. ...М- утсаар яриад нөгөө хар цаасаа хулгай хийе гэхээр нь үгүй би явахгүй гэж хэлсэн. ...Ханбогд хорооллын барилгын гадаа ирээд машинаа 000 дугаар байрны хажууд хашаанд шахаж тавиад хашааны хаалгаар ороод 000- дугаар байрны дээвэр рүү гарсан. Би хоёр нэг нэгийг үүрээд нэг давхарт нэг шатны хажууд тавиад буцаад дээвэр гарсан. М- би дээврээс 8 давхар хүртэл зөөе, чи 8 давхараас нэг давхар руу зөө гэсэн. Бид хоёр нийт 10 боодол хар цаас нэг давхарт буулгасан. Бид дээвэр дээр гараад 4 савтай тосоо хоёр хоёроор нь аваад нэг давхарт буулгасан. ...М- машинаа асаагаад хашаанд шахаж зогсоод хашаан дотроос би М-т авч өгөхөд М- машиндаа ачсан. ...Бэлхэд 10 боодол цаасаа нийтэд нь 400.000 төгрөгөөр зараад нийт 500.000 төгрөгөө тэнцүү 250.000 төгрөгөөр нь хувааж авсан. М- л унаж манай гэрийн гадаа ирсэн хэнийх гэдгийг нь би мэдэхгүй байна. ...Тухайн эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зөөх ямар ч боломжгүй байсан. Учир нь 4 савтай тос нь 100 кг, 1 боодол хар цаас нь 25 кг орчим жинтэй, тэгэхээр нийт 350 кг жинтэй байсан. Бид хоёр тээврийн хэрэгсэл ашиглахгүй зөөх ямар ч боломж байхгүй. Бид хоёр хулгай хийсэн...” мэдүүлэг /хх-ийн 168-169-р хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдчилан хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, гэмт үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, мөн шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Тус хэргийн шүүгдэгч Б.М-, Р.Т- нар нь иргэн Б.Уянгын эзэмшлийн “Kia Lotze маркийн 47-65 УНЕ улсын дугаартай автомашиныг ашиглаж 10 боодол хар цаас, сав тус бүр нь 20 кг жинтэй 4 лааз хар тосыг авч явсан үйлдэл нь “...бүлэглэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд тодорхой зааж зохицуулсан.
Шүүгдэгч нарын хэн аль нь гэмт хэрэг үйлдэх санаачлагыг гаргаагүй гэж харилцан эсрэг мэдүүлэг гаргасан боловч “барилгын дээд давхарт хураалттай хар цаасыг авья” гэх зэргээр хэлэлцэн тохирч, нэгдмэл нэг санаа зорилготойгоор, машин механизм ашиглаж, дээврийн зориулалттай хар цаас, хар тос зэргийг нь хулгайлан авч, бусдад 764.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.М-, Р.Т- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах сааадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас :
Хохирогч “Их Гурван Марал групп” ХХК-н эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 28-30-р хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 137-138, 143-р хуудас/ нийт 764.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М-, Р.Т- нарыг бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Т- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 155-р хуудас/ баримттай, шүүгдэгч Б.М- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 41-р хуудас/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 44-46-р хуудас / тус тус авагдсан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тэдгээр нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Р.Т-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Lotze” маркийн 47-65 УНЕ улсын дугаартай автомашины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашины үнэлгээ гаргасан “Дамно” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй, мөн тээврийн хэрэгслийг худалдан авсан хүнээс мэдүүлэг аваагүй гэх хүсэлт нь шүүгдэгч нарыг гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан боловч урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Р.Т- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулах, тэнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоов.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Киа лотзе 45-56 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэрэгт гэрчээр асуугдсан Б.Уянгын эзэмшлийнх болох нь баримтаар тогтоогдсон тул уг автомашины үнэ 2.800.000 төгрөгийг /хх-ийн 143-р хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-, Р.Т- нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.400.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М-, Р.Т- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж- овгийн Б-ын М-, Х- овгийн Р-гийн Т- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.М-т 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Т-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Р.Т-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.М-, Р.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс тоолсугай.
5. Шүүгдэгч Б.М-, Р.Т- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Киа лотзе маркийн 45-56 УНЕ улсын дугаартай автомашины үнэ болох 2.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-, Р.Т- нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.400.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-, Р.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР