Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

    2020          03         31                                   2020/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир /ҮД 2571/,

шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч Д.Гомбо /ҮД:2130/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт З-ын Т-, Б- овогт П-ийн Э- нарт холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи уул уурхайн салбар сургуулийн уул уурхайн менежментийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 24-00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А- овогт З-ын Т-

 

2. Монгол улсын иргэн, 2000 оны 04дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар Мон-Лаагийн 1 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт П-ийн Э-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.Э- нь З.Т-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 250 дугаартай байрны гадна зогсоолд тавьсан иргэн Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 53-37 0000- улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлахыгзавдаж 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч З.Т- нь П.Э-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 250 дугаартай байрны гадна зогсоолд тавьсан иргэн Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 53-37 0000- улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлахыг завдаж 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн З.Т- ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хорооллын баруун талын автомашины зогсоол дээр байсан Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн 78-08 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 1 дүгээр сарын 13-ны орой найз П.Э-тэй хамт таксинд явахаар гарсан. Тэгээд Нисэх дээр хүн буулгачихаад дажгүй обудтай машин байхаар 2 дугуйг нь авах санаа төрөөд 2 дугуйг нэг нэгээр нь авахаар тайлж байгаад цагдаа ирэхээр зугтаасан.

Мөн би таксинд явж байгаад гэртээ ирээд зогсоол олдохгүй болохоор нь машинаа гэрээсээ хол тавиад гэр рүү явж байхад дажгүй обудтай Приус 30 маркийн машин байхаар нь машин руугаа буцаж очоод дамкараад дроцов аваад тэр хавьд баригдаж байсан барилгаас тоосго авч машины доор тавьж  дугуйг нь аваад том машины дор хийж үлдээсэн. Тэгээд үүр цайхаас өмнө нөгөө дугуйгаа машинтайгаа очиж авсан...” гэв.

 

Шүүгдэгч П.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 1 дүгээр сарын 14-ний шөнө З.Т- манай гадаа ирээд бид хоёр Нисэх рүү таксинд явж байгаад дажгүй обудтай машин байхаар нь машинаа хол тавьчихаад 2 дугуйг нэг нэгээр нь авахаар тайлсан боловч цагдаа ирэхэд зугтаасан.  Т-ийн машинд байсан дамкрат дроцовыг хэрэглэж дугуйг тайлах гэж байсан...” гэв.

 

Эрүүгийн 2010000000000 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч Э.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,

Хохирогч Д.Цэцэгсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 168-172-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 12-19, 157-161-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 21-23-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 25-27-р хуудас, 39-р хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 29-37-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 45-56-р хуудас/,

Гэрч О.Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-76, 82-83, 175-176-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 142-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №627 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 181-185-р хуудас/,

Шүүгдэгч З.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-105, 201-203-р хуудас/,

Шүүгдэгч П.Э-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-110-р хуудас/,

Шүүгдэгч З.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох гэрч Э.З-ын мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 208-р хуудас /, ял шалгах хуудас /хх-ийн 112-р хуудас/,засаг даргын тодорхойлолт /хх-ийн 11-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 194-р хуудас/,

Шүүгдэгч П.Э-ий хувийн байдалтай холбоотой баримтууд болох гэрч П.Энхжингийн мэдүүлэг /хх-ийн 67-69-70-р хуудас/, гэрч Г.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 207-р хуудас/ ял шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/, Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 122-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Т-, П.Э- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч З.Т- П.Э- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 250 дугаартай байрны гадна зогсоолд байсан хохирогч Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 53-37 0000- улсын дугаартай автомашины дугуйг өргөгч буюу домкрат, дугуй тайлагч багаж /дорцов/ хэрэглэн тайлаж, Тоёота Приус-30 маркийн  24-10 0000- улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлахаар завдсан,

 

шүүгдэгч З.Т- ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хорооллын баруун талын автомашины зогсоолоос хохирогч Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 78-08 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг өргөгч буюу домкрат, дугуй тайлагч багаж /дорцов/ хэрэглэн тайлж авч, Тоёота Приус-30 маркийн  24-10 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зөөж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Б-мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 40 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 53-37 0000- улсын дугаартай  автомашинаа зогсоол олдохгүй болохоор нь байрныхаа урд талд хяналтын камергүй газар тавьчихаад гэртээ орж унтсан. Шөнө 03 цагийн үед Цагдаагийн байгууллагаас дуудлага ирсэн. Миний автомашины дугуйг тайлах гэж байгаад цагдаа нар ирээд барьж авсан байсан. Миний автомашин 2009 онд үйлдвэрлэгдсэн, би 2019 онд 17.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг автомашиныг худалдаж авах үед 4 дугуй обуд нь дагалдаж ирсэн. Автомашины 4 ширхэг обуд нь стандарт буюу G-Stock загварын обуд юм. Надад хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,

 

Гэрч О.Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг гэртээ зурагт үзээд сууж байтал 02 цаг 20 минутын үед найз маань гадаа хүмүүс машинаас юм хулгайлаад байна гэхээр нь хартал нэг хүн нь цагаан өнгийн Приус 30 машины дотор орчихсон гэрэл  тусгаад нөгөөх нь цагаан өнгийн приус 30 маркийн машины хажуугаар юм зөөж авчирч тавиад дугуйг нь тайлаад байх шиг байсан. Тухайн үед 2 хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

       

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 12-19-р хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 29-37-р хуудас/,

           

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 21-23-р хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 39-р хуудас/,

         

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Тоёота приус 30 маркийн автомашины R16-тай хуучин хэрэглэж байсан дугуй, обудыг 1 ширхэгийг 110.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 75-76-р хуудас/,

         

Хохирогч Д.Ц-мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзмшлийн Тоёота Приус-30 автомашинаа Вива сити хорооллын баруун талд байрлах, Хүннү молл худалдааны төвийн хашааны хойд хэсгийн зогсоол дээр байршуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 08 цагийн үед машинаа унаад ажилдаа явах гэтэл миний машиныг тоосгоор эвж орхиод 4 дугуйг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний машины дугуйг боолтоор нь тайлаад авсан байсан. Миний машины 4 ширхэг обуд нь Приус-30 загварын машины үйлдвэрийн сток 5 салаа, 17 инчийн обуд, саарал өнгөтэй, харин дугуй нь 215*55*17 хэмжээтэй өвлийн дугуй байсан. Би 4 ширхэг обудаа 500.000 төгрөгөөр худалдан авсан. Харин дугуйгаа нэг ширхэгийг нь 60.000 төгрөгөөр, нийт 4 ширхэг дугуйг 240.000 төгрөгөөр үнэлнэ. Бас дугуй боодог боолтыг 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр буюу нийт 20 ширхэг нь 50.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 168-172-р хуудас/,

          

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 157-161-р хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд: шүүгдэгч З.Т- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын урд Хүннү молл худалдааны төвийн хашаанд хохирогч Д.Цэцэгсүрэнгийн автомашны дугуйг хулгайлсан талаар заасан байдал  /хх-ийн 55-56-р хуудас/,

  

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Тоёота Приус 30 загварын 4 ширхэг дугуй, 4 ширхэг обудыг нийт 420.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 175-176-р хуудас/,

         

Шүүгдэгч З.Т- яллагдагчаар мэдүүлэхдээ “...Бид хоёр халтуур хийж байгаад шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нисэх орчмоор Тоёота приус 30 маркийн автомашины дугуйг хулгайлж авахаар хэд хэдэн удаа эргэлдэж байгаад Нисэхийн 250 дугаар байрны урд талын зогсоолд байсан цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашины зүүн талаар ороод зогссон. Тэгээд П.Э- бид хоёр автомашинаас буугаад баруун хойд дугуйны хэсэгт очиж П.Э- домкратаар өргөсөн, харин би дугуйны боолтыг нь тайлсан...Тоёота Приус 30 маркийн автомашины G-Stock обудтай 4 ширхэг дугуйг нь өөрийн автомашины арын тээшинд байсан түлхүүр багажаар тайлаад автомашин руугаа зөөж арын тээшинд хийсэн. П.Э- тухайн үед хүн хардаг эсхүл дамократыг өргөж өгдөг байсан. Харин би дугуйны боолтыг нь тайлсан. Миний машины тээшинд дугуйн дорцов, домкрат хоёр байсан. Тэгээд автомашины гэрэл тусахаар нь П.Э- бид хоёр уг байрны орцны орчим нуугдсан. Гэрэл тусахаа болихоор нь гараад иртэл цагдаагийн албан хаагч нар гарч ирээд дуудахаар нь би зугтсан. Харин П.Э- хаашаа яаж гүйснийг хараагүй... Би маргааш нь фэйсбүүк чатандаа зар тавьж үл таних хүнд 4 дугуйг 400.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105, 201-203-р хуудас/,

 

Шүүгдэгч П.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...З.Т- надад хэлэхдээ орой уулзаад автомашины дугуй хулгайлж авах уу мөнгө төгрөггүй хэцүү байна гэж хэлсэн...Нисэхийн спорт цогцолборын хойшоо гэр хороолол руу явж байхад 12 давхар 2 орон сууцны гадна буугаад арын тээшинд дамократ, дорцов хоёрыг гаргаж ирээд цайвар цэнхэр өнгийн автомашины баруун хойд талын дугуйны боолтыг тайлж эхэлсэн. Би араас нь буугаад дамократаар автомашиныг өргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-110-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

  Шүүгдэгч З.Т-, П.Э- нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Г.Тамираас “П.Э-тэй хамтарч хохирогч Э.Болор-Эрдэний автомашины дугуйг хулгайлахаар завдсан үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох. Харин ганцаараа хохирогч Д.Цэцэгсүрэнгийн автомашины дугуйг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн, шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч Д.Гомбо  “хохирогч Э.Болор-Эрдэний автомашины дугуйг тайлсан үйлдлийг завдсан гэж үзэх үндэслэлтэй боловч нэг дугуйг 110.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Автомашинтай хүн болгон домкрат, дорцов хэрэглэдэг, хэрэглээний зүйл тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээ хүрэхгүй, гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

        Тээврийн хэрэгслийн дугуй, обудыг зориулалтын багаж, түлхүүрийг хэрэглэж тайлж авах ба ердийн байдлаар шууд авах боломжгүй юм. Хэдийгээр шүүгдэгч нар нь дугуй тайлах зохиулалттай өргөгч буюу домкрат, дугуй тайлагч багаж /дорцов/ зэргийг өөрсдөө засаж бэлтгээгүй боловч эдгээр багаж хэрэгслийг хэрэглэснээр үйлдлээ түргэвчилсэн, авахад амар хялбар болгосон, хугацаа хэмнэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул тэдгээрийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн болно. Мөн шүүгдэгч нар нь хулгайн гэмт үйлдэлдээ машин механим ашигладаг болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

       Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшлийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжийг агуулдаг бөгөөд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэсвгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасан байна.

     

Иймд шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

         мөн хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан,

         шүүгдэгч П.Э-ийг гэмт хэрэг үйлдэхээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирол төлбөрийн тухайд: Э.Б-нь хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/, хохирогч Д.Цэцэгсүрэнгийн хохирол нөхөн төлөгдсөн тухай баримт /хх-ийн 205-р хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэмбуруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хоруршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагахүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Т-өд 3 жилийн хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Э-ийг 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Г.Тамир: Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.2-т зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн,

Шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч Д.Гомбо: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч З.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас хүрсэн, өөрийн гэм буруутай үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Т-ийн хувьд бусдын автомашины дугуйг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдаж хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

         

Шүүгдэгч З.Т-, П.Э- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй /хх-ийн 112, 123-р хуудас/ байна.

 

           Шүүхээс шүүгдэгч З.Т-, П.Э- нарт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрөө төлсөн, анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухай гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”  гэж заасан байна.

 

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Приус-30 маркийн 24-10 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Э.З- нь “Инвескор” ББСБ-тай “Фидукци”-ийн гэрээ байгуулж авсан болох нь Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /Фидукци/ гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 142-145-р хуудас/ нотлогдож байна. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Тоёота приус 30 маркийн 24-10 0000- улсын дугаартай автомашиныг 15.800.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 82-83-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Приус-30 маркийн 24-10 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.800.000 төгрөгийг шүүгдэгч З.Т-, П.Э- нараас хувь тэнцүүлэн тус бүр 7.900.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Т-, П.Э- нар нь энэ хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс /хх-ийн 84, 88, 89, 92-р хуудас/ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл /хх-ийн 94, 98-р хуудас/ тус бүр 30 хоног цагдан хоригдсон байна.

          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-, П.Э- нарын тус бүр цагдан хоригдсон 30/гуч/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өргөгч буюу домкрат, домкратны төмөр иш, дугуй тайлагч багаж /дорцов/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.Т-, П.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. А- овогт З-ын Т-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан,

Б- овогт П-ийн Э-ийг хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан, гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Т-ийг 1 жил 06 сарын /нэг жил зургаан сарын/ хорих ялаар, П.Э-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-өд оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг, шүүгдэгч П.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-, П.Э- нарын тус бүр цагдан хоригдсон 30/гуч/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч З.Т-, П.Э- нарт  2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “Tоёота Приус-30” маркийн 24-10 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.800.000 төгрөгийг шүүгдэгч З.Т-, П.Э- нараас хувь тэнцүүлэн тус бүр 7.900.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өргөгч буюу домкрат, домкратны төмөр иш, дугуй тайлагч багаж /дорцов/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шүүгдэгч З.Т-, П.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хохирогч , шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Т-, П.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР