Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

   

    2020          03          31                                    2020/ШЦТ/181

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч О.Ж-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа /ҮД:03-12/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт О-гийн Ж-д холбогдох эрүүгийн 1810007000000 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “Ариг буурал” ХХК-нд  борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б- овогт О-гийн Ж-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.Ж- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж хуурч, хохирогч Д.Э-аас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж хуурч, хохирогч О.Э-гаас 2017 оны 10 дугаар сард 12.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж хуурч, хохирогч Г.А-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж хохирогч Ж.М-аас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Эрүүгийн 18100070000000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-76- хуудас/

Хохирогч О.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 147-149-р хуудас, 150-151-р хуудас/,

Хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 16-17-р хуудас/,

Хохирогч Ж.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 193-р хуудас/,

           Гэрч Ц.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 163-165-р хуудас/,

           Гэрч Д.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 17-19-р хуудас/

            Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-36-р хуудас/

           Гэрч Ч.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-89-р хуудас/

           Хохирогч Г.А-ын “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 7-8-р хуудас/

Шүүгдэгч О.Ж-гийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 48-70-р хуудас/

Хохирогч О.Э-гийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 181-195-р хуудас/

Хохирогч Д.Э-ын “Хаан” банкны дансны хуулга  /хх-ийн 2-р хавтас 33-р хуудас/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 118-121-р хуудас/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 2-р хавтас 134-р хуудас/

Шүүгдэгч О.Ж-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-137-р хуудас, хх-ийн 2-р хавтас 6-7-р хуудас, 119-122-р хуудас, 195-196-р хуудас, 207-208-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 172-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 44-р хуудас/, Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 168-р хуудас, 2-р хавтас 188-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ж-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч О.Ж- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Д.Э-аас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг, хохирогч О.Э-гаас 2017 оны 10 дугаар сард 12.000.000 төгрөг, хохирогч Г.А-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг, хохирогч Ж.М-аас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг залилан авч, бусдад нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Э-ын “...манай ажлын Шинэбаяр ах надад О.Ж- гэдэг хүнийг Солонгос Улсын виз гаргадаг гэж танилцуулж байсан. Би О.Ж-тэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармаг худалдааны төв дээр ирж уулзсан. Намайг О.Ж-тэй анх уулзахад “Би Солонгос улсын иргэн, Монголчуудын амьдрал хүнд болохоор тус дэм болоод хямд үнээр гаргаж өгдөг, дансанд 5 сая төгрөг байршуулаад явахаар та нарт боломж бололцоо хэцүү байх, найдвартай виз гаргаж өгнө, олон хүний виз гаргаж өгдөг” гэж хэлээд хүмүүсийн гадаад паспортыг харуулсан. Өөрийгөө Солонгос нөхөртэй, солонгос улсын иргэн гэсэн бичиг баримт үзүүлсэн. О.Ж- над руу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр залгаад “10 хүний материал бүрдсэн, виз гаргуулах мөнгөө өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ дугаарыг өгөөд энэ дугаар руу яриад авчих гэж хэлсэн. Манай эхнэр тухайн өдөртөө О.Ж-гийн өгсөн 5085186159 гэсэн данс руу 2.500.000 төгрөг хийхэд О.Ж- “нэг сарын дотор виз гарна” гэж хэлсэн. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр над руу залгаад “Виз бэлэн болсон, одоо 500.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Ж-гийн өгсөн 5085186159 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 16-17-р хуудас/,

“Хаан” банкны дансны хуулга: хохирогч Д.Э-ын  /хх-ийн 2-р хавтас 33-р хуудас/

 

Хохирогч О.Э-гийн “...хамт ажилладаг хүмүүс О.Ж-г  Солонгос Улсын виз гаргадаг тухай хэлсэн. Би О.Ж-тэй уулзаж Солонгос Улсын виз гаргадаг эсэхийг нь асуухад "3 сараар, 1 жилээр виз гаргадаг. Манай нөхөр Солонгос Улсад байдаг. Үйлдвэртэй гэрээ хийхээр 1 жилийн хугацаатай виз гардаг, таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би охин Нандин-Эрдэнийг Солонгост ажиллаж сургуулийн төлбөрөө цуглуулж байгаад цааш нь үргэлжлүүлэн сургах талаар ярилцсан. Мөн өөрийн дүү Жавхлантөгс, бэр Дэлгэр нарыг охинхоо хамт Солонгос руу явуулахаар материалыг нь өгсөн. 2017 оны 10 дугаар сарын эхээр 3 хүний виз гаргуулахаар материал өгөхдөө О.Ж-гийн 5085186159 данс руу нь 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахин энэ данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. О.Ж- надаас мөнгө авахдаа “21 хоногийн дотор виз чинь гарна, 1 жилийн хугацаатай виз” гэж хэлсэн. О.Ж-гээс асуухад “цаанаа гарын үсэг зурах асуудал нь хүлээгдээд байна” гэж хэлсээр 2 сар гаран болсон. Би аргаа бараад О.Ж-гийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг гэрт нь очсон. Тухайн үед Ж-гийн ээж, эгч, ах гэх хүмүүс нь надтай уулзсан ба 12.000.000 төгрөгөө буцааж авмаар байна гэж хэлэхэд гэрийнхэн нь 14 хоногоос 1 сарын хугацаа өгчих, мөнгийг чинь бүгдийг нь буцааж өгнө гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр О.Ж-гийн ах Ганболд гэх хүн надад 4.000.000 төгрөг авчирч өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 147-149-р хуудас/,

 “Хаан” банкны дансны хуулга: хохирогч О.Э-гийн  /хх-ийн 1-р хавтас 181-195-р хуудас/

 

         Хохирогч Г.А-ын “...Д.Норовсүрэн 2017 оны 12 дугаар сарын сүүлээр надад найдвартай Солонгос Улсын виз гаргадаг хүн байна. 6.000.000 төгрөгөөр гаргана гэж байна гэж хэлсэн. Би О.Ж-тэй уулзахад “20 хоногийн дотор виз гаргана, мөнгөө аваад ир, асуудалгүй” гэж хэлсэн тул би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө өөрийн Хаан банкны 5020803225 дугаарын данснаас О.Ж-гийн 5085186159 дугаарын Хаан банкны данс руу эхлээд 5.090.000 төгрөг шилжүүлсэн ба орой нь дахин 925.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-76- хуудас/,

           “Хаан” банкны дансны хуулга: хохирогч Г.А-ын /хх-ийн 1-р хавтас 7-8-р хуудас/

 

Гэрч Д.Норовсүрэнгийн “...О.Ж- өөрийгөө “Солонгос нөхөртэй, 30 хоногийн дотор аялалын виз найдвартай гаргаж өгнө. Та миний төрсөн эгчээс өөрцгүй хүн учраас заавал гаргуулж өгнө” гэж хэлсэн. Миний дүү Г.А- солонгос явах гэж 6.000.000 төгрөг болон гадаад паспортаа О.Ж-д өгсөн юм. Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Хаан банкны АТМ дээр очоод О.Ж-гийн 5085186159 данс руу 5.090.000 төгрөг, дахин 925.000 төгрөгийг хийсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 17-19-р хуудас/

 

          Хохирогч Ж.М-ын “...Манай эхнэрийн эгч Тунгалаг надад О.Ж-г “виз гаргадаг” гэж ярьж байсан. Би Тунгалаг эгчээс О.Ж-гийн утасны дугаарыг нь аваад 2017 оны 12 сарын эхээр Хан-Уул дүүргийн Яармаг худалдааны төвд очиж О.Ж-тэй уулзсан. О.Ж- надад “чамайг гэр бүлтэй чинь виз гаргаж өгнө. Надад Солонгост таньдаг хүн байгаа. Чамайг очихоор чинь тосоод авчихна, бүх юм бэлэн” гэж хэлсэн. Надад “гэр бүлээр чинь 8 сая төгрөгөөр гаргаж өгнө” гэж урьдчилгаа авна гэсэн. Би О.Ж-д урьдчилгаа гэж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5087054765 дугаарын данснаас 2.500.000 төгрөг, 12 дугаар сарын 11-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. ОЖ- надад 7 хоногийн дотор виз гаргаж өгнө гэж хэлсэн боловч виз гаргаж өгөөгүй. О.Ж- миний хохирлоос нэг удаа 100.000 төгрөг өгч байсан санагдаж байна. Өөр мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 193-р хуудас/,

 

Гэрч Ц.Батжаргалын “... Би  Солонгос Улс руу эмчилгээний журмаар хүмүүс гаргадаг байсан. О.Ж- өөрийн хамаатны 2 хүнийхээ материалыг өгч Солонгос руу гаргуулж байсан. Надаас 250.000 төгрөг зээлчихээд алга болчихсон. 2017 оны зун над руу дахин холбогдож миний мөнгийг өгчихөөд дахин 2 хүний виз гаргуулах гэсэн юм гээд материалыг нь авчирч өгсөн. Сүүлийн 2 хүний нэг нь визэнд орсон боловч гараагүй. Харин нэг хүний материал нь визэнд орох боломжгүй байсан. Тэгээд 2 хүний материалаа ав гэхээр авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 163-165-р хуудас/,

 

Гэрч Б.Ганболд “...О.Ж- 9 жил орчим Солонгост ажиллаж амьдарч байгаад 2015 онд Монголд ирсэн. Дүү маань Солонгосоос ирэхдээ жирэмсэн ирсэн бөгөөд солонгос залуутай хамт ирсэн. Нөхөр нь гэх залуу хүүхдээ төрсөнөөс хойш 10 гаран хоногийн дараа нутаг буцсан. Үүнээс хойш Монголд ирээгүй ...Энхтуяад 4.000.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-36-р хуудас/

 

Шүүгдэгч О.Ж-гийн “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 48-70-р хуудас/

 

Шүүгдэгч О.Ж-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би Г.А-т Солонгос улсын виз 30 хоногийн дотор найдвартай гаргаж өгнө гэж 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар 5.090.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн өдрийнхөө орой дахин 925.000 төгрөгийг шилжүүлж нийт 6.015.000 төгрөг гадаад паспортын хамт авсан. Би Г.А-аас авсан мөнгийг өрөндөө өгчихсөн. Мөн би 2017 онд Солонгос улсын виз гаргаж өгнө гэж Энхтуяа, Эрдэнэбат нараас мөнгө авсан... Энхтуяа эгч 2017 оны 10 сарын эхээр надад охиныхоо болон 2 дүүдээ Солонгос улсын виз гаргуулъя гээд 6.000.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дахин 6.000.000 төгрөг шилжүүлж, нийт 12,000,000 төгрөг өгсөн. Би О.Э- эгчээс авсан мөнгийг өрөндөө өгчихсөн.  Гантуяа, Ариунболор нартай хамтарч ажиллаагүй, мөнгөнөөс авсан зүйл байхгүй....

       2017 оны 12 дугаар сард Мөнх-Учрал гэдэг залуу виз гаргуулъя гэж уулзаж байсан. Би түүнд виз гаргаж өгөхөөр болж материалыг нь бүрдүүлнэ миний хөөцөлдсөн хүмүүсийн виз нь найдвартай гарч байгаа гэж хэлээд түүнээс нийт 2 удаагийн шилжүүлгээр 3 сая төгрөг авсан. Тэгээд мөнгийг нь хувьдаа хэрэглээд дуусгасан. Д.Э- гэдэг хүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 3 сая төгрөг авсан. Материалыг нь бүрдүүлээд Солонгос улсын элчин сайдын яаманд оруулсан боловч виз нь гараагүй, түдгэлзсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-137-р хуудас, хх-ийн 2-р хавтас 6-7-р хуудас, 119-122-р хуудас, 195-196-р хуудас, 207-208-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч О.Ж-гийн хувьд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн биелүүлэх боломжгүй зүйлийг амлаж, өөрийгөө “солонгос нөхөртэй, Солонгос улсын иргэн” хэмээн хохирогч нарт итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Э-аас 3.000.000 төгрөг, хохирогч О.Э-гаас 12.000.000 төгрөг, хохирогч Г.А-аас 6.000.000 төгрөг, хохирогч Ж.М-аас 3.000.000 төгрөг тус тус залилан авч, нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Ж- 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 11-ний хооронд удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий 4 хохирогчийг хуурч мэхлэн нийт 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь хоорондоо харилцан хамааралтай, цаг хугацаа болон орон зайны хувьд ойролцоо үйлдэгдсэн тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Ж-г бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.        

 

          Шүүгдэгч О.Ж-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар нь “хэргийн үйл баримт болон болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

        

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ад 3.000.000 төгрөгийн, хохирогч О.Э-д 12.000.000 төгрөгийн, хохирогч Г.А-т 6.000.000 төгрөгийн, хохирогч Ж.М-д 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогч О.Э-д 12.000.000 төгрөгийн, хохирогч Г.А-т 6.000.000 төгрөгийн, хохирогч Ж.М-д 3.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн байна. Харин хохирогч Д.Э-ад учирсан хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч О.Ж-гээс 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-ад олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийнхариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д 1 жилийн хорих ялыг оногдуулах, хорих ялыг нээлтэй хорих байгууллагад дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

 Шүүгдэгч О.Ж- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр ял шийтгүүлж байсан боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд энэ гэмт хэрэгтэй ойролцоо буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн бусдыг хуурч залилан мэхлэх гэмт хэрэгт үйлдэж ял шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхээс оногдуулсан торгох ялаа бүрэн эдэлсэн байна.

 

          Шүүгдэгч О.Ж-д ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 5 настай охины хамт ам бүл 2-уул өрх толгойлж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ж- нь “Ариг буурал” ХХК-нд борлуулалтын менежерээр сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг ба шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

           Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ж-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Ж- нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Б- овогт О-гийн Ж-г бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ж-д мэдэгдсүгэй.

 

 

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Ж-гээс 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-ад олгосугай.

 

6. Шүүгдэгч О.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэг хураагдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Ж-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР