Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 294

 

 

 

    

 

 

 

   2020        05            08                                   2020/ШЦТ/294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд /томилолтоор/,

шүүгдэгч М.Ө-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /ҮД:0611/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт М-ын Ө-д холбогдох эрүүгийн 200200113000 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “SRT” худалдааны компанид аудиторч ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 38Б дүгээр байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогт М-ын Ө-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Ө- нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,0934 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг,

Мөн өдөр өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 38Б байрны грашид байх 10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “LSD” /Lysergide/ гэх нэршилтэй бодис /дөрвөлжин хэлбэртэй цаасан зүйл/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 200200113000 дугаартай хавтаст хэргээс:

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1110 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1106 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1109 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-33-р хуудас/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын №258 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

 Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны Зэрлэг олсны ургамлын тархацын талаарх холбогдох судалгааны баримтууд /хх-ийн 65-86-р хуудас/

Шүүгдэгч М.Ө- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/, Гадаад паспортын хуулбар /хх-ийн 50-55-р хуудас/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 56-63-р хуудас/, гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа /хх-ийн 96-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ө-ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ..

 

          Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Ө- нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,0934 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

          

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...М.Ө- “надад мансууруулах бодис  байгаа” гэж хэлээд өмссөн саарал өнгийн малгайтай цамцны халааснаас жижиг хэмжээтэй, өнгөгүй хуванцар саван дотор бор өнгийн шавар мэт зүйл байсныг гаргаж өгснийг тэмдэглэлд тусгав. Уг бор өнгийн шавар мэт зүйлийг цахилгаан жингээр шалгаж үзэхэд 0.09 грамм байв... /хх-ийн 9-р хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд ... М.Ө- нь тестэнд заагдсан бодиснуудаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар Кетамин, тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисуудыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэв тусгав.../хх-ийн 10-11-р хуудас/,

        Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-р хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1110 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “М-ын Ө-” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1106 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай бор ногоон өнгийн зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай бор ногоон өнгийн зүйлийн хуванцар савтай жин нь 4,7098 г, цэвэр жин нь 0,0934 г байна...” гэх  дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/

 

   

         Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны Зэрлэг олсны ургамлын тархацын талаарх холбогдох судалгааны баримтууд /хх-ийн 65-86-р хуудас/

Шүүгдэгч М.Ө- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед өөрийн эзэмшлийн 10-99 000- улсын дугаартай Тоёота вранглер маркийн машинаа 19 дүгээр хорооллын дэргэд байрлах засварын газраас аваад шууд гэртээ харьж, грашдаа машинаа байрлуулчихаад гараад иртэл хоёр цагдаа ирээд “Цагдаагаас явж байна. Шалгах зүйл байна’’ гэж хэлсэн. Ингээд уг хоёр хүний хамтаар Хар тамхитай тэмцэх газарт ирсэн. Миний биед үзлэг хийхэд халааснаас дугуй хэлбэрийн саванд хийсэн бага хэмжээний шавар гарсан. Уг шаврыг хураан авсан. Гэрт очоод үзлэг хийхэд мансууруулах бодис илрээгүй. Харин грашд байсан машинд үзлэг хийгээд цаасан материалтай, дөрвөлжин хэлбэртэй зүйл хураан авсан. Шинжилгээнд эдгээр зүйлсийг хүргүүлнэ гэсэн. Дүгнэлтийг надад танилцуулахад биеэс илэрсэн дугуй хэлбэрийн савтай зүйл шавар гэдэг мансууруулах бодис байсан. Машинаас хураан авсан цаасан зүйл нь бас нэг төрлийн мансууруулах бодис байсан. Биед хийсэн үзлэгээр хураан авсан шаврыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улсын их дэлгүүрийн дэргэд явж байгаад өмнө нь таньдаг байсан залуутай тааралдсан. Тэр залуу надад “Хэрэглэж үз” гээд өгөхөөр нь юм бодолгүй авчихсан. Би тэр залуутай уулзаагүй 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ба тэр өдөр тааралдсан юм. Тэр залуугаас авсан шавараа хүнгүй зэлүүд газар очоод ганцаараа сорж хэрэглэсэн. Машинд хийсэн үзлэгээр илэрсэн зүйлийг мэдэхгүй. Яагаад миний машинд байсан болохыг мэдэхгүй байна. ...Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэм буруугаа ухамсарлаж, ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр нөлөөлдөг  олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.

 

         Шүүгдэгч М.Ө-ий хувьд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,0934 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

           

         Харин шүүгдэгч М.Ө-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 38Б байрны грашид байх 10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “LSD” /Lysergide/ гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр орон байр, бусад газарт нэгжлэг хийх зэрэг хуульд заасан тодорхой ажиллагааг явуулах эрхтэй боловч уг ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлэх ба прокурор уг баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

Энэ хэргийн тухайд мөрдөгчөөс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд шүүгдэгч М.Ө-ий орон байр болон тээврийн хэрэгсэлд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийсэн ба уг ажиллагааны тэмдэглэлд “...10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн автомашинд үзлэг хийхэд жолоочийн эсрэг буюу баруун талд байрлах суудал дээр хар цүнх байх ба уг цүнхэн дотор байх шүдэнзний хайрцаганд 2 талдаа хээ мэт дүрстэй дөрөлжин хэлбэртэй, цаасан мэт материалтай зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав...” гэжээ. /хх-ийн 3-4-р хуудас/

Нийслэлийн Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай тогтоолд шүүгдэгч М.Ө-ий орон байр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 38Б байрны 03 тоотод нэгжлэг хийсэн, шүүгдэгч М.Ө-ий биед үзлэгээр илэрсэн “шавар”-ыг хураан авсан ажиллагаа, мөн хүний биеэс биологийн дээж авсан, гар утсанд үзлэг хийсэн ажиллагааг хүчинтэйд тооцож шийдвэрлэжээ. /хх-ийн 14-15-р хуудас/

Харин шүүгдэгч М.Ө-ий эзэмшлийн 10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн автомашинд прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийсэн ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг прокуророос шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

         Хэдийгээр уг автомашинаас хураан авсан дөрвөлжин цаас бүхий материалаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “LSD” /Lysergide/ гэх нэршилтэй бодис илэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1109 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 30-33-р хуудас/ тогтоогдсон боловч шүүгдэгч М.Ө-ий эзэмшлийн 10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн автомашинд прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийсэн ажиллагааны үр дүнд хураан авсан эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

          Иймд М.Ө-д холбогдох “10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “LSD” /Lysergide/ гэх нэршилтэй бодис /дөрвөлжин хэлбэртэй цаасан зүйл/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        

Шүүгдэгч М.Ө-, түүний өмгөөлөгч нараас “гэм буруугийн” талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгч М.Ө- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №258 дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 35-36-р хуудас/,

           Шүүгдэгч М.Ө- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 64-р хуудас/ батлагдаж байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.         

            Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэхийн зэрэгцээ түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч М.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Тэнссэн, хязгаарлалт тогтоосон хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл мөн санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Ө-д мэдэгдэх нь зүйтэй.

            Эд мөрийн баримтаар хураагдсан 0,0934 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч М.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг/ хоногтой болохыг дурдаж байна.

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.Ө- нь төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ө-д холбогдуулан 10-99 000- улсын дугаартай “Wrangler” маркийн тээврийн хэрэгсэлд  Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “LSD” /Lysergide/ гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Б- овогт М-ын Ө-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Ө-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Ө-ийг мансууруулах бодис хэрэглэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Шүүгдэгч М.Ө- нь тэнссэн, хязгаарлалт тогтоосон хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл мөн санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Ө- нь энэ хэрэгт 1 /нэг/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,0934 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР