Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

  2020         04           01                                    2020/ШЦТ/184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-,

шүүгдэгч Э.Г-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч- овогт Э-ын Г-эд холбогдох эрүүгийн 19030106300000 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, “Хан хур” ХХК-нд агуулахын нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 4б байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч- овогт Э-ын Г

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 0.27 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хюндай соната-7” маркийн 19-13 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2019 оны 9 дүгээр сарын 11-ний 10 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик” явах замд Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсний улмаас замын хашлага мөргөж, зорчигч 5 настай Т.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг 23 цагийн үед гэртээ ирэхэд манай хадам аав Э.Г-тэй хамт айраг уугаад нилээн согтуу сууж байсан. Би айраг уучихсан байсан тул Э.Г-ээс эгч нь машин барьж чадахгүй юм байна чи дэлгүүр яваад өгөөч гэж гуйсан. Манай хадам аавын согтолт гараагүй байсан. Би тухайн үед жолоочийн арын суудалд сууж байсан. Э.Г- машины рулийг татаад замын хашлага руу оруулсан. Би тухайн үед юу болж байгааг анзаараагүй. Манай хадам аав Э.Г-ийг гэрт байхад айраг аягалж өгөхөд Э.Г- 2-3 аяга айраг уусан. Шүүгдэгч Э.Г- нь манай хүү Б.Батхишигийн эмчилгээний зардал 830.000 төгрөг, мөн машины эвдрэлийн төлбөрт нийт 5.200.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Одоо манай хүүхдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа...” гэв. 

 

Эрүүгийн 1903010630000 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Р.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч О.Цэрэндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №11293 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №11292 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

Жолооч болон явган зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-р хуудас/

102-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-р хуудас/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 56-60-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Б-ийн өвчний түүх /хх-ийн 54-60-р хуудас/,

Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45-46-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-22-р хуудас/, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Д.Э-ын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 76-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 79-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.Г- нь  2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 50 минутын орчимд 0.27 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хюндай Соната-7” маркийн 19-13 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик”-ийн замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж замын хашлага мөргөж, зорчигч 5 настай Т.Б-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-гийн “...Т.Б-ийн тархины яс цуурсан, толгойдоо оёдол тавиулсан, өөр гэмтэл аваагүй. Э.Г- нь эмчилгээний зардалд 830.000 төрөг өгсөн. Надад эмчилгээнд зарцуулсан зардлын талаарх баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Р.Б-гийн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө “Хюндай Сонота-7” маркийн 19-13 000- дугаартай автомашиныг жолоодон Э.Г-ийн гадаа очсон. Би Э.Г-ээр машинаа бариулаад дэлгүүр орж 2 шил архи аваад хадам аавдаа өгсөн. Э.Г- архи задлах үед нэг татах шиг болсон. Тэгээд айраг уугаад байсан. Э.Г- “утсаар ярих хэрэг байна. Утас цэнэггүй болчихлоо. Дэлгүүр орох хэрэгтэй байна” гээд байсан. Тэгэхээр нь хадам аав,  манай хүүхэд бид хэд машинд суугаад Э.Г- машин жолоодож явсан. Дэлгүүрээс 1 шил архи, 1 зайрмаг, 1 тамхи аваад явах замдаа хашлага мөргөсөн. Би жолоочийн хойд талд сууж явсан болохоор сайн хараагүй, гэнэт түс тас гэсэн. Манай хүү Т.Б-ийн эмчилгээний зардалд 300.000 төгрөгийн зардал гарсан. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа. Миний биед хохирол учраагүй эмчилгээ хийлгээгүй, надад өөр нэмж ярих зүйл, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Э-ын...Машины урд хэсэг эвдэрсэн. Х.Сонота-7 маркийн 19-13 000- дугаартай автомашин “ТЭБЭ сервис” ХХК –ийн нэр дээр бүртгэлтэй. 2013 оны машин 2019 оны 8 дугаар сард Бүгд найрамдах Солонгос улсаас авсан. Одоогоор машинаа янзлаагүй байгаа. Уг машиныг засаж янзалж хэвийн болгоход яг хэдэн төгрөг зарцуулагдахыг тооцоогүй, манай байгуулага нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын үнэлгээ хийлгээгүй. Бурмаа гэх хүнтэй гэрээтэй тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Гэрч О.Цэрэндоржийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 11 цагийн үед манай хажуу айлын хүү, бэр Бурмаагийн “Хюндай Сонота-7” маркийн 19-13 000- дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон баруун зүгт явсан. Манай бэр Бурмаа “гэрт байгаад яахав цуг дэлгүүр ороод ирнэ” гээд явсан. Би жолоочийн хажуу суудал дээр ойр орчмыг хараад явж байсан. Гэтэл гэнэт юм мөргөөд урд салхины шил хагарсан, яг юу болсныг сайн санахгүй байна. Хойд суудал дээр сууж явсан манай бэр хүүгийн хамт гэмтсэн юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №11293 дугаартай дүгнэлтэд:

1. Р.Б-гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №11292 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Б-ийн биед зүүн зулай, чамархай ясны ил хугарал, зулайн

чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн гэмтэл байна.

            4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт

эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 31-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

 

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлд: Жолооч Э.Г-ийн согтолтын хэмжээ 0.27 хувь байна. /хх-ийн 9-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 138 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Х.Соната-7 маркийн 19-13 000- дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй. /хх-ийн 134-р хуудас/,

 

102-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Б-ийн өвчний түүх /хх-ийн 54-60-р хуудас/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 56-60-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Э.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санап хүсэлт байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Би хохирогчийн ээж Р.Б-д нийт 800.000 төгрөг өгсөн. Надад хөнгөн ял оноож өгнө үү. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Шүүгдэгч Э.Г-ийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хажуугийн хашлага мөргөж насанд хүрээгүй хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Г-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Батхишигийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Э.Г- нь Б.Батхишигийн эмчилгээний зардал мөн машины төлбөр, нийт 5.200.000 төгрөг төлсөн. Шүүгдэгч Э.Г-эд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Э.Г-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанцэцэгээс “...шүүгдэгч Э.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

 

 Шүүгдэгч Э.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Э.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодохыг 03 /гурав/ жилийн хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

 Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-эд мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

       

Шүүгдэгч Э.Г-ийн АВ ангилалын 0000 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ч- овогт Э-ын Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Э.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодохыг 3 жилийн хугацаанд хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-эд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-эд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 506.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-д 5.200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Э.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР