Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 266

 

 

       

 

 

 

 

     2020         04          29                                    2020/ШЦТ/266

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Билгүүтэй,

шүүгдэгч С.У-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт С-гийн У-т холбогдох эрүүгийн 20030013700000 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “А-Т-" ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 41 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн С-гийн У-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С-гийн У- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрэл” ХХК-ийн урд талын автобусны буудлын замд “Хьюндай Айро Сити-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 23 настай, эмэгтэй Я.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2003001370000 дугаартай хэргээс:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5, 7-12-р хуудас/,

Хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

Иргэний хариуцагч Б.Билгүүтэйгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №2219 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн №888014 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-52-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дүрс бичлэгт хийсэн №1089 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-64-р хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 85-86-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 101-110-р хуудас/,

Жолоочийн лавлагаа /хх-ийн 15-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 16-р хуудас/,

Шүүгдэгч С.У-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг

/хх-ийн 81-82-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-86-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 89-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 90-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 91-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 92-р хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 93-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 94-р хуудас/, гэрч Б.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, гэрч Д.Болдбаярын мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч Б.Ундрахын мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.У-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч С.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрэл” ХХК-ийн урд талын автобусны буудлын замд “Хьюндай Айро Сити-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч хохирогч Я.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцралт, баруун зулай, чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн ар хэсэгт шарх, баруун бугалга, тохой, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5, 7-12-р хуудас/,

 

Хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох “Эрэл” ХХК-ийн урд талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний зохицуулагддаггүй гарцаар засмал зам хөндлөн гарч яваад нийтийн тээврийн том оврын автобусанд мөргүүлж тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрээд “би хаана байна гэж” хамаатны эгчээсээ асуухад гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Миний биеийн байдал хөндүүртэй, толгой байнга өвдөнө, 5 төрлийн эм ууж унтаж байгаа. ...Тухайн үед зам орчны нөхцөл байдал гадаа гэгээ ороогүй харанхуй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан...мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №2219 дугаартай шинжээчийн ...Я.О-ын биед гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцралт, баруун зулай, чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн ар хэсэгт шарх, баруун бугалга, тохой, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дүрс бичлэгт хийсэн №1089 дугаартай шинжээчийн: ...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 4761_200131070056_1.Avi гэсэн нэртэй дүрс бичлэгийн тоглуулагчийн цагаад 00:00:11 дэх секундэд дэлгэцийн зүүнээс баруун гар тал руу авто замын зорчих хэсгийн явган хүний гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж буй мэт дүрс дүрслэгдэж байна. Шинжлэгдэж буй “Huyndai Aero-City-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-64-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн №888014 дугаартай: ...42-86 0000- улсын дугаартай  “Huyndai Aero-City-570”  маркийн автобус нь техникийн хувьд зүүн ба баруун талын их гэрэл хол, ойр дээр бүрэн шилжиж асдаг, шил арчигч, цан үлээгүүр, дуут дохио ажилладаг, салхины болон заалны шилнүүд, арыг харах тольнууд бүтэн, урд ба хойд дохионууд, ухрах арааны, оврын гэрлүүд, хойд дугаарын гэрэл бүгд асдаг. Тоормосны хий хураалт, дамжуулах хоолойнуудын /труп/ битүүмж сайн, цахилгаан одометр, спидометр ажилладаг, гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа сайн байгаа зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ алдагдсан, утаан дахь тортогжилтын хэмжээ их байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүр бага зэргийн тос гоожилттой, утаан дахь тортогжилтын хэмжээ их, тэнхлэг тохиргоо алдагдсан, өнгө үзэмж дунд зэрэг байгаа эвдрэл гэмтлүүд нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохиргоо, зүгшрүүлэлт хийгдээгүйгээс үүссэн хуучин гэмтэл байх боломжтой. Эдгээр эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь хийн тоормозны системтэй, тоног  төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн дүн, туршилтын жолоодлогоос үзэхэд тоормосны систем ямар нэг эвдрэлгүй хэвийн ажиллаж байлаа. Хийн тоормосны системтэй автомашин тоормоз гишгэхэд тоормозны мөр зам дээр үүснэ. Тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна. Ажиллахгүй тохиолдолд жолооч хэдэн киломерт цагийн хурд сонгож замын хөдөлгөөнд оролцож буйгаа тодорхойлох боломжгүй болно... шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-52-р хуудас/,

 

        Иргэний хариуцагч Б.Билгүүтэйгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тухайн зам тээврийн осол, хэргийн манай “Авто Терминал трейд” ХХК-ний эзэмшлийн “Huyndai Aero-City-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай автобусанд ямар нэг эвдрэл, гэмтэл учраагүй. ...Тухайн зам тээврийн осол хэрэг гардаг өдөр манай “Авто Терминал трейд” ХХК-ний эзэмшлийн “Huyndai Aero-City-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай автобусыг жолооч С.У- хувиарын дагуу жолоодон хөдөлгөөнд оролцох ёстой байсан учраас шалгах механик өглөө ажилд ирэхэд нь  биечлэн шалгаад ажилд нь гаргасан. С.У- нь манай “Авто Терминал трейд” ХХК-ний ажилтан жолооч учраас автобус жолоодон хөдөлгөөнд орох зөвшөөрөл өгсөн. ...Зам тээврийн осол, хэрэг гарахад ямар нэгэн буруутай үйлдэл гараагүй гэж үзэж байгаа болохоор тухайн жолооч өөрөө буруутай үйлдлээ хариуцан бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах ёстой гэж үзэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 85-86-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 101-110-р хуудас/,

Жолоочийн лавлагаа /хх-ийн 15-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 16-р хуудас/,

Шүүгдэгч С.У-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн өглөө 07 цаг  30 минутын орчимд өөрийн ажилладаг “Авто Терминал трейд” ХХК-ний эзэмшлийн “Huyndai Aero-City-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай автобусыг жолоодон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Эрэл” ХХК-ний урд талын засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчиж яваад уг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан авто машиныг тойрч гараад баруун талаас эсрэг урсгалд явж байсан автомашины гэрлийн гялбаанд орон уг зорчих хэсгийн явган хүний зохицуулагддаггүй гарцаар засмал зам хөндлөн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явсан явган зорчигч эмэгтэйг тулж ирээд харан жолоодож явсан автобусныхаа тоормозыг гишгэн уг явган зорчигч эмэгтэйг мөргөхгүйг хичээн жолооныхоо хүрдыг зүүн гар тийш нь зайлуулж дарсан боловч явган зорчигч эмэгтэйг автобусныхаа баруун урд хэсгээр мөргөж засмал замын хойд талын хашлага руу унагасан. Би жолоодож явсан автобуснаасаа бууж ирэхэд уг явган зорчигч эмэгтэй зорчих хэсгийн хойд талын боржурыг толгойгоороо мөргөөд толгойгоо хагалчихсан, толгойноос нь цус гоожоод зам дээр хэвтэж байсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би явган зорчигч эмэгтэйг ойролцоогоор 1-2 орчим метрийн зайнаас харсан. ...Би тээврийн хэрэгсэл жолоодох B, C, D ангиллын хүчинтэй жолооны эрхийн үнэмлэхтэй, 2002 онд анх жолооч болж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Шүүгдэгч С.У-ын хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч хохирогч Я.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч С.У- нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.У- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.У-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.У-ын жолоодон явсан “Huyndai Aero-City-570” маркийн 42-86 0000- улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Авто Терминал трейд” ХХК-ний эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 41-р хуудас/ тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг хор уршигт тооцно.

           Шүүгдэгч С.У-ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Я.О-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна. Хохирогч Я.О- нь эмчилгээний зардалд 2.191.950 төгрөг нэхэмжилсэн нотлох баримт /хх-ийн 112-144-р хуудас / хэрэгт ирүүлсэн бөгөөд хохирогч нь “эмчилгээний болон бусад зардалд нийт 5.600.000 төгрөг С.У-аас авсан тул гомдолгүй” гэж шүүхийн шатанд бичгээр хүсэлтээ /хх-ийн 164-р хуудас/ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөн иргэний хариуцагч Авто Терминал Трейд ХХК нь хохирогч Я.О-д 2.126.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж байна.

 

          Хохирогч Я.О-ын биед хүнд гэмтэл учирсан тул эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагаас ...Зам тээврийн ослын гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч С.У- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөд байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодож эхнэр, 3-н хүүхдээ тэжээдэг хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хуульд заасан доод хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч С.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч С.У-ын тээврийн хэрэгсэл жолоодохыг 1 /нэг/ жилийн хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

 Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч С.У-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан С-гийн У-ын 00000- дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.У- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овгийн С-гийн У-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.У-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч С.У-ыг тээврийн хэрэгсэл жолоодохыг 1 /нэг/ жилийн хугацаанд хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.У-т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.У-т тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 489.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Я.О-д эмчилгээний зардалд шүүгдэгч С.У- 5.600.000 төгрөг, иргэний хариуцагч Авто Терминал Трейд ХХК  2.126.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

8. Хохирогч Я.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан С-гийн У-ын 00000- дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Шүүгдэгч С.У- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР