Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 353

 

 

 

    2020           04             10                                        2020/ШЦТ/353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шинжээч: О.Болороо,

Шүүгдэгч, хохирогч С.Д-, түүний өмгөөлөгч О.Аззаяа,

Шүүгдэгч, хохирогч С.Ш-, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н- булагынхан овогт С-ын Д-, Г- овогт С-гийн Ш- нарт холбогдох эрүүгийн 2005000130000 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т-ХХК-д аж ахуйн албаны дарга ажилтай. Ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 427 дугаар байрны 00 тоотод түр оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг, Түнхэл тосгонд оршин суух бүртгэлтэй. Ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Н- булагынхан овогт С-ийн Д

   2. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Би Ай Би ХХК-д жолооч ажилтай. Ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамж 0000 тоотод оршин суудаг. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. Г- овогт С-гийн Ш-

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ байгууллагын авто зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсоосон гэх шалтгаанаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Т-ХХК-ийн авто зогсоол дээр иргэн С.Ш-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган толгой тус газар нь цохиж биед нь тархи доргилт, духны няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хүзүү, эрүү, чихний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ш- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Т-ХХК-ийн авто зогсоол дээр байгууллагын авто зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсоосноос үүссэн маргааны улмаас иргэн С.Д-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган цээжин дээр өвдөглөж биед нь зүүн 2 дугаар хавирганы далд хугарал  гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч С.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ байгууллагын авто зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсоосон гэх шалтгаанаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Т-ХХК-ийн авто зогсоол дээр иргэн С.Ш-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган толгой тус газар нь цохиж биед нь тархи доргилт, духны няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хүзүү, эрүү, чихний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ш- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Т-ХХК-ийн авто зогсоол дээр байгууллагын авто зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсоосноос үүссэн маргааны улмаас иргэн С.Д-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган цээжин дээр өвдөглөж биед нь зүүн 2 дугаар хавирганы далд хугарал  гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д- “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ш- “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д-: “...Ш-тай зодолдсон асуудал нь миний согтуугаас болсон. Үүнд миний гэм буруу байгаа. Тухайн үед Ш- миний өөдөөс турхирахгүйгээр “уучлаарай ахаа” гээд өнгөрсөн бол чи зүгээр явуулчих байсан. Ш- өөрөө согтуу хүний өөдөөс турхираад байсан болохоор ийм алдаа гаргачихлаа. Ш- миний хүүхэд шиг хүүхэд байсан. Ш-аас уучлалт гуйж байна. Би шаардлага тавьсан. Намайг эсэргүүцээд бууж ирээд “ална” гэж хэлээд заамдсан. Би зөрүүлээд заамдсан. Тэгээд өөрөө газар мөргөөд тархиа хагалчихсан байсан. Би босгохгүй гээд дээр нь дарчихсан байсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ш-: “...Би гомдолтой байна. Маш их хохирсон. Тархинаасаа болоод мартаж санадаг болсон. Толгой өвддөг болсон. Энэ хэргээс болоод ажлаа хийж чадаагүй. Гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 18 цагийн үед байгууллагынхаа хашаанд автомашин засвар хийж байгаад нэг машин зогсоолоос гарах гэж байхаар нь би зогсоол хаасан трос нээж өгч гарах гэж байгаа машиныг гаргаж өгье гэж бодоод очтол тэр гарах гэж байсан машин, миний өдөр харсан танихгүй машин байхаар нь би тэр машины жолоочид “ахын дүү энд танихгүй машин оруулдаггүй юм аа” гэж хэлсэн чинь тэр машины жолооч “миний машин биш ээ, хүний машин байгаа юм” гэхээр нь би тэр залууд “наана чинь уг нь байгууллагын машинд хамаарахгүй гэсэн тэмдэг байгаа биз дээ” гэсэн чинь тэр залуу надад “би мэдэхгүй та эзэнд нь хэлээрэй” гэж хоёр удаа хэлэхээр нь би тэр залууд “ууг нь би чамд хэлээд байгаа биз дээ” гэсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд “чи муу юу гээд байгаа юм бэ, ална чамайг” гээд намайг заамдаад авсан. ...Миний биед учирсан гэмтлийг хэрэг болдог өдөр надад зодуулсан гээд байгаа залуу эгчийгээ ирсэн хойно намайг боож унагаад миний дээрээс цээжин дээр өвдөглөж дараад боогоод байсан. Тэр үед миний хавирга хугарсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

Хохирогч С.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгчийнхээ машиныг халаагаад зогсож байтал нэг согтуу хүн над дээр ирээд “2000 төгрөг өг, та нар шиг новшнууд энд машинаа оруулж ирж тавьдаг юм” гэж хэлэхээр нь би согтуу хүнд “хүний машин байгаа юм, би машиныг нь хүнд нь өгчхөөд мөнгийг нь аваад ирье” гэсэн чинь тэр согтуу ах “чи юу гээд байгаа юм” гээд намайг заамдаад авсан. Тэр үед би тэр ахад “би мөнгийг чинь аваад ирье” гэж хэлсэн боловч намайг заамдаад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд тэр ахыг “та яагаад байгаа юм бэ” гээд нэг удаа түлхсэн. Тэр үед нөгөө ах намайг боогоод унагасан. Тэгээд намайг газар боож унагаад ямар нэгэн бие хамгаалах боломжгүй болгоод зодсон. ...Ямарч байсан тэр ах намайг заамдан авч боогоод би ухаан балартаад унасан. Тэгээд нэг сэргэсэн чинь миний толгой тархи хагарчихсан цус гарч байсан бөгөөд манай эгч ирж намайг салгасан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хохирогч С.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...миний гар утас Самсунг Эс-7 маркийн гар утас байсан...доод хэсэг нь хагарсан, хүйтэнд явахаар гол хэсгээрээ ажиллахгүй жирэлзээд байгаа..би өөрийн гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна. Тэр ах миний гар утасыг авч шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

Хохирогч С.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... гомдол гаргаад байгаа тэр залуу миний гар утасыг авч шидсэн...үнэлгээ хийлгээд авч ирэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

Гэрч Ц.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...машин руугаа явсан чинь яг миний өөдөөс Ш-ын нүүр нь нил цус болчихсон “аниа энэ хүн намайг зодоод байна шдээ” гээд хүрээд ирсэн. Тэр үед Ш-ын араас нэг согтуу хүн “та нарыг ална аа” гээд ирж байсан. Тэр үед би нөгөө хүнд “чи чинь яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр согтуу “та нар шиг гуйлгачин, гөлөгнүүдийг ална” гээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Ш- нь өөрийг нь зодсон хүнийг цохих гээд байхаар нь би хэрэггүй гээд салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 624 дугаартай “...С.Ш-ын биед тархи доргилт, духны няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хүзүү, эрүү, чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 1395 дугаартай “...С.Д-ын биед зүүн 2 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-47 тал/

            Шүүгдэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй, өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 тал/

Шүүгдэгч С.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр хүнд зодуулсан бөгөөд тэр хүнд огт гар хүрээгүй. Тийм байхад гэмт хэрэгт холбогдоод байгаагаа ойлгохгүй байна. Тэр өдөр хохирогч гэх ах намайг зодчихоод зугтаах гээд байсан. Дуудлагар ирж байгаа цагдаа нар наад хүнээ бариад байлгаж байгаарай гэхээр нь би тэр хүнийг барьж аван газар унагаад дараад ярьж байсан. Би тэр хүнийг гэмтээх гэж гар хүрч гэмтэл учруулаагүй. Тэр хүн ах газар унаад байхдаа “...чи намайг цохь, цохь хоёулаа харилцан зодоон болгоё...” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56 тал/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 тал/, Т-ХХК-н тодорхойлолт /хх-ийн 59 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 тал/, депозит дансны хуулга /хх-ийн 61-68 тал/,

Шүүгдэгч С.Ш-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 72 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн  74 тал/, Би Ай Ви ХХК-н тодорхойлолт /хх-ийн 75 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79 тал/, депозит дансны хуулга /хх-ийн 76-78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  С.Д-, С.Ш- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүгдэгч С.Д-  нь “...Хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа ойлгож байна. Миний өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би хохирлыг нөхөн төлнө...” гэж,

Шүүгдэгчийн С.Д-ын  өмгөөлөгч О.Аззаяа “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ш-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч С.Д- нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Өөрт учирсан 158,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Харин С.Д- нь баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийн нөхөн төлөхөө илэрхийлж байна. Гар утасны асуудлын хувьд шүүгдэгч С.Д- нь Ш-ын гар утсыг шидсэн асуудал байхгүй. Ш- нь “Энхмаа эгч ирсний дараа миний гар утсыг авч шидсэн” гэж мэдүүлдэг боловч С.Д- гар утсыг авч шидээгүй болох нь камерийн бичлэг болон Энхмаагийн мэдүүлэгт тодорхой байна. Тиймээс гар утасны хохирлыг С.Д-ын зүгээс нөхөн төлөхгүй. Өөр хэлэх зүйлгүй байна...” гэж,

Шүүгдэгч С.Ш- нь: “...Би өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан. С.Д- ахыг зодож цохиж, гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй. Зодвол би хэрэгт орно гэдгээ маш сайн мэдэж байсан. Тиймээс санаатайгаар гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол төлбөрийг гэм буруутай нь нотлогдвол төлж барагдуулна...” гэж,

Шүүгдэгч С.Ш-ын өмгөөлөгч И.Хонгор “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Д-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. С.Д- нь хэрэг гарсны маргааш өдөр буюу 23-ны өдөр 16 цагийн үед анх мэдүүлэг өгөхдөө “бид хоёр бие биенээ нэг ч удаа зодож цохиогүй, зүүн шанаа орчим хөндүүртэй байна, өөр учирсан гэмтэл шарх байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж хэлсэн байдаг. Гэтэл хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа ГССҮТ-д хандаад 5 хоногийн дараа томографийн шинжилгээ өгсөн. 96 цагийн дотор С.Д- нь ямар нэгэн байдлаар өөрөөр гэмтэх бүрэн боломжтой. Үүнийг үнэхээр шалгаж тогтоогоогүй. Ш-ын үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэдгийг баримтаар тогтоосон зүйл байхгүй байна. Камерийн бичлэгээс үзэхэд дарсан байсан гэж байна. Камерийн бичлэгийг зөвхөн өөртөө ашигтай байдлаар таслаад хэрэгт хавсаргасан. Камерийн бичлэгийг бүтнээр нь авах бүрэн боломжтой байсан. С.Д- нь Ш- болон Энхмаагийн гар утсыг авч шидсэн. Гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан нөхцөлийг С.Д- бий болгосон. Ийм учраас Ш-ын буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзээд гэм буруугүйд тооцож өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн  шууд үр дагавар  болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч С.Д-, С.Ш- нарын холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт  дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь харилцан үл ойлголцол, бие биенээ үл хүндэтгэсэн байдал, хоорондын харилцааны тааламжгүй байдлын улмаас маргалдан улмаар;

Шүүгдэгч С.Д- нь хохирогч С.Ш-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган толгой тус газар нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “биед тархи доргилт, духны няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хүзүү, эрүү, чихний цус хуралт” гэмтэл учруулсан болох  нь хэргийн 22-23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 624 дугаартай дүгнэлтээр,

Шүүгдэгч С.Ш- нь хохирогч С.Д-ыг хоолойг нь боож газарт унаган цээжин дээр нь өвдөглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед “зүүн 2 дугаар хавирганы далд хугарал” гэмтэл учруулсан болох нь хэргийн 32-33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1395 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн 46 дугаар хуудас дахь тэмдэглэл зэргээр  тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих  эрх зүйн чадамжтай этгээдүүд байх ба учирч болох хохирол хор уршгийг хүсээгүй боловч хууль бус үйлдлээрээ  хохирол, хор уршигт хүргэсэн болох нь шүүгдэгч нарыг гэмт хэргийг болгоомжгүйгээр,  сувьектив санаагүйгээр үйлдсэн гэх үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хууль бус үйлдлээрээ учирч болох хохирол, хор уршигийг хүсээгүй боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч С.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ байгууллагын авто зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсоосон гэх шалтгаанаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Т-ХХК-ийн авто зогсоол дээр иргэн С.Ш-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган толгой тус газар нь цохиж биед нь тархи доргилт, духны няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хүзүү, эрүү, чихний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж,

Шүүгдэгч С.Ш- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Т-ХХК-ийн авто зогсоол дээр байгууллагын авто зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсоосноос үүссэн маргааны улмаас иргэн С.Д-ыг заамдан хоолойг нь боож газарт унаган цээжин дээр өвдөглөж биед нь зүүн 2 дугаар хавирганы далд хугарал  гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж тус тус дүгнэж, шүүгдэгч С.Д-, С.Ш- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д- болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй харин шүүгдэгч С.Ш- болон түүний өмгөөлөгч И.Хонгор нар нь гэм буруугүй, шүүгдэгч С.Д-ын биед гэмтэл учруулаагүй гэж  маргасан болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 1395 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч С.Д-ын зүүн 2-р хавирга далд хугаралтай гэсэн бөгөөд  камерын бичлэгт үзлэг хийсэн хавтаст хэргийн 46 дугаар хуудас дахь тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмчийн тайлбар, хэрэг болсон цаг хугацаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэргийн хоорондын уялдаа холбоог нэгтгэн шинжлэхэд  уг хугаралыг шүүгдэгч С.Ш- учруулаагүй гэж үзэх боломжгүй байна.

Шинжээч эмч О.Болороо нь  1395 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтийн үндэслэлээ 2020 оны 01 сарын 02-ны өдрийн ГССҮТ-ийн эмч Мөнхдөлийн “…шүүгдэгч С.Д-ын  зүүн 2-р хавиргад далд хугаралтай…” гэх онош, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Med Trauma”  эмнэлгийн  эмч Б.Дамбажавын “ …шүүгдэгч С.Д-ын  Зүүн талын 2-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар зөрүүгүй хугаралтай” гэсэн оношийг үндэслэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан оношууд нь гэмт хэрэг болсон өдрөөс хойш 6 болон 12 хоногийн дотор хийгдсэн үзлэгээр хугаралыг тогтоосон байгаа нь цаг хугацааны хувьд шүүгдэгч С.Ш- нь  шүүгдэгч С.Д-ын цээж хэсэгт зүүн хөлийн өвдөгөөрөө өвдөглөх үедээ учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Шинжээч эмч О.Болороогийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....хавирганы хугарал нь ойролцоогоор 15-20 хоногийн дараа хуучин бороолсон гэмтэл гэж харагдана” гэх тайлбараар шүүгдэгч С.Д-ын зүүн 2-р хавирганд учирсан гэмтлийг гэмт хэрэг болсон цаг хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч С.Ш-ын шүүгдэгч С.Д-ын цээж хэсэгт зүүн хөлийн өвдөгөөрөө өвдөглөн дарсан үйлдлээр учруулсан гэж үзэх үндэслэл батлагдаж байна.

Дээрх тайлбараар шүүгдэгч С.Ш- болон түүний өмгөөлөгч И.Хонгор нарын “…гэм буруугүй, шүүгдэгч С.Д- нь эмнэлэгт үзүүлэх хүртэл гэмтэл мэдэгдээгүй, 2019.12.22-2019.12.27 хүртэл өөр нөхцөл байдлаар гэмтэл учирсан байх”  гэж маргасан нь тогтоогдохгүй, няцаагдаж байна.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч С.Д-д гэмт хэргийн улмаас 158.000 /нэг зуун тавин найм/ төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй, хохирогч С.Ш-д гэмт хэргийн улмаас 166.700 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ш-аас шүүхэд баримтаар ирүүлсэн              158.000 /нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д, шүүгдэгч С.Д-аас шүүхэд баримтаар ирүүлсэн 166.700 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ш-ын биед  учирсан гэмтлийн эмчилгээний зардалд тус тус олгож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ш- нь 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн гар утас эвдэрсэн,  хохирогч С.Д- нь мөн адил гар утас эвдэрсэн гэж нэхэмжилж байх хэдий ч эвдэрсэн гар утаснуудын  талаар үнэлгээ хийгдэж хэрэгт авагдаагүй, энэ талаарх үйл баримт тогтоогдохгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Д-, С.Ш- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Д-, С.Ш- нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Улсын яллагчаас шүүгдэгч С.Д-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч С.Ш-т 850 /найман зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялын саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж тайлбарлахдаа шүүгдэгч С.Ш- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргасан тул 850 /найман зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдэл, учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, торгох ялын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл байдал биш гэж үзлээ.

Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нарын үйлдэл, бие биедээ учруулсан гэмтэл, хохирлын шинж байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.Д-, С.Ш- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, шүүгдэгч тус бүрийг адил хэмжээгээр буюу  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгч С.Д-, шүүгдэгч С.Ш- нарт тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргахаар тогтсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Д-, С.Ш- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н- булагынхан овогт С-ын Д-, Г- овогт С-гийн Ш- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ыг 600/ зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-ыг 600/ зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-, С.Ш- нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Д-, С.Ш- нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ш-аас шүүхэд баримтаар ирүүлсэн 158.000 /нэг зуун тавин найм / төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д, шүүгдэгч С.Д-аас шүүхэд баримтаар ирүүлсэн 166.700 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуу/  төгрөгийг гаргуулж хохирогч С.Ш-ын биед  учирсан гэмтлийн эмчилгээний зардалд тус тус олгосугай.  

5. Шүүгдэгч С.Д-, С.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД-г хавтаст хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-, С.Ш- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ