Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

       2020           04         07                                       2020/ШЦТ/337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Г.О-, түүний өмгөөлөгч С.Отгонгэрэл,

Шинжээч эмч Б.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Ч-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогт Б-гийн Ч-д холбогдох эрүүгийн 19030141000000  дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамж, 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б- овогт Б-гийн Ч-, регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Ч-нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хороолол, Номин их дэлгүүрийн зүүн урд талын замд Тоёота Акуа маркийн 06-53 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яван зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.О-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Б.Ч-нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хороолол, Номин их дэлгүүрийн зүүн урд талын замд Тоёота Акуа маркийн 06-53 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яван зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс хохирогч Г.О-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй  нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-гийн “...2019 оны 12 дугаар сарын 10 өдөр 14 цагт явж байгаад О- гуайг мөргөж гэмтээсэн  Одинжил гуайгаас уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.О-ийн “...Би 67 настай хөгшин хүн. Тухайн хэр болдог өдөр  нарны хороолол орж хүүхдийнхээ хүүхдийг харж өгөөд гэр рүүгээ явж байх үед замаар гарсан. Би замаар харахдаа замын хоёр талыг сайн харж гарсан. Зам гарах гээд 2,3 алхам байх хооронд намайг машин ирээд мөргөөд би хол шидэгдсэн  байгаа. Энэ залуу охинтойгоо бууж ирээд намайг гэмтлийн эмнэлэг хүргэж өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр үед замын цагдаагийн хурандаа явж таараад намайг “та цагдаа түргэн иртэл битгий босоорой” гэж хэлсэн. Энэ залуу намайг та машинд суучих, даарч байгаа гэж хэлсэн. Манай тэнд шинээр баригдаж байгаа барилгын камерийн бичлэг дээр бүх зүйл ил тод гарсан байсан. Би шинжээч эмчийн гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөр мултарчихсан байхад шинжээчийн дүгнэлтийг яагаад хүндэвтэр гэж үзээд байгаа юм. Би мөнгөн гүүр эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Гэмтлийн сувилагчид өөрөөсөө мөнгө гаргаж өгч боолт хийлгүүлж байсан. Би унтахдаа ганцхан талаараа унтаж байгаа. Нийт би 8 сая төргөг нэхэмжилж байгаа. Дулаан орохоор амралт сувилалд явж эмчилгээ хийлүүлэх шаардлагатай байна. Сувилалд явах үед ганцаараа явж чадахгүй заавал хүнтэй явж туслуулахгүй бол болохгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад өөрийн гэр рүү ганцаараа явсан. ....Тэгэхээр нь явган хүний гарцан дээр очоод 2 тал руугаа харахад ямар ч хөдөлгөөн байхгүй байхаар нь гарцаар зам хөндлөн гараад явж байтал Нарны хорооллоос нэг цагаан өнгийн машин ирээд шууд намайг мөргөөд унагаасан. Би уг машинд мөргүүлээд газарт унасан. Миний толгой халзарсан байсан. Гэтэл жолооч нь машинаасаа бууж ирээд яанаа та настай хүн байна би таныг гэмтлийн эмнэлэг рүү аваад явна гэж хэлсэн.  ...Тэр үед олон машинууд сигналдаад байсан болохоор намайг мөргөсөн жолооч тэндээс  хөдлөх гээд байхаар нь би жолоочид хөдөлж болохгүй гэж хэлсэн. ...Би гэмтлийн эмнэлэгт хэвтээд мөрөндөө хагалгаа хийлгэсэн.Эмчилгээ хийлгэх хугацаанд бүтэн норкоз хийж байгаад хагалгаа хийсэн.Одоо шөнө унтахад айхтар зовиуртай байгаа. Гомдолтой байна. Би мөрөндөө чөмөг суулгасан. Би жаахан халуун юм идэж уухаар хөлрөөд байгаа. Хийсэн үйлдлээ мартаж санаад байгаа. Би 2 удаа норкоз хийлгэж хагалгаанд орсон...Жолоочоос  2 орчим төгрөгийг авсан байгаа, мөн өөрөөсөө 2 орчим сая төгрөгийн зардал гаргасан. Би цаашдаа 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадваргүй болж байгаа...эмчилгээ хийлгэх болохоор 8.000.000 төгрөг нэхэмжилнэ ”  гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 тал/,

 

Хураан авсан бичлэг бүхийн СД-нд хийсэн: “...2019-12-10-ны өдрийн 14 цаг 28 минут 06 секундэд бичлэг эхлэх ба хохирогч Г.О- нь осол болсон газрын урд хэсэгт байрлах Дунд голын гүүрээр ганцаараа цагаан өнгийн захтай, шар өнгийн урт курткатай, зүүн гартаа цүнхтэй алхаад явж байгаад 2019-12-10-ны өдрийн 14 цаг 28 минут 40 секундэд явган хүний гарцаар хойшоогоо зам хөндлөн гарах үед хойноос баруун гар тийш эргэж  байгаа Тоёота Акуа маркийн цагаан өнгийн суудлын автомашины урд хэсэгт мөргүүлээд газарт унаж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 106 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 163 дугаартай: “...Г.О-ийн биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн бяцарсан хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 587  дугаартай: “...Toyota Aqua  маркийн 43-97 000- улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ч-нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яван зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.О- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн  гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн  40-41 тал/,

 

Шүүгдэгч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим би өөрийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн 43-97 000- улсын дугаартай машинтайгаа өөрийн охин Урангуагийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Нарны хорооллоос гараад уулзвараар баруун гар тийш эргэсэн тэр үед миний урдаас ирсэн нэг машин зүүн гар тийш дохиогоо өгөөд урдаас тулаад надад зам тавьж өгсөн. Би зам тавьж өгөхөөр  нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хөдөлтөл машины урд явган хүний гарцан дээр хүн ороод ирсэн. Би зогсож амжаагүй зогсоох арга хэмжээгээ бүгдийг нь аваад зогсож амжаагүй тэр хүнийг мөргөөд унагаасан. Би машинаасаа буугаад тэр хүн дээр очтол тэр ах мөр нь жаахан эвгүй болсон байна гэж хэлж байсан. Би өөрөө цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 тал/           

                

  Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Ч-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  Б.Ч-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Б.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргахгүй гэж,

 

Хохирогч Г.О- “...Би ирээдүйд үүсэн сувилалд явмаар байна. Заавал хүн дагуулж явах тул 8 сая төгрөг гаргуулаад авахыг хүсэж байна. Миний гарыг бүрэн бүтэн болгоод өгөөч гэж хүсэж байна...” гэж,

 

Хохирогчийн  өмгөөлөгч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг  хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Манай үйлчлүүлэгч гэмтнээс хойш бүх зардлаа тооцооны зардлаа цуглуулаад өгсөн байгаа . Харин манай талаас санал нийлэхгүй байна. Амралтанд явах, чөлөө авхуулсан зэрэг харьцангуй бага зардал гаргаж өгсөн байгаа. Сүүлд гарсан өнөөдрийн үүссэн шаардлагыг гэм буруугаа ухамсарлахгүй байна гэж үзэж байна.  Өнөөдөр гарсан болон ирээдүйд гарах зардлыг тогтоолд тусгаж өгөөч гэж хүсэж байна...”гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 587  дугаартай дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 163 дугаартай дүгнэлтээр хэрэг учрал болсон өдөр Toyota Aqua  маркийн 43-97 000- улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ч-нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яван зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж  явган зорчигч Г.О-ийн биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн бяцарсан хугарал, духанд зулгаралт гэмтэл үүсгэсэн нь түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хороолол, Номин их дэлгүүрийн зүүн урд талын замд Тоёота Акуа маркийн 06-53 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яван зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.О-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Ч-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ч-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан хэдий ч ийнхүү зам тээврийн осол гаргасан нь түүнийг үйлдэлдээ хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Прокуророос шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-нь хохирогч Г.О-ийн эмчилгээний зардалд шүүхийн өмнөх шатанд /хэрэгт авагдсанаар/ бэлнээр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий хонь мах, эмчилгээний төлбөрт 1.854.750/ нэг сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг нийт 2.122.250 /хоёр сая нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөг зарцуулсан гэдэгт талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд тооцуулахаар дахин 2.764.823 /хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин гурав/  төгрөгийн баримтыг  нотлох баримтаар гаргаж өгсөнөөс эмчилгээний зардалд зориулсан  1.812.368 /нэг сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч Б.Ч-нь өөрийн хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас явган зорчигч Г.О-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч,  энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогч Г.О- нь удаа дараа эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж эрүүл мэнд болон сэтгэл санааны байдлаар хохирсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд  67 настай хохирогч Г.О- нь өөрийн эрүүл мэндийг өмнө байсан хэвийн байдалд оруулахын тулд эмчилгээний зардалд  1.812.368 /нэг сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг зарцуулсан  нь гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар буюу хохирол, хор уршигт тооцох  үндэслэлтэй байна.

Хохирогч Г.О- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Ч-шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч-нь Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял өгөх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...Хамгийн хөнгөн торгууль оногдуулж өгөөч гэж хүсэж байна.амги..” гэв.

 

Хохирогчийн  өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...манай талаас манай үйлчлүүлэгчийн нөхөн зардлыг гаргаж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

 

Хохирогч, эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...миний гарыг эдгээж өгөөч гэж хүсэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж өгөөч...” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ч-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчлөх саналаа шүүхэд гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Б.Ч-нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул торгох ялыг хөдөлмөр эрхлэлтийн байдал нь тодорхой биш хүнд оногдуулах нь зохимжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.Ч- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

          Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-гийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-г 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Б.Ч-г  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Ч-гээс шүүхэд баримтаар нэхэмжилж ирүүлсэн 1.812.368 /нэг сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/  төгрөгийг гаргуулж,  гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-ийн биед  учирсан гэмтлийн эмчилгээний зардалд  олгосугай.

5. Шүүгдэгч Б.Ч-цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О-д шүүхийн өмнөх шатанд нийт  2.122.250 /хоёр сая нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Г.О- цаашид гарах хохирлыг нотлох баримтаа  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ