Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0879/З |
Дугаар | 221/МА2021/0471 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0471
А.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, П.Э, Э.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Б-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 59.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ын гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Монгол Улсын гудамж, Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос “К” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг дарга 2017 оны 91 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “К” ХХК-д 21253 м.кв газрыг орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэн гэрээ гэрчилгээ олгосон бөгөөд газар эзэмшигч аж ахуй нэгж нь 584 м.кв эзэмшлийн зам талбайг хашаалан автомашины зогсоолоор ашиглаж байсан.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасны дагуу 2019 оны 03-06/5208 дугаартай 582 м.кв газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа хүргүүлсэн”,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй тухайд: “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол Улсын гудамж, Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос “К” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газрыг чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах” шаардлагын тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандан ... хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргад гаргасан дээрх хүсэлтэд нийслэлийн Засаг даргаас хуульд заасан хугацааны дотор ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй тул нэхэмжлэгч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан” гэжээ.
Гэтэл шүүхээс нотлох баримт цуглуулах эрх хэмжээнийхээ хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/4086 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргаас “А.Б-аас нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байсан эсэх, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж хариу өгч байсан талаар лавлагаа, бүртгэл хяналтын карт, холбогдох баримтыг гаргуулах”-аар шаардсан бөгөөд үүний хариу гэх баримтууд нь уг хэрэгтэй хамааралгүй “баримтын хуулбар авах” агуулга бүхий бүртгэл хяналтын карт авагдсан байсан болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Б-ын маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргад хандсан гэх 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлт нь хариуцагч байгууллагад хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй байхад анхан шатны шүүх хариуцагч байгууллагад даалгах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.
Үүний дагуу аливаа иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар холбогдох захиргааны байгууллагад гомдол гаргаж, түүнийг шийдвэрлээгүй байхыг “эс үйлдэхүй” гэж ойлгохоор байхад нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч нийслэлийн Засаг даргад гаргасан гэх хүсэлт нь хариуцагч байгууллагад хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй байхад анхан шатны шүүх хариуцагч байгууллагад хандаад, хариу өгөөгүй байна гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зэрэг нь нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн агентлаг байсан, одоо байгаа боловч тэдгээрийг нийслэлийн Засаг дарга гэж үзэхгүй ... Газрын тухай хуульд газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгөх Засаг даргын эрхийг аль нэг агентлаг болон бусад этгээдэд шилжүүлж болохыг зөвшөөрсөн хэм хэмжээ тогтоогдохгүй байна” гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг баталсан байх бөгөөд уг тогтоолын 6 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай”, 8-д “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба” гэж заасан байна.
Үүний дагуу нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээг дараах байгууллагуудаар хэрэгжүүлж болохоор заасан байтал анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг явцууруулж тайлбарлан хариуцагч байгууллагын дэргэдэх агентлагуудыг бусад байгууллага гэдэгт хамааруулж, эрх нь хуулиар шилжүүлэгдсэн байх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...”К” ХХК-ийн зөвшөөрөлгүй ашиглаж байсан талбай нь анхнаасаа Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан нийтийн эдэлбэр газар...” гэжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““Нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж заасан бөгөөд уг заалтын дагуу нийтийн эдэлбэрийн газрыг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоохоор байна. Гэтэл анхан шатны шүүхээс үүнтэй холбоотой баримтыг огт цуглуулаагүй атлаа мөн л хийсвэр байдлаар нийтийн эдэлбэр газар мөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдөөгүй тухайд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч А.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэн хариу тайлбарын үндэслэлдээ дурдан, анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн болно.
Анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэхдээ: “...Дээрх эрх зүйн хэм хэмжээнд хэнээс шаардлага гаргаснаар газар чөлөөлүүлэх мэдэгдэл гаргахыг тухайлан заагаагүй байгаагаас үзэхэд нэг талаас холбогдох Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн холбогдох Засаг даргад шаардлага тавих субьектив эрхтэй” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шийдвэрлэдэг, түүнээс биш захиргааны байгууллагын дээд байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн субъектив эрх нь зөрчигдсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, сард 4 удаа уг замаар зөрчиж байгааг субъектив эрхийн зөрчил гэж тайлбарлаж байгааг анхан шатны шүүхээс зөвтгөн дээрх байдлаар дүгнэн, субъектив эрхийн зөрчлийг хэт ерөнхий байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
“Оргил” худалдааны төв нь анх ашиглалтад орсон үеэсээ тус үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдээ тавтай тухтай нөхцөлөөр хангаж, авто зогсоолын хүрэлцээгээр зохих ёсоор хангаж ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч мөн уг авто зогсоолыг ашигладаг талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан болно.
Маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй тухайд: Нэхэмжлэгчийн гаргасан эхний шаардлагын тухайд дээр дурдсанчлан хариуцагч байгууллагад уг асуудлаар гомдол, хүсэлт огт гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт огт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан хоёр дахь шаардлага болох “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах” шаардлагын хувьд захиргааны акт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг.
Даалгах шаардлагын тухайд гол урьдчилсан нөхцөл нь тухайн иргэн захиргааны байгууллагад захиргааны акт гаргуулахаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч түүнийг нь шийдвэрлээгүй захиргааны эс үйлдэхүй байх ёстой.
Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдаж буй уг үйл явдал нь ирээдүйд хэрвээ болбол гэх агуулгатай, захиргааны байгууллагыг болоогүй үйл явдалд буруутгах байдлаар гаргасан, мөн захиргааны байгууллагын бие даан шийдвэр гаргах үйл ажиллагаанд халдсан байдлаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх үүнийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Б-аас “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Монгол Улсын гудамж, Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн автомашины зогсоолоос “К” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийлгүйгээр, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагуудын уялдаа холбоог бүрэн дүүрэн тодруулахгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
1. “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Монгол Улсын гудамж, Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн автомашины зогсоолоос “К” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/1255 дугаар албан бичгээр “...нийтийн эзэмшлийн газарт байгуулсан авто зогсоолыг чөлөөлж, ногоон байгууламж, явган болон унадаг дугуйтай зорчигч явах нөхцөлийг бүрдүүлж ажиллана уу”, мөн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/5208 дугаар албан бичгээр “...зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбайг эзэмшиж байна. ...иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд танай компани гаргасан зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдэж байна...”, мөн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 4/182 дугаар албан бичгээр “...нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүн, унадаг дугуйн замыг стандартын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг үүгээр мэдэгдье” гэсэн мэдэгдлүүдийг удаа дараа гуравдагч этгээдэд хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагууд ажиллуулахаар тогтоосон байх бөгөөд нийслэлийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлэгч агентлаг болох нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан гуравдагч этгээд “К” ХХК-д “зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбайг эзэмшиж байна. ...иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд танай компани гаргасан зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүрмээр нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба өөртөө шилжүүлэн авсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч А.Б-ын хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан ч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан асуудлаар өмнө нь дээрх дурдсанчлан гуравдагч этгээд “К” ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан баримт хэрэгт авагдсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг асуудлаар мэдэгдэл хүргүүлж байсан гэсэн тайлбараас дүгнэхэд уг асуудлыг хариуцагчийн зүгээс хянан шийдвэрлээгүй орхигдуулж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар гуравдагч этгээдэд мэдэгдэл хүргүүлж байснаар нэхэмжлэлийн шаардлага нэгэнт биелэгдсэн гэж шууд дүгнэх боломжгүй.
Эндээс үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан “хүсэлт”-ийг захиргааны байгууллага нь шийдвэрлэлгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” гаргасан эсэх, эсхүл шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн хүссэн шийдвэрийг гаргахаас татгалзсаны аль нь болох, шийдвэрлэгдсэн гэж үзвэл тухайн баримтыг шүүх хэрэгт авч, дүгнэлт өгч шийдвэрлэх ба энэ тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгах”-аар заасан хүрээнд хянана, харин “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоовол, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх учиртай.
Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан төдийгүй “газар чөлөөлүүлэх” талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байхад шүүхээс захиргааны байгууллагад хуулиар олгосон бүрэн эрхэд халдах үндэслэлгүй учир холбогдох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, ... байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй:”, 59.1.1-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах;” гэж тус тус зааснаас үзэхэд нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч гэрээний дагуу газраа ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих, хэрвээ газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчил гаргасан бол зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангуулахаар байх бөгөөд нийслэлийн Засаг даргаас албадан нүүлгэх тухай шийдвэр гарсан бол цагдаагийн байгууллага уг шийдвэрийн биелэлтийг хангах үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгч А.Б-аас хариуцагч нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтэд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах талаар дурдаагүй, мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь ирээдүйд бий болж болзошгүй байдлаар гарсан байх тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, даалгаж шийдвэрлэсэн нь буруу, нөгөөтэйгүүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар “чөлөөлөөгүй бол албадан чөлөөлүүлнэ, цагдаагийн байгууллагаар хангуулна” гэх шийдвэр гаргах үндэслэлгүй болохыг дурдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их Монгол Улсын гудамж, Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос “К” ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 м.кв газрыг чөлөөлүүлэх талаар гаргасан А.Б-ын хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, зохих хариу өгөхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх “газар чөлөөлүүлэх хугацаатай мэдэгдэл гаргахыг даалгах, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй нөхцөлд хууль бусаар ашиглаж буй 584 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, тус шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах тухай шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ