Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 15

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Г холбогдох 1940001570015 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Г

           Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Жин хүч” хүнсний дэлгүүрт иргэн О.А-ын гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч О.А-ын 2019 оны 08 сарын 31-ний өдөр өгсөн: ”Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бүжинхэн 3-р цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Цэцэрлэг засвартай байгаа тул ажил дээрээ өглөө очоод ажиллаж байгаад өдөр 12 цагийн үед цэцэрлэгээс Бор-Өндөр сумын 4-р багт байх Жаргалантын гудамжинд байх О-ийн гэр рүү явах замдаа тус багт байх "Жин хүч" хүнсний дэлгүүр рүү орж тэндээс юм худалдаж авчихаад тооцоогоо хийх үедээ кассан дээр өөрийн “Ноnor 7С” маркийн цэнхэр өнгийн гар утсаа тавиад тооцоогоо хийчихээд гар утсаа авахаа мартаад гараад явсан. Тэгээд О  хашаа руу ороод гар утсаа цүнхнээсээ гаргах гэтэл байхгүй байсан. Би ойролцоогоор 4 минутын дараа буцаж дэлгүүрт ирэхэд миний гар утас кассан дээр байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Ноnоr 7С маркийн цэнхэр өнгөтэй, гадуураа өнгөгүй кесстэй, өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй 2 симтэй, ………, ……….. гэсэн 2 мобикомын дугаартай байсан. IMEI код нь 86……..10…….,  гэсэн кодтой. Би өөрийн гар утсыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын гар утас худалддаг
газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 490.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би өөрийн гар утсыг анх авч байсан 490.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуудас/

- Хохирогч О.А-ын 2019 оны 10 сарын 11-ний өдөр өгсөн:Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 43-57 тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бүжинхэн 3-р цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Цэцэрлэг засвартай байгаа тул ажил дээрээ өглөө очоод ажиллаж байгаад өдөр 12 цагийн үед цэцэрлэгээс Бор-Өндөр сумын 4-р багт байх Жаргалантын гудамжинд байх О  гэр рүү явах замдаа тус багт байх "Жин хүч" хүнсний дэлгүүр рүү орж тэндээс юм худалдаж авчихаад тооцоогоо хийх үедээ кассан дээр өөрийн Нопог 7С маркийн цэнхэр өнгийн гар утсаа тавиад тооцоогоо хийчихээд гар утсаа авахаа мартаад гараад явсан. Тэгээд О  хашаа руу ороод гар утсаа цүнхнээсээ гаргах гэтэл байхгүй байсан. Би ойролцоогоор 4 минутын дараа буцаж дэлгүүрт ирэхэд миний гар утас кассан дээр байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Нопог 7С маркийн цэнхэр өнгөтэй гадуураа өнгөгүй кесстэй, өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй 2 симтэй, 95…….., 99……… гэсэн 2 мобикомын дугаартай байсан. IМЕI код нь , 863………. гэсэн кодтой” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

- Хохирогч О.А-ын 2020 оны 02 сарын 20-ны өдөр дахин өгсөн: “Миний утсыг авсан гэх тэр залуу надтай уулзаад надаас уучлалт гуйж, миний утасны мөнгө болох 450.000 төгрөгийг өгч барагдуулна гэсэн. Би өмнө нь тэр залууг харж байгаагүй, танихгүй хүн байсан. Би Г-оос хохирол мөнгө болох 450.000 төгрөгөө авчихвал надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

- Гэрч Н.М-ийн 2020 оны 02 сарын 21-ний өдөр өгсөн: ”Би Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Би 2019 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очсон ба тэнд би 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Бор-Өндөр сумаас хойд зүгт 10 гаруй км зайд байрлах уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баргилт Орд" нэртэй ХХК-д туслахаар ажилласан. Би тэнд байхад 2019 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын эхэн үед Сэлэнгэ аймгаас ирсэн гээд Г гэдэг залуу уурхайд ажиллахаар ирсэн. Тэр ирэхдээ шаргал өнгийн подволктой, том ногоон өнгийн 2 үүргэвчтэй цүнхтэй ирж байсан. Тэр залуу ирээд ажиллаж байх үедээ надад Нопог 7с маркийн гар утас харуулаад Бор-Өндөр суманд анх ирэхдээ дэлгүүрийн гаднаас олсон гэж ярьсан. Тэгээд тэр гар утсаа зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед Г-оос тус гар утсыг 100.000 төгрөгөөр авахаар болсон. Би 2019 оны 10 дугаар сард 86……..гэсэн дугаарыг Г-оос авсан утсандаа хийгээд барьж байгаад тэр гар утсыг Улаанбаатар хотод ирээд Нарантуул зах дээр явж байхдаа хулгайд алдчихсан. Би тэгээд цагдаад мэдэгдээгүй хямдхан бас тийм сайн утас биш болохоор тэгээд л хаячихсан. Би Г гар утас худалдаж авсан 100.000 төгрөгийг өгөөгүй байсан ба хамт ажиллаж байснаас хойш Г той холбогдож чадаагүй байсан. Г  Сэлэнгэ аймагт мал малладаг гэж сураг сонсогдсон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Г  над руу яриад би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байна чи надаас авсан утасныхаа 100.000 төгрөгийг өгөх үү гэхээр нь би Г гар утас худалдаж авсан 100.000 төгрөгийг өгсөн. Би 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл Дөлгөөн гэх охинтой үерхэж байсан ба би Дөлгөөнөөр одоо өөрийн барьж байгаа 86144312 гэсэн дугаарыг Юнител-ээс авахуулж байсан. Одоо миний барьж байгаа 86144312 гэсэн утасны дугаар Дөлгөөний нэр дээр байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

                  - Гэрч О.А-ын 2020 оны 03 сарын 03-ны өдөр өгсөн: “Тухайн үед надад мэдсэн зүйл байгаагүй юм. Нэг ягаан цэнхэр өнгийн цамцтай мариалаг биетэй эмэгтэй гаднаас орж ирээд “Би сая танай дэлгүүрт үйлчлүүлж байгаад тооцоогоо хийхдээ гар утсаа энд мартаад гарчихсан байна” гээд манай кассны дэргэд байх кг хэмжүүр лүү заасан. Тэр үед уг эмэгтэйн хэлээд байсан гар утас нь байгаагүй. Ингээд нөгөө утсаа хайж ирсэн эмэгтэй удалгүй цагдаагийн алба хаагч дагуулж ирээд манай дэлгүүрийн хяналтын камерыг шүүхэд утсаа мартаж гарсан гэх эмэгтэйн дараа үйлчлүүлсэн улбар шар өнгийн нимгэн подвалктай үүргэвч үүрсэн нэг эрэгтэй хүн манай дэлгүүрээр үйлчлүүлж тооцоогоо хийхдээ нөгөө эмэгтэйн мартсан гэх гар утсыг аваад дэлгүүрээс гарч байгаа дүрс бичлэг камерийн бичлэгт үлдсэн байсан. Мөн уг эмэгтэй нь барьж явсан гар утсаа тавьж мартаад гарч байгаа дүрс бичигдэж үлдсэн байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 28-р хуудас/

                  - Хөрөнгийн үнэлгээний “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №234 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

                  - “Жин хүч” хүнсний дэлгүүрийн 2019 оны 08 сарын 31-ний өдрийн хяналтын камераас хуулбарлан авч бэхжүүлсэн камерийн бичлэгтэй CD-1 ш /хх-ийн 35-р хуудас/

- Яллагдагч Д.Г ын 2020 оны 02 сарын 19-ний өдөр өгсөн: “Би Сэлэнгэ аймагт мал маллаж амьдарч байгаад ажил хөдөлмөр олж хийхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг "Макс гүүр транс" гэх нэртэй компанид өрмийн туслах хийхээр 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бор-Өндөр суманд ирсэн. Би Бор-Өндөр суманд анх удаа ирж үзэж байсан учир хаана юу байдгийг нарийн сайн хэлж мэдэхгүй. Би Улаанбаатар хотоос ирсэн таксигаар нэг хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоод уух зүйл авахаар би дэлгүүр орсон. Намайг дэлгүүрт ороход дэлгүүрт нээх олон хүн байгаагүй. Ингээд би дэлгүүрийн ундаа тавьсан хэсгээс ундаа авчихаад касс дээр нь ирж тооцоо хийхэд уг кассны ширээний ирмэг дээр хавтгай дэлгэцтэй цэнхэр хөх өнгийн корпустай гар утас байсан. Би тухайн үед өөртөө гар утасгүй байсан болохоор гар утастай боллоо гэж бодоод кассны худалдагчид мэдэгдэхгүйгээр худалдагчийг нөүтийн баримт өгөхөөр нь би уг баримтыг дээр нь тавьж халхалж байгаад утсыг аваад гарсан. Ингээд би дэлгүүрээс гарч яваад Бор-Өндөр сумын эмнэлгийн хойд хэсэгт ажилд оруулах хүнтэйгээ холбогдоод ажлын байрлуугаа явсан. Ингээд би ажилд орж уурхай дээрээ байрладаг байсан. Би уурхай дээр гагнуурчин Бямбаа болон автогридеэрчин Бааска гэх залуутай хамт амьдардаг байсан. Би анх очоод өрмийн туслахаар ажиллаж байсан М гэдэг залуутай танилцаж, найзалж нөхөрлөж эхэлсэн. Би тэр үед М  Бор-Өндөр суманд ажилд орохоор ирсэн үедээ дэлгүүрээс утас олсон гэж нөгөө утсаа үзүүлэхэд М нь "Наадах чинь хямдхан утас байна, би чамд 100.000 төгрөг өгье" гэхээр нь би М  зарчихсан юм. Ингээд би уг уурхайд 1 сар гаран ажиллаж байгаад ээжийн бие эрүүл мэнд муудсан гэж мэдээлэл аваад ажлаасаа гараад Улаанбаатар хотоор дамжиж Сэлэнгэ аймаг руу явсан. Би гар утасны загварыг эхэндээ мэдээгүй, сүүлд М  зарж борлуулахад М нь "Наадах чинь Нопог 7С маркийн хятад гар утас байна" гэж хэлэхэд нь мэдсэн. Намайг авахад гар утас асаалттай байсан. Тэгэхээр нь би хүн залгах байх гэж бодоод дэлгүүрээс гараад унтраачихсан. Би тэр утсыг өөрөө ашиглаагүй, унтраасан хэвээр нь байлгаж байгаад л М  зарсан. Би утасгүй байсан болохоор л утастай больё гэж бодоод авсан. Тэрнээс надад өөр санаа бодол байгаагүй. Би М  100.000 төгрөгөөр зарсан боловч одоо болтол мөнгөө аваагүй байгаа. Тухайн үед М нь цалин мөнгө буухаар өгье гээд бид 2 тохиролцсон. Тэгсэн би цалин буухаас өмнө ажлаасаа гараад нутаг руугаа явсан болохоор мөнгөө авч чадаагүй явсан. Түүнээс хойш би буруу гараар авсан утас юм чинь гээд мөнгө авах гэж М  хойноос хөөцөлдөж холбогдохыг хүсээгүй. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би буруутай зүйл хийсэн учир хохирогчтой уулзаж ямар нэгэн хохиролгүй болгоно. Иймд миний хийсэн үйлдэлд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

- Шүүгдэгч Д.Г ын шүүх хуралдаанд өгсөн “Би 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Жин хүч” хүнсний дэлгүүрт О.А-ын гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг авсан. 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг, хохирол төлсөн баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч О.А, гэрч Н.М, О.А, шүүгдэгч Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

          Тухайлбал шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Жин хүч” хүнсний дэлгүүрт О.Алтансувдын гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Г ыг “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч О.А-д нийт 450.000 төгрөгний   хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч О.А нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргасан мөн хавтаст хэргийн 72 хуудсанд хохирол төлсөн баримт авагдсан байх тул шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Д.Г өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г ын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Жин хүч” хүнсний дэлгүүрийн 2019 оны 08 сарын 31-ний өдрийн хяналтын камерийн бичлэг CD-1 ширхгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

           Хохирогч О.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирол төлбөрийг авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

  1. Шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.    
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.   
  9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  М.ЭНХМАНДАХ