Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 17

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э холбогдох 2040000000011 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 04 сарын 24-ний орой 23 цаг 40 минутын орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух Увс аймгийн харьяат Я.Г нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я 2020 оны 02-р сарын 16-ны өдөр өгсөн: “Манай үеэл дүү болох Я.Г нь 2019 оны 04 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд өөрийгөө боомилж нас барсан юм. Талийгаач нь нас барахынхаа өмнө хүмүүст зодуулсан байсан. Иймд энэ хэргийг тусад нь шалгаж буруутай этгээдүүдэд зохих хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

-Хохирогч Б.Я 2020 оны 02-р сарын 16-ны өдөр өгсөн: “Би хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгөхдөө хэлэх зүйлээ хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

-Гэрч Ч.А 2019 оны 04-р сарын 26-ны өдөр өгсөн: “Манай том охин болох Б  нь 2018 оны 09 дүгээр сард нөхөр болгох гэж байгаа гэж Увс аймгийн гаралтай Я.Г гэгчийг гэртээ авчирч хамтран амьдарч 3 хүүхдийн хамтаар Дархан сумын төв буюу 4 багт амьдарч байсан. Би 2019 оны 04 сарын 24-ний өдөр хөдөө гэрээс Б  гэрт нөхөр Ганболдоор хүргүүлж Б  3 хүүхдийг харахаар оройн 19 цагийн үед ирсэн. Учир нь Б  нь талийгаач Я.Г хамтаар Улаанбаатар хотод очиж ажиллаж амьдрахаар явах гэж байсан юм. Ингээд намайг Б  гэрт ирэхэд Б  болон талийгаач Г нар нь Улаанбаатар хот явах гээд юмаа бэлдэж байсан. 2019 оны 04 сарын 24-ний өдөр Дархан сумын соёлын төвд Б  ангийн хүүхэн болох Э гэж Дорноговь аймгаас ирсэн дуучин тайлан тоглолтоо хийсэн. Энэ үед нь би тоглолт үзэж харин Б  нь ангийнхаа хүүхдүүдтэй нийлж Э гарын бэлэг өгнө гэж гэрээсээ гарсан. Харин талийгаач Г нь манай нөхөр Г  хамтаар гэрт 3 хүүхдээ хараад үлдсэн. Би тухайн үед нөхөр Ганболдод эртхэн яваарай, хонь мал эзгүй байгаа шүү гэж хэлчихээд тоглолт үзэхээр гараад явсан. Ингээд орой тоглолтын дундуур талийгаач Г нь Соёлын төв дээр ирчихсэн тоглолт үзэж байсан. Тухайн үед уг тоглолтын дараа Соёлын төвд бүжиг болсон. Тэр үед Г таарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтолтын байдалтай байсан. Ингээд би дотор бүжиглэж байгаад оройн 01 цаг өнгөрч байх үед гэртээ харихаар Соёлын төвөөс гарахад талийгаач Я.Г нь нүүр ам нь цус болчихсон, зүүн хөмсөг хэсгээс нь цус гарчихсан ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “Хүнд зодуулчихлаа гээд тэнд байсан хүмүүс дайрч давшлаад байхаар нь би Б г дуудсан. Тухайн үед Б  нь Соёлын төвд байсан болохоор удалгүй гарч ирээд талийгаач Г  аваад явсан. Би Б-г Г  хаашаа дагуулж явсан эсэхийг мэдэхгүй. Ингээд би тэр 2-ыг явахаар нь гэр рүүгээ ирэх байх гэж бодоод гэрт нь ирэхэд гэртээ ирээгүй, 3 хүүхэд нь унтаж байсан. Ингээд тэр шөнөдөө талийгаач Г болон охин Б  нар нь гэртээ ирж хоноогүй. Ингээд унтаж байтал 2019 оны 04 сарын 25-ны өдөр өглөө 06 цагийн үед гэртээ ирэхэд нь хаана хоносон талаар асуухад Ч гэх айлд хоносон гэж байсан. Өглөө талийгаачийн уусан архи нь гараагүй байсан. Харин манай охин Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Учир нь манай охин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэгүй. Ингээд би гэртээ байж байгаад хажуу айл руу орчихоод эргээд гэрт орж ирэхэд өглөөний 07 цагийн үед гаднаас Дархан сумын Б  гэх залуу нэг танихгүй залуугийн хамтаар архи авчирчихсан манай нөхөр Г талийгаач Г нартай уугаад сууж байхаар нь хар өглөөгүүр архи уулаа гээд Б ыг загнаж хөөгөөд явуулсан. Ингээд байж байтал У гэх залуу 09 цаг өнгөрч байх үед 0.5 литрийн “Ерөөл” архи аваад орж ирээд талийгаач Г хамт уусан. Ингээд У гэгч нь хөдөө явлаа гээд гэрээс гарсан. Энэ үед талийгаач Г нь Улаанаатай хамт гэрээс бие засахаар гарсан. Харин би энэ үед дэлгүүр орохоор гарсан. Ингээд гадуур явж байгаад 11 цагийн эргэж ирэхэд талийгаач Г нь гэрийн зүүн хэсгээр газраар хүрэн өнгийн дээл нөмрөөд унтаж байсан. Харин Б  нь гэртээ ойр зуурын ажил хийгээд байж байсан. Ингээд би Б  гэрт байж байгаад 12 цаг болж байх үед гэрээс нь гарч гадуур ажил хөөцөлдөж байгаад Б  гэрт удалгүй 13 цагийн орчимд орж ирэхэд талийгаач Г нь сэрчихсэн зүүн орон дээр суучихсан харин Б  нь баруун талын орон дээр суучихсан хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан. Тэгсэн намайг ороход Г Б  руу “Янхан гичий, пизда, ална” гэх мэтээр хараагаад сууж байсан. Намайг гэрт ороход Б  том хүү болон дунд хүү нь “Сая Г ах ээжийг хөл рүү нь өшиглөсөн” гэж надад хэлсэн. Намайг ороход тэр 2 хэрэлдэж байхаар нь би “Больцгоо, таарч нийлэхгүй юм бол салаад явбал таарна” гэхэд талийгаач нь Б  руу уурлаж “Чамайг ална” гээд хүүхдийн бөмбөг шидсэн. Тэгээд талийгаач Г нь Б тай хэрэлдэж байгаад 4 дүгээр багийн засаг дарга Б  гэгчтэй уулзана гээд гараад явсан. Харин Б  бид 2 хүүхдүүдийн хамт үлдсэн. Ингээд Б  бид 2-ыг хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал 16 цагийн орчимд манай хүү Б нь Б  руу залгаж Бойн дээр ирж адууны гэдэс ав гэхэд Б  гэрээсээ гарч хашааныхаа урд хаалгаар гараад явах гэтэл өмнөөс нь талийгаач Г нь ирж байсан. Тэгсэн Б  “Өө нөгөөх чинь эргээд ирлээ, бас л хэрүүл болох байх” гэхээр нь би за тэгвэл чи хашааны хойд хаалгаар гараад явчих гэсэн. Тухайн үед Б  нь гэрээсээ гарсаны дараа Г уулзалдаагүй юм. Ингээд Б г гарсаны дараагаар удалгүй талийгаач Г нь орж ирээд цүнхээ уудалж цүнхнээсээ хүрэн түрийвч гаргаж ирээд “Би одоо явлаа” гэхээр нь “Яв яв, унаа байгаа юм бол өнөөдөр яву гэж хэлсэн. Тэгсэн Г нь гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би Г  хаашаа явахнуу гээд хойноос харахад Засаг даргын тамгын газар руу явж дотогшоо орсон. Ингээд би Г  явсаны дараагаар Б  2 хүүхдийг аваад Б  гэрээс баруун урд талд нь байх Ш  гэх айлын гэрт ороод сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед бие засахаар эргэж Б  хашаанд иртэл Б  хашааны баруун хойд буланд байх 1 давхар өвлийн ашиглахгүй байгаа дээвэргүй цагаан өнгийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд буланд байшингийн хундаам нь дээр талийгаач Г  өмсөж явсан саарал өнгийн ноосон малгай, хар кейстэй хавтгай дэлгэцтэй утас нь татдаг тамхи зэрэг нь байсан. Мөн талийгаачийн тухайн өдөр өмсөж явж байсан бор өнгийн цамц болон гадуур өмсөж явж байсан хүрэн бор өнгийн дээлийг газар хаясан байдалтай байхаар нь гэр рүү орсон юм болов уу гэж бодоод Б  гэр рүү шагайхад гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь би “Энэ одоо хайччихсан юм болоо, хойшоо гарсан юм болов уу” гэж бодоод хашааны хойд хаалгаар гарч харахад талийгаач Г нь уг байшингийн зүүн хойд буланд өөрийнхөө ногоон өнгийн дээлний бүсээр өөрийгөө боомилсон байдалтай нүүрээ байшин руу харуулаад 2 гар нь унжсан, 2 өвдөг нь нугаларч өвдөгөөрөө байшингийн хундаам дээр тулсан байдалтай байсан. Намайг тэгж харахад талийгаач нь ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй хөдөлгөөнгүй байсан. Ингээд би айж сандраад яах учраа олохгүй шууд Засаг даргын тамгын газрын байр руу энэ тухай хэлэхээр явж байтал Тамгын газрын гадаа Дархан сумын 4 дүгээр багийн засаг дарга Б  гэгчтэй таарч энэ тухай хэлэхэд Б  нь “Хэсгийн төлөөлөгч ирсэн байгаа, цагдаад мэдэгдье” гээд хэсгийн төлөөлөгчийн байр руу ирж энэ талаар мэдэгдсэн. Тухайн үеийн миний мэдэх зүйл энэ л байна. Харин орой тоглолтын дараа талийгаач Г нь зодуулчихсан байдалтай, нүүр ам нь цус болж, зүүн нүдний дээд хэсгээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

-Гэрч Г.Б  2019 оны 04-р сарын 26-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт тоотод 3 хүүхдийн хамтаар амьдардаг байж байгаад 2018 оны 08 дугаар сард Увс аймгаас гаралтай Улаанбаатар хотын харьяат Я.Г гэгчтэй танилцаж улмаар 2018 оны 09 дүгээр сараас нэг гэрт орж хамт амьдардаг болсон. 2019 оны 04 сарын 24-ний өдөр манай төрсөн аав Г ээж А нар нь хөдөө гэрээсээ манай гэрт ирсэн. Аав ээжийг гэрт ирэх үед би нөхөр Г болон 3 хүүхдийн хамтаар байсан. Би талийгаач Г Улаанбаатар хот руу ажиллаж амьдрахаар явахаар болж 3 хүүхдээ ээжээрээ харуулах гэж дуудсан байсан. Ингээд 2019 оны 04 сарын 24-ний өдөр аав ээжийг хөдөөнөөс ирдэг өдөр манай 10 жилийн ангийн охин болох Э нь Дархан сумын Соёлын төвд 19 цагаас урлагийн тоглолт хийхээр ирчихсэн байсан. Би тухайн үед ангийнхантайгаа нийлж Э тоглолтын үеэр нь гарын бэлэг гардуулахаар гэрт аав ээжийг нөхөр Г  хамтаар үлдээгээд гарах гэтэд талийгаач Г “2-уулаа хамт гарчихаад ирье” гэхээр нь би хамт гарахад ”Дэлгүүр ороод ганц шил архи аавд аваад өгчихье” гэхээр нь би “Чи архи уухгүй шүү” гэж хэлээд 0.75 литрийн архи 1 шилийг авч өгөөд буцаад гэр рүү явуулсан. Ингээд би Соёлын төв дээр ангийнхантай байж байгаад тоглолт дуусахаар үргэжлүүлээд бүжгэнд ороод байж байтал манай нөхөр талийгаач Г нь хүрэн дээлээ ногоон бүсээр бүсэлж өмсчихсөн нилээн согтолтын байдалтай ирчихсэн байсан. Тэгэхээр нь би “Чи гэртээ харихгүй юм уу? Эсвэл хамт гэртээ харих уу” гэхэд “Яахын яахын чи байж бай би гэрт очиж хувцсаа солиод эргээд ирье” гээд бүжигнээс гараад явсан. Харин би Соёлын төвд бүжиглээд үлдсэн. Ингээд байж байгаад би ангийнхантай Соёлын төвийн гадаа гарахад талийгаач Г хувцсаа сольчихсон Соёлын төвийн гадаа ирээд зогсож байсан. Тэгэхээр нь Г уулзахад өмсөж явсан гадуур хувцас нь шороо тоос болчихсон байхаар нь “Чи яасан юм, хүнтэй муудалцсан юм уу” гэхэд “үгүй ээ, хана налаад л шороо болчихсон байх” гэж байсан. Тэгэхээр нь би “Чи нилээн согтуу байна, 2-уулаа харъя” гэхэд “Яахын бэ, хань нь жаахан байж байгаад өөрөө харьчихъя, миний хань ангийнхантай бай” гэхээр нь би ангийнхантайгаа буцаж Соёлын төв рүү ороод бүжиглэж байгаа хүмүүсийг хараад байж байтал талийгаач Г нь бүжгээр орж гараад л яваад байсан. Би тухайн үед гайгүй яваад байхаар нь хүмүүстэй ноцолдож зодолчихгүй байх гэж бодоод айхтар тоогоогүй юм. Тухайн үед бүжиг нь дээр манай гэр бүлийн найзууд болох Ч, Т нар ирчихсэн байсан. Ингээд л бүжиг нь дээр тэд нар уулзаж бүжиглээд л явж байсан. Харин би ангийнхантайгаа л байсан. Тэгтэл гаднаас хэдэн согтуу залуучууд орж ирж байгаа харагдсан. Тухайн үед Соёлын төвийн үйл ажиллагаа тарж хүмүүс гарцгааж байсан. Энэ үед намайг ангийнхантайгаа байж байхад манай ээж А нь Соёлын төвийн үүднээс намайг даллаж дуудахаар нь яваад очтол Г гадаа зодолдоод байна” гэхээр нь Соёлын төвөөс гараад очиход Г  өмсөж явсан хувцас хунар болон нүүр ам нь цус болчихсон, зүүн хөмсөг хэсгээс нь цус гарчихсан тэнд байсан хүмүүс рүү дайрч давшлаад байхаар нь би Г  барьж аваад “Яасан юм, юу болоод байгаан” гэж асуухад хажуунаас Т “Сая энд цагаан машинтай хэдэн залуучууд зодчихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. Ингээд би цагдаад хандах гээд Засаг даргын Тамгын газрын байрны урдуур явж байтал баарны гаднаас хэдэн залуучууд цагаан машинд суухаар нь “Эд нар зодсон байна” гэж бодоод очоод уулзах гэтэл хөдлөөд явчихсан. Ингээд би цагдаагийн байр руу очиход цагдаа байхгүй байхаар нь буцаж Соёлын төвийн гадаа ирэхэд Соёлын төвийн гадаа хүмүүс бүрэн тараагүй нэг залуу Ч руу дайраад байгаа бололтой цаанаас Ч “Та нар яасан их хүн бөөрлөхдөг юм, олууллаа нийлж зодлоо” гэх мэт зүйл яриад байсан. Энэ үед Соёлын төвийн гадаа манай 4 дүгээр багийн засаг дарга Б  байхаар нь очиж уулзаад “Цагдаа нар байхгүй байна яасан юм” гэхэд “Би зохицуулчихнаа чи явж бай” гэхээр нь би Г дээр очиход Г, Ч, Т нарын хамтаар байхаар нь би талийгаач Г  аваад Ч  гэрт очсон. Ингээд Ч  гэрт очиж талийгаачийн цусыг угааж цэвэрлэчихээд унтаж амарсан. Ингээд Ч  гэрээс 2019 оны 04 сарын 24-ний өглөө 06 цагийн үед гэрээс нь гарч гэртээ ирэхэд аав ээж 3 хүүхдийн хамт унтаж байсан. Тухайн үед Г  архи нь гараагүй байсан. Ингээд талийгаач нь нэг унтах гээд л нэг гарна гээд байж байхад нь гаднаас Дархан сумын харьяат Б  гэх ах нэг ахын хамтаар архи барьж орж ирээд аав болон талийгаач Г нартай уусан. Энэ үед ээж уурлаж хар өглөөгүүр архидлаа гээд нөгөө 2 ахыг хөөгөөд гаргасан. Энэ үед аав бас тэр 2-той хамт гараад явсан. Ингээд гэрт ээж болон талийгаач Г бид 3-ыг байж байхад талийгаачийн хамаатан гэх У гаднаас орж ирсэн. Тэгсэн талийгаач дүүдээ ганц юм өгнө гээд хөл нүцгэн гараад орж ирэхдээ 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архи аваад ороод ирсэн. Тухайн үед талийгаач уг архийг аваад гадаа нуучихсан байсан юм шиг байсан. Ингээд тэр 2 уг архийг ууж дуусаад У талийгаач Г гарч бие засчихаад яваад өгсөн. Харин талийгаач эргэж гэртээ орж ирээд унтаж амарсан. Тэгсэн манай ээж өдөр 12 цагийн үед байх гадуур ажил хөөцөлдөхөөр гараад явсан. Ээжийг гарсаны дараа би Мэгзэр гэх айлд оччихоод эргээд иртэл талийгаач Г унтаж л байсан. Тэгээд намайг ирсэнээс хойш 15 цагийн орчимд сэрээд “Чи намайг Б гаар зодуулсан, Б гаа дууд” гэж багийн засаг дарга буюу Б ийг дууд гээд агсараад байсан. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Г  хамаатаных нь эгч болох Янжин гэх эгч рүү утсаар нь залгаж байгаа байдлыг нь хэлэхэд “Наадах чинь тэгдэг юм аа, хүн харддаг өвчтэй юм, чи өнөө шөнөдөө л аргалаад Улаанбаатар хот руу аваад ир” гэхээр нь би “За за” гэж хэлчихээд утсаа тасдаад байж байтал гаднаас ээж орж ирсэн. Тэгсэн талийгаач босож хувцсаа өмсөөд ээжид хандаж “Би танай охиноос сална, танай охин Б тай явдаг, би одоо явлаа” гээд дээлээ өмсөөд гараад явсан. Ингээд гарч явсан хойно нь буюу 16 цагийн орчимд манай төрсөн дүү над руу залгаж бойн дээр дуудсан. Ингээд би бой руу явах гээд гэрээс гартал талийгаач Г нь урд зүгээс ирж байхаар нь дахин агсрах байх гэж бодоод хашааныхаа хойд хаалгаар гараад явсан. Ингээд намайг Бой руу алхаад явж байтал над руу залгаад байхаар нь утсаа автал “Чи Захиргааны үүдэнд хүрээд ир, одоо чамайг Б тай чинь ална” гэх мэтээр занаад байхаар нь би “Би наана чинь очиж яахын” гээд утсаа тасалсан. Ингээд намайг бойн дээр очиж ажил буюу гэдэс арилгаад байж байхад над руу залгаад л байсан. Би тэр үед нь утсаа аваагүй. Учир нь миний гар цус болчихсон байсан болохоор утсаа аваагүй юм. Тэгсэн 18 цагийн орчимд манай ээж дүү Б рүү залгаж Г  гэрийн хойно хашааны гадна талд байшингийн зүүн хойд булангаас өөрийгөө боогоод нас барсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сандраад гэртээ иртэл хашааны баруун хойд буланд байх өвлийн ашиглахгүй байгаа цагаан байшингийн зүүн хойд булан хэсэгт дээврийн А модноос өөрийнхөө ногоон өнгийн бүсээр боогоод унжсан байдалтай, нүүрээ байшин хэсэг рүү харуулсан, 2 өвдөгөөрөө газар нугалж тулсан байдалтай байсан. Мөн намайг очиход өөрийнхөө хэрэглэж байсан гар утас болон хүрэн түрийвч, тамхи, өмсөж явсан саарал өнгийн малгайгаа байшингийн зүүн урд хэсэг буюу байшингийн илүү гарсан хундаам нь дээр тавьчихсан, дээл, цамцаа тайлаад газар хаячихсан байсан. Мөн намайг очиход цагдаа ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

-Гэрч П.Т-ын 2019 оны 04-р сарын 26-ны өдөр өгсөн: “2019 оны 04 сарын 24-ний өдөр Дархан сумын Соёлын төвд 19 цагаас болсон урлагийн толголтыг Ч  хамтаар үзээд үргэлжлүүлэн бүжгийн зааланд зохион явагдсан бүжгэнд орсон. Ингээд бүжиглэж байхад Дархан сумын харьяат Н  гэх ахын эхнэр нь над дээр ирээд “Танай ахыг чинь гадаа хүмүүс зодоод байна ш  дээ” гэхээр нь Соёлын төвөөс гараад очиход Соёлын урд талбай дээр Г ахыг газар унагаачихсан хэдэн талаас нь хүмүүс шавчихсан зодож байсан. Харин манай нөхөр Чойдогжамц нь нөгөө хүмүүсийг больцгоо та нар яаж байгаан гээд  хориглоод зогсож байсан. Ингээд би Г ахыг зодож байсан хүмүүсийг болиулж тараахад Г ахын зүүн хөмсөг нь сэтэрч нилээн цус гарчихсан, нүүр ам нь цус болчихсон байхаар нь газраас босгож байхад Г ахыг зодож байсан хүсмүүсийн дунд байсан хүрэн дээлтэй нэг намхан залуу Соёлын төвийн баруун талаас согтуу байгаа бололтой “Алнаа” гээд гэж хэлээд Г ах руу дайраад байсан. Энэ үеэр Мөнгөнцэцэг өмнөөс нь очиж тэр залууг хориглоод болиулсан. Уг хүрэн дээлтэй намхан залуу нь удаа дараа Г ах руу “Алнаа” гээд дайрч давшлаад байсан. Ингээд тэр залууг болиулчихаад байж байтал Г ахын эхнэр Б  нь Соёлын төвөөс гарч ирэхэд нь Б д хандаж “Танай нөхрийг тайрмал үстэй хүүхэнтэй явж байсан залуучууд зодчихлоо” гэж хэлэхэд “Би тэдгээр хүмүүсийг танина” гэж байсан. Тухайн үед нөгөө хүрэн дээлтэй залуу салж өгөхгүй согтуурахаад байхаар нь Г ах Б  нарыг гэр рүүгээ түрүүлж явуулаад нөгөө хүрэн дээлтэй залуугаас салаад би нөхөр Ч  хамтаар гэртээ харьсан. Намайг гэртээ харихад манай гэрт Г ах болон Б  нар нь ирчихсэн байсан. Ингээд манай гэрт бид бөөндөө амраад маргааш нь буюу 2019 оны 04 сарын 25-ны өглөө 06 цагийн үед гэртээ харихаар явсан. Харин манай нөхөр хөдөө гэр рүүгээ явж би гэртээ хүүхдүүдийн хамтаар үлдсэн. Ингээд тэр өдөр сургууль дээр явж байтал хүмүүс хойно Г  байшингийн дэргэд хүн нас барсан байна гээд яриад байна. Тэгээд уг мэдээллийг лавшруулахад Ганхсүх ах өөрийгөө боймилсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

-Гэрч Т.Ч  2019 оны 06-р сарын 20-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт эхнэр, 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Би 2019 оны 04 сарын 24-ний орой 19 цагийн үед тоглолт үзэх гэж ирсэн. Ирээд сумын төвд гэртээ байж байтал талийгаач Г нь залгаж юм үзэх юм уу Соёлын төв дээр уулзая гэж ярьсан. Тэгээд би эхнэрийн хамтаар очтол тоглолт болно гээд их хүмүүс цуглачихсан байсан. Г нь архи уучихсан бололтой жаахан халамцуу байсан. Тэгээд тоглолт нь 21 цагийн үед дуусаж араас нь Соёлын төвд бүжиг болсон. Тэгээд талийгаач Г намайг ганц юм уухуу гэж хэлхээр нь би орой болчихсон дэлгүүр хоршоо хаачихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бүжгэнд цуг орж талийгаач Г нь бүжиглэхгүй байсан болхоор би наанаа сууж бай гээд сандал дэзр суулгаад бүжиглэж байгаад нэг харсан байхгүй болчихсон байсан. Тэгээд би араас нь гараад хартал Соёлын төвийн урд талбай хэсэгт талийгаачийг унагаачихсан хэдэн залуучууд зодож байсан. Би очоод та нар яахаараа хүн зоддог юм гэж хэлтэл нэг залуу нь намайг гуд татаж унагаагаад цээжин дээр дэвссэн. Тэгээд би багтараад хэвтэж байгаад босож ирээд хартал Г бид хоёр л үлдсэн байсан. Г  хартал хөмсөгнөөс нь цус гараад байсан. Тэгээд бид хоёр сууж байтал манай эхнэр талийгаачийн эхнэр хоёр гарч ирсэн. Тэгээд бид 4 манайд очиж хоноод маргааш нь буюу 2019 оны 04 сарын 25-ны өглөө эрт хөдөө явах гэж байтал талийгаач босож ирээд би харьлаа намайг хүргээд өг гээд би эхнэртэй нь өглөө 06 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд 2019 оны 04 сарын 25-ны өдөр гэртээ байж байтал 16 цагийн орчимд цагдаагаас ярьж байна гэж хэлээд энэ талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

-Гэрч Х.Э-ын 2020 оны 01-р сарын 25-ны өдөр өгсөн: ....манай найз Э дээгүүрээ хагас нүцгэн нимгэн цамцтай нэг танихгүй залуутай муудалцчихсан зууралдаад зогсож байсан. Э муудалцаж байсан залууд гэмтэл шарх учирсан эсэхийг хараагүй. Манай найз Э ярихдаа “Би найз Б хүнтэй муудалцаж байна гэж бодоод салгах гэж очоод нэг удаа цохьчихсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

-Гэрч М.Б-ийн 2020 оны 01-р сарын 25-ны өдөр өгсөн: Э өмнө нь харж байгаагүй танихгүй залуутай муудалцаад зогсож байсан. Би Э муудалцаж байхад нь гүйж очоод яагаад зодоон хийгээд байгаа юм гээд салгаад цааш машин руугаа аваад явсан. Э ярихдаа нэг согтуу хүн мөрлөөд өдөөд байсан. Тэр хүнтэйгээ муудалцсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

-Гэрч Б.О-ийн 2020 оны 02-р сарын 19-ний өдөр өгсөн: Эрдэнбаяр, Э хоёр хүнтэй маргалдаж байгаа бололтой байхаар нь муудалцуулахгүй гээд Э ыг муудаж байсан хүнээс нь салгаад машин руу аваад явсан. Э Банзрагч салгаад аваад явсан. Э, Э  хоёртой муудалцаж байсан хоёр залуугийн нэг нь манай сумын ах байсан. Нэрийг нь Ч гэдэг. Харин хамт явсан хүнийг огт хараагүй хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 20-ны өдрийн №39 тоот: 

1.Талийгаачийн цогцост хүзүүний урд дээд хэсгийн урдаас арагшаа, дээшээ ташуу чиглэлтэй, ардаа битүү төгссөн дарагдлын ором, зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх хүзүүнд үүссэн дарагдлын ором бүхий гэмтэл нь хагас зөөлөн материалын үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтэл болно.

            3.Талийгаачийн цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно.

                        4.Талийгаачийн цус нь 0/I/ бүлгийн харьяалалтай байна.

            5.Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/,  

            -Яллагдагч Д.Э-ын 2020 оны 02-р сарын 14-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 04 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Соёлын төвд болсон урлагийн тоглолтыг үзчихээд орой бүжгэн дээр байж байхдаа өөрийн найз Б хүнтэй маргалдаад байна гэж бодоод маргалдаж байсан 2 хүний 1-ийг нь гараараа нүүрэн тус газар цохьчихсон юм. Тэгсэн надад цохиулсан хүн нь маргааш нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байсан. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ энэ асуудлыг тодорхой дэлгэрэнгүй үнэн зөвөөр ярьж мэдүүлсэн байгаа. Би өөрийн энэ үйлдлээ ойлгож уг талийгаачийг нас барахаас нь өмнө нь цохиж бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад энэ хэргийн талаар дахин хэлж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ 

                        -Шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Я.Г биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан нь үнэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 04 сарын 24-ний орой 23 цаг 40 минутын орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг Соёлын төвийн гадна Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух Увс аймгийн харьяат Я.Г нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я, гэрч Ч.А, Г.Б , П.Т, Т.Ч, Х.Э , М.Б, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 20-ны өдрийн № 39 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

  Тухайлбал шүүгдэгч нь 2019 оны 04 сарын 24-ний орой 23 цаг 40 минутын орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг Соёлын төвийн гадна Я.Г  зодож, түүний биед зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шууд нотлох баримт болох гэрч Х.Э , М.Б, Б.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр, шууд бус буюу дам нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я, гэрч Ч.А, Г.Б , П.Т, Т.Ч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Я.Г бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 20-ны өдрийн №39 тоот шинжээчийн дүгнэлтээр Я.Г биед зүүн нүдний дээд зовхины хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирсан буюу хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Я.Г амь нас хохирсон үйл баримтыг тусдаа хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан бөгөөд шүүгдэгч Д.Э холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я, гэрч Ч.А, Г.Б , П.Т, Т.Ч, Х.Э , М.Б, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг байхгүй, тухайн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжтой, уг нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.Э хууль бус, зүй бус үйлдэл, Д.Э Я.Г нарын архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Д.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас Я.Г биед хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 20-ны өдрийн №39 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгч Д.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Д.Э өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 54/

Шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь гэрч П.Т, Х.Э , Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялаас 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Э эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

         1.Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ