| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0076/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 86
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Д.Ц ,
шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.У т холбогдох 163/2020/0076/Э индекстэй, эрүүгийн 1915005730040 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Бүрэгхангай суманд ... петровис шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар оршин суух, ял шийтгэлгүй, Ш овгийн Л.У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.У нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүрэгхангай сумын “Д” гэх газарт Н.У гийн толгойн тус газарт банзаар цохиж биед нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз нь хонь ачаад ирэе гээд аваад явсан. Тэгсэн орой нь эмнэлгээс бие нь муу байна яаралтай ир гэж дуудсан. 7-8 см урттай, 1 см гүнтэй хагарсан шарханд оёдол тавьсан байсан. Эмч нь оёдол тавьсан байсан тул бидэнд зургийг нь харуулсан. Биднийг очиход Л.У эмнэлгийн үүдэнд байсан ба юу болоод байгаа юм гэхэд хашааны сургааг мөргөчихлөө гээд зогсож байсан. У ын гар цус болсон байсан болохоор би гарыг нь угаалгасан. Эмчээс асуухад хүү чинь эмнэлэгт орж ирээд ухаан алдсан гэсэн. Эм тариа хийгээд одоо гайгүй аваад яв гэсэн. Замдаа явж байхад толгой өвдөөд байна гээд машинаас буугаад хэсэг сууж байгаад гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ харьсан. Маргааш өглөө нь яаж байгаа талаар нь эхнэрээс нь асуухад одоо босож байна гайгүй гэж хэлсэн. Тэгээд манай хөгшин босоод та нар зодолдсон уу? гэж асуухад У согтуу машин дотроо унтаж байсан. Гутлын түрийнээс нь татчихаад буцаж байхад араас нь ирж банзаар цохиод их цус гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эмчид нь зодолдсон талаар нь хэлсэн. У гар нүүрний алчуурыг 4 мушгиж ирлээ, машин цус болсон гэж өөрөө хэлсэн. Намайг ороход шингэн залгасан байсан. Маш их цус гарсан. Хүн болгон хэлж байна. Цус нь газар тунаад нөжирсөн байсан. Эмч нь гар нүүрний алчуурыг нь үзсэн гэсэн. Эмнэлэгт бас маш их цус гарсан гэж хэлсэн. Тэгж цус гарахаар цусны дутагдал орно. Тэгж явж байгаад архи уухгүй байж байгаад нас барахынхаа урд өдөр 3-4 шил архи уугаад шоконд ороод нас барсан. 10 гаран хоногийн дараа мөн цус алдсан. Би гар хөлийг нь хугалчихгүй яасан юм? Яагаад толгой руу нь цохисон юм гэж хэлж байсан. Маш их гомдож байна. 14-15 хоногийн дараа Мөнгөн гүүр гэж эмнэлэгт үзүүлэхэд ямар муу оёсон юм гэж байна гэсэн. Цус төлжүүлэх ямар нэг эмчилгээ хийгээгүй. Гайгүй гээд малд яваад байсан. Түүнээс хойш 3 удаа буглагаа үүсэж эмнэлэгт хагалуулж байсан. Дараа нь Мөнгөн гүүр эмнэлэгт очиж оёулсан. Одоо бид 4 өнчин хүүхэдтэй үлдэж байгаа. Эрүүл саруул байсан хүн энэ хүний үйлдлийн хор уршгаас болж нас барсан. Оршуулгын зардлын 3 000 000 төгрөг, Булган руу 5 удаагийн ирсэн замын зардал 150 000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 3 150 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
1915005730040 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Д.А ийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр билүүдээ сайн санахгүй байна, талийгаач У нь толгойндоо гэмтэл авчихсан ухаантай, согтуу ирсэн. Тэгээд үзэхэд хашааны банзанд цохиулсан гэж өөрөө хэлж байсан. Тэгээд их хэмжээний цус гарсан байсан учраас үзэж цэвэрлээд оёдол хийсэн. Тэгээд цус тогтчихоор гэрлүү нь явуулсан. Тэгээд Булган аймгийн төв орж нарийн мэргэжпийн эмч нарт үзүүлээрэй, өдөр бүр ирж боолт хийлгээрэй гэтэл боолт хийлгээгүй. Дараа нь дуудлага ирэхэд боолт ерөөсөө солиогүй учраас толгойндоо бугалчихсан байсан учир яаралтай Булган аймаг яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Б ын өгсөн: “...тухайн өдөр би айлаас мал авах гээд хөдөө айл руу явах гэтэл талийгаач У нь би хамт яваад очих ёстой айлын чинь саахалт айлаас ямаа авчихаад ирье гэж хэлээд хамт явсан. Тэгээд би мал авахаар Т гэх айл руу яваад очиход У гэх 20 гаран насны хүүхэдтэй мөн Т гэх залуу эхнэрийн хамтаар хонио хашчихсан байсан. Тэгээд Т гэх залуу У гэх залууд хонь өгч байсан. Тухайн үед У гэх залуу машиндаа унтаж байхаар нь би талийгаач У гийн хамтаар машинд орж суугаад талийгаач У г босооч чи унтаад байхаар хонио ач гэх мэтийн зүйл хэлсэн. Тэр үед У гэх залуу нь нойроо харамлаад байх шиг байсан. Тэгээд талийгаач У нь машинаас түрүүлээд буусан, удалгүй араас нь У гэх залуу дагаад буусан. Тэгтэл хүмүүс орилдоод унахаар нь би машинаас буугаад очтол машины зүүн хойд талд талийгаач У толгойгоо бариад суучихсан байсан.Харин У гэх залуу гартаа банз барьчихсан У г цохисон болов уу гэлтэй байж байснаа над руу бас дайрч байсан. Тэгээд би талийгаач У г аваад эмнэлэг орьё гэтэл би аваад явья чи хонио ач гэж У хэлээд У г аваад Бүрэгхангай сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
Яллагдагчаар Л.У хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхад Бүрэгхангай сумын Д гэх газраас айлаас мах авах гэж байгаад талийгаач У тай таарсан. Тэгээд тухайн айлд Б а, У нар нь согтуу байсан. Тэгээд миний бие муу машиндаа унтаж байхад У орж ирээд миний нүүр хэсэгрүү 2-3 удаа гараараа цохьсон. Тэгэхлээр нь би зөрүүлээд машинаас бууж байгаад ойр хавьд байсан 1 метр орчим урттай банзаар У гийн толгой хэсэгт цохих шиг болсон. Тэгээд У нь цохиулсан газартаа суучихсан юм. Би очиод хартал толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гээд би эмнэлэгт хүргэж ирсэн. Ирж байх замдаа би зүгээрээ намайг гэрт хүргээд өгчих гэж хэлж байсан. Тэгээд эмч үзээд оёдол хийгээд эм бичиж өгөөд явуулсан. Тэгээд 3 хоногийн дараа У г аваад Булган аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд боолтыг нь аваад жоохон цус хурчихсан байна гээд тэр цусыг нь шахаад гаргачихлаа гэж хэлээд боолт хийж өгсөн. Тэгээд дараа нь ойролцоогоор 4 хоногийн дараа би У г дагуулж явсан. Тэгээд Улаанбаатар хотод очиж Мөнгөнгүүр гэх эмнэлэгт очиж үзүүлэхэд гэмтэл гайгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Нансалмаагийн өгсөн: “... У гийн толгойн хуйхны сорви гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд нөлөөлөхгүй болно. Шинжилгээгээр тархины эд болон гавал суурь ясанд ямар нэгэн гэмтлийн гаралтай өөрчлөлт илрээгүй. Талийгаач У гийн толгойн хуйхны шарх гэмтэл авсан тухайн цаг хугацаанд шарханд анхдагч цэгцлэлт хийж оёдол тавих, өвдөлт намдаах эмчилгээнүүдийг хийнэ.... гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт: “... Бүрэгхангай сумын эрүүл мэндийн төвийн эмч Д.А нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.У д учирсан гэмтлийг түүний зовиур болон бодит үзлэгээр зөв үнэлж “толгойн хуйхны зүсэгдсэн шарх гэсэн оношийг зөв тавьсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 90 дугаартай дүгнэлтэд: 1. 2. Талийгаач Н.У гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр зүүн шилбэний доод 3/1 хэсгийн нэвт хатгагдсан шарх, толгойн хуйх хэсгийн сорви, зүүн, баруун ухархайн дотор хана болон хамар ясны хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 3 4. Дээрхи зүүн шилбэний доод 3/1 хэсгийн нэвт хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Толгойн хуйх хэсгийн сорви, зүүн баруун ухархайн дотор хана болон хамар ясны хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 5. Дээрхи гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. 7. Талийгаач нь архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшилээс болж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 8. Сумын эмнэлэг нь зохих журмын дагуу эмчилгээ хийсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 88-90 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.У нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бүрэгхангай сумын “Д” гэх газарт Н.У гийн толгойн тус газарт банзаар цохиж биед нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д.Ц , гэрч Д.А , Б.Б а нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон талийгаач Н.У гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр зүүн шилбэний доод 3/1 хэсгийн нэвт хатгагдсан шарх, толгойн хуйх хэсгийн сорви, зүүн, баруун ухархайн дотор хана болон хамар ясны хуучин хугарал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 90 дугаартай дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.У ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.У ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч /талийгаач/ Н.У гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.У нь хохирогчийн эмчилгээний төлбөрт 450000 төгрөгийг төлсөн гэх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц оршуулгын зардлын тал 3.000.000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирж буцсан замын зардал 150.000 төгрөг нийт 3.150.000 төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдаж шийдвэрлэв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.
Шүүгдэгч Л.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Л.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН