Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 87

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Т.Ж , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т  овогт Т.Ж  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015001020058 дугаартай, 163/2020/0079/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 4 хүүхэд, ээжийн хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т  овгийн Т.Ж,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ж  нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газраас шинэс төрлийн 1.375 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон түлээний мод, шинэс төрлийн хуурай 0.19м3 хэмжээтэй гишүү бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн үед **-** ОРХ улсын дугаартай Вongo Frontier загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэж байгаль экологид 394.600 төгрөгийн шууд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв. 2015001020058 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч Ч.Б ий өгсөн: “...Ц гэх газар нь 2020 онд мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй газар байгаа юм. Мааньт гэх газрыг миний бие хариуцаж ажилладаг. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... байгаль орчинд учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э ын өгсөн: “...2020 оны 02 сарын 10-ны өдөр миний бие дэд ахлагч Түмэнжаргалын хамт гэр хорооллын чиглэлд хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар ажилласан юм. Ажиллаж байх хугацаанд 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Яргуйт багт үүрэг гүйцэтгэж явж байтал цагаан өнгийн **-** ОРХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл түлээний мод аччихсан Булган аймгийн Бугат сумын чиглэлээс ирж байхаар нь зогсоож шалгахад жолооч Б.Ж  нь мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиггүй, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй мод тээвэрлэн явж байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнд хэлж цагдаагийн газар дээр ирж жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Яллагдагчаар Т.Ж  өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 10ны өдөр Булган аймгийн Бугат сумын Ц гэх газраас газарт унасан унианг мод хөрөөдөж бэлтгээд өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг руу орж явахад цагдаагийн эрүүл машин таарсан... мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг

/хх-ийн 81-84 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15, дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 17-20 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

1.    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Ж  нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “Ц” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шинэс төрлийн 1.375 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон түлээний мод, шинэс төрлийн хуурай 0.19м3 хэмжээтэй гишүү бэлтгэж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч Т.Ж ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Т.Ж д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ж ы үйлдлийн улмаас ойн санд /1.375 м. куб шинэс мод 392.700 төгрөг, 0.066 м.куб гишүү мод 1900 төгрөг/ 394600 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Ч.Б ий мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Ж ыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 394600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1183800 төгрөг болж байна.

Шүүгдэгч Т.Ж  нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын татварын Төрийн сангийн ********* дугаартай дансанд 1.178.700, мөн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн сангийн ********* дугаартай дансанд 5000 төгрөгийг “торгуулийн нөхөн хуулбар хувь төлбөр”-өөр тушаасан байх тул шүүгдэгч Т.Ж  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, илүү төлсөн 3100 төгрөгийг Төрийн сангийн ********* дугаартай данснаас гаргуулж Т.Ж д олгох нь үндэслэлтэй байна.

2.    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Т.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Т.Ж  нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/73 дугаартай саналд шүүгдэгч Т.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.Ж   хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Т.Ж д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРХ улсын дугаартай Вongo Frontier загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь Ж овогтой Б ы эзэмшлийн болох нь хавтас хэргийн 36 дугаар талд авагдсан №******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ж ы зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 19 ширхэг 1.375 метр куб хуурай шинэс мод, 0.066 м.куб гишүү мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус улаан өнгийн банктай бариул хэсгийг нь цэнхэр өнгийн зүйлээр ороосон цахилгаан хөрөөг тус тус хурааж,  **-** ОРХ улсын дугаартай 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2015 онд Монгол улсад орж ирсэн Бонго Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Т.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Т  овгийн Т.Ж ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Т.Ж ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Т.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснааргарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн шинэс төрлийн 1.375 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон түлээний мод, шинэс төрлийн хуурай 0.19м3 хэмжээтэй гишүү, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 72.000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө, **-** ОРХ улсын дугаартай Ж овогтой Б ы эзэмшлийн Вongo Frontier маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэхтогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРХ улсын дугаартай Ж овогтой Б ы эзэмшлийн Вongo Frontier загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
  6. Шүүгдэгч Т.Ж  нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН