Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 04

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

              Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар хороолол, ... байрны .. тоотод оршин суух Ч-ийн Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн Э-ийн нэхэмжлэлтэй, 

              Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох, 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/349 тоот захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

              Нэхэмжлэгч Ч.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3-р хорооны иргэн Ч-ийн Г-ийн олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ч.Г нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 2013 оны 02 сарын 03-ны өдрийн Хэрлэн сумын Засаг даргын А/41 тоот захирамжийн дагуу 1866м2 газрыг эзэмших болсон. Уг газар дээр Гаалийн газрын агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилдөг. Үйлчилгээний зориулалттай болгох зорилгоор зохион байгуулалтыг өөрчлөх ажил эхлүүлсэн боловч ар гэрийн гачигдлын улмаас ажиллагааг үргэлжлүүлж чадаагүй байгаа.

             Гэтэл 2016 оны 12 сарын 06-ны өдөр А/349 дугаартай Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ талаар газар эзэмшигч Ч.Г-д мэдэгдээгүй. 2017 оны 12 сарын 13-14-ний үед тус багийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс сураг сонсож, захирамжийн хуулбарыг олж авсан байна. Иймд зохих журмын дагуу газар эзэмших эрхээ сэргээлгэх хүсэлтийг гаргуулахыг, энэ асуудалд өмчлөгч Ч.Г-ийг оролцуулж өгөхийг хүссэн билээ.

                  Ч.Г нь 2015 оноос газрын төлбөр тооцоо хийгээгүй гэдгээ зөвшөөрч байгаа ба хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж тайлбарладаг. Одоо төлбөр тооцоог хийж хариуцлага хүлээн, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 06-ны өдрийн А/349 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Энэ асуудлыг “шийдвэрлэж өгнө үү” гэж аймгийн Засаг даргад хандсан боловч захирамж үндэслэлтэй гарсан, эрх сэргээх үндэслэлгүй гэсэн болно. Аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хариуг зөвшөөрөхгүй байгаа тул захирамжийг хүчингүй болгон газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэв.

                   Хариуцагч, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

               1. Улаанбаатар хотын иргэн Ч.Г нь сумын Засаг даргын 2013 оны А/41 дүгээр захирамжаар тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Гаалийн газрын агуулахын 1866 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан. Уг захирамжийн дагуу иргэн Ч.Г-тэй 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр газрын төлбөрт жилдээ 44784 төгрөг төлж байхаар гэрээ байгуулсан бөгөөд Ч.Г нь газрын төлбөрөө төлөөгүй тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.1.5-д...заасны дагуу сумын Засаг даргын 2016 оны А/349 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

              2. Мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д...заасны дагуу иргэн Ч.Г-тэй холбогдохоор гэрээнд бичигдсэн утсаар удаа дараа холбогдоход тийм хүн байхгүй талаар мэдэгдэж байсан бөгөөд мөн гэрээнд бичигдсэн Р.Ганчулуунтай утсаар холбогдоход Ч.Г-ийг сураггүй байгаа талаар бидэнд мэдэгдэж байсан. Иймд уг газрыг хүчингүй болсон талаар тухайн үед 8 дугаар багийн Засаг дарга А.Ганхүү болон 8 дугаар багаас сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Р.Баасанжав нарт мэдэгдсэний дагуу хүчингүй болсон захирамжийн хуулбарыг уг газрын манаач байсан Ням-Осор гуайд хүргүүлсэн.

             3. Тус сумын 8 дугаар багийн ажлын албанаас болон иргэдээс удаа дараа уг барилгын хаалга цонх нь эвдэрсэн, 8 дугаар багийн иргэд орж орогнодог, эргэн тойрондоо хог шороогоор дүүрсэн байдалтай байдаг тул багийн иргэдээр хаалга цонхыг нь битүүлж, хог шороог нь цэвэрлүүлсэн тул иргэн Ч.Гансүхийг эрэн сурвалжилж олж өгөх талаар гомдол сумын Засаг даргын Тамгын газарт гаргаж байсан.

                 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар “Газрын төлбөрийн итгэлцүүрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон бөгөөд Ч.Г-ийн газрын төлбөр нь жилдээ 89568 төгрөг төлж байхаар ногдол хийгдсэн боловч гэрээг шинэчлээгүй газрын төлбөрөө төлбөрөө төлөөгүй байгаа талаар аймгийн Татварын хэлтэс болон аймгийн ГХБХБГ-аас удаа дараа шаардсан тул хүчингүй болгох арга хэмжээ авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

                 Нэхэмжлэгч Ч-ийн Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн Э нь “Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/349 тоот захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дураар бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээндээ: Үүнд:

           1. Нэхэмжлэгч тал газрын төлөгдөөгүй төлбөр болон нийт 5 жилийн төлбөрийг төлсөн байна. /2018.03.23-нд нийт 447840 төгрөгийг Төрийн сангийн Төсөвийн орлогын ерөнхий дансанд тушаасан/,

               2. Нэхэмжлэгч тал өөрийн эзэмшил газрын төлбөрийг төлөхгүй байх зөрчлийг дахин гаргахгүй байх болно.

          3. Хариуцагч тал нь төлбөрөө төлсөн тохиолдолд эвлэрлийн гэрээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2016 оны 12 сарын 06-ны өдрийн А/349 тоот захирамжаа өөрөө хүчингүй болгох болно гэжээ.  

            Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн “Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/349 тоот захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, эвлэрсэн тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

ШҮҮГЧ                            П.АМАРЖАРГАЛ