Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0478

 

 

 

 

 

 

 

“В” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, И.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Т.С, Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, М.М нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.4, 41.11, 41.11.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1, 76.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18200600011 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “... хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар болон цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, тухайлбал, нэхэмжлэгч “В” ХХК нь зөрчил гаргасан эсэх, зөрчилд ногдуулсан хариуцлага тохирсон эсэх талаар шүүхээс дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нэхэмжлэгчийн 2017-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийхдээ процессын зөрчил гаргасан эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, зөрчил бодитой гарсан эсэх, зөрчилд ногдуулсан хариуцлага тохирсон эсэхэд дүгнэлт хийгээгүй талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй алдаатай шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий актын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, акт хууль зөрчиж гарсан эсэх, түүнээс улбаалан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан.

Татварын хяналт шалгалтыг хууль журмын дагуу явуулсан талаар: Татварын ерөнхий хууль /2019/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж зохицуулсны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан хяналт шалгалтын “Ерөнхий удирдамж”-ийн дагуу томилолттой хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль, журмын дагуу “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийг баримтлан татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийх хяналт, шалгалтыг томилолтын хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй. Түүнээс биш татвар төлөгч бүрт зориулсан ерөнхий удирдамж, тусгай удирдамж гарч хяналт шалгалт хийх боломжгүй юм.

Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/32 дугаар тушаалаар батлагдсан “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийг баримтлан татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийх хяналт, шалгалтыг татвар төлөгчийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр, чирэгдэл багатай, томилолтын хугацаанд хийж гүйцэтгэдэг. Гэтэл анхан шатны шүүх “Ерөнхий удирдамж”-ийг нийтээр дагаж мөрдөх шинжтэй захиргааны акт гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч компанид хамааралгүй гэж дүгнэж удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Татварын шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлснээр татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хийдэг болсон. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөт хяналт шалгалт нь татварын улсын байцаагчийн хүсэл зоригоос тодорхой хэмжээгээр хамаарах байдлыг зогсоох, татвар төлөгчийн эрсдэлийг тодорхой шалгуур үзүүлэлтээр гаргаж татварын болон хөндлөнгийн мэдээллийн санд үндэслэн тооцож эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулдаг болсноороо онцлогтой.

Татварын алба 2020 оныг Цахим-Татварын жил болгон зарласантай холбогдуулан татварын албаны үйл ажиллагааг бүрэн цахимжуулж татварын удирдлагын нэгдсэн системд холбосон тул хяналт шалгалт хийх томилолт, нөхөн ногдуулалтын актын дугаар давхардсан байдлаар цахим сангаас хэвлэгдэж системийн алдаа гарсан. Энэ нь нэхэмжлэгчийг томилолтгүйгээр, татварын улсын байцаагчийн дураар шалгасан гэж үзэх үндэслэл болохгүй. Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны журамд заасны дагуу “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтыг 2020 оны 02 дугаар сард нууцын журмаар, 2020 оны 09 дүгээр сард Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар тушаалаар тус тус харьяа албадад хүргүүлсэн. Анхан шатны шүүх уг баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг төлөвлөн хянаж шалгасан гэх гомдлын дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж томилолт олгогдоогүй байхад хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн гэж дүгнэжээ.

Зөрчлийн талаар: Татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18200600011 тоот нөхөн ногдуулалтын актаар “В” ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д ““нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг” гэж заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн, албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан атлаа 11,686,593,820.0 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд хариуцлага ногдуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн боловч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр татварын албанд бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Дээрх зөрчил суутган төлөгчөөр бүртгүүлээгүй 5 сарын хугацаанд гарсан болохыг шүүх анхаараагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгчээс 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 686,593,820.0 төгрөгийн нийт орлоготойгоор тайлагнасан атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “0” төгрөгийн татвар ногдох орлоготойгоор тайлагнасан нь зөрчил гарсныг нотлох бөгөөд нэхэмжлэгчээс зөрчлийг үгүйсгэсэн баримтаар нотлогдох хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд огт тайлбарлаагүй болно.

Татварын хяналт шалгалтыг хуульд заасан шаардлагын дагуу ерөнхий удирдамж, томилолтын дагуу хийж гүйцэтгэсэн байхад татвар төлөгч бүрт зориулсан ерөнхий удирдамжтай байх ёстой мэтээр өрөөсгөл дүгнэсэн, томилолтын дугаар хүний оролцоогүй программаас хэвлэн гарснаар дугаар зөрсөн техникийн алдааг хяналт шалгалтын алдаа мэтээр дүгнэж, зөрчилд үнэлэлт дүгнэлт өгөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл процессын алдаа гаргасан, техникийн шинж бүхий алдаа нь зөрчил үйлдсэн татвар төлөгч буюу нэхэмжлэгчийн зөрчлийг үгүйсгэхгүй.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18200600011 дүгээр нөхөн ногдуулалтын актаар “В” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1.1, 84.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 1,168,659,382.0 төгрөгийн нөхөн татвар, 467,463,752.8 төгрөгийн торгууль, 233,731,876.4 төгрөгийн алданги, нийт 1,569,855,011.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Улмаар “В” ХХК-аас дээрх актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу татварын хяналт шалгалт хийх тухайгаа 10 хоногийн өмнө бидэнд мэдэгдээгүй буюу татвар төлөгчийн хувьд эдлэх эрхийг эдлүүлээгүй ... татварын улсын байцаагч нарт шалгалт хийх эрх байгаагүй буюу ерөнхий удирдамж, томилолтгүй шалгалт явуулсан, эрсдэлд үнэлээгүй ... нөхөн ногдуулалтын тооцоолол үндэслэлгүй, хариуцлага тооцохдоо хууль буруу хэрэглэсэн” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ “...бид хяналт шалгалт хийхээс өмнө нэхэмжлэгч компанийн нягтлан бодогчийн мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлсэн, татварын шинэ хуулиар зөвхөн эрсдэлд эсхүл хүсэлтээр хяналт шалгалт хийдэг ба Татварын ерөнхий газрын эрсдэлд тооцсон аж ахуй нэгжид “В” ХХК хамрагдсан байсан ... 2018 онд 11 тэрбум төгрөгийн татвар ногдуудалтын орлоготой байсан атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын 0 төгрөгийн ногдуулах орлоготой гэж тайлагнасан ... нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй ... Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг оногдуулсан” гэж тус тус тайлбарлан маргасныг анхан шатны шүүх “хариуцагч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “В” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд үндэслэсэн хяналт шалгалтыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хийхдээ Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох журам, удирдамжийн дагуу хийгээгүй, хариуцагчийн энэхүү хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хүчингүй болгохоор маргаж буй актад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “... хариуцагч нар Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.1-д заасны дагуу ерөнхий удирдамж өгсөн боловч үүнийг нэхэмжлэгч “В” ХХК-д хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж гэж үзэх боломжгүй... Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжид зааснаар, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалт хийх томилолт хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхлүүлж, хяналт шалгалтын ажиллагаануудыг хэрхэн гүйцэтгэхийг уг удирдамжаар журамласан байна. Хариуцагч нарын тайлбарласнаар татварын улсын байцаагч нарт 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр томилолт олгогдсон тул хууль, журамд заасны дагуу, хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэж, шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг ирүүлэхийг мэдэгдэх ёстой, энэ мэдэгдэл болон баримт бичгийн хүсэлт ХШ04 маягтыг “В” ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цахимаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нар нь 18200600011 тоот томилолт олгогдохоос өмнө мэдэгдэл хүргүүлэх, баримт бичиг гаргуулах ажиллагааг хийсэн байна. Гэхдээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эдгээр баримтуудад томилолтын дугаар 1820802033 гэжээ. Мөн татварын хяналт шалгалтад татвар төлөгчөөс хүлээн авсан баримт бичгийн жагсаалтыг ХШ-05/1 маягтаар хүлээн авсан байх ба огноог 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэснээс дээрх эдгээр огноо, хугацаанууд зөрүүтэй байгааг дүгнэн үзэхэд, хариуцагч татварын байцаагч нар нь томилолт олгогдоогүй байхад хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн харагдаж байгаа ба энэ нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалт, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам /2019/-ын 3.6 дахь хэсэг, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-тай нийцэхгүй байна ... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А/142 дугаар тушаалаар нэхэмжлэгч “В” ХХК-ийг эрсдэл бүхий гэж үзэж, татварын хяналт шалгалтад хамруулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч татварын улсын байцаагч нарт үүнээс өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр томилолт олгогдсоноос гадна хариуцагч татварын улсын байцаагч нар дээрх тушаал гарсан өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна ... энэ 3 үндэслэлээр хариуцагч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “В” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд үндэслэсэн хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох журам, удирдамжийн дагуу хийгээгүй, хариуцагчийн энэхүү хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18200600011 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, хариуцагч нарын татварын хяналт шалгалт хийх 1820802033 дугаартай томилолтоор “В” ХХК-ийн 2017-2019 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгахад Татварын ерөнхий газрын дарга, татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн дэд даргаар батлуулсан тусгай удирдамж заавал шаардлагатай эсэх, хяналт шалгалтын төлөвлөгөөг улсын байцаагч татварын албаны хяналт шалгалтын “Фишер” программд оруулан, уг программаас авсан томилолтын дугаараа шууд удирдлагадаа хянуулж ажилласан эсэх, мөн Татварын ерөнхий газрын эрсдэлд тооцсон аж ахуйн нэгжид “В” ХХК хамрагдсан эсэх зэрэг холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.   

Өөрөөр хэлбэл, татварын акт гаргах процесс ажиллагаатай холбоотой дүгнэлт хийхээс гадна, үүссэн зөрчилтэй холбоотой дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “2020 оны 03 дугаар сараас өмнө эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нууцын журмаар буюу нууцтай албан бичгийг хүргүүлсэн” гэж, шүүх хуралдаанд “эрсдэлийн шалгуур үзүүлэлтийг хагас жилээр, жилд 2 удаа баталж гаргадаг ба 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхний хагас жилийн татварын хяналт шалгалтад хамрагдах эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргасан ... уг жагсаалт нь байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт учир шүүхэд нотлох баримтаар өгөхөөр шууд авах боломжгүй байгаа талаар шүүхэд тайлбарлаж байсан, гэхдээ шүүх уг баримттай танилцах боломжтой байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл анхан шатны шүүх дээрх баримтыг мөн нотлох баримтаар гаргуулан авч, түүнд дүгнэлт өгөх шаардлагатай.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулалгүй, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй,   маргааны үйл баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгаж, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ