| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0083/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 90
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015001060066 дугаартай,
163/2020/0083/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 39 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Х овогт Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015001060066 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч
Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгаас Улаанбаатарын чиглэлд **-** УБД улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад оройн 23 цаг 30 минутын үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Б”-ны урд асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд М.Ц гийн жолоодож явсан “Volvo” загварын **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.Ц ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Э.Ц ын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн төвөөс хадам ах Б.Б ийн хамт Б.Б ийн эзэмшлийн “Prius-20” загварын **-** УБД улсын дугаартай автомашинтай 20 цагийн үед хадам ээжийг хотод эмнэлэгт сахихаар гарсан. Архангай аймгаас гарахад замд цас орж байсан. …“Хаан бууз” нэртэй зоогийн газар өнгөрч явтал миний сууж явсан машин эсрэг урсгал руу шарваж ороод урдаас ирж явсан ачааны том машиныг мөргөхөд би нүүрээ дарсан. Тэгтэл миний цээжин хэсэгт нэг юм цохих шиг болоод дуугарч чадахгүй болсон. Тэгээд манай хадам ах Б.Б намайг “машинаас хурдан буу” гэхээр нь хамгаалах бүсээ тайлаад буутал ах намайг тосож аваад тэвэрч сэгсрэх үед би амьсгаа авч эхэлсэн. Тэгээд машиндаа орж хэвтэх гэтэл машинаас муухай зүйл үнэртээд байсан тул гадаа хэвтсэн. Тэр хавийн нутгийн гэсэн байх 2 ах ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. ...Маргааш өглөө нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хагалгаанд орсон. Тэгээд эмч нар хагалгааны дараа таны элэг ар талдаа 7 см-ийн бяцралттай байна.
Гэмтэл согогын төв рүү эмчийн хяналтад явуулна гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод 10 хоног Гэмтэл согогын хэвлийн хавсарсан тасагт эмчлүүлээд гарч ирсэн дахиж хагалгаанд ороогүй. ...Замын халтиргаанаас болж шарваж осол гарсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Ц ын өгсөн: “...Би жолооч Ц гаас юу болсон талаар асуухад “би өөрийн зорчих хэсгээр зам халтиргаатай, бага зэргийн уруу газар байсан тул удаан явж байхад эсрэг урсгалаас ирж явсан тээврийн хэрэгсэл дөхөж ирэнгүүтээ гэнэт урсгал сөрөөд өөдөөс ирсэн. Тухайн үед би боломжоороо гаргах гэж замын хойд талын хөвөө хэсэг рүү тултал дарсан боловч уг тээврийн хэрэгсэл ирээд “Volvo” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын хэсэг рүү мөргөсөн” гэж хэлсэн. Тухайн осол болсон гэх газарт цас ороод хайлчихсан байсан ба манай тээврийн хэрэгслийн тооромзны мөр тод гарчихсан байсан. Харин манай машиныг мөргөсөн гэх “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн мөр байхгүй байсан. ...Би тухайн өдрийн орой нь нөгөө “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Б тэй уулзахад “гулгаж очоод мөргөчихлөө миний буруу, тиймээс хохирол мөнгийг барагдуулах болно” гэж хэлж байсан. **-** ОРА улсын дугаартай “Volvo” загварын тээврийн хэрэгслийг засаж янзлуулахад 2208000 төгрөг болсон. Мөн үүн дээр осол болсон газраас Улаанбаатар хот руу очиход заавал солих шаардлагатай гээд гидрийн трүп 80000 төгрөгөөр авч очсон. Осол болох үед ачсан байсан ачааг Өвөрхангай аймагт хүлээлгэж өгөхөд 268800 төгрөгийн хохирол учирсан буюу архи, пивонууд мөргөлдсөний улмаас хоорондоо мөргөлдөж хагарсан байсан. Тээврийн хэрэгсэл дуудаж Өвөрхангай аймгийн төв ортол Ц гэх жолоочид 500000 төгрөгөөр шатахуун хийсэн. Эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоолгоход 115000 төгрөг болсон. Тээврийн хэрэгслийг засаж янзлуулах гээд ойр зуурын ажил хөөцөлдөх гэж 71000 төгрөгөөр шатахуун хийсэн. Өөр бусад байдлаар зардал их гарсан боловч тэдгээр зардлыг нэхэмжлэхгүй. Ингээд нийт 3242800 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Гэрч М.Ц гийн өгсөн: “...Гулгаатай уруу газар байсан болохоор би зөөлөн, ойролцоогоор 30-40 км/ц хурдтай уруудаж явтал урдаас “Prius 20” загварын тээврийн хэрэгсэл нэлээд хурдтай ирж байх шиг харагдсан. Зөрөөд хажуугаар гарах нь гэж бодож байтал 3-4 метрийн зайд ирээд гэнэт миний машины зөв тал руу урсгал сөрж ирээд зөв талаас мөргөсөн. Тухайн үед би тоормоз гишгээд баруун тийш дараад гарах гэтэл амжилгүй миний машины зөв талын урдаас мөргөж хажуугаар гараад явсан. …Тэгээд яваад очтол жолооч талын хаалганаас нэг залуу гарч нөгөө хаалга руугаа очиж нэг эмэгтэй хүнийг сугадаж өргөж гаргаж ирсэн. Тэр эмэгтэй хэвлий хавиа дараад “энд өвдөж байна” гээд хөл дээрээ зогсож чадахгүй газар хэвтээд өгөхөөр нь би нөгөө жолоочид “газар даарчихна машиндаа оруул” гэсэн чинь нөгөө эмэгтэй “би машинд орохгүй машин дотор муухай үнэр үнэртээд байна” гээд газар хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч Д.Б ын өгсөн: “...М ын хамт зоогийн газрын гадаа гарч ирэхэд урд талын хот хоорондын зам дээр 2 машин мөргөлдсөн байхаар нь миний машинтай “Prius 20” загварын машин дээр очиход замын урд хэсэгт замаас гарсан байсан. Тухайн газарт “Prius 20”, “Volvo” загварын машины жолооч нар болон нэг зорчигч эмэгтэй газар хэвтэж байсан. Бид 2 миний машинаар “Prius 20” загварын машины жолооч, зорчигч хоёрыг аваад сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгөөд буцсан. “Prius 20” загварын тээврийн хэрэгсэл урд талаараа мөргөсөн байсан. Уг машин нь “Volvo” загварын тээврийн хэрэгслийг урсгал сөрж орж мөргөсөн байсан. “Volvo” загварын автомашин замын зорчих хэсгийг шахаж зогссон байсан. Харин “Prius 20” загварын машин эсрэг урсгал руу орж “Volvo” загварын машиныг мөргөөд өөрийн зорчиж байсан урсгал руу орж замаас гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
Гэрч Я.М ын өгсөн: “...зорчигчийг буулгаад газар хэвтүүлсэн байсан. ...Тухайн үед цас орж байсан. “Prius 20” загварын машин эсрэг урсгал руу орж “Volvo” загварын машиныг мөргөөд өөрийн зорчиж байсан урсгал руу орж замаас гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “жолооч Б.Б ийн “ВСЕ” ангиллын ****** дугаартай эрхийн үнэмлэх хүчинтэй байх ба 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр жолооч болсон байна. Жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан байна” гэх Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх-57 тал/,
Хохирогч Э.Ц ын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Э.Ц ын биед элэгний эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт /хх-46-47 тал/,
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй. ...Тухайн үед замд явж байхад цас орж улмаар халтиргаа үүссэн. Тэр үед би зохих хурдыг тооцоолж яваагүйн улмаас “Volvo” загварын тээврийн хэрэгслийн урд хэсэг рүү гулгаж очоод мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-71 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Ц , гэрч М.Ц нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч Б.Б ийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд уг осол гарах шалтгаан нь цас орсоны улмаас замын халтиргаа гулгаа үүссэн замын болон цаг агаарын нөхцөл байдалд тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй, шүүгдэгч Б.Б ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б ийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.Ц ын эрүүл мэндэд хүнд хохирол, “Volvo” загварын **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц т 1548000 төгрөгийн шууд, 1694800 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Ц нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, харин шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Ш.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3242800 төгрөгийг /хх-101, 108/ төлсөн байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудаас /хх-71, 73, 77 тал/ дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг CD-г хэргийн хамт хадгалж, жолоочийн “BC” ангилалын ****** дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД