| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2016/00113/И |
| Дугаар | 181/ШШ2016/01515 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2016/01515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **** дүгээр хороо, **** дугаар байр,**** тоотод оршин суух, **** онд төрсөн, 42 настай, ХГ:***** тоот регистрийн дугаартай Огниуд иеншөөбү овогт Ганибалын Амартүвшин,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, **** дугаар байр, *** тоотод оршин суух, **** онд төрсөн, 44 настай, С.Ф нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж, ****** байранд байрлах А.с.н ХХК-д холбогдох
155.000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1.500 төгрөгөөр буцаан худалдан авахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ф.С-ын өмгөөлөгч Ш.Э, хариуцагч А.с.н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А, Ф.С нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон Г.А итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ф.С-ын өмгөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нэхэмжлэгч Г.А-ийн тгэмжлэгдсэн төлөөлөгч, Ф.С-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Ф.С нь Узбекстан улсын иргэн мөн боловч монгол хэлээр чөлөөтэй ярьж бичдэг, хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж, бүх хүмүүстэй монгол хэлээр харилцдаг байсан. Түүнийг тус компанийхан бүгд мэднэ. Ф.С эх хэлээрээ нэхэмжлэл гаргавал нэхэмжлэл болон нотлох баримтыг орчуулгын товчоогоор орчуулах ёстой. Өөрөө хүсэж нэхэмжлэлээ монгол хэлээр гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг монгол хэл дээр хийсэн нь хууль зөрчөөгүй, тэр хүний хүсэл зориг мөн. Тэрээр гарын үсгээ маш олон янзаар зурдаг, хэрэгт байгаа баримтууд дээр олон янзаар зурсан байгаа. Ф.С Бээжинд ажилладаг, Монголд байнга ирж очдог, нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 9 дүгээр сард ирэхдээ надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 12 дугаар сард ирэхдээ 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрөө нэхэмжлэл гаргасан, түүнийгээ дэмжиж байгаа, өмгөөлөгчөө оролцуулах талаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичиж, гарын үсгээ зурсныг нотариатч баталсан. Нэхэмжлэгч нар А.с.н ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бөгөөд тус компанийн нийт хувьцааны 0.49 хувь буюу 85.000 ширхэг хувьцааг Г.А, 0.41 хувь буюу 70.000 ширхэг хувьцааг Ф.С нар тус тус эзэмшдэг. Бид А.с.н ХХК-ийн ТУЗ-ийн даргын гарын үсэг бүхий хувь нийлүүлэгч нарт хаягласан, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр огноолсон албан бичиг, түүний хавсралтуудыг 2014 оны 03 сарын эхээр олж танилцсан. Дээр дурдсан албан бичигт дурдсанаар компанийн нэр болон хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулалгүй их хэмжээний хэлцэл хийсэн болох нь харагдаж байсан. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байдаг. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар компани энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн, компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан бол уг асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байдаг. А.с.н ХХК-ийн нэр бүхий жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс дээр дурдсан Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан нөхцөл бүрдсэн байна гэж үзэж өөрсдийн эзэмшлийн хувьцааг буцаан худалдан авахыг шаардсан мэдэгдлийг зохих журмын дагуу тус компанид хүргүүлсэн. А.с.н ХХК-ийн гүйцэтгэх захирал нэр бүхий жижиг хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг хүлээн авч танилцаад 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ***** тоот албан бичгээр өгсөн хариундаа шаардлагатай холбоотой асуудлыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх ба компани жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа буцаан худалдан авч халаасалж байгаа, эх үүсвэрийн асуудлаа шийдвэл ТУЗ-өөс өгсөн зөвшөөрлийн дагуу цаашид ч хувьцаагаа халааслаад явах болохыг мэдэгдсэн. Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 53 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрд компани нь энэ эрх, түүнийг хэрэгжүүлэх журмын талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч А.с.н ХХК нь өнөөдрийг хүртэл хуульд заасан журмын дагуу жижиг хувьцаа эзэмшигч нарт ийнхүү мэдэгдэж байгаагүй болно. Нэхэмжлэгч нарын зүгээс А.с.н ХХК нь дээр дурдсан жижиг хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэн хувьцаагаа буцаан худалдан авах юм байна гэж хүлээсээр өнөөдрийг хүрсэн. А.с.н ХХК-ийн ТУЗ-ийн даргын гарын үсэг бүхий хувь нийлүүлэгч нарт хаягласан, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр огноолсон албан бичиг, түүний хавсралтуудад бичсэнээр тус компани нь нэгж хувьцааны үнэлгээг 1805 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөгөө талаар дэлгэрэнгүй тайлангаас харахад 662.044.290 төгрөгийн цэвэр ашигтай байсан нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг буцаан худалдан авах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн тус компани нь зарим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 1680-2000 төгрөгөөр худалдан авсан мэдээлэл байдаг. Дээрх байдлаар тодорхой хариу өгөхгүй байсан тул бидний зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.с.н ХХК-д хандан холбогдох баримт бичгүүдийг гаргуулах болон өөрсдийн эзэмшлийн энгийн хувьцааг нэг бүрийг нь 2000 төгрөгөөр эргүүлэн худалдаж авахыг шаардсан. А.с.н ХХК нь бидний шаардлагыг хүлээн авч танилцаад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн **** тоот албан бичгээр мэдэгдэлд заасан үнээр хувьцааг эргүүлэн худалдан авах боломжгүй болохоо мэдэгдсэн. Бидний зүгээс дээрх албан бичигтэй танилцаж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр бодит нөхцөл байдлыг дахин нэг харгалзан үзэж, өөрсдийн эзэмшлийн хувьцааг нэг бүрийг нь 1500 төгрөгөөр эргүүлэн худалдан авахыг шаардсан. А.с.н ХХК дээрх шаардлагыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй болно. Мөн А.с.н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр болсон бөгөөд уг хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, П.Б нар хурлаар хэлэлцсэн асуудал болох 2015 оны санхүүгийн батлах асуудал дээр эсрэг санал өгсөн. Нэхэмжлэгч нар А.с.н ХХК-ийг Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн, компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, мөн санал хураалтад оролцоогүй тул нэхэмжлэгч нарын эзэмшлийн нийт 155.000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1500 төгрөгөөр буцаан худалдан авахыг А.с.н ХХК-д даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Г.А, Ф.С хоёроос гадна жижиг хувьцаа эзэмшигч Ю.Г бас маргаан үүсгэж хамт явж байсан ба саяхан Ю.Г-ийн 69.100 ширхэг хувьцааны үнийг 1300 төгрөгөөр тооцож өгсөн байсан. Иймд Ю.Г-д бодож тооцсон үнэ болох 1300 төгрөгөөр буцаан худалдан авахыг даалгаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч А.с.н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ф.С нь Узбекстан улсын иргэн бөгөөд тэрээр Г.А-ийн хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дээрх нэхэмжлэлийг монгол хэлээр гаргасан. Гадаадын иргэн өөрийн эх хэлээр нэхэмжлэлээ гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг монгол хэл дээр хийсэн, Ф.С нь олон янзаар гарын үсгээ зурсан нь мөн өдөр дээрх нэхэмжлэлийг гаргасан эсэхэд эргэлзэж байна. 2016 оны 9 дүгээр сард Монголд ирж өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, 2016 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаа дэмжсэн тухай баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Ф.С-ын паспортын хуулганы нүүрэн хэсэг байх тул нотлох баримтаас хасаж өгнө үү. Нэхэмжлэгч нар нь А.с.н ХХК-ийн ТУЗ-ийн даргын гарын үсэг бүхий хувь нийлүүлэгч нарт хаягласан, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр огноолсон албан бичиг, түүний хавсралтуудыг 2014 оны 03 дугаар сарын эхээр олж танилцсан, албан бичигт дурдсанаар компанийн нэр болон хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулалгүй их хэмжээний хэлцэл хийсэн болох нь харагдаж байна гэж нэхэмжлэлдээ тусгажээ. Компанийн нэрийг өөрчлөх тухай шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан бөгөөд энэ тухай зохих журмын дагуу мэдээлснийг нэхэмжлэгч нар олж мэдсэн байсан. Нэхэмжлэгч нарт өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсэх хуулийн үндэслэл байхгүй байна. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нар А.с.н ХХК нь жижиг хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэн хувьцаагаа буцаан худалдан авах юм байна гэж хүлээсээр өнөөдрийг хүрсэн гэж бичсэнээс үзэхэд хуульд заасан хугацааг алдсан гэж дүгнэж болохоор байна. Энэ дүгнэлт нь “...өөрсдийн эзэмшлийн энгийн хувьцаа нэг бүрийг нь 2000 төгрөгөөр эргүүлэн худалдаж авахыг шаардсан. А.с.н ХК нь бидний шаардлагыг хүлээн авч танилцаад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ****** тоот албан бичгээр мэдэгдэлд заасан үнээр хувьцааг эргүүлэн худалдан авах боломжгүй болохоо мэдэгдсэн. Бидний зүгээс дээрх албан бичигтэй танилцаад 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр бодит нөхцөл байдлыг дахин нэг харгалзан үзэж, өөрсдийн эзэмшлийн хувьцааг нэг бүрийг нь 1500 төгрөгөөр эргүүлэн худалдан авахыг шаардсан гэсэн тайлбараар нотлогдож байна. А.с.н ХХК-ийн нэгж хувьцааны зах зээлийн үнийн жигнэсэн дундаж үнэ 1149.36 төгрөг тул 1500 төгрөгөөр тооцохыг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Амартүвшин, Ф.С нар А.с.н ХХК-д холбогдуулан 155.000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1.500 төгрөгөөр буцаан худалдан авахыг тус компанид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ф.С нь Узбекстан улсын иргэн байх бөгөөд тэрээр Г.А-ийн хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дээрх нэхэмжлэлийг монгол хэлээр гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадын иргэн өөрийн эх хэлээр нэхэмжлэлээ гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг монгол хэл дээр хийсэн, Ф.С олон янзаар гарын үсгээ зурсан нь мөн өдөр дээрх нэхэмжлэлийг гаргасан эсэхэд эргэлзэж байна, 2016 оны 9 дүгээр сард Монголд ирж өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, 2016 оны 12 дугаар сард ирэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаа дэмжсэн тухай өгч байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал Ф.С-ын паспортын хуулганы нүүрэн хэсэг байгаа бөгөөд Монголд орсон гарсан тухай нотлох баримт үгүй байх тул нотлох баримтаас хасаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ф.С-ын өмгөөлөгч Ш.Э, Ф.С-ыг Узбекстан улсын иргэн мөн боловч монгол хэлээр чөлөөтэй ярьдаг, хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж, бүх хүмүүстэй монгол хэлээр харилцдаг байсан, өөрөө хүсэж нэхэмжлэл болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг монгол хэл дээр хийсэн нь хууль зөрчөөгүй, тэрээр гарын үсгээ маш олон янзаар зурдаг, Хятадад ажилладаг Монголд байнга ирж очдог, тэрээр 2016 оны 9 дүгээр сард Монголд ирж өмгөөлөгчтэй гэрэ байгуулсан, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрөө нэхэмжлэл гаргасан, түүнийгээ дэмжиж байгаа, өмгөөлөгчөө оролцуулах талаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дурдаж, гарын үсгээ зурсныг нотариатч баталсан гэжээ.
Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зїйлийн 7.2-т… Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн хэл буюу мэддэг хэл бичгээр шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй, мөн хуулийн 7.4-т…гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулсан байна гэжээ.
Нэхэмжлэгч Ф.С өөрөө хүсэж, нэхэмжлэлээ монгол хэл дээр гаргасан, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулснаас үзэхэд дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээ өөрөө гаргасан, дэмжиж байгаа талаар дурдаж, ноториатч гарын үсгийн үнэн зөвийг баталсан байх тул уг нэхэмжлэлийн хүрээнд түүний өмгөөлөгчийг оролцуулан шийдвэрлэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ф.С-ын паспортын хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодотгох, тайлбар гаргах тухай баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.А, Ф.С нар А.с.н ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид байх бөгөөд тус компанийн нийт хувьцааны 0.49 хувь буюу 85.000 ширхэг хувьцааг Г.А, 0.41 хувь буюу 70.000 ширхэг хувьцааг Ф.С нар тус тус эзэмшдэг байна.
Г.Амартүвшин, Ф.С нар А.с.н ХХК-ийн ТУЗ-ийн дарга нь 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хувь нийлүүлэгч нарт хаягласан албан бичиг үйлдсэн байх ба уг албан бичигт дурдсанаар компанийн нэр болон хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулалгүй их хэмжээний хэлцэл хийж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн, Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан нөхцөл бүрдсэн байна гэж үзэж, дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Хэрэгт авагдсан И.А.Т ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19/2013 тоот ТУЗ-ийн тогтоолоор А.д ХХК, А.к-т ХХК-ийн хувьцааг худалдан авах, И.г ХХК-д хувьцаа эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар А.Т. ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***** тоот хурлын шийдвэр, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэгшигчдийн эчнээ санал хураалтыг үндэслэн ACH, А.д, А.к ХХК-ийн хувьцааг худалдан авах, И.г ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр оруулах, дээрх хувьцаануудын төлбөрт А.Т ХХК-иас бэлнээр 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөг шилжүүлэх, мөн А.Т ХХК-ийн дүрмийн сангийн 13.53% буюу 2.153.450 ширхэг халаасны хувьцааг хуваарилж, И.г ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр оруулах тухай ТУЗ-ийн саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцсэн нь А.Т ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***** тоот ТУЗ-ийн тогтоолоор тогтоогдож байна.
А.с.н ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч болох Г.А, Ф.С, Ю.Г нар тус компанийн ТУЗ-ийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “хувь нийлүүлэгч нар”-т гэж хаягласан албан бичгийг 2014 оны 03 дугаар сард олж мэдэж Компанийн тухай хуулийн 17, 53 дугаар зүйлүүдэд зааснаар өөрсдийн эзэмшлийн хувьцааг буцаан худалдан авахыг шаардсан мэдэгдлийг зохих журмын дагуу тус компанид хүргүүлсэн гэх бөгөөд компаниас 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шаардлагын хариуг ирүүлжээ.
А.Т ХХК нь нэрээ өөрчилж, А.с.н ХХК болсон, И.Г ХХК-ийн эзэмшиж буй охин компаниудын хувьцааг худалдан авч их хэмжээний хэлцэл хийсэн тал дээр хариуцагч тал маргахгүй байгаагаас гадна А.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн **** тоот “Шаардлагын хариу хүргүүлэх” тухай албан бичигт… Хувьцаа худалдах, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах, И.Г ХХК-ийн охин компаниудыг худалдан авах асуудлыг компанийн ТУЗ-өөр дэмжигдэн, хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэсэн болно. Компанийн нэр солих асуудлыг мөн ТУЗ-өөр дэмжигдэн, 4 дүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авч, холбогдох өөрчлөлтийг компанийн дүрэмд тусгуулахаар удирдлагын зүгээс ажиллаж байна. Компаниас хувьцаа эзэмшигчдэд 01 дүгээр сарын 31-ний өдөр хүргүүлсэн албан бичигт дурдсан И.Г ХХК-тай хийсэн арилжаа нь их хэмжээний хэлцэл ч компанид стратегийн хөрөнгө оруулагч оруулах хэлцэл байсан болно. Хувьцааны арилжааг идэвхжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс бидэнд стратегийн хөрөнгө оруулагчид зайлшгүй хэрэгтэйг та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна гэх баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т… Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална, мөн хуулийн 17.2-т…Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй гэж заажээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд А.Т ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *****, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***** тоот ТУЗ-ийн тогтоолууд нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн, дээрх хуулийн заалтуудыг зөрчиж хийгдсэн гэдэг нь нотлогдож байна.ххх
Г.А, Ф.С нар тус компанийг Компанийн тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1-д заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрд компани нь энэ эрх, түүнийг хэрэгжүүлэх журмын талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь А.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн **** тоот “Шаардлагын хариу хүргүүлэх” тухай албан бичигт дурдсан… ”Компани нь өнөөдрийн байдлаар 370 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд бүгдэд мэдээлэл хүргэх, санал авахад тодорхой хүндрэл учирч байгааг бид хүлээн зөвшөөрч байна” гэдгээр батлагдаж байгаа болно.
Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т… Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 54.2-т заасны дагуу гаргасан шаардлагыг уг шаардах эрхийг үүсгэсэн шийдвэр гарснаас, эсхүл ийм эрх үүсгэсэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авснаас хойш ажлын 30 хоногийн дотор компанид явуулахаар заасан байх ба хувьцаа эзэмшигч Г.А, Ф.С нар тус компанийн ТУЗ-ийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “хувь нийлүүлэгч нар”-т гэж хаягласан албан бичгийг 2014 оны 03 дугаар сард олж мэдэж өөрсдийн эзэмшлийн хувьцааг буцаан худалдан авахыг шаардсан мэдэгдлийг компанид хүргүүлж, компаниас 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шаардлагын хариуг ирүүлснээр нотлогдож байна.
А.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 53/2014 тоот “Шаардлагын хариу хүргүүлэх” тухай албан бичигт… 2013 онд хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн шаардлагын дагуу өнгөрсөн хугацаанд компани жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа буцаан худалдан авч, халаасалж байгааг дуулгах нь зүйтэй байх. 2014 он гараад бид нийт 15 хувьцаа эзэмшигчдээс 547.163.200 төгрөгийн 540.902 ширхэг хувьцааг худалдан авч халааслаад байна. Эх үүсвэрийн асуудлаа шийдвэл ТУЗ-өөс өгсөн зөвшөөрлийн хэмжээнд цаашид ч хувьцаагаа халааслаад явна гэдгийг мэдэгдэж байна гэжээ.
Өөрөөр хэлбэл тус компани Компанийн тухай хуулийн 54.6-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор хувьцааг худалдан авах, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаас татгалзсан үндэслэлээ хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй боловч дээрх албан бичгээс харахад эх үүсвэрийн асуудлаа шийдвэл ТУЗ-өөс өгсөн зөвшөөрлийн хэмжээнд хувьцаагаа халааслаад явна гэж ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх ба нэхэмжлэгч нар шийдвэрийг хүлээсэн боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул А.с.н ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдэлдээ хувьцааг 2000 төгрөгөөр худалдан авахыг шаарджээ.
Дээрх мэдэгдлийн хариуд тус компанийн гүйцэтгэх захирал 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ****** тоот албан бичгээр мэдэгдэлд заасан үнээр хувьцааг эргүүлэн худалдан авах боломжгүйг дурдсан байх бөгөөд хувьцаа эзэмшигч нар 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2016/35 тоот албан бичгийн хариуд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ..бидний эзэмшлийн энгийн хувьцааг зах зээлийн үнээр буюу нэг ширхэг хувьцааг 1500 төгрөг худалдан авна уу гэх мэдэгдлийг хүргэсэн боловч түүнд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
А.с.н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г танаа 2016/35 тоотын хариу гэх Г.А, Ф.С, Ю.Г нарын гарын мэдэгдлийн дор 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэсний 04 гэдэг засвартай, тэр өдөр гаргасан гэхэд эргэлзэж байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч уг хоёр хуудас мэдэгдлийн ард хүлээн авсан А.М 2016.04.07 гэжээ.
Нэхэмжлэгч нар хувьцааг 1500 төгрөгөөр худалдан авна уу гэх мэдэгдлийн хариуг өгөөгүй тул Компанийн тухай хуулийн 54.7-д зааснаар 3 сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж тайлбарлаж байх ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Компанийн тухай хуулийн 54.6, 54.7-д заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэв.
Г.Амартүвшин, Ф.С нар нэгж хувьцааг 1500 төгрөгөөр худалдан авахыг даалгах тухай шаардлага гаргаж үндэслэлээ: А.с.н ХХК нь зарим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 1680-2000 төгрөгөөр худалдан авсан мэдээлэл байдаг, түүнчлэн 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг түүний хавсралтуудад тус компанийн нэгж хувьцааг 1805 төгрөгөөр үнэлсэн, тус компанийн 2015 оны санхүүгийн тайланд нэгж хувьцааны үнэлгээ /2014 онд 2024/, /2015 онд 2176.38/, /2016 онд 2768.69/ төгрөгөөр тусгагдсан ба энэ нь Компанийн тухай хуулийн 53.5-д… Компани нь хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна гэж заасантай нийцэж байна гэж тайлбарлаж, харин хариуцагч тал А.с.н ХХК-ийн нэгж хувьцааны зах зээлийн үнийн жигнэсэн дундаж үнэ 1149.36 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нар дээрх зах зээлийн үнээс доогуур буюу нэгж хувьцааг 1500 төгрөгөөр тооцож, улмаар шүүх хуралдааны явцад үнийг багасгаж 1300 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр Г.А-ийн 85.000 ширхэг, Ф.С-ын 70.000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1300 төгрөгөөр буцаан худалдан авахыг А.с.н ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь: