Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 91

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Х.А , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000068 дугаартай, 163/2020/0085/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, Б овогт Х.А, Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Х.А  нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт **-** ОРӨ улсын дугаартай “Hyundai sonata 7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 3.4.б дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас зорчигч Б.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000068 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А  нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт Орхон аймгаас Булган аймгийн чиглэлийн засмал замаар **-** ОРӨ улсын дугаартай “Hyundai sonata 7” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4, 3.4.б дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас зорчигч Б.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт Хохирогч Б.Б гийн өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би охин М , Т , Ө , А , С , Н  бид хэд А гийн хадам аавынд очихоор А гийн нөхөр Ө ын машинтай явсан. Тэгээд манай гэрийн гаднаас А  машиныг жолоодоод хөдөлсөн. Тэгээд бид хэдийг Оросын булаг өнгөрч явахад гэнэт хамт явсан хүмүүс ээжээ гээд маш чанга хашхирах шиг болсон. Тухайн үед би тээврийн хэрэгслийн хойд суудлын баруун захад суугаад гар утсаар чихэвчтэй кпип сонсоод явж байсан. Тэгээд юу болж байгааг анзаарах завдалгүй нэг мэдсэн миний сууж явсан машин замаас гарч онхолдсон байдалтай би машин дотор ухаан сэргэсэн... Мөргөлдсөн шүргэлдсэн зүйл огт болоогүй... би эгэмээ хугалсан. Өөр гэмтэлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-27 тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Б гийн өгсөн: “...Манай байгууллагаас Д.Ө  нь зээлтэй холбоотой сарын төлөлт, хүү, алдангийг гэрээний дагуу хийгээд явбал автотээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал алга байна. Харин Ө  нь зээлийн гэрээний дагуу сарын төлөлт, хүү, алдангийг хийхгүй бол тээврийн хэрэгслийг эвдрэлд гарсан хохирол болон зээлийн үндсэн төлөлт, хүү, алдангийг нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Д.Ө ын өгсөн: “...Ослын улмаас Ө.С  бэртсэн гэмтсэн зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-39 тал/,

Гэрч Э.Ө ын өгсөн: “...машиныг А  жолоодсон. А гийн хажуугийн урд суудал дээр М , жолоочийн чанх хойд суудал дээр Б  эгч, дунд нь би суугаад С ийг өвөр дээрээ авч суусан, харин миний баруун талын суудал дээр Т  охин Н ыг өвөр дээрээ суулгаад явсан... саарал өнгийн машиныг гүйцэж түрүүлээд зэрэгцэж явах үед Т  мөргөлдлөө гэж хашгирсан. Нэг мэдсэн машин замаас гарч хөрвөөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-2728 тал/,

Гэрч Б.Т гийн өсгөн: “...Машин хөдлөх үед машиныг А  жолоодсон, А гийн хажууд буюу урд суудал дээр М , жолоочийн хойд суудал дээр Б  эгч, дунд Ө  суугаад С ийг өвөр дээрээ авч суусан, харин би баруун талын суудал дээр охин Н ыг өвөр дээрээ суулгаад явсан. Орхон аймгаас бид хэд хөдлөөд Оросын булаг гэх газарт явж байхад урд саарал өнгийн жижиг суудлын машин явж харагдсан. Тухайн үед тэр машины хойно явж очиход тэр машин замын хөдөлгөөнд удаан явж оролцож байсан. Тэгсэн А  тэр машиныг гүйцэж түрүүлэхээр замын эсрэг урсгал руу орж нөгөө машинтай зэрэгцэж явсан. Тэгсэн чинь нөгөө машинтай яг зэрэгцэж явах үед нөгөө хажууд явж байсан саарал машин миний сууж явсан машин руу маш ойрхон болж шахсан, тэр үед яг хоорондоо мөргөлдөж байх шиг санагдаад байхаар нь би “яанаа мөргөлдлөө” гэж хэлсэн. Тэгсэн чинь бүх зүйл маш хурдан болж өнгөрөөд нэг мэдэхэд миний сууж явсан машин замаас гарч онхолдсон байсан. Би цочролд ороод ухаан санаа хэвийн болоход бүгд айсан байдалтай машин дотроо сууцгааж байсан. Нөгөө саарал өнгийн машин шууд явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-44 тал/,

Гэрч Б.Т ийн өгсөн: “...Ослын улмаас миний охины нүүр хавдсан байсан. Одоо бол хавдсан газар нь зүгээр, биеийн байдал хэвийн байгаа. Гомдол

санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 46-47 тал/,

Гэрч Э.М ийн өгсөн: “...Тэгээд машиныг А  өөрөө жолоодоод би хажууд нь суугаад хойно ээж Б , Ө , Т , Н , С  нар суугаад хөдөлсөн. Тэгээд “Оросын булаг” гэдэг нэртэй газарт явж байхад урд нэг машин их удаан яваад байсан. Тэгсэн А  тэр машиныг их удаан яваад байна даа, урд нь гаръя гээд гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгээд нөгөө саарал өнгийн машинтай гүйцэж түрүүлээд хоёр машин зэрэгцэх үед нөгөө саарал өнгийн машин манай машин руу ойртож харагдсан. Тухайн үед тэр машиныг ойртох үед машинууд хоорондоо мөргөлдлөө гээд зорчигч нар хашгирахад жолооч болон зорчиж явсан хүмүүс бүгд сандралд орсон. Тэгээд би юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх 52 тал/,

Гэрч Я.Ч ын өгсөн:  “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөө би Орхон аймгаас Булган аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Субару маркийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Оросын булаг гэх нэртэй газар явж байхад цагаан өнгийн Соната 7 маркийн суудлын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд зэрэгцэж ирээд миний машиныг мөргөх гэж байгаа болов уу гэмээр ойртож ирэхээр нь би эхнэртээ наадах машин чинь намайг мөргөх шахлаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний машин руу ойртож байгаад ард мурилзаад үлдэх шиг болсон. Тухайн үед би зүүн тал руу зай аваагүй бол мөргөлдөх байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг шахах үйлдэл хийгээгүй. Тэгээд Зоон давааны постон дээр цагдаа саатуулж хойно цагаан өнгийн тээврийн хэрэгсэл осолд орсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 55 тал/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Х овогтой А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 3.4.6 хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийг зөрчсөн байна... жолоочийн буруутай үйлдлээс гарсан байна” гэх Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 тоот дүгнэлт /хх-96 тал/, хохирогч Б.Б гийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Б.Б гийн биед зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн талын 3 ба 4 дүгээр хавирганы хугарал, зүүн хөхний доор, хэвлийн зүүн хэсэгт шарх, зүүн далны хэсэгт цус хурал үүсчээ... шинэ гэмтлүүд ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн талын 3 ба 4 дүгээр хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын

2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 317 дугаартай дүгнэлт /хх-84-86 тал/, шүүгдэгч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би саарал өнгийн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зэрэгцэж явахад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй. Харин сүүлд тээврийн хэрэгслийг дахин саарал өнгийн машинтай мөргөлдөж магадгүй болох үед тоормосоо гишгээд зүүн тал руугаа жолооны хүрдээ дарсан. Тухайн үед хамт явж байсан хүмүүс хашгираад их сандарсан. Зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-124-125 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.А  нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийн хурдыг хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тохируулан яваагүй, хурд хэтрүүлсэн үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч хор уршигт хүргэхгүй гэж өөртөө найдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.А гийн гэм буруутай үйлдлийн хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр, мөн зорчигч Э.Ө , Х.Н , Б.Т , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

 Иргэний нэхэмжлэгч “ И ХХК”-ны хууль ёсны төлөөлөгч Б.Б  “...Манай байгууллагаас Д.Ө  нь зээлтэй холбоотой сарын төлөлт, хүү, алдангийг гэрээний дагуу хийгээд явбал авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал алга байна. Харин Ө  нь зээлийн гэрээний дагуу сарын төлөлт, хүү, алдангийг хийхгүй бол тээврийн хэрэгслийг эвдрэлд гарсан хохирол болон зээлийн үндсэн төлөлт, хүү, алдангийг нэхэмжлэх болно. ...” гэж /хх-35 тал/ мэдүүлж байх боловч  шүүгдэгч Х.А гийн буруутай үйлдлээс  осол болж түүний унаж явсан “Hyundai sonata 7” маркийн тээврийн хэрэгсэлд 6060000 төгрөгийн  хохирол учирсаныг “Арвижих-эстимейт ХХК дүгнэлт гаргажаа./хх-113114 тал/

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х. А гийн нөхөр / Д. Ө тай / И ХХК” зээлийн гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ба зээлийн төлбөрийн хувиараар зээлийг 2020 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр төлж дуусахаар байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлээ төлж байгаа тул ”И ХХК”-ны нэхэмжлэлийг хэлцэхгүй орхих нь зүйтэй байна.Харин гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.А г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.А  нь ам бүл 5, нөхөр болон бага насны хүүхдүүдийн хамт амьдарч байгаа түүний хувийн байдал нь хэргийн 124-130 дугаар талуудад авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х. А  нь торгууль хэсэгчлэн төлөх талаар санал гаргуугүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тоггоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар сольдог болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Х.А г Авто тээврийнхэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Х.А г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3д зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тоггоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж, иргэний нэхэмжлэгч  ”И ХХК”-ны нэхэмжлэлий шаардлагыг  хэлцэхгүй орхиж,  гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ