Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 93

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Иргэний нэхэмжлэгч Ө.З ,

Шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б өд холбогдох эрүүгийн 2015000770050 дугаартай,

163/2020/0087/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Х” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт П.Б, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б  2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 01 дүгээр багийн нутаг “Х”  гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 13.542 м3 мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр **-** БУЛ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2340058 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000770050 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч

П.Б  2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 01 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 13.542 м3 мод бэлтгэж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр **-** БУЛ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу тээвэрлэж байгаль экологид 2340058 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Б.З гийн өгсөн: “...П.Б ийн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэхэд байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ... уг этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг, /хх-28 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ө.З ын  өгсөн: “...Хялганат тосгоны байгаль орчны улсын байцаагч Б ээс 2019 оны ойн цэвэрлэгээг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж дуусгах албан шаардах хуудас ирсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед “Х” ХХК-ийн жолооч Б ийг хэдэн хүмүүс аваад Хангал сумын 4 дүгээр баг Хандгайтын нам даваанаас очоод Ойн цэвэрлэгээгээ хийчхээд буцахдаа Хандгайтын аманд байгаа бэлдсэн модоо ачаад ирээрэй гэж хэлээд явуулахад 21 цагийн үед над руу ******** дугаарын утаснаас орж ирж байна гэж ярихаар нь “Х” ХХК-ийн хашаанд буулгачих гэж хэлсэн... манай хашаанд буулгасан мод нь нийт 30 ширхэг, 5.50 м урттай мод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 32тал/,

Гэрч М.Н ын өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 07-15-ны хооронд 2019 онд мод бэлтгэсэн талбайгаа орон нутгийн байгаль хамгаалагчид хүлээлгэн өг гэж шаардсан хугацаатай албан шаардлага өгсөн. Тухайн аж ахуйн нэгжүүд нь ойгоос мод бэлтгэх явцдаа талбай дээрээ үлдээсэн үзүүр, дорцоовоо цэвэрлэж талбайгаа хүлээлгэн өгөх ёстой юм. Өөр ямар нэгэн байдлаар бусад төрлийн мод бэлтгэх, тээвэрлэх эрх байхгүй гэсэн үг... Хандгайтын аманд тусгаарлалт хийлгэн мод бэлтгэсэн талбай дээр нь шалгалтын бүрэлдэхүүн очих үед тухайн аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн талбай дээрээ байсан бүх модоо татсан зөвхөн үзүүр, дорцоов л байсан. Тэр талбай дээрээс дахин ямар нэгэн байдлаар мод бэлтгэх эрх байхгүй бөгөөд татаж авч чадаагүй үлдсэн мод байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-37-39 тал/,

Гэрч П.Б ий өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хашаандаа буулгасан моднууд нь ямар нэг зөвшөөрөл байхгүй хууль бус мод гэж бүрэн, дүүрэн үзэж болно. Х ХХК-ны захирал З  нь над руу утсаар яриад “бид нар цэвэрлэгээний ажлаар ой руу орлоо гэж мэдэгдсэн. Тухайн үед нь миний зүгээс та зөвхөн цэвэрлээний модоо буюу үзүүр, дорцоовоо авч ирнэ шүү өөр төрлийн мод хийж, авч ирж болохгүй шүү гэдгийг сануулсан. ...” гэх мэдүүлэг /хх 45 тал/,

Гэрч П.Б ын өгсөн: “...2020 оны 01 сарын 19-нд Х д хөдөө гэртээ байхад дүү П.Б  модонд хамт яваад ирэх үү гэж утсаар холбогдохоор нь би зөвшөөрч хамт явахаар болсон юм. Б  машинаа бариад Д , Г  нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг Хандгайт “З” гэх газарт очоод арван хэдэн мод унагаасан... “Х” ХХКийн хашаан дотор буулгасан, нийт 5 м 50 см урттай 30 ширхэг мод буулгасан...

Б  надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичигтэй гэж байсан. Тэгээд л “З”-аас мод хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 тал/,

Гэрч П.Э ын өгсөн: “...Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг Хандгайт З гэх нэртэй газарт ямар нэгэн ойн тусгаарлалт хийгээгүй, тэнд 2018 онд тусгаарлалт хийж байсан. Хэрэв энэ жил ямар нэгэн байдлаар тэнд мод хийсэн бол хууль бус гэж үзэж болно. ...” гэх мэдүүлэг /хх 47 тал/,

Гэрч Т.Г ын өгсөн: “...2020 оны 01 сарын 19-ний өдөр “З”аас хийж байгаад үлдээсэн модоо ачиж Хялганатын төв дээр орж ирээд “Х” ХХК-ийн хашаан дотор буулгасан. Нийт 5 м 50 см урттай 30 ширхэг мод буулгасан. ...” гэх мэдүүлэг /хх 52 тал/,

Хялганат сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11ний өдрийн 03 тоот шинжээчийн: “5м50см урттай, 30 ширхэг шинэс /нойтон/ төрлийн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2340058 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-58 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн: “Уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 7020174 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-62 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Б ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард мод бэлтгэх гэрээ маань дуусаж байсан. тэгээд хугацаа дуусахаас өмнө гүйцэтгэх захирал З  амжаад модонд явчхаад ир гэж хэлсний дагуу өөрийн төрсөн ах Б , Г , Д  гэж дууддаг залуу нарын хамтаар дөрвүүлээ модонд явсан. Тэгээд талбайн тусгаарлалт хийгдсэн газарт мод муутай гэдгийг мэдээд хажуу талын уулын ам руу орж мод бэлтгэж ачсан.. Замд машин эвдэрчихсэн. Тэгээд ачсан модоо буулгачихаад хоосон гэр лүүгээ харьсан... тэгээд 2020 оны 02 дугаар сарын эхээр байгаль хамгаалагч нар ой модоо хүлээж авна тийм болохоор мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж өг гэж шаардлага тавьсны дагуу З  захирал намайг хэдэн хүн олоод нөгөө авчирч ирж чадаагүй модоо аваад ир гэж хэлсэн "Х” ХХК-ийн эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр нөгөө үлдээчихсэн байсан модоо ачиж ирээд Х ХХК-ий хашаанд буулгасан. ...” гэх мэдүүлэг /хх-79-80 тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мод, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-04-23 тал/,зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч П.Б ийн мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч О.Сарантуул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагагүй. П.Б өөс машины үнийг гаргуулах үндэслэлгүй эклоги эдийн засагт учруулсан хохирлоо төлсөн гэж мэтгэлзжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах” -аар хууль тогтоогч үүрэг болгосон бөгөөд “Х” ХХК-ний  **-** БУЛ улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч  Ө.З т буцаан олгож, уг тээврийн-ын үнэ болох 2750000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэснээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод “шүүгдэгч П.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Х” ХХК-ний  **-** БУЛ улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь будын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгуулахаар “зохицуулсан  заалтаар П.Б өөс машины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үүгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч П.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2340058 төгрөгийн шууд /хх-58 тал/ хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 7020174 /хх-62 тал/ төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн баримт хэрэг ирүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч П.Б  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 8287 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль эклогид учруулсан хохиролоо нөхөн  төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу,хувийн байдалд тохирсон гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, прокурорын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ө.З ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-32/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-16 тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож , уг тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон 30 ширхэг буюу 13.542 м3 хэмжээтэй мод , гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80000 төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж үнийг, мөн  шүүгдэгч П. Б өөс “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн /хх-66-70- тал/ үнэлгээний дагуу уг **-** БУЛ улсын дугаартай “Зил-131” загварын хэрэгслийн үнэ 2750000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ********** тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д. Б  ийн байгаль экологид учруулсан хохиролд Төрийн банкаар  дамжуулан төлсөн 7020000 төгрөгийг Төрийн сан дахь ********** дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ********** тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч П.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овогт П.Б ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч П.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдажирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан **-** БУЛ улсын дугаартай “Зил 131” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулах “Х” ХХК, гүйцэтгэх захирал Ө.З -ын эзэмшилд үлдээж, түүний үнэ 2750000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Б өөс гаргуулж,  мөн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 30 /гуч/ ширхэг буюу 13542м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80000 /наян мянга/ төгрөгийн үнэ бүхий Хятад үйлдвэрлэгдсэн хөрөөг хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн  Төрийн сан дахь ********** тоот дансанд тус тус шилжүүлсүгэй. 
  5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч П. Б ийн хохиролд Төрийн банкаар дамжуулан төлсөн  7020174 /долоон сая хорин мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг Төрийн сан дахь ********** дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ********** тоот дансанд шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ