| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0715/И |
| Дугаар | 131/ШШ2016/00766 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2016/00766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
С.******* миний бие нь 1973 оны 06 дугаар сарны 26-ны өдрөөс Баянхонгор аймгийн Барилга техник мэргэжлийн сургуулийн захирлын тушаалаар Баянхонгор аймгийн нэгдлийн зөвлөлд ажилчнаар томилогдон очсон. 1973 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Гэрэл нэгдэлд туслах үйлдвэрийн ажилчнаар 1974 оны 06 дугаар сарны 01-ний өдрийг дуустал ажилласан. 1974 оны 06 дугаар сараас цэргийн албанд татагдаж 1977 онд халагдаж ирсэн. 1978 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдэлд ажилчин, бригадын дарга, тракторын жолоочоор ажиллаж байсан. 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын сургуульд галч, жижүүрээр ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 1973-1991 оныг хүртэл ажиллаж байсан байдлын талаар дурдсан байх боловч түүний 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын сургуульд галч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1973 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1987-1991 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 721 тоот албан бичиг, гэрч *******ы мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын сургуульд галч, жижүүрээр ажиллаж байсан болох нь түүний 1987-1990 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№181, Б№01, ХН№03, 05, 06, 07 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Архивын тасгийн 721 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ы мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын сургуульд галч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ