| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0089/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 97
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт О.Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000790057 дугаартай, 163/2020/0089/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт О.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Булган аймгийн Бугат сумын “И” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 6.85 м.куб мод бэлтгэж, П.Э ад худалдаж байгаль экологид 411.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
2015000790057 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Иргэний нэхэмжлэгч Д.Э ы өгсөн: “...И гэх газарт 2020 онд мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй... мод бэлтгэх эрхийн бичиг авахаасаа өмнө эхлээд мод бэлтгэж болохгүй, эрхийн бичиг авч байж дараа нь модоо бэлтгэх ёстой... байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлүүлчихвэл өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Б.П гийн өгсөн: “... би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг нөхөр Б ын нэр дээр бичиж өгсөн... Булган аймгийн Бугат сум ... мод бэлтгэх эрх олгосон... 2020 онд Булган аймгийн Бугат сумын ... гэх газар тусгаарлалт хийгдээгүй..., өөрийн нутаг дэвсгэр дээр явбал авахгүй. Засмал замаараа яваад Бугат сумын модны зах орох юм бол гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатай... мод бэлтгэх эрхийн бичиг дээр заагдсан газраас л зөвхөн модоо бэлдэх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч А.Ч ийн өгсөн: “...2020 оны 02 сарын 09-нөөс 10-ны хооронд миний бие
Зоон давааны постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 04 цаг 50 минутын үед Бяцхан хөтөл орчим автомашинд үзлэг шалгалт хийж байтал **-** ОРХ тээврийн хэрэгсэлтэй П.Э гэх жолоочийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй явж байсан. Жолоочоос яагаад зохих зөвшөөрлийн бичиггүй яваа талаар асуухад айлаас 130.000 төгрөгөөр худалдаж аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг Зоон даваан дээр зохих зөвшөөрлийн бичиггүй учраас саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Б.П ын өгсөн: “...Э 2020 оны 02 сарын 09-ний орой 23-24 цагийн орчим Бугат сумын Д гэх газраас таньдаг ах мод хийсэн байна тэрийг нь худалдаж авах хэрэгтэй байна. Гоожин авчихсан гэж байна модны мөнгө хэрэгтэй байна гээд 100.000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч П.Э ын өгсөн: “...2020 оны 02 сарын 09-ний өглөө хуучин танил эгч Ч утсаар манайх түлээний мод бэлтгэчихсэн байгаа чи ирж авахгүй юмуу гэхээр нь төрсөн аав П ын эзэмшлийн **-** ОРХ портер маркийн авто машинаар Бугат сумын Д ын гүүр гэх газар Б гэх танил ахындаа очтол архи ундаа уучихсан байхаар нь бэлтгэсэн мод чинь хаана байгаа вэ гэж асуутал энүүхэн дээр зам дагуу байгаа чи өөрөө очоод аччих гэхээр нь модны үнэ болох 130.000 төгрөгийг нь төлөөд зааж өгсөн газар нь очтол хураалттай мод байсан тэгээд модоо ачиж дуусаад мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд гэрт нь очтол тухайн айлын хүмүүс гэртээ байхгүй байсан болохоор авч чадаагүй юм. Тэгээд Бугат сумын модны зах руу орох гээд явж байтал цагдаа зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Н.Х ын өгсөн: “...би адуундаа явж байхад Б ганцаараа мод бэлтгээд цагаалж байсан, хөрөөдөж унагааж, тайрч байхыг нь бол би хараагүй.. намайг харахад бол Ч мод хийлцэж, цагаалж байгаагүй, би тухайн үед Б тай уулзаж адуугаа асуугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,
Гэрч Н.Н ийн өгсөн: “...очиход гэртээ байхгүй байсан юм. Тэгээд Бугатын модны зах орох гээд засмал зам руу ортол цагдаа зогсоогоод мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд Булган аймгийн цагдаа орно гээд шууд дагуулаад явсан... мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж надад хэлсэн Б гэх айлын хүмүүс гэртээ байхгүй байсан болохоор авч чадаагүй юм. Гарал үүслийн бичгийг Бугат сумын модны зах орж авдаг гэж ойлгосон... мод тээвэрлэхдээ Э тай хамт явсан...” гэх мэдүүлэг /ххийн 129 дүгээр хуудас/,
Яллагдагчаар О.Б өгсөн мэдүүлэгтээ: “...цагаан сар болох гээд мөнгөний хэрэгцээ гарсан тул мод бэлтгэсэн..., манай эхнэр хэлэхдээ хуучин танил дүү Б д модоо 130.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн... өмнө нь бэлдчихсэн байсан болохоор зааж өгсөн газраас бэлтгэх боломжгүй байсан.. би ганцаараа бэлтгэсэн... хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-14 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 19-22 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 64-67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч О.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “И” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 6.85 м.куб модыг бэлтгэж
П.Э ад худалдсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.
Иймд шүүгдэгч О.Б ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч О.Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б ын үйлдлийн улмаас ойн санд 411.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Д.Э ы мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б ыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 411.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1.233.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан ХААН банкны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч О.Б т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 6.85 м3 буюу 71 ширхэг хуурай шинэс модыг хурааж шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 130000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН