Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 98

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М т холбогдох эрүүгийн 2015001070067 дугаартай, 163/2020/0093/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 1, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ө овогт М.М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М ыг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг “З” гэх газраас шинэс төрлийн 8.394 м3 мод бэлтгэж, **-** УБХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Бүрэгхангай сумын төв рүү тээвэрлэж байгаль экологид 711695 төгрөгийн шууд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001070067 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М  нь зөвшөөрөлгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг “З” гэх газраас “Hyundai Porter” загварын **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон “Пад” загварын трактор ашиглан шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 4.33448 м3, түлээний хуурай мод 4.05952 м3, нийт 8.394 м3 мод бэлтгэж Бүрэгхангай сумын төврүү тээвэрлэж буулгасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт  буюу “Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 14 км зайд “З” гэх газарт 17 ширхэг хожуулд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тус сумын төвд байрлах цагдаагийн кабон байрны ард байрлах хашаан дотор хураасан мод болон “Hyundai Porter” загварын **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-16, 28-32 тал/,

Иргэний нэхэмжлэгч В.Б ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын үеэр Бүрэгхангай сумын 4-р багийн нутаг “З” гэх газраас хүмүүс мод бэлтгэж аваад байна гэсэн яриа гарч байсан. Тэгээд намайг тэр газарт очиж үзэхэд тайрагдсан 27 хожуул, ...хуурай хожуул байсан, нэлээн нарийн голдуу моднууд тайрсан байсан. Тэгээд модны наад захад 8-9 ширхэг мод захлаад портерын тэвшинд багтахаар тайрч бэлтгэсэн байсан. ...Экологи эдийн засгийн үнэлгээ хийлгэж байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

Гэрч Н.Д ийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөөний 08 цагийн үед “Шавартын даваа”-ны ойр хавьд хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл надтай цуг үүрэг гүйцэтгэж байсан М.Э  “З”наас хүмүүс мод авсан гэх яриа гараад байна” гэж хэлсний дагуу би 09 цагийн үед Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутагт байх “З” гэх газарт очиж үзэхэд модны захад 7-8 ширхэг портер машины тэвшинд багтахаар тайрсан шинэс мод байсан бөгөөд цаашаа мод руу орж үзэхэд 16-17 ширхэг хожуул байсан. Тус хожуулны хөрөөдөгдсөн байдлыг харахад саяхан хөрөөдсөн болов уу гэмээр байсан” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

Гэрч О.Д ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед М  гэх хүн ******** гэсэн дугаараас миний утас руу залгаад “бэлдсэн модонд машин хүрэхгүй байна, машин чирээд хүргээд өгөөч, тэгээд унагааж бэлдсэн байгаа хэдэн мод чирээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь “тэгье” гэж хэлээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 11 цагийн үед Бүрэгхангай сумын төвийн ард талд байрлах “Зүрхийн хавтгай” гэх газарт очихоос нэг километрийн цаанаас **-** УБХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын машиныг хужаа трактороор чирээд модны хаяанд аваачсан. Тэгээд цаана модон дотор унагаасан байсан 9 ширхэг модыг чирж модны зах руу гаргасан. Тэгээд тэр хооронд М  ах модоо тайраад Д ын хамт ачиж байсан. Би Д  гэх залууг “ажилгүй байгаа бол чи надтай цуг явчих” гээд дагуулж явсан. Тэгээд эхний модоо хөрөөдөж машинд ачиж дуусаад оройн 17 цагийн үед айлд буулгахаар явсан. Буулгаад буцаж ирэхээр нь би модон дунд хий эргээд байсан газарт нь хүлээж байсан. Тэгээд 30-40 минутын дараа М , Д  нар модоо буулгачихаад ирсэн. Буцаж машиныг нь хий эргэхээр нь чирээд ойн захад аваачиж өгөөд дараагийн модоо ачиж дуусаад уулнаас цуг бууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-42-44, 45-46 тал/, Гэрч Л.Э ийн өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр М аас “манайд нэг мод буулгаад өгөөч би мөнгө төгрөгийг нь өгье” гэж хэлэхэд “бололцоо байвал буулгаад өгчихье” гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа би айлд байж байгаад орой гэртээ харихад гэрт мод буулгачихсан байсан. Тэгээд тухайн модноос хэрэглэж эхлээгүй байтал цагдаа нар ирээд хураагаад аваад явсан. Би мод авмаар байна гэж М т хэлж байсан түүнээс яг хэзээ хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар ярьж тохироогүй байсан” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

Гэрч Э.Н гийн өгсөн: “Би хашаандаа хадам эх Ц ын хамтаар амьдардаг юм. Манайх 2020 оны 01 сарын эхээр гэртээ түлх түлээгүй болчихсон. Тэгээд нэлээн эртхэн М  гэх хүнд “манайх модгүй болж байгаа мод зардаг хүн байвал та хэл дамжуулаад сураг ажиг тавьж байгаарай, мод худалдаж авна шүү” гэж хэлж байсан. Манай хашаанд нэг “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл мод буулгачихаад хадам ээжтэй уулзалгүйгээр шууд яваад өгсөн гэсэн. Тэгээд сураг сонсох нээ Д  гэх залуугаар дамжуулаад М  гэх хүн манай модонд явж хашаанд маань буулгасан юм шиг байна лээ. Намайг гэртээ байхгүй байх үед хашаанд мод буулгачихаад яваад өгсөн байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй. Манай суманд портер түлээ 180000 төгрөг гэсэн ханштай байдаг. Би тухайн ханшаар нь түлээ авна гэж бодож байсан. Түүнээс би үнийн талаар ярьж тохирсон зүйл байхгүй. Мөн мод худалдаж авсан мөнгөө өгөөгүй байхад цагдаа нар ирээд мод хураагаад авсан” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,

Гэрч Д.Д ын өгсөн: “...Бүрэгхангай сумын хойд талд байх “З” гэх газарт очсон. Тэгээд намайг очиход модны захад хоёр машин мод тайраад портерт ачихаар бэлдчихсэн байсан. М  ах бид хоёр ачсан. ...эхний хэсэг моднуудыг М  ах өөрөө аваачиж айлд буулгачихаад ирье гээд явсан. Би ууланд байж байсан. Тэгээд удалгүй ирээд дараагийн модыг нь ачаад Бүрэгхангай сумын төв рүү орж ирээд П  гэж дууддаг хүнийд буулгасан” гэх мэдүүлэг /хх-53-55 тал/,

Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон “Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг “З” гэх газарт 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг “З” гэх газар нь “Ногоон бүс”-ийн ойд хамаарна. Шинэс /хэрэглээ хуурай/ эзэлхүүн 4.334482 м3 , шинэс /түлээ хуурай/ эзэлхүүн 4.05952 м3, нийт 8.394 м3 хэмжээтэй, модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 711695 төгрөг” гэх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-82 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь 711695 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцдог. Уг үнэлгээг тооцоход 2135085 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-84 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “мод буулгаж өгсөн гэх Э  нь 60 гаруй настай, тал харавчихсан, гэртээ ганцаараа байдаг хүн байгаа юм. Харин нөгөөх нь Нямбуу гэх залуугийн ээж болох Ц  гэх хүн 80 гаруй насны хүн байгаа юм. Эдгээр хүмүүс нь надаас гаднаа түлх түлээгүй боллоо гээд гуйгаад байхаар нь би түлшний модонд явахаар болсон. Тэгээд би 2020 оны 1 дүгээр сарын эхээр Бүрэгхангай сумын Тамгын газарт очиж байгаль хамгаалагч Б гэж дууддаг залуутай уулзаад “мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм” гэж хэлэхэд “мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй байгаа. Учир нь 2020 оны мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байгаа” гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд би нөгөө настай хүмүүсийг бодсондоо түлшинд явсан юм. ...Би тэдгээр хүмүүст мод бэлтгэх эрхийн бичиггүй талаар хэлээгүй. Тэр хүмүүс ч надаас асуугаагүй. Ер нь тэд нар намайг бодохдоо мод бэлтгэх эрхийн бичигтэй гэж бодож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-101-102 тал/, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн бинзен моторт хөрөө зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгуулагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “...ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгуулагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж заасан бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай сумын байгаль хамгаалагч тус сумын 4 дүгээр багийн нутаг “З” гэх газарт 2020 оны мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүйн улмаас тухайн газраас мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй байхад шүүгдэгч М.М  дээрхи модыг бэлтгэж хууль зөрчсөн байна.

Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженер Б.Жавхлан модонд үзлэг хийж “шинэс төрлийн хэрэглээний хуурай 4.33448 м3 1.8 итгэлцүүр 1 м3 модны үнэлгээ 60.000 төгрөг төлбөр 468124 төгрөг, “шинэс төрлийн түлээний хуурай 4.05952 м3 1 итгэлцүүр 1 м3 модны үнэлгээ 60.000 төгрөг төлбөр 243571 төгрөг. Уг модны нийт эзэлхүүн нь 8.394, нийт төлбөр 711695 төгрөг” гэж 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтээр экологи эдийн засгийн үнэлгээг тогтоожээ.

Шүүгдэгч М.М  нь “Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 14 км зайд “З” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Ногоон бүс”-ийн ойн мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас зөвшөөрөлгүйгээр хэрэглээний хуурай болон түлээний хуурай мод бэлтгэж байгаль экологид 711695 төгрөгийн шууд, 2135085  төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэм буруутай байна.

Харин түүний Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг “З” гэх газраас тус сумын төврүү тээвэрлэсэн үйлдэл нь гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг авах хуулийн зохицуулалттай байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч М.М ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 2135085 төгрөгийн /хх-84 тал/ хохирол, нөхөн төлбөрийг төлсөн нь /хх-132 тал/ нотлогдож байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч М.М ын хохиролд төлсөн 2135085 төгрөгийг Булган аймгийн Бүрэгхангай сумын байгаль хамгаалах сангийн Төрийн банкны 100040355402 данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн  Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд  олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М ын хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүдэгч М.М ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч М.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 104-120 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УБХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-32 тал/-аар иргэн С.Цогзолбоогийн өмчлөл, эзэмшилд байгаа мэт харагдах боловч түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-60/, шүүгдэгч М.М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-102/ зэргээр шүүгдэгч М.М ын эзэмшилд, түүнчлэн  прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/06 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн улаан өнгийн “Пад” загварын улсын дугааргүй трактор нь иргэн О.Д ийн эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-39, 42-44/ зэрэг  нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс албадан гаргуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна.

         Иймд шүүгдэгч М.М ын эзэмшлийн 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УБХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон 77 ширхэг буюу 8.394 м3 хэмжээтэй мод, 72000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж,  үнийг;  прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/06 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн улаан өнгийн Пад загварын улсын дугааргүй тракторыг эзэмшигч ... оршин суух Т овогт  О.Д ид үлдээж, түүний үнэ 2000000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч М.М аас албадан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус олгуулах нь зүйтэй байна.

         Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж дүгнэв.

          Энэ хэрэгт шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овогт М.М ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.М ын Булган аймгийн Бүрэгхангай тооцооны төвөөр дамжуулан хохиролд төлсөн 2135085 /хоёр сая нэг зуун гучин таван мянга наян тав/ төгрөгийг Төрийн сан дахь 100040355402 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УБХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон 77 /далан долоо/ ширхэг буюу 8.394 м3  мод, 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж,  үнийг; прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/06 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улаан өнгийн “Пад” загварын улсын дугааргүй тракторыг эзэмшигч Булган аймгийн Бүрэгхангай сумын ... оршин суух Т овогт  О.Д ид үлдээж, шүүгдэгч М.М аас түүний үнэ 2000000 /хоёр сая/ төгрөгийг албадан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн // Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД