Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 99

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир

Шүүгдэгч Г.Б , Н.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б  овогт Г.Б , Б овогт Н.Н  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000830051 дугаартай, 163/2020/0090/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Г.Б , Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.Н.,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10нд шилжих шөнө мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн Бугат сумын И  гэх газраас зөвшөөрөлгүй 10,9 мЗ мод бэлтгэж, иргэн Н.Н ид худалдаж, байгаль экологид 654 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Н  нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.Б ын Булган аймгийн Бугат сумын И  гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн 10.9 м куб модыг худалдан авч, эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль экологид 654 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н  өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

2015000830051 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч Д.Э ы өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сум 2 дугаар багийн нутаг И  гэх газраас Г.Б  нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж худалдсан талаар мэдсэн...хууль бус мод бэлтгэсэн гэж үзнэ. Учир нь байгаль хамгаалагчийн эрх олгосон өдөр болон тухайн зааж өгсөн газарт л мод бэлтгэх эрхтэй.  Эрх олгоогүй байхад мод бэлтгэх нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...байгаль экологид учирсан хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Н ын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 06- ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газраас **-** ОРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр зохих эрхийн бичиггүй мод тээвэрлэж яваад баригдсаныг мэдсэн...миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...манай ах маань ер нь миний машиныг хэрэглэж ойр зуурын ажил хийдэг. Тухайн тээврийн хэрэгслийг бариад удаж байна. Тухайн үед надад ийшээ тийшээ явлаа гэж хэлээгүй...уг **-** ОРХ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг эргүүлэн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч А.Ч ийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд миний бие Зоон давааны постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 04 цаг 50 минутын үед Бяцхан хөтөл орчим авто машинд үзлэг шалгалт хийж байтал **-** ОРО улсын дугаартай Пронтер маокийн тээврийн хэрэгсэлтэй Н.Н  гэх жолоочийг шалгахад ямар ч бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож зохих зөвшөөрлийн бичиггүй мод модон бүтээгдэхүүн тээвэрлэж явсан. Тухайн жолоочоос яагаад зохих зөвшөөрлийн бичиггүй яваа талаар асуухад мод худалдаж авсан айлд маань зөвшөөрлийн бичиг нь байгаа гайгүй байхаа гэж бодоод авсангүй гэж хэлсэн. Таны өөрийн чинь жолооны үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ чинь байна уу гэхэд суудлын авто машинд үлдээсэн гэж хэлсэн. Ямар ч бичиг баримтгүй тээвэрлэж явсан болохоор зоон даваан постонд саатуулсан...миний бие тээврийн хэрэгслийн дотор тал болон гадна талд үзлэг хийхэд мод модон бүтээгдэхүүнээс гадна цахилгаан хөрөө гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Яллагдагч Н.Н  хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр  өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 04 цагийн үед Булган аймгийн Бугат сум Д гэх газар Б  гэх айлд очсон. Тэгээд Б  гэх хүн нь өөрөө байхгүй гэр нь эзгүй байсан. Тэгээд Б  мод бэлтгэсэн газрыг нь мэднэ гээд Б г дагаж Б  гэх хүний гэрээс хойшоогоо 2 км зайтай явж очсон. Тэгээд очоод Б  бид 2 өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслээрээ бэлтгэсэн модыг ачиж явж байгаад 06 цагийн үед Булган аймгийн Бугат сум Д ын гүүр өгсөөд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Б ын хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр  өгсөн мэдүүлэгтээ: “...Булган аймгийн Бугат сум И  гэх газраас 7 ширхэг босоо мод унагасан....БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, сүх ашигласан...мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан бэлтгэсэнийхээ дараа мод бэлтгэх эрхийн бичиг авсан...Н  гэж хүнд 100 000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 10-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа  /хх-ийн 131 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-68, 77, 84-86  дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.Б  нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “И ” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 10.9 м.куб модыг бэлтгэж иргэн Н.Н ид худалдсан, шүүгдэгч Н.Н  нь “И ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн 10,9 м3 модыг худалдан авч, эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч Г.Б , Н.Н  нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Г.Б , Н.Н  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б , Н.Н  нарын үйлдлийн улмаас ойн санд 654.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Д.Э ы мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б , Н.Н  нарын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 654.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1.962.000 төгрөгийг төлөх ба хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн Хаан банкны банк хоорондын шилжүүлэгээр Найдандорж нь 1000000 төгрөг төлсөн, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Төрийн банкны баримтаар Г.Б  нь 900.000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх бөгөөд үлдэх 62000 төгрөгийг шүүгдэгч Г.Б аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь *********** тоот дансанд олгуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б , Н.Н ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Н.Н  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Г.Б ,

Н.Н  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Г.Б , Н.Н  нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80.000 төгрөгний үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 71 ширхэг хуурай шинэс модыг хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол улсад орж ирсэн КИА ПРОНТЕР маркийн машин нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгч Н.Н ийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Н оос гаргуулан тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай Найдангийн Н ын эзэмшлийн цагаан өнгийн КИА ПРОНТЕР маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б , Н.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Г.Б ыг хууль бусаар модбэлтгэж, худалдсан гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Н.Н ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авч тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Г.Б, Н.Н  нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Н.Н ид оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснааршүүгдэгч Г.Б , Н.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Г.Б, Н.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй,иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч Г.Б аас 62.000 /жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь *********** тоот дансанд олгуулсугай.
  7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийнгазрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Н.Н ийн хохиролд Булган аймгийн Булган сумын татварын *********** тоот дансанд төлсөн 1.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь *********** тоот дансанд шилжүүлсүгэй.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Н.Н оос хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80.000 төгрөгний үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 10,9 м3 буюу 71 ширхэг  хуурай шинэс модыг хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан **-** ОРО улсын дугаартай 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2007 онд Монгол улсад орж ирсэн КИА ПРОНТЕР маркийн машин нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  9. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэхтогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай Найдангийн Н ын эзэмшлийн цагаан өнгийн КИА ПРОНТЕР маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Г.Б , Н.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН