| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0992/З |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 84
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ч.Л
Хариуцагч: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын мэргэжилтэн Я.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын мэргэжилтэн Я.Бын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/12-02-02 тоот, 18/12-02-02 тоот, 17/12-02-02 тоот актуудыг хүчингүй болгох”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Л нь 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан болно. Тус сургуулийн 2016 он, 2017 оны хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас хяналт шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд хийсэн байна. Уг шалгалтаар Ч.Л надтай холбогдох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/12-02-02 тоот, 18/12-02-02 тоот, 17/12-02-02 тоот актуудыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Я.Б тавьжээ.
19/12-02-02 тоот актын хувьд “Бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх байгууллагыг батлах тухай” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан 2004 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38/72 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Дархан-Уул аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тус үйлчилгээг үзүүлэх байгууллагаар баталсан байна. б. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 тоот "Ажил хавсран гүйцэтгэгч томилох тухай” захирамжийн 2-д “Ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 40 хувиар тогтоон олгохыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчид” даалгасан байдаг билээ.
18/12-02-02 тоот актын хувьд “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “иргэний...хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ" хэмээн заасан нь тус хуулийн 108.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр байгаа болно. Гэтэл шүүхээс ажилд нь буцаан томилсон Д.Т-д байгууллагаас 1.226.074 төгрөгийг төлсөн нь энэхүү хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны 3 дугаар сард болсон байна.
17/12-02-02 тоот актын хувьд Дархан-Уул аймагт байдаг “Их, дээд болон мэргэжлийн сургуулиудын консорциум” хэмээх байгууллагад нэгдэн багш суралцагчдаа хөгжүүлэх олон талт үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү консорциум нь гишүүн байгууллагынхаа татвар дээр үндэслэн үйл ажиллагаагаа 1997 оноос өдгөө хүртэл явуулсаар ирсэн билээ. Энэхүү татварыг төлснөөр консорциумын үйл ажиллагаанд оролцох эрхтэй болдог. Ингэхгүйгээр орон нутагт багш нарыг хөгжүүлэх, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, мэргэжил, ур чадварын болон урлаг спортын уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах гэх мэт ямар нэгэн арга хэмжээнд оролцох боломж байхгүй юм. Иймд гишүүний татварыг төлөхөөс өөр аргагүй юм.
Шалгалтыг 2017 оны 09 дүгээр арын 21-ний өдрөөс хойш 24-ний өдрийн хооронд хийсэн бөгөөд Ч.Лд хийсэн 3 акт 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу шалгалт дуусахаас 2 хоногийн өмнө тавигдсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу “хяналт, шалгалтын холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргах, түүнийгээ батлах замаар хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг шууд зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шалгалт дуусаагүй байхад 3 акт гаргасан байгаа нь урьдчилсан дүгнэлт гаргасан гэж харагдаж байгаа тул дээрх 3 актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “"Захиргааны ерөнхий хууль”-ийн 103.1-д “иргэн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ” хэмээн заасан нь тус хуулийн 108.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр байгаа болно. Гэтэл Д.Т-д байгууллагаас 1.226.074 төгрөг төлсөн нь энэхүү хууль эхлэхээс өмнө буюу 2016 оны 3 дугаар сард болсон байна.
Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд тус төвийн захирал асан Ч.Л нь буруу шийдвэр гаргаж багш Д.Т-г ажлаас халснаас цалингүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн олговорт Дархан-Уул аймгийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 432 тоот шийдвэрийн дагуу 2016 онд Д.Т-д 1.226.074 төгрөгийг төсвөөс төлсөн нь санхүүгийн баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1,498.2,498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн заалт .Төсвийн тухай хуулийн 70.5.3-д зөрчлийн хэлбэр хүлээлгэх хариуцлагаас үл хамааран хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна, гэсний дагуу барагдуулаагүй байсан.
Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д “аж ахуйн нэгж байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж, улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэснийг үндэслэн тухайн сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Л-гээр төлүүлэхээр Монгол улсын Засгийн газрын 2015 оны 433 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7.5-ыг үндэслэн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд акт тогтоосон болно.
Дархан-Уул аймгийн их дээд сургуулиудын консорциум нь төрийн бус байгууллага бөгөөд 2015, 2016 оны Дархан МСҮТ-ийн төсөвт гишүүн байгууллагын татвар тусгагдаагүй байхад татвар болох 1.200.000 төгрөгийг тус төвийн төсвөөс 2015 онд 500.000 төгрөг. 2016 онд 700,000 төгрөг төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д төсвийг үр ашигтай, хэмнэлтэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага өр төлбөр үүсгэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7.5-ыг үндэслэн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд төрд учруулсан хохирлыг барагдуулахаар санхүүгийн улсын байцаагчийн 17/12-02-02 акт тогтоосон болно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар МСҮТ-ийн харьяанд байхаар зохицуулсан боловч бизнес инкубатор төвийн захирал, нягтлан бодогч, нярав нарын цалингийн сан гэж тусдаа төсөвт тусгагдаагийн зардлыг гаргасан байсан.
Мөн Дархан МСҮТ-ийн төсвийн ерөнхийлөн захирагч нь Хөдөлмөрийн сайд /хуучнаар/ атал Дархан-Уул аймгийн Засаг дарга 2014 онд Б/20 дугаар захирамж гаргаж МСҮТ-ийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцаас захирал асан Ч.Лд цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох хууль бус шийдвэр гаргасан нь Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1-д төсвийн ерөнхийлөн захирагчийн ...энэ хуулийн 16:5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн.
Иймд Төрийн албаны тухай нь хуулийн 13 дугаар зүйл 13.1.4-д “...харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэснийг зөрчиж хууль бус шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласан мөн төсөвт тусгагдаагүй зардлыг санхүүжүүлсэн тул Улсын байцаагчийн актыг тогтоосон болно.
“Нэхэмжлэгч сая консерциумын талаар өөрөө тайлбарласан. 17/1202 тоот актын хувьд Төсвийн тухай хуульд заасны дагуу “төсөвт тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэх, тэрнээс гарсан үр дагаврыг өр төлбөр болгож авах ёстой” гэсний дагуу уг заалтыг баримталсан. Нэхэмжлэгч тайлбартаа “хичээл, практикийн зардал тусгагдсан байдаг” гэж хэлсэн. Гэвч энэ дотор “гишүүн байгууллагын татвар” гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм учраас Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 4.8 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Бизнес инкубатор төв нь өөрөө үйл ажиллагаагаа явуулж санхүүждэг бөгөөд сургалт зохион байгуулах үйл ажиллагаанаасаа санхүүждэг үйл ажиллагаатай, аж ахуйн тооцоотой байгууллага юм. Энэ үйл ажиллагаатай нь холбоотойгоор сайд нарын хамтарсан тушаал гарсан болохоос биш үүнийг “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс санхүүжүүлэх ёстой” гэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд Бизнес экватор төвийн үйл ажиллагааг хавсран гүйцэтгэсний урамшууллыг олгох шийдвэрийг Засаг дарга гаргасан. Гэвч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төсөв нь төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын багцалж явдаг төсөв юм. Засаг дарга төсвийг захиран зарцуулах эрхэд оролцох эрхгүй. Ийм учраас уг хуулийг зөрчсөн байна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд буюу төрийн захиргааны төв байгууллага баталдаг учраас энэ дотор Бизнес инкубатор төвийн захирал, нягтлан бодогч, нярвын орон тоо батлагдаагүй. Ийм учраас батлагдаагүй бүтцэд цалингийн санг зориулалт буусаар зарцуулсан тул акт тавьсан.
Буруутай албан тушаалтны шийдвэрээр ажлаас халагдсан хүний нөхөн олговрыг эхний ээлжид “тухайн ажил олгогч олгоно” Түүнийг буруутай албан тушаалтнаас гаргуулж тухайн төсвийг хохиролгүй болгоно гэж үзвэл Иргэний тухай хуульд заасан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй тул уг төлбөрийн актыг тавьсан.
Тухайн үед хяналт шалгалт хийж байх явцад Ч.Л-г дуудаж уулзаж, холбогдох нотлох баримтуудыг танилцуулж, хэлэлцүүлэг хийж, өөрөөр нь тайлбарлуулсан баримт байдаг бөгөөд нотлох баримт байгаа. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Ч.Л-д танилцуулсан тул үүнийг танилцаагүй, тайлбар өгөөгүй гэж үзэх боломжгүй. 3 актыг урьдчилж гаргасан гэж байгаагийн хувьд уг шийдвэрийг гаргахаас өмнө өөрт нь танилцуулж, холбогдох тайлбарыг авсан учраас холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 70 дугаар зүйлийн 70.5 дах заалттай холбоотой хэсэг хүчингүй болсон бөгөөд уг заалтыг үндэслэл болголгүй Иргэний хуулийг үндэслэж акт тавьсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л-гийн гаргасан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/12-02-02 тоот, 18/12-02-02 тоот, 17/12-02-02 тоот актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19/12-02-02 дугаар актын тухайд:
Актаар “... сургуулийн бүтцээр батлагдаагүй Бизнес инкубатор төвийн захирлын орон тоог 2016 онд хавсран гүйцэтгэсний цалингийн 40 хувь 3.553.632 төгрөгийг захирал асан Ч.Л-д олгосон нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8 дахь заалтуудыг зөрчсөн тул Ч.Л-гээр нөхөн төлүүлэхээр” тогтоожээ.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 38/72 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх байгууллага болгожээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 55, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар тус тус Дархан–Уул аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дэргэд “Дархан бизнес инкубатор” төвийг байгуулж, уг төвийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захиралд хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзэхэд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” шууд захирагч байхаар заасны дагуу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд мөн зүйлийн 16.5-д заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн цалинг өөртөө олгохоор шийдвэрлэн төсвөөс гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Харин 2005 оноос эхлэн Дархан–Уул аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дэргэд “Дархан бизнес инкубатор” төвийг байгуулж, уг төвийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захиралд хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар энэхүү шийдвэрээр дүгнэлт хийх боломжгүй тул улсын байцаагч холбогдох төсвийн зарцуулалтын талаар хяналт шалгалтыг дахин явуулах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд ... сургуулийн бүтцээр батлагдаагүй Бизнес инкубатор төвийн захирлын орон тоог 2016 онд хавсран гүйцэтгэсний цалингийн 40 хувь 3.553.632 төгрөгийг захирал асан Ч.Лд олгосон нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн Ч.Лгээр нөхөн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй тул актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 18/12-02-02 дугаар актын тухайд:
Актаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Д.Т-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.226.074 төгрөгийг байгууллагаас гаргаж, хохирол учруулсан гэж үзэн, захирал Ч.Л-гээр төлүүлэхээр тогтоожээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 3 дугаар сарын 14-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр Д.Т-г Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 1.226.074 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж, Д.Т-д олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Д.Т-д ажилгүй байсан хугацааны цалин 1.226.074 төгрөгийг байгууллагаас олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн “6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах; 6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. гэсэн заалтын дагуу захирал Ч.Л-гээр төлүүлэхээр тогтоосон” гэж маргаж байгаа боловч “... хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Актаар тогтоосон зөрчил нь уг хугацаанаас өмнө гарсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “ Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан тул 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 18/12-02-02 дугаар актаар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг захирал Ч.Л-гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 18/12-02-02 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17/12-02-02 дугаар актын тухайд:
Актаар Дархан–Уул аймгийн Их дээд, сургуулиудын консерциумд гишүүн байгууллагын 2015, 2016 оны татварт 1.200.000 төгрөг шилжүүлж төсвийг зориулалт бусаар зарцуулсныг захирал Ч.Л-гээр төлүүлэхээр тогтоожээ.
Дархан-Уул аймгийн Их дээд, сургуулиудын консерциум 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар албан бичгээр “...Консерциумын 2015-2016 оны үйл ажиллагааны зардалд 500.000 төгрөгийг шилжүүлэх” хүсэлт, нэхэмжлэхийн хамт тус аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ирүүлсний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг төрийн сангаар дамжуулан шилжүүлсэн нь төсвийг зориулалт бусаар зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь Дархан-Уул аймгийн Их дээд, сургуулиудын консерциум нь тухайн аймгийн их дээд сургууль, мэргэжлийн сургуулиудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд үйл ажиллагааны зардлыг гишүүн байгууллагуудаас нэхэмжилсний дагуу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс үйл ажиллагааны чиглэл болох хичээл үйлдвэрлэлийн дадлагад зориулагдсан төсвөөс гарган шилжүүлснийг буруутгах боломжгүй.
Гэтэл улсын байцаагчийн актаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Их дээд, сургуулиудын консерциумын үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн 500.000 төгрөгийг гишүүнчлэлийн татвар гэж үзэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.
Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс Дархан-Уул аймгийн Их дээд, сургуулиудын консерциумд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 700.000 төгрөгийг тус тус Хичээл үйлдвэрлэлийн дадлага гэсэн ангиллаар төрийн сангаар шилжүүлсэн боловч Дархан-Уул аймгийн Их дээд, сургуулиудын консерциумын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гишүүнчлэлийн татвар 700.000 төгрөгийг төлөх албан бичгийг нэхэмжлэхийн ирүүлсэн атал хичээл үйлдвэрлэлийн дадлага гэсэн ангиллаар төрийн сангаар дамжуулан шилжүүлснийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн улсын байцаагчийн актын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.
Иймд улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17/12-02-02 дугаар актын 500.000 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийг 500.000 төгрөгөөр бууруулж, 700.000 төгрөгийг захирал Ч.Л-гээр төлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19/12-02-02, 18/12-02-02 дугаар актыг тус тус хүчингүй болгож, 17/12-02-02 актын 500.000 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгон, уг актын 700.000 төгрөгийн зөрчилд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 500.000 төгрөгөөр бууруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.11, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19/12-02-02, 18/12-02-02 дугаар актыг тус тус хүчингүй болгож, 17/12-02-02 актын 500.000 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгон, уг актын 700.000 төгрөгийн зөрчилд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 500.000 төгрөгөөр бууруулсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН