Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0511

 

 

 

 

 

 

 

Д.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд Ч.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 410 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Д.М нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М, О.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.С-т олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захирамжид нэр байхгүй талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн боловч шүүгч хүлээж авахаас татгалзаж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр дан ганц нэхэмжлэгч талын тайлбарыг чухалчилж тэгш байдлыг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Ингэснээр Засаг даргын гаргадаг захирамжийн хавсралт дахь нэрс буруу шивэгдэх, орхигдох зэрэг техникийн шинжтэй алдаа төрийн албан хаагчдын зүгээс практикт түгээмэл гардаг талаарх мэдэгдлийг хариуцагчийн зүгээс шүүхэд албан ёсоор тайлбарлах боломжийг олгоогүй, мөн гуравдагч этгээдийн нэрийг захирамжид орхигдуулж газар эзэмших эрхийг нь зөрчсөнтэй холбоотой өргөдөл гомдлыг хариуцагч тал хянан шийдвэрлэж байгаа талаараа шүүхэд тайлбарлах боломж олгоогүй болно.

Газар эзэмших гэрээ шинэчлэн байгуулаагүй талаар: Гуравдагч этгээд миний бие тухайн газрыг ном журмын дагуу холбогдох бичиг баримтууд /худалдах худалдан авах гэрээ, газрын албаар баталгаажсан кадастрын зураг, өргөдөл г.м/-г бүрдүүлэн Чингэлтэй дүүргийн Газрын албаар уламжлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлтээ хүргүүлж, тухайн үед төрийн алба цахимжаагүй бүх ажиллагаа гараар явагддаг байсантай холбоотой 3-4 сар хүлээсний эцэст 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 тоот гэрчилгээг гардаж авсан байдаг. Ингээд газрын албатай гэрээ байгуулж 2020 оныг дуустал газрын төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн билээ.

Анхны гэрээ байгуулагдсанаар хуулийн хүрээнд харилцаанд орсон гэж үзээд орон сууц, ус дулаан цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэрэг гэрээнүүдийн хугацаа дууссан ч сунгуулалгүй төлбөрөө сар бүр төлөөд явдаг практиктай адилтган явсаар иргэний хэргийн шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээ гаргах үеэр гэрээгээ шинэчлэх хүсэлтээ Чингэлтэй дүүргийн газрын албанд тавихад нэхэмжлэлийг маань шүүхээр шийдэгдсэний дараа сунгалтыг хийнэ гэсэн хариу авсан болно. Иймд энэ нь гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хувийн хэрэг архивд хадгалагдаагүй талаар: дээр дурдсанчлан, 15-16 жилийн өмнө төрийн алба цахимжаагүй бүх ажиллагаа гараар явагддаг, бичиг баримт зуун задгай байсантай холбоотой төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, салан задгай байдлыг иргэн миний эрхийг зөрчих үндэслэл болгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, төлбөр тооцоо нийлсэн акт зэрэг бүх бичиг баримтууд нотлох баримтын шаардлага ханган эх хувиараа иргэн надад хадгалагддагаас гадна Нийслэлийн газрын мэдээллийн сан, Чингэлтэй дүүргийн газрын албаны цахим бүртгэлд хадгалаастай байгаа болно. Иргэний шүүхээр нэхэмжлэл маань шийдэгдсэний дараа гэрээ сунгалтын нэгэн адил бусад бичиг баримтуудыг нөхөн архивлах боломжтой талаар Чингэлтэй дүүргийн газрын алба мөн л мэдэгддэг. Иймд энэ нь гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн шүүгч шийдвэртээ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтийн талаар огт дурдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн талд үйлчилсэн гэх хардлагыг төрүүлж байна. Уг шинжээчийн дүгнэлтээр Ч.С миний бие уг газрыг эзэмшдэг болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч талын газрын давхцлын талаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарууд хоорондоо зөрүүтэй байгааг шүүгч огт анхаарч үзээгүй нь мөн л хардлага төрүүлж байна. Нэхэмжлэгч тал 2012 онд зэрэгцээ орших ижил хэмжээтэй /тухайн үед 80 м.кв байсан/ 2ш үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар авсан байдаг.

Тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн тухай бүх бичиг баримтуудад 700 м.кв газрыг хураасан талаар байдаггүй. Энэ тохиолдолд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2017 онд шинээр нэмэгдсэн заалт болох 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн чанх доор орших 80 м.кв газар эзэмших эрхийг салгаж шилжүүлэх ёстой байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Газрын алба руу 2012 оны 06 дугаар сарын 14-ны өдөр явуулсан албан бичгээ 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх заалтыг зөрчин Ч.С-ийн 700 м.кв газрын эрхийг О.А Д.М нарт шилжүүлэхээр болгож засаж өөрчилсөн хууль бус албан бичиг нь О.А, Д.М нарыг өдийг хүртэл өөгшүүлж ирсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ч.С-ийн 700 м.кв газар битүүмжлэгдэн хураагдаагүй болохыг энд дахин онцлон тэмдэглэмээр байна. Тийм ч учраас Чингэлтэй дүүргийн Газрын алба Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтыг баримтлан миний хууль ёсны газар эзэмших эрхийг О.А, Д.М нарт одоог хүртэл шилжүүлж өгөөгүй байтал энэ этгээдүүд Газрын албаар баталгаажсан ямар ч кадастрын зураг байхгүй, хий хоосон агаар сансар дээр гэрчилгээ нэртэй хуулбарласан цаас /эх хувь нь байхгүй/ гаргуулан давхцал яриад явааг шүүгч олж харахгүй байгаа нь бас сонин.

Газар эзэмших эрх ба гэрчилгээний талаар: Засаг дарга нь Газрын албанаас ирүүлсэн материал хүсэлтийг үндэслэн захирамж гаргаж гэрчилгээ олгодог. Иргэдийн газар эзэмших эрх эхлээд газрын алба дээр үүсээд Засаг даргад уламжлагдан гэрчилгээ гэх үнэт цаас болон баталгааждаг гэсэн үг юм. Гэтэл эзэмшил маргаантай, эрх бүхий байгууллага аль этгээдэд эзэмшүүлсэн нь хуульд нийцсэнийг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдээгүй байхад эзэмших эрхийн гэрчилгээг урьдчилан хүчингүй болгох нь утгагүй байгааг шүүгч ойлгохыг хүсэхгүй байна.

Түүнчлэн газар эзэмших гэрчилгээ нь захиргааны акт биш учраас хүчингүй болгох асуудлыг захиргааны хэргийн шүүх биш Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх учиртай.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр ... дуудлага худалдааны ялагч Д.М, О.А нарын нэр дээр Ч.С-ийн /ТЗ74052266/-ийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар Чингэлтэй дүүргийн газрын албанд... мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 700 м.кв /га/ газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээг тус тус олгожээ ... харин гуравдагч этгээдэд эрх олгосон гэх захирамжид түүний нэр байхгүй, гэрээ байгуулаагүй, хувийн хэрэг эрх бүхий байгууллагын архивд хадгалагдаагүй байх тул түүнд хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч нараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.С-т олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн газрын албанд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газрын эзэмших эрхүүдийг Ч.С-ээс Д.М болон О.А нарт шилжүүлэхийг мэдэгдсэн, уг мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн газрын алба нь биелүүлэхдээ Д.М болон О.А нарт газар эзэмших эрхийг шилжүүлсэн атлаа Ч.Сийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүйгээс нэг газар дээр 2 гэрчилгээгээр давхардаж газар эзэмших эрхүүд үүссэн” гэж тайлбарлан маргасан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх замаар хэргийг хянан шийдвэрлэх ёстой байжээ.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий акт нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг хянан шийдвэрлэнэ.

Гэтэл анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулахад шаардагдах нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.М, О.А нар нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус бүр 97 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр ... дуудлага худалдааны ялагч Д.М, О.А нарын нэр дээр Ч.С /ТЗ74052266/-ийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар Чингэлтэй дүүргийн газрын албанд мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 700 м.кв /га/ газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээг тус тус олгосон байх хэдий ч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/173 дугаар захирамжаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийг батлуулах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолыг зөрчиж шинээр газар эзэмших эрх олгосон дээрх А/228 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэгэнт А/173 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/228 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нар газар эзэмших эрхгүй болсон байх бөгөөд үүнээс хойш буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.М Чингэлтэй дүүргийн газрын албанд газар эзэмшихээр хүсэлт гаргасан, уг хүсэлтийг захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй байх энэ тохиолдолд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.С-т олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Ч.С-ээс маргаан бүхий газартай холбогдуулан “...эрүүгийн хэрэгт байх эд  хөрөнгө битүүмжилсэн тогтоолд тухайн байшин байрлаж байгаа 700 м.кв газрыг битүүмжилсэн талаар дурдаагүй, зөвхөн байшинг битүүмжлэхээр тогтсон ... үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолд газраа, байшинтай хамт худалдах миний саналыг тусгаагүй ... дуудлага худалдааны тэмдэглэлд зуслангийн сууц гэсэн болохоос газрын хамт гэж бичигдээгүй” гэж тайлбарлан маргаж байх энэ тохиолдолд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газартай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, уг эрх нь ямар баримтаар тодорхойлогдож байгааг тодруулах шаардлагатай.

Мөн гуравдагч этгээд Ч.С-ийн эзэмшиж байсан газар нэхэмжлэгч нарын хэнийх нь газартай ямар хэмжээгээр хэрхэн давхцаж байгаа талаар тодруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/237 дугаар шинжээчийн дүгнэлтээр О.А-ын хашаалсан 2103 м.кв талбай бүхий газар нь нэгж талбарын 18641328023672 дугаар бүхий газартай 690 м.кв талбайгаар, нэгж талбарын 18641328045671 дугаар бүхий газартай 323 м.кв талбайгаар давхцалтай байна дүгнэсэн байх хэдий ч гуравдагч этгээд Ч.С-ээс гаргаж өгсөн кадастрын зурагт нэгж талбарын дугаар 18641328023672 гэж, газар эзэмшүүлэх гэрээнд нэгж талбарын дугаарыг 18642323134881 гэж өөр дугаарласан байгаагаас үзэхэд гуравдагч этгээдийн эзэмшиж байсан газар нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газартай хэрхэн, ямар хэмжээгээр давхацсаныг тодруулах шаардлагатай байхаас гадна хариуцагчаас өгсөн Д.М, О.А нарын нэр дээрх кадастрын зураг нэгж талбарын дугааргүй байгааг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар захирамжийн хавсралтад гуравдагч этгээд Ч.С-ийн нэр байхгүй талаар тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захирамжид нэр оруулаагүй техникийн алдаа гаргасан байх магадлалтай” гэсэн тайлбар, гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээг үндэслэн гуравдагч этгээд Ч.С газар эзэмших эрхтэй байжээ гэж шууд дүгнэх боломжгүй байх тул “15-16 жилийн өмнө төрийн алба цахимжаагүй бүх ажиллагаа гараар явагддаг, бичиг баримт зуун задгай байсантай холбоотой төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, салан задгай байдлыг иргэн миний эрхийг зөрчих үндэслэл болгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                               А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ