Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00243

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаар шийдвэр,

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалтай,             

            “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “У” ХХК, Э.М нарт холбогдох

            11.174.060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч М.Баянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.Баянжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.        

         Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлд: “У” ХХК уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2012 оны 7 дугаар сараас эхлэн “Н” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт орших Туулын гүүр шатахуун түгээх станцаас шатахуун авч төлбөрөө шатахуун авсны дараа төлөхөөр тохирсон. 2012 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд “У” ХХК нь авсан шатахууныхаа төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл “У” ХХК манай компанийн итгэлийг олж аваад сүүлийн удаагийн худалдан авсан шатахууны үнэ болох 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан шатахууны тооцоо 9.732.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан шатахууны тооцоо 130.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан шатахууны тооцоо 158.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авсан шатахууны тооцоо 120.000 төгрөг нийт 10.140.000 төгрөгийн шатахууны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байна. Захирал М.Баянжаргалтай 99037733 дугаарын утсаар холбогдож төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба эхлээд төлнө, удахгүй төлнө гэж байгаад сүүлдээ утасаа авахаа больсон. Иймд “У” ХХК-иас шатахууны төлбөр 10.140.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжингийн тайлбарт: “У” ХХК нь “Н” ХХК-ийн Заамар салбараас 2012 оны 7-9 дүгээр сарын хугацаанд шатахуун авсан байдаг. Тухайн шатахууныг авч эхлэхдээ Өвөрхангай аймгийн “Н” ХХК-ийн салбарын дарга руу яриад улмаар Туулын гүүрний төв салбараас зээлээр шатахуун авах талаар ярилцаад хамтарч ажиллах санал тавьсан байдаг. Тухайн үед зээлээр шатахуун авах тохиролцоог Өвөрхангай аймгийн “Н” ХХК-ийн салбарын дарга н.Наранжаргалыг сайн таньдаг учраас зээлээр шатахуун авъя гэсэн байдаг. Тэгээд 2012 оны 7-9 дүгээр сарын хооронд зээлээр худалдан авсан шатахууны мөнгөө төлсөн. 2012 оны 10 дугаар сард авсан шатахууны нийт 10.140.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Тухайн үед “У” ХХК-ийн захирал М.Баянжаргал руу утсаар ярьж шатахууны төлбөрөө төл гэхэд төлнө, удахгүй төлнө, манай хүү төлөх гээд явсан гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн байсан. Гэтэл одоо хүртэл уг шатахууны мөнгийг төлөөгүй байгаа тул “У” ХХК-ийн зээлээр авсан шатахууны төлбөр 10.140.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг өмнө нь шүүхээс хангаагүй. Манай талаас уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. “У” ХХК болон Э.М нарын хэн буруутай этгээдээс шатахууны төлбөр 10.140.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч /захирал/ М.Баянжаргалын тайлбарт: Төв аймгийн харъяат Э.М нь “Би 2011 онд Өвөрхангай аймгийн харъяат Баадуу гэдэг залуугийн уурхайн дарга хийж, үйл ажиллагааг нь маш сайн удирдаж ажиллаж байсан. Би Төв аймгийн Заамар сумын газар орон, удирдах хүмүүсийг сайн мэднэ, газрын асуудлыг бүрэн даана, очоод элдэв шалгалт болон орон нутгаас шалтгаалах бүх асуудлыг бүрэн хариуцна, танай техН хэрэгслийг авч яваад та нарт ашиг орлоготой сайн ажил хийж өгнө, алдаа гаргана гэж байхгүй” гээд манай хүү Б.Батдэлгэртэй тохиролцон, түүний найз Э.Мөнгөнбагана нарын хамт 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр техНүүдийг хүмүүстэй нь хамт авч явсан. Би тухайн үед та эхний гарах зардлуудыг төлөөд бидэнд санхүүгийн боломж гаргаад өг, 14 хоногийн дотор таны зардлыг төлнө гэсэн үгэнд нь итгээд залуу хүмүүсийг дэмжээд, техН хэрэгслээ өгч, нүүх суух бүх зардлуудыг дааж явуулсан. Тухайлбал, Э.М нь гайгүй газар луу оруулж өгч байгаа учраас 5.000.000 төгрөгийг зуучилж байгаа хүнд өгнө, том усан буу хэрэгтэй гээд усан бууг 27.000.000 төгрөгөөр авахуулсан. ТехНүүдэд шаардлагатай тос тосол, гидро шингэн, товуд, масло гэх мэт материалыг 5.500.000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн Авто ком төвөөс авч өгсөн. Үйл ажиллагаа явуулах түлш байхгүй гэхээр нь Төв аймгийн Н-ийн дарга н.Батмөнхтэй утсаар ярьж 9.075.000 төгрөгийн шатахуун зээлж авч өгөөд би өөрөө мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахад хүчин чадал сайтай экскаватор хэрэгтэй гэж 20.000.000 төгрөгөөр экскаватор түрээслүүлж, Улаанбаатар хотоос ирэх очих зардал, түлш гаргуулж, үр дүнгүй баахан газар ухуулсан. Норд машин 3 ширхэгийг тус бүр сарын 6.500.000 төгрөгөөр түрээслүүлсэн, Заамар суманд очих түлшийг тус бүрт нь 200 литрийг хийсэн, жолооч тус бүрт урьдчилгаа 3.000.000 төгрөг өгсөн. Эхний очсон газарт үр дүн муутай байна, дахин 25.000.000 төгрөг өгвөл боломжтой газар орохоор боллоо гээд манай хүүхдээс мөнгө авсан боловч ажлын үр дүн гараагүй. Тухайн мөнгийг хэнд өгсөн эсэхийг мэдээгүй. Бидний бодлоор Э.М нь өөр хүмүүстэй хуйвалдаж, заль мэх хэрэглэсэн болов уу гэж бодож байна. Ажлын хариуцлага, хүний итгэлийг даахгүй хүн чанар алдаж, шатахууны зарцуулалтандаа хариуцлагагүй хандаж, хэсэг хүмүүст биднээс мөнгө гаргуулж өгсөн байна. 2012 оны 9 дүгээр сар хүртэл ямар ч ажил гүйцэтгээгүй. Та нар хэлсэндээ хүрч ажиллаж чадахгүй бол боль, биднээс гарсан зардлыг хугацаанд төлөх асуудлыг Э.Мт утсаар олон удаа хэлсэн. Э.М нь одоо бүтэх гэж байна, түр хүлээж бай гэсээр өвөл болгосон. Тэр ч бүү хэл сайхан ярьж, мөрөөдөж техН, хүмүүсийг аваачихаад цалин мөнгө, хоол хүнс өгөөгүй, сахиулуудыг эргэж байгаагүй. Утсаа авахаа больсон. Манай “У” ХХК-иас төлөөлөл байгаагүй, би тэнд очиж үзээгүй. Манай компанийн нэрийг барьж гарын үсэг зурж, төлбөрөө хийгээгүй үйлдлийг Э.М хариуцах ёстой. 2012 оны 10 дугаар сард түлш, бензин авсан тухай би мэдэхгүй, манай компанид хамаагүй. Шаардлагатай байсан бол миний бие өөрөө утсаар ярих байсан. Манай компанийн тухайд 2012 онд Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт орших Туулын гүүр шатахуун түгээх станцаас шатахуун авч хэрэглэх талаар гэрээ хэлцэл хийгээгүй. Залуучуудыг дэмжиж нэг удаа н.Батмөнхтэй утсаар ярьж 6000 литр түлш авч өгсөн. Сумын шатахуун түгээх станц нь шатахуун өгөхдөө албан ёсны төлөөлөгч болон албан бичиг, тамга тэмдгээр баталгаажуулж өгөөгүй, хэн нэгний үг, хүсэлтээр шатахуун өгчихөөд эцсийн хариуцлагыг манай компанид ногдуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шатахуун өгөх эсэх асуудлыг надтай зөвшилцөж, тохироогүй би энэ асуудлыг тухайн үед мэдээгүй, өнгөрсөн хойно нь надад хэлсэн боловч Э.Мыг төлбөрөө өгөх болов уу гэж найдсан. 2012 оны 7-9 дүгээр сар хүртэл хэдэн удаа шатахуун авч төлж байсан талаар би мэдэхгүй. Хэрэв тийм асуудал гарч байсан бол манай компанийн нэрийг барьж тийм үйлдэл гаргасан байх. Гарын үсэг зурж түлш хүлээн авсан хүмүүс өөрсдөө төлбөрийг нь төлж, хохирлыг барагдуулах хэрэгтэй. Манайхаас авч явсан техНүүдэд бензинээр ажилладаг нэг ч техН байхгүй. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш авсан шатахуун манайд ямар ч хамаагүй, харин манай техНийг ашиглан үйл ажиллагаа явуулсан Э.М, түүний хамсаатан нэр бүхий хүмүүс төлөх байх. Харин ч манай техНийг ашиглан хувьдаа Ланд круйзер 80 маркийн машин, өвлийн идэш, бас бус мөнгөтэй болж буусан. Би хохирлоо барагдуулах талаар холбогдох газарт нь гомдлоо гаргана гэжээ.

       Хариуцагч Э.Мын тайлбарт: Миний бие 2012 оны 8 дугаар сард “У” ХХК-ийн захирал М.Баянжаргалын хүү Б.Батдэлгэрийн ажиллуулж байсан уурхайн олборлолтын газрыг олж өгсөн. Энэ компанид М.Баянжаргалын дүү нар болох нярав н.Азсангимаа, түлшний нярав н.Батжаргал, угаагч н.Энхбат нарын хүмүүс үйл ажиллагааг хянаж явуулдаг байсан. “Н” ХХК-иас авсан шатахууныг хэдийд яаж авсныг мэдээгүй байтал баримтад Э.М миний өмнөөс гарын үсэг зурж авсанд гомдолтой тул хуулийн дагуу үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас 9.645.000 төгрөг, хариуцагч Э.Маас 495.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас 169.270 төгрөг, хариуцагч Э.Маас 15.500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.735 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 463 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн, “У” ХХК-ий өмгөөлөгч А.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

       Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч М.Баянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. Шат шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие 2012 оны 06 сарын 01-нд Э.М, Б.Батдэлгэр, миний хүү Э.Мөнгөнбагана нарын хүсэлтээр Төв аймгийн Заамар сумын өгөөмөр багийн нутагт байрлах Туулын гүүрний “Н” ШТС-аас уул уурхайн үйл ажиллагааг нь дэмжиж, Өвөрхангайн “Н” салбарын эрхлэгч н.Наранжаргалтай уулзаж 9.075.000 төгрөгийн түлш зээлээр авч өгсөн ба тухайн төлбөрийг төлж барагдуулсан. Эдгээр залуус нь 9.075.000 төгрөгийг надад буцааж төлөөгүй. Миний бие болон “У” ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн боловч тухайн үед Э.Мтай хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ямар нэг хэлцэл хийгээгүй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна. Э.М бидний итгэлийг хөсөрдүүлж бидний олон сая төгрөгийг эрсдэлд оруулсан. “Н” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудад Э.М гэсэн гарын үсэг байдаг. Харин миний гарын үсэг болон “У” ХХК-ийн тамга тэмдэг огт байхгүй. Иймд Э.М нь тухайн компанийг бүрэн төлөөлөх эрхгүй гэж үзэж, 9.045.000 төгрөгийг манай компаниас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “Н” ХХК манай хоёрын хоорондын маргаан нь олон удаа шат шатны шүүхээр орж янз бүрийн шийдвэр гарч байсан. Манай 2 компанийн хооронд үүргийн харилцаа үүссэн гэдгийг огт ойлгохгүй байна. Ийм учраас шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, нотлох баримтад үндэслэж, хууль ёсны дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэл гаргасан талын тайлбар, нотлох баримтад үндэслэж нэг талыг барьж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. “У” ХХК нь Заамар суманд албан ёсоор үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэг хэрэг зөрчлийг хариуцах, хууль эрх зүйн харилцаа үүсээгүй. Төв аймгийн МХГ-аас “У” ХХК нь ашиглалтын болоод хайгуулын лиценз эзэмшдэггүй болохыг тогтоосон баримтыг хавсаргалаа. Иймд хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.    

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ.

          Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “У” ХХК, иргэн Э.М нараас 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9.732.000 төгрөгийн, 10 дугаар сарын 11-нд 130.000 төгрөгийн, 10 дугаар сарын 14-нд 158.000 төгрөгийн, 10 дугаар сарын 21-нд 120.000 төгрөгийн шатахуун зээлээр авсаны нийт үнэ 10.140.000 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирж очих шатахууны болон бусад зардалд 1.034.060 төгрөг бүгд 11.174.060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 10.140.000 төгрөг болгож багасгасан байна.

        Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн бол хариуцагч Э.М нь “2012 оны 08 дугаар сард “У ХХК”-ийн захирал М.Баянжаргалын хүү Б.Батдэлгэрийн ажиллуулж байсан уул уурхайн олборлолтын газрыг олж өгсөн. “Н” ХХК-иас авсан шатахууныг хэдийд яаж авсныг мэдээгүй” гэжээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч “У” ХХК болон Э.М нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу хариуцагч “У” ХХК нь “Н” ХХК-иас 10.140.000 төгрөгийн шатахууныг худалдаж аваагүй гэдгийг, хариуцагч Э.М нь “Н” ХХК-иас авсан шатахууныг хэдийд, яаж авсныг мэдээгүй гэх татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, шатахуун аваагүй гэсэн татгалзлаа баримтаар нотлож чадаагүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нийцсэн байна.

         Хариуцагч “У” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа “Н” ХХК-иас шатахуун зээлж авч байсан болох нь хэрэгт авагдсан шатахуун авсан тухай баримтууд, “Н” ХХК-ийн дансны хуулгууд, гэрч Э.Нарангэрэл, Б.Батмөнх, Л.Наранжаргал, А.Амгаланбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

            Иймээс “У” ХХК-иас түлшний үнэ болох 9.645.000 төгрөг, хамтран хариуцагч Э.Маас бензиний үнэ болох 495.000 төгрөгийг тус тус гаргуулан “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан үүргээ зөрчөөгүй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “У” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч М.Баянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.                                   

          2. Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч М.Баянжаргалаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 169.270 /нэг зуун жаран есөн мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН