Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 100

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа, хохирогч Ш.Н , шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч А.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э ад холбогдох эрүүгийн 2015000940047 дугаартай, 163/2020/0075/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, 60 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт А.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Н ийн өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ эргэх гэж А.Э  гуайнд очсон. Маргааш нь буцах болоод Хишиг-Өндөр сумын төв орж чихэр авчирч өгчихөөд байж байтал Э  “хурган дотортой үстэй дээл хаана байгаа юм” гээд асуугаад уурлахад нь Э.О  “чемоданд байна” гэж хэлсэн. Тэгсэн О г “энэ хүүхэд ингээд уурлаад байдаг юм” гээд гарын салаа гаргаад “эд нарыгаа дагаад зайл” гэсэн. Тэгэхээр нь би “хүүхэд рүүгээ яагаад гарын салаа гаргаад байгаа юм” гэсэн чинь “яасан ч яадаг юм” гэж над руу дайрсан. Б  намайг аваад гарахад араас нь хөөсөн ба гадаа Б ийн хоолойг нь боож байхад Э ыг эхнэр нь салгаад гэр лүү нь аваад орсон. Дахиж гарч ирээд Б  рүү муухай орилоод “чамайг ална” гээд сүх аваад хөөсөн. Миний хүү бүдэрч унахад би сүхийг нь түлээний араар шидсэн. Тэр хооронд миний нүүр лүү Э  цохисон. Эхнэр нь ирж салгаад Э  гуайг аваад гэр лүү нь орсон. О гээс “аав нь байнга ингээд байдаг юм уу?, үүнээс илүү зодож цохидог уу” гэхэд хүү маань юм хэлээгүй. Тэгээд “намайг дагаад яв” гэхэд “явахгүй” гэхээр нь ах нь машинд суулгаад Э.О г гэртээ авчирсан. Тухайн үед хамраа эмчид үзүүлэхэд яс нь хугарсан гэж гарсан ба шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэлтэй гэж гарсан. Эмч мурийлгасан хамраа засуулахгүй яасан юм гэсэн, би хамраа засуулж амжаагүй. Хамраас ногоон нус гоожиж, толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл намайг хотод хагалгаанд орох ёстой гэж хэлсэн. Шүүгдэгчид гомдож байна, охиноо алдаад хэцүү байхад нь би хүүгээ харамгүй өгсөн. Эцэг эхийн хайраар хайрласан бол хүүгээ буцааж авахгүй байсан. Хүүгээ сайн хүмүүст өгсөн гэж бодож явдаг байсан. Өмнө нь эргэж очиход надад нэг хүн “хүүхэд чинь хэцүү байдаг” гэж хэлж байсан. Хүүхдийг минь авчихаад ээжийнх нь дэргэд тэгж болохгүй. Эмчилгээний зардал болон замын зардлаа нэхэмжилж байна. Нийт эмчилгээний зардал 2000000 төгрөг, шатахууны зардал 236000 төгрөг, нийт 2236000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт мөн хохирлын баримт гаргаж өгсөн. Цаашид гарах зардлаа мөн нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000940047 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар А.Э  нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уурлаж, өргөмөл хүү О тэй зүй бус харьцсанаас үүдэлтэй А.Э , О гийн төрсөн ээж  Ш.Н ,  ах Б  нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэж, маргалдах явцдаа А.Э  нь Ш.Н ийн нүүрэн тус газар цохиж хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Ш.Н ийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн “Ш ” гэх газар байрлах Э  гэх айлд очсон юм. Э  2007 онд манай дунд хүү болох О г үрчилж авсан. Тэр айлаас явах гээд ачаагаа янзлаад байж байтал Э  нь манай хүү болох О  рүү уурлаад “миний хурган дотортой дээл хаана байна” гэж асуухад “ааваа энэ хайрцагны доор байна” гэж хэлсэн чинь Э  нь “О  ингээд уурлаад байдаг” гэж хэлээд О  рүү баруун гараараа салаавч гаргаад “манайхаас гар, зайл” гэж хэлээд орилоод байхаар нь “та яагаад хүү рүүгээ салаавч гаргаж байгаа юм бэ” гэсэн чинь орилж байгаад гэрт зогсож байсан манай том хүү болох Б ийг “гаръя” гээд гэрээс гарсан. Тэгээд Б ийг “зодолдъё, үзэх үү” гээд гараа атгаад байж байгаад Б ийг чулуугаар шидсэн боловч чулуу оноогүй. Тэгээд Э  түлээн дээрээс сүх аваад Б ийг “ална” гэж хөөсөн. Б  Э тай ноцолдож байхад уг сүхийг булааж аваад түлээн дээр аваачиж тавьсан. Тэр сүхийг түлээн дээр аваачиж тавих хооронд Э  миний хажууд зогсож байгаад миний баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. ...Дунд хүү болох О тэй ярилцаад “миний хүү ийм газар байж болохгүй, гэр лүүгээ явах уу” гэж асуухад “тэгье” гэж хэлэхээр нь аваад явсан. ...Би гомдолтой байна. Нэг сая төгрөг нэхэмжилж байна”  гэх мэдүүлэг /хх-42-45 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.О гийн өгсөн: “...Миний төрсөн ээж болох Н “яагаад хүүхэд рүү чулуу шидэж байгаа юм” гээд Э ыг барьж авахад Э ын найз болох С , Б  хоёр ирээд ээж, Э  хоёрыг салгаад байж байтал Э  нь ээжийн зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Ингэж цохиж байгааг манай том ах Б хараад “чи яагаад миний ээжийг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд Э ын хажууд иртэл Э  түлээн дээрээс сүх аваад “Б  ахыг алаад, дараа нь өөрийгөө ална” гэж хэлээд араас нь хөөсөн. Араас нь хөөж яваад сүхээрээ цохих гээд далайх үед Б  ах сүх барьсан гарыг нь барьж авахад сүх нь газар унасан. ...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

Гэрч Н.Б ийн өгсөн: “...Э  ээжийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би шууд гүйж очоод “чи яагаад миний ээжийг цохиж байгаа юм бэ” гэж асуусан чинь “яадаг юм, би чамайг ална” гээд түлээн дээрээс сүх аваад сүхээрээ над руу далайхаар нь би баруун гарыг нь зүүн гараараа барьж авахад миний зүүн талын гарны эрхий хуруу зүсэгдэж цус гарсан. ...” гэх мэдүүлэг

/хх-49-50 тал/, гэрч Х.Энхцэцэгийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт байрлах гэртээ байж байтал манай том хүү болох О  нь гэрт байсан чемодантой хувцасаа оролдоод байхаар нь нөхөр маань “яах гээд оролдоод байгаа юм бэ?, наад хувцасаа цаашаа хий” гэж хэлсэн чинь О  уурлаад гараад явсан. Нөхөр Э  хүүгийн араас гараад Н ийг “та нар яах гээд хүүхэд авч явна” гээд байгаа юм бэ гэж хэлээд орилсон чинь Б  /Б / Э ыг заамдаж авахад Н  салгасан ба манай нөхөр уурлаад Н ийн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд л хүү О г аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “Ш.Н ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи хамар ясны хугарал болон зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-112-113 тал/, шүүгдэгч А.Э ын яллагдагчаар өгсөн: “...Н  миний нүүрийг самардах гэхээр нь би гарыг нь барьж аваад зүүн нүд хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. О  малдаа явах гээд мориндоо мордоход Б  хүүг морьноос нь татаж буулгаад өөрийнхөө унаж явсан машин руу ээж Н тай хамтар чирч суулгаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-85 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрэг үйл баримт болсон шалтгааны талаар хохирогч Г.Н , гэрч Н.Б , насанд хүрээгүй гэрч Э.О  нарын өгсөн мэдүүлэг нь гэрч Х.Энхцэцэг болон шүүгдэгч А.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байгаа боловч шүүгдэгч А.Э ын хохирогч Г.Н ийн нүүрэн тус газар цохисон үйлдлийг дээрх гэрч нар шууд гэрчилсэн, агуулгын хувьд зөрөөгүй байна.

Шүүхийн шатанд хохирогчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан, эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Н ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Э ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.Э ын үйлдэл идэвхтэй, хохирогч Ш.Н ийн амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.Э ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ш.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 376500 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 236000 төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардалд 20000000 төгрөгийг тус тус нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой зардал, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой гарсан зардалд 517500 төгрөгийг шүүгдэгч А.Э аас гаргуулан хохирогч Ш.Н д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас /бичвэр харагдахгүй болсон болон тухайн хэрэгт хамааралгүй/ нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн тогтоосон хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Э ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Э  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-75-80 тал/-ыг шинжлэн судлаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал болон шүүгдэгч А.Э ын эмийн гаралтай олдмол дүлийрэл өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Э  нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х овогт А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч А.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тустус зааснаар хохирогч Ш.Н ийн нэхэмжлэлийн шаардлагаас 517500 /таван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангасныг шүүгдэгч А.Э  төлсөнг дурдаж, нэхэмжлэлий шаардлагаас 950000 /ерэн таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД