Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч М.Учирболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Учирболдод холбогдох эрүүгийн 2036000830081дугаартай, 178/2020/0092/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр,  хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт  оршин суух, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдөр 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ПВ90062531 регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхбатын Учирболд

            Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Учирболд нь 2019 оны 7 дугаар сард иргэн З.Эрхбаяраас 500000 төгрөгийг  “ нэг тугалтай үхэр өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч, З.Эрхбаярт 500000 төгрөгний хохирол учруулсан залилах гэмт  хэрэгт холбогдожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэрч И.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 07 сарын сүүлээр намайг гэртээ байж байтал манай нөхөр М.Учирболд утасдаад “ би З.Эрхбаяр ахтай ярьчихлаа, чи очоод 500000 төгрөг авчих” гэж хэлэхээр нь би Домбот хотхоны байрны гадна очоод З.Эрхбаяр гэдэг хүн рүү ярьж 500000 төгрөг бэлнээр авсан. Манай нөхөр М.Учирболд надад хэлэхдээ  ” Ханжаа ахаас би нэг үхэр авч З.Эрхбаярт өгөхөөр боллоо. Тэр үхэрнийхээ мөнгийг урьдчилж авч байгаа юм” гэсэн. Тэгээд манай нөхөр З.Эрхбаярт үхэр өгөөгүй байгаа. Үхэр өгнө гэж байсан Ханжаа буюу С.Ганбат гэдэг хүн үхэр өгөхөө больчихсон гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 4-р хуудас/

Гэрч С.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 7 сарын 25-ны үеэр М.Учирболд хажуудаа Умбаа гэх залуутай хамт ирээд 9 тооны үхэр худалдаж авсан.Тухайн үед би өөрийнхөө үхэрнээс 2 үхэр, ээж Идшээгийн үхэрнээс 7 үхэр өгөөд 6800000 төгрөг тоолж авсан. Түүнээс хойш дахин үхэр худалдаж авах талаар ярилцаагүй.Бид хоёрын дунд өр авлага байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/

Хохирогч Шаргай овогт Зуноровын Эрхбаярын / 1986 оны 12 сарын 22-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй,” Монголиан каттл” ХХК-ны захирал ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн... М.Учирболдыг 2019 оны 07 сараас эхлэн таньдаг болсон. Би Алтай сумын зуслангаас үхэр туулгахаар авч яваад танилцсан.М.Учирболдоор 2 өдөр үхэр туулгаад хөлсөнд нь 200000 төгрөг өгсөн.2019 оны 07 сарын 25,26-ны үед М.Учирболд над руу яриад “ надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна.Би таньд нэг үхэр өгье, надад 500000 төгрөг өгч байгаач.Манай эхнэрт өгөөд явуулчих, би одоо үхэр лүүгээ явж байна” гэхээр нь  “за “ гээд М.Учирболдын эхнэр нэг жирэмсэн эмэгтэй ирээд 500000 төгрөг аваад явсан.Ингээд М.Учирболд руу үхэр авахаар залгасан боловч утсаа аваагүй, 4 удаа мессэж бичсэн.М.Учирболд өөрөө надтай уулзаагүй, аав нь над руу яриад мөнгө өгнө, удахгүй Ховд орохоороо уулзая “ гэж хэлсэн... / хэргийн 3, 16-17-р хуудас/

Шүүгдэгч М.Учирболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2019 оны 7 сарын сүүлээр З.Эрхбаяртай Алтай сум руу үхэр авах ажлаар яваад ирсэн. Тухайн үед би Ханжаа ахтай уулзаад 100 ширхэг пресс өвс өгөөд 1 үхэр авахаар тохирсон.Тэгээд аймагт ирээд байж байтал мөнгөний хэрэг гараад би З.Эрхбаяртай яриад  намар өвсөөр сольж авахаар болсон үхрээ өгье гээд 500000 төгрөг зээлж авсан.Би хадлан хийж байгаад 2019 оны 10 сард буусан. Намайг хадлан хийж байх үеэр З.Эрхбаяр Алтай сум руу 2 удаа явж мал авсан байсан. Би хадлангаас оройтож буусан учраас Ханжаа гэх хүнтэй наймаа хийж чадаагүй. З.Эрхбаярын мөнгийг өгч чадалгүй явж байгаад саяхан өгсөн.2020 оны 2 сарын үед манай аав З.Эрхбаярт мөнгө өгөх гээд ирэхэд З.Эрхбаяр баруун хил явчихсан байсан тул өгч чадаагүй байж байгаад мөнгийг нь үрчихсэн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-26-р хуудас/ зэрэг баримтууд болно.                                               

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Учирболд нь хохирогч З.Эрхбаяраас “ нэг тооны үхэр өгнө” гэж хэлээд 500000 төгрөгийг зээлж авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авч уг эд хөрөнгийг / мөнгийг/ буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилго агуулсан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан болох нь хохирогч З.Эрхбаярын ... 2019 оны 07 сарын 25,26-ны үед М.Учирболд над руу яриад “ надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна.Би таньд нэг үхэр өгье, надад 500000 төгрөг өгч байгаач.Манай эхнэрт өгөөд явуулчих, би одоо үхэр лүүгээ явж байна” гэхээр нь  “за “ гээд М.Учирболдын эхнэр нэг жирэмсэн эмэгтэй ирээд 500000 төгрөг аваад явсан.Ингээд М.Учирболд руу үхэр авахаар залгасан боловч утсаа аваагүй, 4 удаа мессэж бичсэн... гэх мэдүүлэг,гэрч С.Ганбатын /Ханжаа/ ... Түүнээс хойш дахин үхэр худалдаж авах талаар ярилцаагүй.Бид хоёрын дунд өр авлага байхгүй... гэх мэдүүлэг, гэрч И.Бямбаагийн... манай нөхөр З.Эрхбаяр утасдаад “ би З.Эрхбаяр ахтай ярьчихлаа, чи очоод 500000 төгрөг авчих” гэж хэлэхээр нь би Домбот хотхоны байрны гадна очоод З.Эрхбаяр гэдэг хүн рүү ярьж 500000 төгрөг бэлнээр авсан. Манай нөхөр М.Учирболд надад хэлэхдээ ” Ханжаа ахаас би нэг үхэр авч З.Эрхбаярт өгөхөөр боллоо. Тэр үхэрнийхээ мөнгийг урьдчилж авч байгаа юм” гэсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Учирболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч М.Учирболд нь “ нэг тооны үхэр өгнө “ гэж  бусдыг хуурч мэхлэн мөнгийг нь авсан нь шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатайгаар  үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч З.Эрхбаярын... мөнгөө авсан, гомдол санал байхгүй.../хх-44/ гэх хүсэлт,И.Бямбаагийн ХААН банкны депозит дансны хуулга зэргээр  хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нь  бусдад төлөх хохирол төлбөргүй  гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч М.Учирболд нь урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдөр 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 32-р/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Учирболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч М.Учирболдыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 -д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгож,торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, тайлбар гаргав.

Шүүгдэгч М.Учирболд өөрийгөө өмгөөлж: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан.Улсын яллагчийн санал болгосон найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч М.Учирболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад хохирол төлбөрөө төлсөн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 800000 төгрөгийг 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Учирболдод тайлбарлаж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.Учирболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000 төгрөгийг шүүгдэгч М.Учирболдоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Учирболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Учирболдыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянган /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Учирболдод оногдуулсан найман зуун тэнцэх хэмжээний  800000 төгрөгийн торгохыг ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Учирболдод тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000 төгрөгийг шүүгдэгч М.Учирболдоос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч М.Учирболд  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 7.Шүүгдэгч М.Учирболдод оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.Учирболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС