Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Адъяа, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Зуутраг овогт Дэвээжаргалын Адъяад холбогдох эрүүгийн 2036000000104 дугаартай, 178/2020/0093/Э/  индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан  хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 23- ны өдөр  төрсөн,  45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-4 тоотод оршин суух, ПЗ75112319 регистрийн дугаартай, Зуутраг овогт Дэвээжаргалын Адъяа

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.Адъяа нь зөвшөөрөлгүйгээр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг “ Тэмээтийн дэнж” гэх газраас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 43 ширхэг нойтон бургас мод, 18 ширхэг хуурай бургас мод ,нийт 61 ширхэг мод бэлтгэж , Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклиор тээвэрлэж, экологи, эдийн засагт 89391 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газарт үзлэг хийсэн...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг Тэмээтийн дэнж гэх нэртэй газар байх бөгөөд Ховд гол баруун хойноос зүүн урд зүг рүү урсаж байгаа усны хэсэгт жижиг аралтай, тухайн арлаас мод бэлтгэсэн гэх ба уг арал нь уртаараа 500 м, өргөнөөрөө 100 м хэмжээтэй арлын дотор хэсэгт бургас мод ургасан байв.Уг аралд хэсэг хэсэг газарт бургас модыг хурц иртэй зүйлээр ташуу хэлбэртэй цавчиж тайрсан байх ба тайрагдсан модны хамгийн бүдүүн нь 6 см, нарийн нь 3 см диаметртай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 4-8-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-16-р хуудас/

Мод байсан газарт нөхөн үзлэг хийсэн... уг газар нь Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг Шар харгана гэх газар иргэн Д.Адъяагийн хаваржаа байх ба 2 монгол гэр байв.Гэрийн хойт талд хаалга нь урд зүгт харсан 3 тасалгаатай хулс, харгана зэргээр барьсан хашаа байх ба баруун талын тасалгаа нь хаалгагүй, голын тасалгаа нь төмөр торон хаалгатай, хашааны хойт хэсэгт  задгай өвс хураасан, хашаан дотор ишиг хашсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-23-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн... үзлэгээр нийт 61 модонд үзлэг хийхэд, 43 ширхэг нойтон мод, 18 ширхэг хуурай мод байв.Нойтон моднууд нь мөчрийг нь ташуу хэлбэртэй цавчиж тайрч мөчирлөсөн байх ба нойтон моднуудын урт 3м 20 см, богино нь 2м 7см, бүдүүн нь 5 см, нарийн нь 3 см диаметртай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 24-30-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 31-32-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт явагдаж Д.Адъяагийн гэрийн гадна байгаа улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн, Мустанг-5 маркийн мотоцикльд үзлэг хийж асаахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, асаж байв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 33-35-р хуудас/

Хохирогч Боржигон газарч овогт Магсархүүгийн Пүрэвийн / 1959 оны 4 сарын 15-нд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой,Буянт сумын Засаг дарга/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээтэй санал нэг байна. Манай сумаас хувь хүнд зөвшөөрөл олгохгүй байгаа.Нөхөрлөл байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ашиглалт хамгааллын асуудлыг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж байгаа.Ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 46-47-р хуудас/

Гэрч Ё.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Д.Адъяа “мал хашдаг хашаа муудаад байна, хашаагаа сэлбэхгүй бол болохгүйнээ” гээд өглөө эрт босоод хашааны бүс хийх мод авчиръя гээд явсан.Орой 20 цагийн үед манай гэрийн гадна мотоцикль ирээд мод буулгаж байгаад явсан.Удалгүй Д.Адъяа гэртээ орж ирээд “өвсний хашаан дотор хашааны бүс хийх мод тайрч ирээд буулгачихлаа” гэсэн.Хаанаас тайрч авчирсныг би мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 50-р хуудас/

Гэрч М.Мөнхноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 3 дугаар сарын эхээр тухайн мод бэлтгэгдсэн аралд орж үзэхэд 60-70-аад ширхэг мод тайрагдсан байсан.Моднууд тайрагдаад удаагүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 51-р хуудас/

Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч Б.Болд над руу яриад “ Тэмээтийн дэнж гэх газраас мод бэлтгэгдсэн байна.Би тухайн газрыг үзээд ирлээ. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар Д.Адъяа гэх хүн мод бэлтгэсэн сурагтай, энэ айлд үзлэг хийх хэрэгтэй байна “ гэсэн. Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг Тэмээтийн дэнж гэх газар нь 1997 оны УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авч бүслэл тогтоосон байдаг.Тиймээс тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд ордог... гэх мэдүүлэг / хэргийн 52-р хуудас/

Гэрч Б.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 03 сарын 24-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр Тэмээтийн дэнж гэх газар хадран загасны үржлийн үеийн хяналт шалгалтын хүрээнд тухайн газарт хяналт хийж явж байгаад Тэмээтийн дэнжийн хойт талын арал дотор мод тайрагдсан байдалтай байхаар нь би дарга, мэргэжилтэн нартаа мэдэгдсэн.2020 оны 03 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газраас мөрдөгч, шинжээч, Хар ус нуур байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн нар ирж тухайн газрыг үзэж, зураг авч үзлэг хийгээд явсан... гэх мэдүүлэг / хэргийн 53-р хуудас/

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн ...нийт экологи эдийн засгийн үнэлгээ: 49.458.6 төгрөг / нойтон мод/+39933 төгрөг / хуурай мод/ = 89.391.6 төгрөгний бодит хохирол ... гэх дүгнэлт / хэргийн 58-59-р хуудас/

Шүүгдэгч Д.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би хөдөө байгаа хашаагаа янзлах зорилгоор Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр Тэмээтийн дэнж гэх газраас зөвшөөрөлгүйгээр 61 ширхэг бургас мод бэлтгэсэн. Уг модоо өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклиор тээвэрлэн авчирсан. Модоо гэртээ байсан модон иштэй сүхээр тайрсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 74-75-р хуудас/ зэрэг баримт  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Шүүгдэгч Д.Адъяа нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хашаагаа сэлбэж янзлах, бүс мод хийх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр Тэмээтийн дэнж гэх улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр 61 ширхэг мод тайрч, өөрийн эзэмшлийн мотоциклиор тээвэрлэн гэртээ авчирсан  хэргийн үйл баримт  тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Адъяагийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Адъяагийн улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй  байх тул шүүгдэгч Д.Адъяаг зөвшөөрөлгүйгээр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Адъяа нь тусгай хамгаалттай газар зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэж тээвэрлэсэн нь шунахайн сэдэлттэйгээр, гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

                              Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Адъяа нь нийт хохиролд 268.173 төгрөг төлсөн болох нь хэргийн 96,106 дугаар хуудсан дахь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Адъяаг  бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.

 

                               Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Д.Адъяа нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь  “Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 77-р хуудас/тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Адъяагийн хувийн байдлын талаар гэрч  П.Ариунсанаагийн өгсөн... Д.Адъяа нь олон ааш зангүй, даруу төлөв зантай. Эхнэр хүүхдүүдийнхээ хамт Буянт сумын Нарийн гол багт мал маллаж амьдардаг.Аймгийн төвд амьдарч байгаад хөдөө гараад удаагүй байгаа ... гэх мэдүүлэг /хэргийн54-р хуудас/

Гэрч Б.Оюунжаргалын өгсөн... Д.Адъяа нь Мянгад сумын сургуульд сурч байгаад сургуулиас гарсан, бага боловсролтой.Аймгийн төвд амьдарч байгаад хөдөө гараад 4,5 жил болж байна. Эхнэр хүүхдүүдийнхээ хамт хүний мал маллаж амьдардаг, Амьдарлын хувьд ядуу амьдралтай хүн... гэх мэдүүлэг / хэргийн 55-р хуудас/ зэрэг баримт хэрэг авагдсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Адъяа  нь 2020 оны 03 сарын 04-ний өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклиор тээвэрлэсэн  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Адъяагийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүх 1 ширхэгийг устгах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгох, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 61 ширхэг бургасыг улсын орлого болгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкны 110000495482 тоот дансанд 200000 төгрөг битүүмжилсэн Прокурорны тогтоолыг хүчингүй болгож,  мотоцикль битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх  тухай ” прокурорын тогтоолыг хэвээр үлдээх,  гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Д.Адъяагийн хувьд ам бүл 5, хохирлоо нөхөн төлсөн,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 Шүүгдэгч Д.Адъяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүхээс шүүгдэгч Д.Адъяаг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүй мол бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, шүүгдэгч Д.Адъяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Адъяад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дугаар зүйлд заасан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Адъяагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй, мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-д зааснаар улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон иштэй сүхийг усгуулахаар, 61 ширхэг бургас модыг улсын төсөвт шилжүүлэхээр зохих байгууллагад тус тус шилжүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Адъяагийн эзэмшлийн Төрийн банкны 110000495482 дугаартай дансанд 200000 төгрөг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/39 дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ прокурорын тогтоолыг цуцалж, шүүгдэгч Д.Адъяагийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн 2020 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/37 дугаартай Прокурорын тогтоолыг шүүгдэгчид  оногдуулсан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2,36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зуутраг овогт Дэвээжаргалын Адъяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Зуутраг овогт Дэвээжаргалын Адъяаг хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Адъяад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4,5 дугаар зүйлд заасан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Д.Адъяад тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Адъяагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль, 61 ширхэг бургас модыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 2036000000104 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон иштэй сүхийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Адъяаг тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих  ангид даалгасугай.

8.Шүүгдэгч Д.Адъяагийн эзэмшлийн Төрийн банкны 110000495482 дугаартай дансанд 200000 төгрөг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/39 дугаартай  “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоолыг цуцалж, шүүгдэгч Д.Адъяагийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн 2020 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/37 дугаартай Прокурорын тогтоолыг шүүгдэгчид  оногдуулсан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9.Шүүгдэгч Д.Адъяад цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхийг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

         

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС