Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 101

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгий н дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д  холбогдох эрүүгийн 20150001250075 дугаартай, 163/2020/0096/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Б.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д  нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Б.Н ийн 2 тооны хонийг хотноос нь хулгайлж 340000 төгрөгийн хохирол учруулсан бусдын мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 20150001250075 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д  нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Б.Н ийн 2 тооны хонийг хотноос нь хулгайлж 340000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Н ийн өгсөн: “...Намайг хоньчин Э оос 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 28-ны хооронд хонио өөр айлын хоньтой нийлсэн, тасарч явсан зүйл байна уу? гэж асуухад  би “хонио байнгын хариулга маллагаатай байлгаж байсан” гэж хэлсэн. ...Манай 2 тооны хонийг манай туслах малчин /адуучин/ Б.Д  манай туслах малчин /хоньчин/ Б.Э ыг шөнө гэртээ унтаж байх үед нь хулгайлсан байж магадгүй гэж бодож байна. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-08-09 тал/,

Гэрч П.Ш ын өгсөн: “...Манай эхнэр Н  бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө туслах малчин хоньчин Б.Э ын хамт хонио тоолоход бүрэн байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин тоолоод үзтэл манай хониноос 2 хонь дутаж хулгайд алдагдсан байсан. Тэгээд бид нар хэд хоног хөдөө хээр энд тэнд үхсэн юм болов уу гэж бодоод хайсан боловч манай хоёр хонины сэг зэм олдоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх-13 тал/,

Гэрч Б.Э ын өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 28ны өдрийн хооронд Б.Н ийн хонь бусадтай нийлсэн, тасарч явсан зүйл байхгүй. Тухайн цаг хугацаанд хонийг байнгын хариулга маллагаатай байлгаж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-16 тал/,

Гэрч Б.Д гийн өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Б.Д  надад Би Булган аймгийн ... сумын иргэн П.Ш ын 2 тооны хонины асуудалд холбогдчихлоо гэж надад ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 21 тал/,

 “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19ний өдрийн 200095 дугаартай: “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж үнэлгээний дүгнэлтийг 340000 төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-31-35 тал/,

Шүүгдэгч Б.Д ийн яллагдагчаар өгсөн: “Ганц хонь авчихад баригдчихгүй байх гэж бодсон юм. Мөн мөнгөний хэрэг гараад байсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Б.Д ийн бусдын малыг хотноос ижил сүргээс нь таслан авчирч өөрийн үзэмжээр захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д ийн гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн иргэн Б.Н д 340000 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 200095 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх ба хавтаст хэргийн 62, 63 дугаар талд авагдсан ХААН банкны орлогын мэдүүлгээр шүүгдэгч Б.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Д ийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой бусдын 2 тооны хонь хулгайлсан энэ үйлдэл бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д ийн бусдын мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлснийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шилжүүлж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх45/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудад дүгнэлт хийж түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б  овогт Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Б.Д ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Д ид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ