Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б ад холбогдох эрүүгийн 2015000000078 дугаартай, 163/2020/0097/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С.Б, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Булган аймгийн Хангал сумын 01 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 170 ширхэг улиас төрлийн 8.418 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 2658636 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000078 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б  2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Булган аймгийн Хангал сумын 01 дүгээр багийн нутаг “Х ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 170 ширхэг улиас төрлийн 8.418 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 2658636 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Ж.Б ийн өгсөн: “...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Өнөөдөр сумаас иргэний нэхэмжлэгчээр уг хэрэгт оролцох шаардлагатай байна гэхээр нь манай багийн иргэн С.Б ыг мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгээд өвөлжөөнийхөө дээврийг сольж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан талаар мэдсэн. Байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг, /хх-39 тал/,

Гэрч З.Б ы өгсөн: “... Саяхан С.Б ын өвөлжөөний хажуугаар явж байхад өвөлжөөнийхөө дээврийг сольж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх42 тал/,

Гэрч Ч.М ын өгсөн: “...Хэд хоногийн өмнө Б  ахын өвөлжөөний ойролцоо малаа хураагаад явж байхад өвөлжөөнийхөө дээврийн модыг шинээр сольсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 43 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-12/, мод, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-15-33/,

Хялганат сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17ны өдрийн 07 тоот шинжээчийн: “170 ширхэг 5м50см урт улиас

8.418м3х1.4х75197=886212 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-47-48 тал/,

Шинжээч Ш.Ариунцэцэгийн өгсөн: “...Уг мод нь навчит төрлийн нойтон улиас мод байсан. Нийт 5 м 50 см-ийн урттай 170 ширхэг хэмжилт хийсэн мод байсан. Уг модыг бэлтгэсэн газар нь ашиглалтын бүсийн ойгоос бэлтгэсэн байсан.2020 оны Хангал сумын 1 дүгээр багийн нутаг Х  гэдэг газарт Улиас модны төрлөөр мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 886212 төгрөг. 2020 онд Хангал суманд улиас мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир мод бэлтгэх эрх үүсэхгүй.

Зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн гэж үзэж болно. ...” гэх мэдүүлэг /хх 51 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 29ний өдрийн шинжээчийн: “Уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 2658636 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-65 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ий 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №210054 дугаартай шинжээийн: “...хязаалан үхэр 800000 төгрөг, хятад хөрөө 104000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх 56-61 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Энэ жил манай өвөлжөөний дээвэр муудаж ялзарч унасан. Тиймээс өвөлжөөний дээврээ улиасан шургаагаар солихоор 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний хүртэл малд явж байхдаа зай завсараар нь “Хавтгай нарс” гэх газраас 170 ширхэг 4-5 метрийн урттай улиас мод огтолж өвөлжөөний дээврээ сольсон. Тухайн өвөлжөөний дээвэр хийхэд бэлтгэсэн модны зөвшөөрлөө сүүлд нь авна гэж бодоод мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж үхрээр өвөлжөө рүүгээ зөөсөн.Би ганцаараа бэлтгэсэн. Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх-76 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч С.Б ын өвөлжөөний дээвэр барих зорилгоор мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж, зөөж тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 886212 төгрөгийн шууд /хх-47 тал/ хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 2658636 /хх-65 тал/ төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Б  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 78-85 дугаар талд авагдсан Хангал сумын засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгч  С.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг  анхааруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 4 настай хязаалан эр үхэр, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 170 ширхэг 5м50см урттай улиас мод, Тольдох оюуны өгөөж ХХК-ий мэргэшсэн шинжээчийн үнэлгээгээр 104000 төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн төрийн сан дахь *************** тоот дансанд  тус тус шилжүүлэх нь зүйтэй байна. Монгол улсын засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого,  7.2.4-т зааснаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байхад шүүгдэгч С.Б  байгаль экологид учруулсан хохиролд Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан  2658636 төгрөгийг Хангал сумын Байгаль хамгаалах сан Төрийн сангийн *************** дугаар дансанд төлсөн байх тул буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь *************** тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч С.Б ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар торгох ялыг сар бүр 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 4 /дөрөв/ сараар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С. Б ад сануулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  иргэнийнэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4 настай эр үхэр, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 170 ширхэг 5м50см урттай улиас мод, Тольдох оюуны өгөөж ХХК-ий мэргэшсэн шинжээчийн үнэлгээгээр 104000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж үнийг, Байгаль орчин, уур амьсгалын сангийн төрийн сан дахь *************** тоот дансанд  тус тус шилжүүлж, шүүгдэгч С.Б ын байгаль экологид учруулсан хохиролд Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан төлсөн 2658636 төгрөгийг Хангал сумын Байгаль хамгаалах сан Төрийн сангийн *************** дугаар данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь *************** тоот дансанд оруулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ