Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 68

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: П.А,

Шүүгдэгч: Б.О,

Өмгөөлөгч Н.Наранцацрал,

Шүүгдэгч: Ц.З, П.М, Х

Өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн З, Д овгийн П-ийн М, Х овгийн Б-ийн О нарт холбогдох 1928003130038 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ................. оны ............. дугаар сарын ..........-ны өдөр .............................. төрсөн, эрэгтэй, .................. настай, бүрэн дунд боловсролтой, өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /тэтгэвэрт/, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ................................................. тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Ц-ийн З, регистрийн дугаар ........................,

Монгол Улсын иргэн, .................. оны ............ дүгээр сарын ...............-ны өдөр ............................. төрсөн, эрэгтэй, ................... настай, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, ....................... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, .......................................оршин суух хаягтай боловч одоогоор .................................... оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овгийн П-ийн М, регистрийн дугаар ...........................................,

Монгол Улсын иргэн, .................. оны ................... дугаар сарын ..................-ны өдөр .................................... төрсөн, эмэгтэй, ..................... настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамтаар ..................................... оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овгийн Б-ийн О, регистрийн дугаар ................................,

Шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 91-50 ӨМҮ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монгол Чадал” ХХК-ний кемпэд байрлах гэр болон контейнерт хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар таван ханатай гэрийн бүрээс 2 ширхэг, гэрийн эсгий дээвэр 1 ширхэг, 120*240 харьцаатай модон паниар 9 ширхэг, гэрийн өрх 1 ширхэг, гэрийн хаяавч 1 ширхэг, жижиг түрдэг тэрэг 1 ширхэг, модон ор 3 ширхэг, 60*60 хэмжээтэй модон ширээ 2 ширхэгийг авч “Монгол Чадал” ХХК-д нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би энэ хоёрт хүнс хүргэж өгөх гэж явсан. Тухайн үед бид 3 хулгай хийе гэсэн зорилгогүй байсан. Би энэ үйлдэлдээ харамсаж байна.

Шүүгдэгч Ц.З шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүгдэгч П.М шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 онд би таван гэр бариад, нэг контейнер буулгасан. Сая нэрлэгдэж байгаа зүйлсийг авч контейнерт хийсэн. Нэг гэртээ 3 ор, 1 зурагттай, манайх манаачтай байсан. Контейнерынхоо доторхыг манаачдаа сайн хүлээлгэж өгөөгүй явсан. Манай уурхай ажиллахгүй, би ч очихгүй байсаар өдий хүрчихлээ. Уг нь миний авч очсон юм фургонд багтахааргүй байсан. Бүгдийг нь ямар хүмүүс авсан гэдэг нь тодорхойгүй. Энэ хүмүүс авсан уу? өөр хүмүүс авсан уу? гэдэг нь тодорхойгүй. Над руу манай манаач Хулан гээд хүн 12 дугаар сарын 26 бил үү, 23-нд утасдсан. Бид нар Баясах багийн шинэ жилд орсон чинь орой нь ийм зүйл боллоо гэж хэлсэн. Тийм учраас хэрэг үүсгээд явсан. Өмнөговь аймгийн байцаагч Улаанбаатар хотод очиж надаас мэдүүлэг авсан. Өмнөговь аймагт 3 дугаар сард ирж бас нэг мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс 950.000 төгрөгийн хохирлыг манаачид хүлээлгэж өгсөн. Урьд нь ямар хүмүүс яаж авсныг мэдэхгүй, хохиролгүй болсон учир гомдолгүй гэж хэлсэн. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх байх. Тодорхой хугацааг нь мэдэхгүй учир бусад алдсан зүйлээ яаж олохоо сайн мэдэхгүй байна.

Иргэний нэхэмжлэгч С.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрөө 2 ширхэг Фургон автомашинтай хүн байгаа юм. Зт би машинаа албан ёсоор зарсан зүйл байхгүй. З надаас энэ фургон автомашиныг түр унаж үзэж байгаад худалдаж авна гэж хэлээд аваад явсан. Тэгтэл миний машиныг унаж явж байгаад хулгайн хэрэгт холбогдоод миний машиныг хураалгасан байна. Би одоо өөрийн эзэмшлийн фургон автомашиныхаа төлбөр мөнгийг энэ Ц.Заас авмаар байна. Би машинаа 2.800.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. Өөр надад гомдол санал, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 49-50-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай Гурвантэс суманд байгаа кемп дээр 5 ширхэг 5 ханатай гэр, 1 ширхэг 40 тонны контейнер байсан. Контейнер дотор модон ширээ 5 ширхэг, жижиг модон сандал 9 ширхэг, зуух 5 ширхэг, яндан 5 ширхэг, модон нарийн ор 12 ширхэг, өргөн модон ор 3 ширхэг, гудас 1 ширхэг, гудас 12 ширхэг, хөнжил 15 ширхэг, орны бүтээлэг 15 ширхэг, ор хөнжлийн даавуу 15 ширхэг, хулдаас 75 метр, усны цэнхэр сав 75 литрийн багтаамжтай, хувцасны төмөр шүүгээ 1 ширхэг, гал тогооны шкаф 1 ширхэг, 5-ын банз 10 ширхэг, шургааг мод 12 ширхэг, прүүс мод 10 ширхэг, газан плитк 1 ширхэг, баллон 14 килограммтай нь 1 ширхэг, хүрэн панээр 10 ширхэг, улаан өнгийн цахилгаан үүсгэгч мотор шинээрээ 1 ширхэг, цахилгааны утас 50 метр, монгол сатын антен 1 ширхэг, тог баригч 1 ширхэг, нарны толь 60х180 хэмжээтэй эд зүйлүүд тус тус алга болсон байна. Гэрийн гадна бүрээс 1 ширхэг байхгүй байсан... Хулгайд алдагдсан модон ор 3 ширхэг, модон ширээ 2 ширхэг, жижиг түрдэг тэрэг 1 ширхэг, гэрийн хаяавч 1 ширхэг, гэрийн эсгий дээвэр 1 ширхэг, таван ханатай гэрийн гадуур болон дотуур цагаан бүрээс 2 ширхэг, модон паниар 9 ширхэг зэрэг эд зүйлүүдийг бүрэн хүлээж авсан. Хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. /хх-ийн 52-55-р хуудас/

Гэрч И.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 сарын 22-ны өдөр Гурвантэс сумын төвд гэртээ байж байхад манай аав Идэрцог 17 цаг өнгөрч байхад хөдөөнөөс залгаж кемпийн гэрээс болон контенараас эд зүйл хулгайд алдагдсан байна гэснээр би цагдаад дуудлага өгсөн. Уг кемпээс модон ор 10 гаруй /яг хэд байсан тоог нь мэдэхгүй ямар ч байсан 10-с их байсан/, гэрийн гадуур бүрээс 2 ширхэг, тог гаргадаг хятад мотор 1 ширхэг, нарны толь 1 ширхэг, 14-н inch-н зурагт 1 ширхэг, Монгол сатын хүлээн авагч 1 ширхэг, модон ширээ 10 ширхэг, банз 50 ширхэг/ яг хэдэн ширхэг байсан тоог нь мэдэхгүй 50-с их байсан/ зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Кемпийн 5 гэрийг том цоожоор цоожилсон, контейнерыг цагаан, хар өнгийн 2 төмөр цоожоор цоожилсон байсан. Нэг гэрийн цоожийг хөрөөгөөр хөрөөдөж эвдээд гэрт байсан 3 модон ор, 2 модон ширээ, 1 модон сандал, хөнжил гудас, орны цагаан хэрэглэл гэх зүйлсийг авсан байсан. Контейнероос мотор 1, нарны толь 1, хураасан банз 50 орчим ширхэг яг хэд байсныг мэдэхгүй, зурагт 1, модон ширээ 10, модон ор 10, хөнжил гудас, бүтээлэг, Монгол сат-н хүлээн авагч зэргийг хулгайлж авсан байсан. Нэг гэрийн гадуур цагаан бүрээс 1, ногоон бүрээс нэгийг авсан байсан. Нэг гэрт давхарлаж бүтээсэн байсан. /хх-ийн 60-61-р хуудас/  

Гэрч Ц.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн кемпийг Өлзийжаргал сумын төв рүү эхнэр хүүхдээ эргэх гээд явсан хойгуур нь 2019 оны 12 сарын 22-ны өглөө очиж үзэхэд цоожнуудыг нь хөрөөдөөд унжуулсан, нэг гэрийн бүрээсийг нь авчихсан байсан. Тэгэхээр нь би утсаар залгаж хэлсэн. Тухайн үед юу юу алдагдсаныг нь би мэдэхгүй. Манай хүүхэд өглөө малдаа явахдаа уг кемпийг эргэж тойрч явдаг. Би Өлзийжаргалын гэрт ирснээс хойш өдөр бүр эргэж тойрдог өглөө, орой малдаа явахдаа үзэж байдаг. Би 12 сарын 20, 21-ний өдрүүдэд тухайн кемп дээр очиж үзсэн. Тэгэхэд ямар нэгэн зүйл алдагдаагүй цоож нь бүгд бүрэн байсан. 12 сарын 22-ны өдөр очиход нэг гэрийн цоож, контейнерын цоожийг нь хөрөөдөж хаясан байсан. /хх-ийн 67-р хуудас/

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Монгол чадал ХХК-ний кемп манай өвөлжөөнөөс ертөнцийн зүгээр урд талд буюу 500 метр зайд уулын жалган дунд оршдог. Би Монгол чадал ХХК-ний кемпэд хулгай орсон талаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед И ах ирж хэлсэн. Монгол чадал ХХК-ний кемп нь зам хөлөөс хол зорж очсон хүмүүс л очих боломжтой жалган дунд байдаг учраас тэр бүр хүн мэдээд байдаггүй. Би 2019 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө гэртээ байсан. Машин тэрэгний дуу чимээ сонсоогүй. /хх-ийн 68-р хуудас/

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О миний төрсөн ээж байгаа юм. Эхээс бид нар зургуулаа. Манай хамгийн том эгч Ууганзул тусдаа гарчихсан. Ээж маань хөдөө мал малладаг. Манай хөдөө гэр .......................... нутаг болох Маарамба гэдэг газарт амьдардаг. Хойд аавыг Т гэдэг, хойд аав маань 2019 оны 08 дугаар сард машинаа засварлаж байгаад данхраад нь харваад толгойдоо гэмтэл авчихсан. Түүнээс хойш байнгын гэрээрээ асаргаатай байдаг. Тархи толгойны гэмтэлтэй болсон. Би доороо 4 дүүтэй, миний дараагийн дүүг Б.Т гэдэг одоо 14 настай Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ...... ангид сурдаг, Б.А одоо 13 настай, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ...... ангид сурдаг, Т.Ө 4 настай охин, Т.Д одоо 3 настай охины хамт хөдөө амьдардаг. /хх-ийн 69-70-р хуудас/

 Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мг танихгүй, харин Оийг танина. Би энэ хоёр хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Харин З нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 1998 онд танилцаж гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр гэр бүлийн баталгаатай гэр бүл байгаа юм. Манай нөхөр З 1989-1991 онд Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн Өрөгч, угсрагчийн ангийг төгсөж, дараа нь Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байгаад 1993 онд аймгийн 0131 дүгээр ангид бэлтгэл сумангийн жагсаалын даргаар ажиллаж байгаад 2008 онд Хилийн 0166-р анги руу шилжсэн. Тэгээд 2015 оны 2 дугаар сард цэргийн тэтгэвэрт гараад одоо Гурвантэс сумын төвд амьдарч байна. Манай нөхөр архи, тамхи огт хэрэглэдэггүй юм. Зан аашны хувьд төлөв, даруухан, гэр бүлийн ноён нуруутай, элдэв янзын ааш зан байхгүй хүн. Би энэ хүнтэй ханилан суугаад 22 жил амьдарч байна. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Манай нөхөр хилийн цэргийн онц хилчин, цэргийн хүндэт медаль зэрэг бусад олон шагнал авч ажилдаа нэр хүндтэй ажиллаж байсан. /хх-ийн 71-р хуудас/

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зыг би танина. Садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр 2002 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын цэргийн ангийн 0166-р ангид хамт ажиллаж байсан. Тэгэхэд З жагсаалын дарга хийдэг байсан. Бусад хоёр хүнийг би танихгүй. Ажиллаж байх хугацаандаа хамт олондоо нэр хүнд сайтай, их ажилсаг, санаачилгатай, янз бүрийн зан аашгүй, хүнд тусархуу зантай хүн. /хх-ийн 72-р хуудас/

Гэрч Б.Лх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зыг тийм сайн танихгүй, харин О нь миний төрсөн эгч байгаа юм. М миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2016 онд танилцаж гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Манай нөхөр З Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, ямар сургууль төгссөнийг би сайн мэдэхгүй байна. Гурвантэс сумын Шивээхүрэн боомтон дээр ................ ХХК-ний нүүрс тээврийн жолоочоор ажилладаг. Манай нөхөр их даруухан хүн. Би энэ хүнтэй ханилан суугаад 4 дэх жилдээ амьдарч байна. Надтай суусан цагаас хойш ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. /хх-ийн 73-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ӨМ:20/14 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: 5н ханатай гэрийн бүрээс 2 ширхэг, нийт үнэ 200.000 төгрөг, гэрийн эсгий дээвэр 1 ширхэг, нийт үнэ 60.000 төгрөг, 120х240 хэмжээтэй модон паниар 9 ширхэг, нийт үнэ 450.000 төгрөг, гэрийн өрх 1 ширхэг, нийт үнэ 20.000 төгрөг, гэрийн хаяавч, 1 ширхэг 20.000 төгрөг, жижиг түрдэг тэрэг 1 ширхэг, нийт үнэ 50.000 төгрөг, модон ор, 3 ширхэг, нийт үнэ 90.000 төгрөг, модон ширээ 60х60, 2 ширхэг, 60.000 төгрөг, нийт 950.000 гэжээ. /хх-ийн 75-77-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ӨМА: 1000380 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: С.Өийн эзэмшлийн 9150 ӨМҮ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 1999 онд Монгол Улсад орж ирсэн Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020-02-19-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.800.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 79-93-р хуудас/

Шүүгдэгч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би ......................-ны өдөр Өмнөговь аймгийн ..................... суманд айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. Аав Б.Ц нь Хилийн цэргийн ......... дүгээр ангийн арын албаны даргаар ажиллаж байгаад 1981 онд нас барсан. Ээж Ж.С мөн Хилийн цэргийн ............. дүгээр ангид бага эмчээр ажиллаж байгаад 2002 онд нас барсан. .................. онд Өмнөговь аймаг 1-р 10 жилийн 8-р ангийн сургуулийг төгссөн. ......................... онд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн Өрөгч, угсрагчийн ангийг төгсөж, .................... он хүртэл Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар, ........... онд аймгийн ............ дүгээр ангид бэлтгэл сумангийн жагсаалын даргаар ажиллаж байгаад ............. онд Хилийн ............-р анги руу шилжсэн. Тэгээд 2015 оны 02 дугаар сард цэргийн тэтгэвэрт гарчихаад одоог хүртэл .................... төвд эхнэр Ж.Д, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, том хүү З.Т нь .. настай Хууль сахиулахын их сургуулийн оюутан, бага хүү З.Х 14 настай Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн .. дугаар ангид сурдаг. Намайг 2019 оны 12 дугаар сарын 21-ний оройны 21 цагийн үед байх Өмнөговь аймгийн ...................... төвд байдаг гэртээ байж байхад О над руу утсаар залгаад “таныг гуйх гэсэн юм, манай хүргэн хүү Мг аваад ирээ” гэж хэлсэн. Би тэгээд түр унаж байсан Өийн эзэмшлийн 9150 ӨМҮ улсын дугаартай Фургон автомашинаар явж Мгийн гэрт нь очиход М эхнэр, хүүхдийнхээ хамт гэртээ амрах гээд байж байсан. Би тэгээд О чамайг аваад хүрээд ир гэж байна гэж хэлсэн чинь М манай машин болохгүй байна гэж хэлээд О ямааны мах, боодолтой эм өгөх гэсэн тэгээд би унаагүй болчихоод чамайг гуйсан байх гэж хэлээд бид хоёр сумаас гараад Овоотын замаар урагшаа явж байгаад “Жавхлант орд” ХХК-ний нүүрс зөөдөг сайжруулсан шороон замаар явж байхад шороон зам дээр О мотоцикльтой ирчихсэн ямааны хүнсээ ганзагалчихсан ганцаараа зогсож байсан. Тэгээд би мотоцикль дээр ачсан байсан цагаан ууттай \сатуркан\ ямааны махыг аваад машинд оруулж тавьсан мөн алчууранд зангидсан эмийн ургамлыг авчихаад бид хоёрыг явах гэж байхад О “эндээс машинд чинь юм ачуулаадахъя” гэж хэлэхээр би “юу юм бэ” гэж хэлсэн чинь О ийшээ оръё, хажууд байгаа гэхээр бид гурав замаас хойшоо явган явж байхад замаас хойд талд 100 гаруй метрийн зайд 5 монгол гэр, нэг контейнер байсан. Тэгээд бид гурав шууд яваад контейнер дээр очиход тэнд хүн амьтан байгаагүй тэгээд тэр контейнерын хаалга руу гэрэл тусгахад хоёр цоожтой байсан нэг цоож нь зүгээр цоожлоогүй өлгөчихсөн байсан харин нөгөө цоож нь цоожтой байсан. Тэгтэл О энэ контейнерын цоож нь солигдсон байна хүн ирээд явсан байна гэж хэлсэн.Тэгээд би машинаас төмрөн хөрөөгөө авах гээд машин руугаа ганцаараа явж машинд байсан төмөр хөрөөгөө аваад буцаж яваад тэр кемп дээр ирээд М бид хоёр төмрөн хөрөөгөөр тэр контейнерын цоожийг нь хөрөөдөөд контейнерын хаалгыг нь онгойлгоход дотор нь босгоод тавьчихсан 9 ширхэг бор өнгийн паниар тавиатай байсан.Мөн галын хор тавьдаг жижиг хоёр дугуйтай тэрэг байсан. хажууд тогооны дурангүй тавгийн антен байсан мөн 20-30 ширхэг орчим урт хашааны шургааг зэрэг эд зүйлүүд контейнерт байсан. Тэгээд бид гурав контейнерын урд талын гэрийн үүдний тотгоор нь бид гурав ээлжилж харсан чинь гэр дотор ор, ширээ, зуух пийшин байсан. Тэнд байсан 5 гэрийн тотгоор нь бид гурав гэрэл тусгаж харсан чинь 3 гэр нь хоосон, 1 гэрт нь цемент хураачихсан байсан. Тэгээд хамгийн анх үзсэн баруун талын гэрийн цоожийг нь М бид хоёр хөрөөдөж цоожийг нь эвдээд гэрийг онгойлгоход дотор нь 3 ширхэг модон ор, 2 жижиг модон ширээ байсан. Тэгээд би явж машинаа асааж унаад контейнерын хажуу талын гэрийн хажууд тавиад бид гурав эхлээд контейнероос бор өнгийн 9 ширхэг паниар, мөн жижиг түрдэг тэргийг эхлээд машиндаа ачсан юм. Тэгээд дараа нь хаалгыг нь эвдсэн гэрээс 3 ширхэг модон ор, 2 жижиг модон ширээ, уг гэрийн гадуур цагаан бүрээс, дотуур нь байсан берзентен бүрээсийг нь М бид хоёр машин руу авчирсан тэгэхэд О нь буцаж яваад бор эсгий 1 ширхэгийг чирээд ирсэн. Мөн гэрийн өрхийг О авирсан тэгэхэд гэрийн хаяавчийг нь М буцаж яваад авчирсан юм.Тэгээд машиндаа ачаад М бид хоёр сум руу шууд явсан О хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд бид хоёр шөнийн 01 цагийн үед сумын төвд ирээд Мгийн хашаанд нь хулгайлж авсан гэрийн бүрээс, өрх, эсгий, хаяавч, 1 модон ор, 1 жижиг ширээ, жижиг түрдэг тэргийг нь буулгасан. Тэгээд би гэр лүүгээ очоод хашаанд машинаа тавиад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь машинд үлдсэн 2 ширхэг модон ор, 1 ширхэг жижиг ширээ, 9 ширхэг паниар зэргийг баригдаж байгаа байшин дотор оруулж тавьсан юм. Тэгээд би маргааш нь хөдөө явчихаад ирэхэд О над руу баахан залгасан байсан манай эхнэр О чамайг сураад байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй над руу О залгаад “З ахаа таныг цагдаагийн хүмүүс сураад байна, яаралтай уулзах хэрэг байна гээд үдээс хойш надтай ирж уулзаад “таныг цагдаа нар сураад таны дугаарыг авсан байна” гэж хэлсэн. Удаагүй сумын цагдаагаас намайг дуудсан. /хх-ийн 95-96-р хуудас/

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би .............................. өдөр Өмнөговь аймгийн ........................ айлын 5 дахь хүүхэд болж төрсөн. Аав Ц.. 2017 онд нас барчихсан, ээжийг Д.М гэдэг. Одоо ............ багт малчин. Би ямар нэгэн сургуульд суугаагүй, хөдөө мал дээр амьдарч байна. Одоо нөхөр Т, охин О.Н 19 настай Өмнөговь аймгийн Политехник коллежийн тогоочийн ангийг төгссөн. Дараагийн хүү Б.Т 12 настай Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ... ангид сурдаг, Б.А 11 настай, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн... ангид сурдаг, Т.Ө 4 настай охин, Т.Д одоо 3 настай охин. 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед байх би Өмнөговь аймгийн ................ сумын нутаг болох .............. багийн ...................гэдэг газарт гэртээ байж байгаад сумын төвд байдаг хүргэн дүү Мтой утсаар яриад “эм хүргэж өгье, унаа байхгүй бол Зтай хамт хүрээд ирээ, бензин тосыг хийж өгөөд ирээ” гэж хэлчихээд дараа нь би З ахтай утсаар яриад “Та Мг аваад хүрээд ирээ, сум руу хүнс, эм явуулах гэсэн юм. Би өвчтэй хүн харж байгаа болохоор сум руу явж чадахгүй байна, би Жавхлант ордын хусдаг замын хойд талд байдаг кемпийн хажууд тэр хоёрыг хүлээгээд зогсож байхад З, М хоёр Фургон автомашинтай ирсэн. Тэгээд хэдүүлээ машин дотор сууж байхад З надаас “”нөгөө Монгол Чадалын кемп нь хаана байдаг юм бэ” гэхээр нь би одоо энүүхэн энд байгаа бид нар бараг хажууханд нь байна гэж хэлсэн. Тэгээд З, М хоёр одоо тэр кемп дээр хүн амьтан байдаг юм уу гэхээр нь би сайн мэдэхгүй байна, хүн амьтан байхгүй байх гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр гурвуулаа явж Монгол Чадалын кемп рүү явж үзэх үү, харуул манаач байна уу гэдгийг очиж үзье гээд бид гурав явган тэр кемп рүү очоод үзэхэд тэр кемп дээр хүнгүй байхаар нь би овоон дээр гарч хүн амьтан харж байя гээд кемпийн хойд талын овоо руу явсан. Тэгээд овоон дээр гарч машины гэрэл, хүн амьтан ирж байна уу гэж нэлээн удаан харж суучихаад хүн амьтан юу ч харагдахгүй байхаар нь би буцаад кемп дээр очиход З, М хоёр нэг монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдчихсэн гэрийн хаалга нь онгорхой байсан. Мөн контейнерын нэг хаалгыг нээчихсэн дотроос нь хэдэн ширхэг паниар, жижиг галын хорны түрдэг тэрэг зэрэг эд зүйлийг гаргаад тавьсан байсан. Тэгэхэд тэр хоёр гэр дотор ороод байцгааж байсан. Тэгээд машинаа явж авч ирье гээд бид гурав буцаад явган явж машин байгаа газар дээр ирээд З машинаа унаад М бид хоёр машинд суугаад буцаад кемп дээрээ ирээд тэр хоёр намайг гэрэл тусгаж байгаа гэж хэлээд цоожийг эвдсэн. Гэрийн дотроос нь модон ор 3, мөн 2 ширхэг модон ширээ зэргийг гэрээс гаргаж машиндаа ачсан. Тэгээд дараа нь гэрийн гадна талын цагаан, ногоон өнгийн 2 ширхэг бүрээсийг хуулж авсан. Тэгээд 1 ширхэг эсгий дээвэр бүрээс, 1 ширхэг гэрийн өрх, гэрийн хаяавч 1 ширхэг зэргийг авч машиндаа ачсан. Би тэгэхэд гэрийн дээврийг чирч машинд ачсан. Би тэгээд контейнер луу гэрэл тусгаж өгөхөд тэр хоёр контейнерын гадаа нь гаргаж тавьсан байсан 9 ширхэг шар өнгийн паниар, мөн улаан өнгийн галын хорны жижиг тэрэг зэргийг аваад тэр хоёр машинд ачсан. Тэгээд З, М хоёр Гурвантэс сум руу явсан. Би тэгээд буцаад хөдөө гэр лүүгээ явсан. Түүнээс хойш нилээн хэд хоногийн дараа З над руу утсаар яриад сумын цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Би эдгээр хүмүүсийг дуудаж ирүүлсэндээ үнэхээр их харамсаж байна. Манай нөхөр 2019 оны 08-р сарын 03-ны өдөр Гурвантэс сумын төвд машинаа засах гэж байгаад машины данхраад нь харваад толгойны дух хэсэгт цохиулсан. Түүнээс болоод баруун талдаа хагас харвалттай болсны улмаас байнгын асаргаатай байдаг. Би өөрөө 3 настай хөхүүл хүүхэдтэй хүн байгаа юм. /хх-ийн 99-101-р хуудас/

Шүүгдэгч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би ................................ айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Аав Ч.П одоо ......... аймгийн ............. амьдардаг, тэтгэвэрт. Ээж Л.Х одоо ............................ амьдардаг, тэтгэвэрт. Би ................ онд ............ аймгийн ............. сумын 8 дугаар ангийн сургуулийг төгссөн. .... онд ........... аймгийн ................. сумын Хөдөө аж ахуйн техниккомыг төгссөн. ........... онд 1 жилийн хугацаат цэргийн албыг ......................... ангид алба хаасан. ........................... амьдарч байгаад 2013 онд ............................. том тэрэгний жолоочоор одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр Б.Лхагва эрхэлсэн тодорхой ажилгүй, том охин Л.Э одоо 6 настай, ерөнхий боловсролын сургуулийн ... ангид сурдаг, бага хүү Л.Х одоо 9 сартай хүүхэд. 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед байх намайг ............................ төвд байдаг гэртээ байж байхад О манай эхнэр лүү залгаж ярьсан байсан. Тэгээд орой 21 цагийн үед З манайд ирэхээр би миний машин болохгүй байгаа гэж хэлсэн чинь З О намайг гуйсан юм, хүрч ирээд хүнс хоол, эм аваадахъя гэж хэллээ тэгээд чамаар зам заалгаад аваад ирээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сумаас гараад Овоотын замаар урагшаа явж байгаад “Жавхлант орд” ХХК-ний нүүрс зөөдөг сайжруулсан шороон замаар явж байхад шороон замын хойд талд дээр О мотоцикльтой ирчихсэн мотоциклийн араар нь ямааны хүнсээ ганзгалчихсан ганцаараа байж байсан. Тэгээд З мотоцикль дээр нь очиж ачсан байсан цагаан ууттай ямааны махыг аваад машинд оруулж тавьсан, мөн алчууранд зангидсан эмийн ургамлыг авч машиндаа тавьсан. Тэгтэл О “та хоёрыг ирсэн дээр эндээс машинд чинь юм ачуулаадахъя” гэж хэлэхээр нь би “юу юм бэ” гэж хэлсэн чинь О ийшээ оръё, хажууд байгаа, хэдүүлээ машинаа үлдээгээд явган явъя гэж хэлээд З, О бид гурав замаас хойшоо явган явж кемп дээр очиход тэнд 5 монгол гэр, нэг контейнер байсан. Тэгээд бид гурав шууд яваад контейнер дээр очиход тэнд хүн амьтан байгаагүй. Тэгээд тэр контейнерын хаалга руу гэрэл тусгахад хоёр цоожтой байсан. Нэг цоож нь зүгээр цоожлоогүй өлгөчихсөн байсан. Харин нөгөө цоож нь цоожтой байсан. Тэгтэл О энэ контейнерын цоож нь солигдсон байна, энд хүн ирээд явсан мөр байна гэж хэлээд энэ контейнерын цоожийг онгойлгочихмоор байна гэхэд З машинд төмөр хөрөө байгаа байх гэж хэлээд машин руугаа яваад удаагүй төмөр хөрөө авч ирэхээр нь З бид хоёр төмрийн хөрөөгөөр тэр контейнерын цоожийг нь хөрөөдөөд контейнерын хаалгыг нь онгойлгоход дотор нь босгоод тавьчихсан 9 ширхэг бор өнгийн паниар тавиатай байсан. Мөн галын хор тавьдаг жижиг хоёр дугуйтай тэрэг байсан. Хажууд нь тогооны дурангүй тавгийн антен байсан. Мөн 20-30 ширхэг орчим урт хашааны шургаагууд контейнерт байсан. Тэгэхэд О нэг тийшээ явчихаад удаагүй ирсэн. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд бид гурав контейнерын урд талын гэрийн үүдний тотгоор нь ээлжилж харсан чинь гэр дотор ор, ширээ, зуух, пийшин байсан. Тэнд байсан 5 гэрийн тотгоор нь бид гурав гэрэл тусгаж харсан чинь 3 гэрт эд зүйл байгаагүй хоосон байсан. Харин 1 гэрт нь цемент хураачихсан байсан. Тэгээд хамгийн анх үзсэн баруун талын гэрийн цоожийг нь З бид хоёр хөрөөдөж цоожийг нь эвдээд гэрийг онгойлгоход дотор нь 3 ширхэг модон ор, 2 жижиг модон ширээ байсан. Тэгээд З явж машинаа асааж унаад гэрийн хажууд тавиад бид гурав эхлээд контейнероос бор өнгийн 9 ширхэг паниар, мөн жижиг түрдэг тэргийг эхлээд машиндаа ачсан. Тэгээд дараа нь хаалгыг нь эвдсэн гэрээс 3 ширхэг модон ор, 2 жижиг модон ширээ, уг гэрийн гадуур цагаан бүрээс, дотуур нь байсан берзентен бүрээсийг нь З бид хоёр машин руу авч ирсэн. Тэгэхэд О нь буцаж яваад бор эсгий 1 ширхэгийг чирээд ирсэн. Мөн гэрийн өрхийг О авч ирсэн. Тэгэхэд гэрийн хаяавчийг нь би буцаж яваад авч ирсэн. Тэгээд машиндаа ачаад З бид хоёр сум руу шууд явсан. О хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд бид хоёр шөнийн 1 цагийн үед сумын төвд ирээд би гэртээ хүргүүлээд машинаас хулгайлж авсан гэрийн бүрээс, өрх, эсгий, хаяавч, 1 модон ор, 1 жижиг ширээ, жижиг түрдэг тэргийг хашаандаа буулгачихаад Зыг явуулсан. Бусад эд зүйл нь машиндаа үлдсэн. /хх-ийн 106-108-р хуудас/       

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-22-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-111-р хуудас/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын Бага-Овоо багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05/26 дугаартай тодорхойлолт /хх-ийн 123-р хуудас/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 036 дугаартай тодорхойлолт /хх-ийн 145-р хуудас/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 037 дугаартай тодорхойлолт /хх-ийн 176-р хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 147-148, 150, 162, 177-180 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 91-50 ӨМҮ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монгол Чадал” ХХК-ний кемпэд байрлах гэр болон контейнерт хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар таван ханатай гэрийн бүрээс 2 ширхэг, гэрийн эсгий дээвэр 1 ширхэг, 120*240 харьцаатай модон паниар 9 ширхэг, гэрийн өрх 1 ширхэг, гэрийн хаяавч 1 ширхэг, жижиг түрдэг тэрэг 1 ширхэг, модон ор 3 ширхэг, 60*60 хэмжээтэй модон ширээ 2 ширхэгийг авч “Монгол Чадал” ХХК-д нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ӨМ:20/14 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: 5н ханатай гэрийн бүрээс 2 ширхэг, нийт үнэ 200.000 төгрөг, гэрийн эсгий дээвэр 1 ширхэг, нийт үнэ 60.000 төгрөг, 120х240 хэмжээтэй модон паниар 9 ширхэг, нийт үнэ 450.000 төгрөг, гэрийн өрх 1 ширхэг, нийт үнэ 20.000 төгрөг, гэрийн хаяавч, 1 ширхэг 20.000 төгрөг, жижиг түрдэг тэрэг 1 ширхэг, нийт үнэ 50.000 төгрөг, модон ор, 3 ширхэг, нийт үнэ 90.000 төгрөг, модон ширээ 60х60, 2 ширхэг, 60.000 төгрөг, нийт 950.000 төгрөг /хх-ийн 75-77-р хуудас/ гэснээр шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйлийн үнэлгээ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Ат таван ханатай гэрийн бүрээс 2 ширхэг, гэрийн эсгий дээвэр 1 ширхэг, 120*240 харьцаатай модон паниар 9 ширхэг, гэрийн өрх 1 ширхэг, гэрийн хаяавч 1 ширхэг, жижиг түрдэг тэрэг 1 ширхэг, модон ор 3 ширхэг, 60*60 хэмжээтэй модон ширээ 2 ширхэгийг тус тус биет байдлаар буцаан хүлээлгэн өгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А нь хохирол төлбөргүй болсон болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Урьд нь ямар хүмүүс яаж авсныг мэдэхгүй учир хохиролгүй болсон учир гомдолгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, үрэх, цоолох зүсэх зориулалттай машин механизм хамаарна гэж онолын үүднээс  тодорхойлсон бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т тээврийн хэрэгсэл гэж хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг ойлгохыг,

Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, автомухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, бага /тээшний хэсэг/, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгодог бөгөөд шүүгдэгч нар  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монгол Чадал” ХХК-ний харуул хамгаалалт бүхий байранд нэвтэрч, улмаар гэр болон контейнерын цоожийг эвдэж эд зүйл хулгайлсан үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Ц.Зын эзэмшлийн 91-50 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Фургон маркийн тээврийн хэрэгсэл нь машин механизмд хамаарч байна. 

Шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэхээр хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нар нь бүлэглэн “Монгол Чадал” ХХК-ний кемпэд байрлах гэр болон контейнерт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.       

Иймд шүүх шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 110-р хуудас/ гэснээр, ...................” /хх-ийн 176-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.  

Шүүгдэгч Ц.З нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 109-р хуудас/ гэснээр, ......................... /хх-ийн 128-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч П.М нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 111-р хуудас/ гэснээр, .....................................” /хх-ийн 143-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ял, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан хуульд заасан хамгийн доод хэмжээний ялыг оногдуулж өгнө үү? гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Э.Наранцацрал нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Б.Оийн хувьд 4 хүүхдээ хөдөө гэртээ орхиод ирчихсэн байгаа.  Гурвантэс суманд айлд нөхрөө харуулчихаад ирсэн. 3 настай охинтойгоо хамт явж байгаа. Энэ хүн хорих ял аваад явахад ард үлдэж байгаа гэр бүл, амьдрал үнэхээр хүнд байгаа гэдгийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулж өгнө үү? гэж хүсч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасныг журамлаж хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хойшлуулж өгнө үү?...” гэх дүгнэлт гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Оийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул өмгөөлөгчийн хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна.   

Шүүгдэгч Б.О нь бага насны хүүхдүүдтэй ба түүний хүүхдүүд төрсөн эцэг Г.Түмэнжаргалын асрамжинд байгаа гэж мэдүүлж байх тул шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлаар шийдвэр гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.О, Ц.З, П.М нарын хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар нөхөн төлсөн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн шалгуурыг хангаж байгаа тул мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ...тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэн, 2 жилийн хорих ялын хоёрны нэг хувь болох 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ц.З, П.М нарт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Оийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Иргэний нэхэмжлэгч С.Ө шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэний нэхэмжлэгч С.Ө би найз болох Зт машинаа түр хэрэглүүлж байсан юм. З нь миний машиныг хэсэг хугацаанд унаж үзэж байгаад худалдаж авах санал тавьсан байсан юм. Миний машинаар хулгайн тээвэр хийсэн гэдгийг би олж мэдээгүй. Иймд би машинаа буцааж авах хүсэлтэй байна...” гэх бөгөөд шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлгийн шатанд С.Өийн тээврийн хэрэгслийн мөнгийг нь өгөөгүй байгаа учир эргүүлэн өгье гэх тайлбарыг гаргаж байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий 91-50 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Өт олгохоор шийдвэрлэж, иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших эрхийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдэхдээ Ц.Зын эзэмшлийн 91-50 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасны дагуу Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ӨМА: 1000380 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: С.Өийн эзэмшлийн 9150 ӨМҮ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 1999 онд Монгол Улсад орж ирсэн Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020-02-19-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.800.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. /хх-ийн 79-93-р хуудас/ гэсний дагуу 2800.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилан шүүгдэгч тус бүрээс 933.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.             

Мөн хэрэг эд мөрийн баримтаар баримтаар хураагдаж ирсэн төмөр хөрөө 1 ширхэг, цагаан өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З, П.М, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.З, П.М, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн З, Д овгийн П-ийн М, Х овгийн Б-ийн О нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Зт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Мд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.От 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч П.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З, П.М, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хөрөө 1 ширхэг, цагаан өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий 91-50 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Ө /.......................................... оршин суух, /РД:..................../-т олгож, шүүгдэгч Б.Оээс 933.000 төгрөг, шүүгдэгч Ц.Заас 933.000 төгрөг, шүүгдэгч П.Мгоос 933.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Ц.З, П.М, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДЭЛГЭРМАА