Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дхолбогдох эрүүгийн 2038002640203 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 2-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Ж.У2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зодож, заазуураар үсийг нь цавчиж, гарыг нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 2-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Ж.У2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зодож, заазуураар үсийг нь цавчиж, гарыг нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002640203 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр Ж.У орж ирээд архи ууж явлаа архичин гэхээр нь уур хүрээд түүнтэй маргалдсан...Би маргалдаж байхдаа юм авч шидсэн. Ж.Утэй барилцаж аваад түүнийг зодсон...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Уийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ орж ирэхэд нөхөр Б.Д янхан, гичийгээр нь дуудаад доромжлоод байсан. Нөхөр Б.Д утсаар ярьж дуусчихаад надруу том, том дуугараад орилоод байсан. Би түүнийг том, том дугараад орилоод байхаар нь худлаа цагдаа руу залгаж дуудлага өгч байгаа юм шиг ярихад Б.Д уурласандаа тогооны таг аваад надруу шидсэн, дараа нь надруу тогоо авч шидсэн. Тогооны таг намайг шүргээд өнгөрсөн, харин шидсэн тогоо нь оноогүй. Тэгснээ надруу хүрч ирээд толгойруу маань цохиж аваад үсдэж унагаасан. Унасан байхад үүдний тийшээгээ үстээд чирсэн. Намайг үүдний тэнд аваачаад дээрээс хөлөөрөө дэвсэж, гараараа нүүрлүү нилээн хэдэн удаа цохисон...Б.Д надаас уучлалт гуйсан. Хохирлыг төлж барагдуулсан. Тийм болохоор Б.Дтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 32-35, 37-38-р хуудас/,

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-17-р хуудас/,

Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р хуудас/,

Насан хүрээгүй гэрч Д.Идэрцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний аав Далай архи уусан. Аав өчигдөр ээжийг зодсон. Аав ээжийг зодож байхдаа хутга аваад ир гээд намайг загнаад байхаар нь би айсандаа шүүгээнээс аавд ногоон иштэй заазууран хутга авч өгсөн. Аав миний авч өгсөн хутгаар ээжийг ингээд цохиод байсан. Аав миний авч өгсөн хутгаар ээжийн үсийг барьж байгаад тасдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч П.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орой ээж Ж.Уийнхээ гэрт охиныхоо хамтаар байж байхад гаднаас Далай ах согтуу орж ирсэн. Далай ахыг ирэх үеэр ээж Ж.У маань хүүхдээ авах гээд явчихсан хойгуур надаас ээж чинь хаачихсан юм. Чи надад ээж рүүгээ залгаж өг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утаснаас ээж рүү залгаж өгөөд Далай ахыг яриулсан. Удалгүй ээж гаднаас хүүгээ дагуулсаар орж ирсэн. Далай ах ээжийг гаднаас орж ирэхэд нь танай хүүхэд чинь юу ч биш, янхан, жингэр, гичий минь гэж харааж байснаа тогоо, тогооны таг авч шидсэн. Далай ах тэгж байснаа гэнэт ээжийг барьж аваад үсдэж дарж газарт унагаагаад дээрээс нь цохиж, өшиглөөд зодоод байсан. Тухайн үед би Далай ахыг болиулах гэсэн боловч хүчрээгүй. Би хүчрэхгүй байсан болохоор шууд ээжийн гэрээс гараад цагдаа руу өөрийн биеэр очиж дуудлага өгөөд дуудлагын цагдаа нарыг дагуулж очоод Далай ахыг бариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 199 дугаартай:

  1. Ж.Уийн биед зүүн эрхий хурууны салаанд шарх, духанд зулгаралт, баруун хацар, зүүн дээд зовхи, баруун чихний дэлбэнгийн ард, баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх цус хуралт болон зулгаралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн, харин шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Ж.Уийн биед шарх тусдаа, цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  52-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-72-р хуудас/,

       Хохирогч Ж.У нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038002640203 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 2-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Ж.У2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зодож, заазуураар үсийг нь цавчиж, гарыг нь зүсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-17-р хуудас/,

Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р хуудас/,

Хохирогч Ж.Уийн /хх-ийн 29-30, 32-35, 37-38-р хуудас/, насан хүрээгүй гэрч Д.Идэрцэнгэлийн /хх-ийн 39-40-р хуудас/, гэрч П.Отгончимэгийн /хх-ийн 48-49-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 199 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,       

Хохирогч Ж.У нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ж.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчид хохирол 3 сая төгрөгийг өгч хохирлоо барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Д нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038002640203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Болдуу Б.Дыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038002640203 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР