Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00509

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02866 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2423 дугаар магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК, Н.Будбаяр, Э.Б, Б.П нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 124.327.918 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Бямбасүрэн, Б.Наранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Э.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайхан, өмгөөлөгч Н.Баттогтох, гуравдагч этгээд Э.Эрдэнэтөгс, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц ХХК, иргэн Н.Будбаяр, Э.Б, Б.Пүрэвжаргал, Л.Эрдэнээ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нар нь 2014 оны 10 сарын 13-ны өдөр Н-тай 106200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байрны 106 тоот, улсын бүртгэлийн Ү-2203004603 дугаартай, Г-8934 гэрчилгээний дугаартай, 30мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Манай компаниас зээлийг төлүүлэх талаар удаа дараа сануулж өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж уулзаж байсан. Гэтэл хуваарийн дагуу төлөхгүй олон сар хугацаа хэтэрч байгаа тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж Ц ХХК, Э.Б, Б.Пүрэвжаргал, Л.Эрдэнээ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэтөгс нараас нийт 68.489.850 / төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 2017 оны 07 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 49.933.350 төгрөг, үндсэн хүүнд 61.983.932 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12.410.635 төгрөг, нийт 124.327.918 төгрөгийг төлөөгүй байна. Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Ц ХХК, Н.Будбаяр, Э.Б, Б.П нараас зээлийн гэрээний гүйцэтгэлд 124.327.918 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байрны 106 тоот, улсын бүртгэлийн Ү-2203004603 дугаартай Г-8934 дугаар гэрчилгээтэй 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Эрдэнээ, Л.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэсайхан, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нарыг оролцуулахаас татгалзсан гэжээ.

Хариуцагч “Ц” ХХК, Н.Будбаяр, Б.П нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани тус байгууллагаас 2014 оны 10 сарын 13-ны өдөр 106200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Эдийн засаг, санхүүгийн хямралт байдлаас хамааран зээл, хүүг хуваарийн дагуу төлж чадаагүй бөгөөд барилгын салбарын хямралт байдал үүнд ноцтой нөлөөлж байгаад харамсаж байна. Нэхэмжлэгч Нэткапитал корпораци ББСБ-ын зүгээс зээл, хүүгийн асуудлыг хөнгөлж өгөх бололцоотой эсэхийг тодруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Будбаяр, Б.Пүрэвжаргалын хамт Ц ХХК-н хувьцааг хуваан эзэмшдэг байсан бөгөөд 2014 оны 10 сарын үед Ц ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Будбаяр над руу залган хорооллын барилгын ажлыг дуусгахад хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Барьцаа хөрөнгө байвал зээл авч болохоор байна. Тэгэхээр нь би аавтайгаа яриад Будбаяр ах байр барьцаанд тавина хорооллын барилга ашиглалтад ороод шууд байрыг чинь чөлөөлж өгнө гэж байна. Будбаяр аавд нь компанийнхаа гүйцэтгэх захирал болсон. Санхүүгийн эрх мэдэл надад байгаа учраас дүү нь хорооллын барилга ашиглалтад ороод шууд байрыг чинь барьцаанаас суллаад өгнө гэж амласан гэж хэлсэн. Гэрээнд гарын үсэг зурах үед гэрээтэй огт танилцаагүй. Зээлээр авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Тэр мөнгө хорооллын барилгад зарцуулагдсан. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан шаардлагадаа: Манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг манай хамаатны Ц ХХК-ний захирал Н.Будбаяр ааваар дамжуулан гуйсаар аавыг ятгаж барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлсэн. Аав ахдаа туслах хэрэгтэй байраа барьцаанд тавихыг зөвшөөрөх хэрэгтэй гэснээр аавынхаа үгэнд орж манай гэр бүлийнхэн зөвхөн барьцаанд тавихыг л зөвшөөрсөн. Иймд би гэр бүлийн байраа Ц ХХК-ний захирал Н.Будбаяр ипотекийн эрх өгөөгүй мөн барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Манай гэр бүлийн миний дундын өмчлөлийн орон сууцнаас миний зөвшөөрлийг аваагүй барьцаанд тавьсан байх тул баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох Д.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус барьцаа хөрөнгө болох орон сууц нь Э.Эрдэнэсайхан, хариуцагч Э.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг, Э.Эрдэнэбат, Э.Эрдэнэтөгс бидний дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болно. Дээрх орон сууцыг манай хамаатны хүн болох Ц ХХК-ний захирал Н.Будбаяр нь танай байрыг барьцаанд тавиад тус орон сууцыг хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Баригдаж буй орон сууцнаас орох ашигаар байрыг чинь чөлөөлж өгөх болно хэмээн удаа дараа гуйсныг бид зөвшөөрөн зөвхөн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Манай гэр бүлийн гишүүн болох Э.Эрдэнэсайхан нь байрыг барьцаанд тавихыг анхнаас нь зөвшөөрөөгүй. Иймд бид Ц ХХК-нд ипотекийн эрх өгөөгүй учир тус компанийн авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бидний орон сууцаар хангуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02866 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 121,224,284 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,103,634.17 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.Будбаяр, Э.Б, Б.П нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд Э.Эрдэнэсайханы 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 106200048 дугаар баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 6 дугаар байр, 106 тоот, 2 өрөө, эрхийн Y-2203004603 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ХХК-ний 1,432,050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайханы 458,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 764,071 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17474 дүгээр захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа өнгөртөл, эсвэл давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2423 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц болох нийслэлийн Сүхбаатар дүүрэг 11 -дүгээр хороо 6 байрны 106 тоотын орон сууцыг манай хамаатны аавын ахын хүүхэд болох Н.Будбаяр ах ааваар дамжуулан гуйсаар аавыг ятгаж барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлсэн. Бидний ярилцаж тохиролцсон нөхцөл байдал өөрчлөгдсөн байсан би зөвхөн Н.Будбаярт л итгэмжлэл өгөх юм байна гэж ойлгож байсан бид анхнаасаа Ц ХХК-д өөрсдийн байраа барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Ингээд би Н-ийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэлцэлд гарын үсгээ зураагүй мөн Нотариатын газарт ч огт очоогүй. Эдгээр байдлууд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд миний болоод манай гэр бүлийнхний шүүх хуралдааны үед гаргасан тайлбар Чингэлтэй дүүргийн нотариатын бүртгэл зэргээр нотлогдож байгаа.

Иймд би гэр бүлийн байраа Ц ХХК-д барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй ипотекийн эрх ч өгөөгүй тул манай гэр бүлийн миний дундын өмчлөлийн орон сууцыг чөлөөлж баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Ц” ХХК, Н.Будбаяр, Э.Б, Б.П нараас зээлийн төлбөрт 124.327.918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон барьцааны гэрээг дурджээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бол гуравдагч этгээд Э.Эрдэнэсайхан нь баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан  зээлийн гэрээгээр хариуцагч “Ц” ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 6-р байр 106 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба гэрээнд Н.Будбаяр, Э.Б, Б.П нар хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь 49.500.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт 5.733.316 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх ба зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч “Ц” ХХК-с 121.224.284 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.   

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайхан нь өөрийн хамтран өмчилдөг дээрх орон сууцыг  нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалахыг зөвшөөрч, улмаар баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй, харин уг гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд байлцаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ хуулийн энэхүү шаардлагыг хангасан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/02866 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2423 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эрдэнэсайхан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 458.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ